| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/00506/И |
| Дугаар | 182/ШШ2024/02340 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2024/02340
2024 05 22 182/ШШ2024/02340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух Л овогт Бийн Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах ЭТ ХК /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны ......... тоот Б.Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал болох 13,860,099.8 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О
Гэрч Н.Э, Д.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бийн Б би 2008 онд ШУТИС- ЭХИС-ийг Цахилгааны инженер мэргэжлээр, 2012 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж, одоо Удирдлагын академийн Төрийн захиргааны менежмент мэргэжлээр суралцаж байна. 2008-2009 онд СС ХХК-д менежер, 2009-2013 онд МИИ ХХК-д инженер, ахлах инженер, 2013-2018 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт мэргэжилтэн, инженер, албаны дарга, 2018-2023 он хүртэл ТТ ХХК-д ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, төслийн менежерийн албан тушаал тус тус эрхэлж байсан.
2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЭТ ХК-аас www.ett.mn цахим хуудсаараа дамжуулан Тээвэр зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн ажилд шалгаруулж авах тухай нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байсан.
Тухайн сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай явагдсан ба эхний ээлжинд бичиг баримтын шалгалтад тэнцэж, 2 дахь үе шат буюу ажлын ярилцлагад 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр орсон. Энэхүү шалгалтуудаас хэд хоногийн дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн хүний нөөцөөс утсаар холбогдож ярилцлагад тэнцсэн тул тушаал гаргахаар ажилдаа орох тухай мэдэгдсэн.
Ийнхүү 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн Б/409 тоот тушаалаар Тээвэр зохицуулалтын хэлтэст Ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдон 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ............. дугаартай Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан.
Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болох байсан ч хэлтсийн шууд удирдлагын зүгээс жинхлэх саналыг Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлсэн талаар надад мэдэгдсэн тул үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулж байна гэж ойлгосон.
Гэтэл ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны ......... тоот Б.Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарч надад урьдчилан мэдэгдэлгүй ажлаас чөлөөлсөн.
Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3 дахь заалтын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр гарсан байх ба миний хувьд туршилтын хугацаа өнгөрсөн, ажил олгогчийн зүгээс ямар нэгэн санаачилга гаргаагүй тул компанийн үндсэн ажилтан болсон гэж ойлгон ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3 дахь заалтад заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж... гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 64.2 дахь заалтад зааснаар Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байна... гэсэн байх ба уг хугацаа нь миний хувьд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дууссан байхад 26 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 02- ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-т заасныг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй юм.
Миний хувьд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж байгаагүй, уг тушаалыг эс зөвшөөрч байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөл, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо зэрэг байгууллагуудад хандсан боловч харилцан тохиролцоогүй тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ийнхүү шүүхэд хандаж байна.
Иймд Эрдэнэс таван толгой ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны ......... тоот тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалин, урамшуулал болох 13,860,099.8 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Эрдэнэс таван толгой ХК-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бгийн ЭТ ХК-д холбогдуулан гаргасан ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны ......... тоот Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаан цалин, урамшуулал болон 13,860,099.8 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Маргаан бүхий тушаал гарах болсон үйл баримтын тухайд:
ЭТ" ХК нь Борлуулалт, маркетинг, тээврийн газрын Тээврийн хэлтэст Тээвэр зохион байгуулалтын ахлах мэргэжилтний ажлын байрыг зарласан ба уг сонгон шалгаруулалтад Б.Б тэнцэж, ЗГОБЭТийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/409 дугаар тушаалаар Б.Бг Тээвэр зохицуулалтын хэлтэст Ахлах мэргэжилтнээр 3 сарын хугацаатай томилж, Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулсан.
ЭТ ХК-ийн зүгээс Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болгож, маргаан бүхий Б/673 дугаар тушаалыг гаргасан.
2. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
Монгол Улсын Засгийн газраас ЭТ ХК-д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоож, Засгийн газар өөрийн шууд хяналтад авч, "Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрх"-ийг Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны ... дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлэхийг Ж.Гад даалгасан бөгөөд ЗГОБЭТ хууль тогтоомжоор олгогдсон шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрхийн хүрээнд тушаалыг гаргасан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно" гэж заасан хуулийн зохицуулалтын дагуу Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилласан.
Мөн хуулийн 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж заасан хэдий ч хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг сунгахгүйгээр дуусгавар болгосон.
ЭТ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.1.2- т Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтны ажлын тайланг харьяа нэгжийн удирдлага туршилтын хугацаа дуусахаас 2 долоо хоногийн өмнө дүгнэн тухайн ажилтныг үндсэн ажилтнаар ажиллуулах эсэх саналаа /жинхлэх хуудас/ Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлж саналыг хавсарган ажил олгогчид танилцуулан шийдвэрлүүлнэ гэж нарийвчлан зохицуулсан.
Дээрх журмын дагуу Б.Б нь Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос өмнө /14 хоногийн өмнө/ ажлын тайлан, дүгнэлтийн хуудсыг Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх үүрэгтэй байсан.
Уг үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр туршилтын хугацааны дүгнэлтийн хуудсыг харьяа нэгжийн удирдлагаар баталгаажуулан хүргүүлсэн нь дээрх журмын заалттай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нь ... миний хувьд туршилтын хугацаа өнгөрсөн, ажил олгогчийн зүгээс ямар нэгэн санаачилга гаргаагүй тул компанийн үндсэн ажилтан болсон гэж ойлгон ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь холбогдох нэгжийн удирдлагаас жинхлэх санал гаргасан нь уг албан тушаалд томилогдсон гэсэн агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн дотоод хэмжээний дагуу уг асуудал шийдвэрлэгдэнэ.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-т Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ гэж тодорхой хуульчилж өгсөн.
Гэтэл нэхэмжлэгч нь туршилтаар ажиллуулах хугацаа 3 сараас илүүгүй байна гэсэн хуульд заасан эрхийн заалтаа мэдэж байгаа атлаа, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын тайланг харьяа нэгжийн удирдлага туршилтын хугацаа дуусахаас 2 долоо хоногийн өмнө дүгнэн, тухайн ажилтныг үндсэн ажилтнаар ажиллуулах эсэх саналаа /жинхлэх хуудас/ Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх үүргээ мэдэхгүй байгаа нь дээрх хуулийн 64.5 дахь заалттай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нь туршилтын хугацааны дүгнэлтийн хуудсыг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтэст ирүүлснээс хойш Захиргаа, удирдлагын газрын дарга, ЗГОБЭТид танилцуулан маргаан бүхий тушаалыг гаргасан.
Иймд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.10.02-ны өдрийн Б/673 дугаар тушаал хууль зүйн үндэслэл бүхий байх тул Б.Бгийн ЭТ ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ /хх-5-7/, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-8/, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нууцын баталгаа /хх-9/, Ажлын байрны тодорхойлолт /хх-10-12/, ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны 10 дугаар сарын 025-ны өдрийн Б/673 тоот тушаал, Б.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЭТ ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол /хх-14/, ЭТ ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-15/, Б.Бгийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол /хх-16/, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-17-18/ зэрэг,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-23/, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/214 тоот Итгэмжлэл /хх-24/, ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны 10 дугаар сарын 025-ны өдрийн Б/673 тоот тушаал /хх-38/, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ /хх-40-44/, Ажлын байрны тодорхойлолт /хх-45-48/, Б.Бгийн ажлын тайлан /хх-51-55/, хариу тайлбар /хх-75-76/, ЭТ ХК-ийн дүрэм /хх-77-82/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай тогтоол /хх-118/, Монгол Улсын Их хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаартай тогтоол хуулбар хувь /хх-119/, Ээлжийн амралттай ажилтныг ажлын шаардлагаар дуудаж ажиллуулах хуудас /хх-121/, цагийн бүртгэл /хх-122/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
3.3 Шүүхээс: тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/04217 дугаар захирамжаар ЭТ ХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-83-100/, ЭТ ХК-ийн Б.Бг ажилд томилох тухай 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/409 дугаартай тушаал /хх-37/, Ажилтны туршилтын хугацааны дүгнэлтийн хуудас /хх-49-20/,
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2024/04942 дугаар захирамжаар Н.Эыг гэрчээр асуухаар шийдвэрлэж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авсан,
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2024/06916 дугаар захирамжаар Д.Мыг гэрчээр асуухаар шийдвэрлэж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авсан,
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ..... дугаар захирамжаар 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Н.Эт ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл /хх-120/-ийг тус тус шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-д холбогдуулан ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны ......... тоот Б.Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал болох 13,860,099.8 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч ажил олгогчийн зүгээс ямар нэгэн санаачилга гаргаагүй тул намайг жинхэлсэн гэж ойлгож, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан, гэвч надтай жинхлэх хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй байж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, мөн миний удирдах албан тушаалтан намайг жинхлэх санал өгсөн боловч бусад удирдлагууд дээрээс тушаал ирсэн гэсэн үндэслэлээр миний эсрэг санал өгсөн байдаг, миний хувьд ажиллаж байх хугацаанд алдаа, зөрчил гаргаж байгаагүй.. гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг ...нэхэмжлэгчтэй байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ хугацаатай байсныг өөрөө мэдэж байсан, мөн ажилласан хугацааны тайлангаа хугацаа хожимдуулж ирүүлснээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарсан... гэж тайлбарлан, маргаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
3.1 ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/409 тоот тушаалын 1 дэх заалтаар хүний нөөцийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Бийн Бг Тээвэр зохицуулалтын хэлтэст ахлах мэргэжилтнээр 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын туршилтын хугацаагаар томилжээ.
3.2 Зохигчид 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б.Бг Тээвэр зохицуулалтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллуулах, 3 сарын хугацаатай, сарын 3,860,578 төгрөгийн цалин олгохоор тохиролцож .... дугаартай Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулан байна.
3.3 Улмаар ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны ......... дугаартай Б.Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын 1 дэх заалтаар Тээвэр зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Бийн Бтай байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа тул 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосугай гэж Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 78 дугаар зүйлийн 78.1.3, Монгол Улсын Их хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар тогтоолын 2, 3.1, Компанийн дүрмийн 3.4.2.10, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17, 4.1.2, 5.2.18 дахь заалтуудыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
3.4. Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар ЭТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор ЭТ ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчөөр Ж.Гыг томилсон байх ба онцгой дэглэмийн хугацааг Улсын их хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 тоот тогтоолоор дахин 6 сарын хугацаагаар сунгасан.
3.5 Нэхэмжлэгч Б.Б хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалтай танилцсан, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цалин хөлсний тооцоог хийсэн талаар зохигчид маргаангүй.
4. Нэхэмжлэгч нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч ажил олгогчийн зүгээс ямар нэгэн санаачилга гаргаагүй тул намайг жинхэлсэн гэж ойлгож, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан, гэвч надтай жинхлэх хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй байж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор 3 хүртэлх сарын хугацаагаар туршилтаар ажиллуулж болохыг зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хөдөлмөр эрхлэхдээ, туршилтаар буюу 3 сарын хугацаагаар хөдөлмөр эрхлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Туршилтаар ажиллуулах Хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Дээрх хугацаанд ажил олгогч ЭТ ХК нь ажилтан Б.Бг ажиллуулаад туршилтын хугацааны тайланг дүгнэхдээ хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, ажилтан тухайн ажлын байранд тохирох эсэхийг гагцхүү ажил олгогч өөрөө тодорхойлох эрхийг хуулиар олгосон байна.
5. Хариуцагч ЭТ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.1-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шинээр ажилд орж байгаа ажилтантай туршилтын 3 сар хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд талууд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно, мөн зүйлийн 3.6.1.1-т Туршилтын хугацаанд хариуцсан ажил, үүргээ хангалттай сайн биелүүлсэн, цаашид үр бүтээлтэй ажиллах чадвартай ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулна. Харин туршилтын хугацаанд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, үр бүтээлтэй ажиллаж чадаагүй, сахилгын зөрчил гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг цаашид сунгалгүй дуусгавар болгож, ажлаас чөлөөлнө, 3.6.2-т Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтны ажлын тайланг харьяа нэгжийн удирдлага туршилтын хугацаа дуусахаас 2 долоо хоногийн өмнө дүгнэн тухайн ажилтныг үндсэн ажилтнаар ажиллуулах эсэх саналаа /жинхлэх хуудас/ Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлж саналыг хавсарган ажил олгогчид танилцуулан шийдвэрлүүлнэ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан гэх тайлбарыг гаргасан.
Б.Б нь туршилтын хугацааны ажлын тайланг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Н.Эт хянуулахаар өгсөн ба Н.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянасан зэрэг үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Н.Э, Д.М нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацаанд тайлангаа гаргаж өгөөгүй тул тайланг дүгнэх хугацаа хойшилж, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ажилтны тайланг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс дүгнэж, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тушаал гаргасан нь хөдөлмөрийн харилцааг цаашид үргэлжилсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч ажил олгогчоос санаачилга гаргаагүй тул жинхэлсэн гэж ойлгосон гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
6. Дээрх гэрээний хугацаа дуусгавар болоход Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны ......... тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
Дээрхээс дүгнэхэд ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны ......... тоот Б.Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн тус тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал болох 13,860,099.8 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭТ ХК-д холбогдох ЭТ ХК-ийн ЗГОБЭТийн 2023 оны ......... тоот Б.Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал болох 13,860,099.8 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА