Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1941

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02485 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 134 612 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Оюундэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар  оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б.Атэй зээлийн гэрээ байгуулан 51 000 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 4 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээнд 29 000 000 төгрөгийг нь 4 хувийн хүүтэй, 22 000 000 төгрөгийг нь сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн хүүг сар бүр, үндсэн зээлийг зээлийн хугацааны эцэст төлнө, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон зээлийн хугацаанд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүгээ төлж дуусгасан боловч үндсэн зээлээ төлөөгүй юм. Үндсэн зээлээ төлөх талаар шаардахад миний наймаа шатчихлаа та надад нэмээд 30 000 000 төгрөг зээлдүүлээч би тэгвэл эргүүлээд 81 000 000 төгрөгийг чинь хүүгийн хамт буцааж төлж чадна гэж надад итгэл үнэмшил төрүүлэхээр нь нэмээд 30 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ хийж өгсөн юм. Гэтэл тэр түүнээс хойш 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хүү гэж 4 287 500 төгрөг төлөөд түүнээс хойш төлөлт хийгээгүй мөнгөө нэхэхээр удахгүй төлнө надад мөнгө орж ирнэ гэж худал хэлсээр байгаад өдий хүрсэн харин сүүлдээ одоо би төлж чадахгүй өгдөг газраа өг гэж хэлээд зугтаад байдаг болсон. Одоо миний хувьд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хийсэн зээлийн гэрээний алданги болох 25 500 000 төгрөг, үндсэн зээл 51 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү болох 14 400 000 төгрөгөөс хүүд 4 287 500 төгрөгийг хасаад 10 112 500 төгрөг нийт 116 612 500 төгрөгийг Б.Агээс гаргуулах, мөн Б.Атэй 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний баталгаа болох барьцааны гэрээнд тусгагдсан нэг өрөө байраар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Б.А нь Д.Дтай 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 51 000 000 төгрөгийг зээлж мөнгийг бэлнээр хүлээлгэн өгч бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн. Б.А нь зээлийн хүүнд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 3 640 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус Хаан банкны дансаар шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 300 ам.долларыг 729 000 төгрөг тооцон шилжүүлж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 858 500 төгрөгийн барааг бартераар нийт 11 567 500 төгрөгийн хүү төлсөн.

Иймд үндсэн зээл 51 000 000 төгрөг, алданги гэрээнд заасны дагуу өдрийн 0,5 хувийн тооцохоор Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар 25 500 000 төгрөг нийт 76 500 000 төгрөг, дараагийн 30 000 000 төгрөгийн зээлийн хувьд үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү нь 10 112 500 төгрөг нэхэж байгаа. Хүүний 112 500 төгрөгийг хасаад 10 000 000 төгрөгөөр тэгшитгэн нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд хүү 10 000 000 төгрөгийн хүү, алданги 18 000 000 төгрөг нэмж нэхэмжилсэн. 18 000 000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. Б.Адьяасүрэн зээл авсан эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул нийт 134 612 500 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ”

 

Хариуцагч Д.Адъяасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Би Төгөлдөр бьюти ХХК-д 2012 онд ажилд орж, Керби буюу тоос сорогч машин борлуулдаг байсан. Улмаар Төгөлдөр бьюти ХХК-ийн захирал Н.Төгөлдөр нь 2014 оны сүүлээс архи ууж мөрийтэй тоглоом тоглож, ажлаа хийхээ больсон учир эхнэр болох Д.Д нь ажилд оролцдог болсон. Д.Д нь 2015 оны эхээр надад 4 ширхэг керби буюу тоос сорогч машиныг 12 000 000 төгрөгт бодож зээлээр өгсөн. Уг нь зээлээр өгөх ёсгүй. Зээлийн төлөлтийг миний бие Д.Дгийн данс болох 5133045434 тоот дансанд төлж эхэлсэн.

Би 2016 оноос эхлэн өөрийн нэрээр үйл ажиллагаа явуулахаар болж Д.Дгаас сарын 10 хувийн хүүтэйгээр тогтмол зээл авч цаг тухай бүрт нь хүү, алданги гээд төлдөг байсан. 2016 оны байдлаар миний бие нийт 48 000 000 төгрөгийг зээлж авсан байдаг.

2017 оны 8 дугаар сарын 11-ны өдөр гэнэт намайг дуудаж 51 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар 29 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр, 22 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг нөхөн байгуулсан. 51 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийж мөнгөний баримтад гарын үсэг зуруулсан хэдий ч тэр өдөр огт мөнгө аваагүй. Уг 51 000 000 төгрөг нь 2016 онд зээлсэн 48 000 000 төгрөгийг зээлийн хүү, үндсэн төлбөрөө багцалж бодсон байсан. Би Д.Дтай уулзаж би ийм их мөнгө төлөхгүй би авсан зээлээ бараг төлсөн гэж хэлсэн учир хэд хоногийн дараа зээлийг багасгаж 30 000 000 төгрөг болголоо ирээд гарын үсэг зурчих, баталгаа болгох үүднээс барьцааны гэрээг давхар хийх шаардлагатай гэж хэлсэн учир 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр барьцаа гэрээ байгуулж өөрийн ээж, эгчийн нэр дээрх өмчлөлийн 00046773 гэрчилгээтэй, Ү-2201011432 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан 19 дүгээр хороо, 5-30 байр, 16 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан. Уг нь би энэ гэрээнд гарын үсэг зурах ямар ч шаардлагагүй байсан хэдий ч яг хүнд хэцүү үед мөнгө зээлснийг бодож, мөн хугацаа хэтэрсэн учраас хугацаа хэтэрсний хүүг төлөх учраас сарын 10 хувиар бодож зөвшөөрсөн.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан ба тэр гэрээний дагуу мөнгө шилжигдээгүй учир төлөх үндэслэлгүй. 3 гэрч нь нэхэмжлэгч талын яриад байгаа шиг 51 000 000 төгрөг, 30 000 000 төгрөг авсан гэсэн мөнгөний дүн ярьдаггүй. Сүүлийн 2 гэрч өр авлагын талаар ярьдаг. Эхний гэрч сонссон гэсэн зүйлийг ярьдаг. 30 000 000 төгрөгийн гэрээ нь 51 000 000 төгрөгийг багасгасан үнийн дүн байгаа. 51 000 000 төгрөг, 30 000 000 төгрөгийн гэрээний дагуу мөнгө аваагүй, өмнө нь мөнгө зээлж авч байсан нь үнэн. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан хэдий ч мөнгө шилжигдээгүй учир зээл хүү алданги төлөх үүрэг хүлээхгүй учир нэхэмжлэлийн бүхэлд шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Б.Агээс 70 068 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64 543 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч Б.А үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201011432 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 5-30 байр, 16 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 059 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агээс 578 493 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д давж заалдах гомдолдоо: Би хариуцагч Б.Адьяасүрэнд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 51 000 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаатай 29 000 000 төгрөгийг нь 4 хувийн, 22 000 000 төгрөгийг нь 3 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж зарлагын баримтанд хоёр талаас гарын үсэг зуран бэлнээр хүлээлгэн өгсөн. Б.А нь дахин мөнгө хэрэгтэй байна нэмж зээлүүлээч гэхэд би мөнгөгүй талаар хэлэхэд тэрээр “та орос найзаасаа зээлээд өгөөч, би гадагшаа наймаанд яваад таны нийт 81 000 000 төгрөгийг бүтнээр нь төлье” гээд гуйгаад байхад нь таньдаг орос эгчээсээ 30 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй авч өгөхдөө ”миний мөнгө биш хүний мөнгө учраас чи ямар нэгэн зүйл барьцаанд нь тавьж байж авах хэрэгтэй” гэж хэлэхэд тэрээр ээж С.Мэгэдцэрэн, эгч Б.Алтанцэцэг нарынхаа өмчлөлийн байрыг тэд нарынхаа итгэмжлэлээр /1-р хх-9, 175/ барьцаанд тавьж 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээг хийж нотариатаар батлуулан , үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж 30 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Дараа нь нэмж авсан 30 000 000 төгрөгийг миний өөрийн данснаас гаргаж өгөөд Б.Ад өмнө нь зээлсэн 51 000 000 төгрөгийн 8 болон 9 сарын хүү, нотариатын төлбөр гэх зэрэг төлбөрүүдийг өгөөгүй учраас 3 740 000 төгрөгийг суутгаж авч үлдэхийг хэлэхэд тэрээр зөвшөөрч 26 260 000 төгрөгийг бэлнээр тоолж авсан. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний буланд /өөртөө болон надад үлдсэн хувь дээр/ 30 000 000 бэлнээр өгч авав гэж бичиж Б.А гарын үсэг зурсан. Энэ талаар гэрч Д.Галбадрах, н.Энхзол нарын мэдүүлгээр нийт 81 000 000 төгрөг зээлсэн нь нотлогдож байгаа. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхэлж зээлсэн 51 000 000 төгрөгөө багасгаж 30 000 000 төгрөг болгож гэрээ хийсэн мэтээр шүүхэд мэдүүлсэн нь үндэслэлгүй юм. Хэрвээ тэгж багасгаснаар гэрээ хийгдсэн бол урьдах 51 000 000 төгрөгийн гэрээгээ цуцлах ёстой. Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн ХААН банкны дансаараа 51 000 000 төгрөг болон 30 000 000 төгрөгийн зээлийн хүүг Д.Д миний дансанд шилжүүлэх, бэлнээр болон бартераар төлөх зэргээр 11 567 500 төгрөгийг төлсөн бөгөөд 12 сарын зээлийн хүүг дутуу төлсөн. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг хийгээд нотариатаар батлуулан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн тэмдэглэл хийлгэсний дараа банкин дээр Б.Атэй хамт очиж мөнгийг гаргаж өгөөд  мөнгө хүлээлцэх зарлагын баримт байхгүй байсан учраас хавтаст хэрэгт байгаа 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнийхээ доод талд 30 000 000 төгрөг бэлнээр өгч авалцсан бичгийг хийж 2 эх хувь дээрээ гарын үсгүүдээ зурж, нэг нэг хувийг өөрсдөө авсан гэж тайлбарлаад хэрэгт хуулбараар батлуулаад өгсөн байгаа баримтын эх хувь нь ч энэ байна гэж давхар үзүүлж байхад шүүгч уг гэрээтэй холбоотой мөнгийг зээлдэгч нь зээлдүүлэгчид шилжүүлсэн баримтгүй байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний зүгээс гаргаж өгсөн төрийн банкны хуулгууд, хариуцагч Б.Агийн зүгээс гаргаж өгсөн ХААН банкны дансны хуулгууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж өмгөөлөгч үзээд нотлох баримтаас хасуулах, Б.Агийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрүүдийн ХААН банкны дансны хуулгыг гаргуулах хүсэлтүүдийг гаргасан байдаг. Шүүх хурал эхлэхээс өмнө өмгөөлөгч шинээр гаргасан ямар нэгэн баримт байгаа эсэхийг үзэхэд хэрэгт юу ч байхгүй байсан бөгөөд шүүх хурлын ажиллагаа эхэлсэнээс хойш өмгөөлөгчийн зүгээс урьд гаргасан хүсэлтийн талаар хэлэхэд шүүгч “хүсэлтийг хангахгүй орхих” захирамж гарсан гэсэн хэдий боловч танилцуулагдаагүй шүүх хурлын дундуур нарийн бичигийн дарга бидэнд захирамжийг танилцуулж гарын үсэг зуруулсан. ...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 116 612 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн  гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 134 612 500 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт Д.Д, Б.А нарын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, дансны хуулга зэрэг баримтууд нотлох баримтаар авагджээ. /1хх 6-7, 10-11/

Уг баримтуудаас үзвэл талууд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 51 000 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, үүнээс 29 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 22 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцон, гэрээнд гарын үсэг зурсан, Б.А нь гэрээний дагуу нийт 11 567 500 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна.

Хариуцагч тал “51 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж мөнгөний баримтад гарын үсэг зурсан хэдий ч тэр өдөр огт мөнгө аваагүй” гэж маргах боловч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтад маргаагүй байна.

Хариуцагч мөнгө шилжүүлсэн эсэх асуудлаар маргаж буй тохиолдолд уг үйл баримтыг нэхэмжлэгч нотлох үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч нь 30 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэдгээ нотлохоор зээлийн гэрээ, барьцааны гэрээг шүүхэд баримтаар гарган өгсөн. Уг баримтаас үзвэл нэхэмжлэгч мөнгийг өгч 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний доор 30 000 000 төгрөг бэлнээр өгч, авалцсан гэж зохигчид бичсэн гэх тайлбар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Ад 30 000 000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна. /хх 6/ Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 30 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаж байх боловч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт “бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар талууд маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотлогдоно” гэж заасан бөгөөд мөнгө хүлээлгэн өгсөн талаар бичгийн нотлох баримтаар нотлоогүй байхад гэрчүүдийн мэдүүлгээр энэ үйл баримтыг эргэлзээгүй тогтоох боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн Хаан банк ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрийн хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 08 дугаар сарын 11, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааны хувьд уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, мөн шүүгчийн захирамжийг шүүх хурлын дундуур нарийн бичгийн дарга бидэнд танилцуулж гарын үсэг зуруулсан гэх давж заалдах гомдол нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй юм.

Харин шүүх 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримт нотлогдоогүй гэсэн үндэслэлээр уг зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн атлаа уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан нэмэлт үүрэг болох үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээгээр өөр зээлийн гэрээний буюу 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.

Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480 669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                          ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                                                 Д.ЦОГТСАЙХАН