| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 2115000000172 |
| Дугаар | 2022/ДШМ/15 |
| Огноо | 2022-04-14 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2022/ДШМ/15
Д.М*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор П.Шижиртуяа
Нарийн бичгийн дарга Т.Б******* нар оролцов.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Д.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.М*******т холбогдох 2115000000172 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б******* овогт Д М*******, 1978 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн С суманд төрсөн, 43 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг,Ө хороолол, **-** тоот хаягт оршин суух, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Д.М******* нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын хавчуу” гэх газраас зөвшөөрөлгүй хуурай нарс төрлийн мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн прокурорын газраас Д.М*******ыын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б******* овогт Д М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, шүүгдэгч Д.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэйтэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Д.М*******аас байгаль экологид учруулсан хохирол 4.184.190 /дөрвөн сая нэг зуун наян дөрвөн мянга нэг зуун ер/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжпэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 2.517.405 /хоёр сая таван зуун арван долоо мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг болон гэмт хэрэг үйлдэж олсон 19 ширхэг буюу 9.648 м3 хэмжээтэй хуурай нарс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, өнгөтэй, зүүн талдаа шар өнгийн маниултай, баруун талдаа хар өнгийн тагтай цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож,
Энэ хэрэгт шүүгдэгч Д.М******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжпээгүй, иргэний нэхэмжпэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.М******* давж заалдах гомдолдоо:
...Би ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэм буруугаа болон намайг буруутгасан хуупийн зүйл заалтыг зөвшөөрч улсад учруулсан хохирлыг 3 дахин нугалж төлөхийг зөвшөөрсөн юм. Миний хэргийг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ надаас тээврийн хэрэгслийн үнэ болох 2,517,405 төгрөгийг хурааж шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Би ял хариуцлага хохирлын талаар прокурорт хүсэлт гаргаж прокурор хүсэлтийг маань хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх миний хүсэлт болон прокурорын саналаас гадуур ийм шийдвэр гаргасанд эс зөвшөөрч байна. Мод ачсан гэх тээврийн хэрэгслийн жолооч Бат-Эрдэнэ өөрийн эзэмшлийн машинаараа мод бэлтгэх ААН болон хувь хүнд хөлсөөр мод тээвэрлэж амьдардаг нэгэн. Би тэр жолоочид хөлсийг нь тохиролцон өгч модны гоожинтой гэж модоо татуулахдаа гоожингийн зөвшөөрлөөс илүү мод тээвэрлүүлж гэмт хэрэгт холбогдсон. Жолооч Б******* буруу байхгүй намайг мод татах зөвшөөрөлтэй гэж ойлгож байсан. Шийтгэх тогтоолын энэ хэсгийг зевшөөрөхгүй байгаа шалтгаан нь ямар ч хүн болон ААН уулнаас мод татахдаа заавал машин, тээврийн хэрэгслээр мод зөөдөг. Үүнийг мод ачихдаа тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэж тээврийн хэрэгслийн үнийг надаас гаргуулсан нь буруу шийдвэр гэж бодож байна. Прокурорын яллах дүгнэлтэд болон яллагдагчаар татсан тогтоолдоо зөвшөөрөлгүй ой мод бэлтгэсэн гэж буруутгасан. Гэтэл шийтгэх тогтоолын 6-р заалтад гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж зөрүүтэй дүгнэж надаас бүхэл бүтэн машины үнэ төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Оюутан хүүхэдтэй эрхэлсэн ажил байхгүй олсон орлого муутай. Улсад учруулсан хохирлоо төлнө гэсээр байтал дээр нь намайг буруу шийдвэрээр үндэслэлгүй төлүүлж байгаад надад санхүүгийн маш том дарамт болж байна. Миний эдгээр байдлыг харгалзан гомдлыг маань хүлээн авч 2,517.405 төгрөг төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би шийтгэх тогтоолыг бусад заалт хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ:
...Машины үнэ болох 2.517.405 төгрөгийг шүүгдэгч Д.М*******аас гаргуулж шийдэх саналыг шүүхэд гаргасан байдаг. Эрүүгийн хуулийн 7.5.4-д зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар хуульчилсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг ашигласан нь үндэслэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.М*******ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М*******т холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
Шүүгдэгч Д.М******* нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг Хандгайтын хавчуу гэх газарт зөвшөөрөлгүйгээр хуурай нарс төрлийн мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэ, гэрч Г.Б*******, Г.О, С.С, Ж.Ч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Д.М*******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлгүүд, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М*******ын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг байгаль орчинд учруулсан хохиролд тооцно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1,394,730 төгрөгний шууд хохирол учирсан нь тогтоогдсоноос гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт буюу дээр дурдсан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэнийг “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” байхаар хуульчилсан тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М******* нь байгалийн баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Дээрх заалтыг үндэслэн анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасанчлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи - эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу шүүгдэгч Д.М*******аас 4,184,190 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Түүнээс гадна шүүгдэгч Д.М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснээр Булган аймгийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны байх, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.М******* нь давж заалдах гомдолдоо: “...иргэн болон ААН уулнаас мод татахдаа заавал машин, тээврийн хэрэгслээр мод зөөдөг. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх **-** ОРА улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Б.Б******* нь мод бэлтгэх зөвшөөрөлтэй гэж ойлгосон байдаг. ...шийтгэх тогтоолын 6-р заалтад гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлд байсан тээврийн хэрэгсэл ашигласан гэж дүгнэж надаас машины үнэ 2,517,405 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилжээ.
Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх **-**- ОРА улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Б.Б******* нь мод бэлтгэх зөвшөөрөлтэй гэж үзэн тухайн бэлтгэсэн модыг тээвэрлэж шүүгдэгч Д.М*******тай тохиролцсноор ажил үүргээ дуусгасан нь тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс давхар гаргуулах нь үндэслэлгүй болжээ.
Иймд шийтгэх тогтоолын 6 дугаар заалтын тээврийн хэрэгслийн үнэ 2,517,405 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгосугай гэснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтын тээврийн хэрэгслийн үнэ 2.517.405 /хоёр сая таван зуун арван долоо мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж гэснийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Д.М*******ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Ё.БЯМБАЦЭРЭН