| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00174/и |
| Дугаар | 152/ШШ2024/00220 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 152/ШШ2024/00220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Зуунбаян уул ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., А ургийн овогт С-ын Д-гийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Д 1963 онд төрсөн, 61 настай. С.Д 1981 онд 8 дугаар анги төгсөөд 1981 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж эрүүл мэндийн шалтгаанаар 1982 оны 1 дүгээр сард цэргээс халагдаж ирсэн. Улмаар 1982 оны 2 дугаар сараас Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхийн эдийн чанарын бригадад туслах ажилтнаар ажилд орж 1990 оныг дуустал ажиллаж байсан. 1990-2000 оны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тул 1989 оныг дуустал хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай. С.Д-гийн хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул шүүхэд хандах болсон. С.Д одоо 61 нас хүрсэн ба тэтгэврээ тогтоолгох гэхэд бичиг баримт дутуу учраас маш их хохирч байна. С.Д нь Улаанбаатар хотод оршин суудаг тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд С.Д-гийн Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн чанарын бригадад 1982 оны 2 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийсэн баталгаажилтын хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар тодорхойлолт, 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар Чанарын бригад байгуулах тухай тушаал, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар Мал нядалгааны үеэр ажилчин авч ажиллуулах тухай тушаал, хавсралт, 1984 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар Ажилчдад үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, хавсралт, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар Ажилчин авч ажиллуулах тухай тушаал, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар С.Дг ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 1986 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр Зарим хүмүүсийг шагнаж урамшуулах тухай тушаал, 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр С.Д-г ажилд томилох тухай тушаал, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар Түр ажилчин авч ажиллуулах тухай тушаал, хавсралт, 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр Зарим хүмүүсийг өөрчлөн томилох тухай тушаал, 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр Худалдаа бэлтгэлийн ангийн ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хэрэглээний хоршооны ажилд томилох тухай тушаал, хавсралт, 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр Зарим хүмүүсийг өөрчлөн томилох тухай тушаал, гэрч Б.Б, Б.Э нарын иргэний үнэмлэхийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Б.Э, Б.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, С.Дгийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт, хаягийн хуудас зэрэг абримтуудыг нотлхо баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-гийн С.Д-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч С.Д-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч С.Д-гийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Сүхбаатарын Дгийн 1982 оны 5 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.
4.2. Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар Чанарын бригад байгуулах тухай тушаал, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар Мал нядалгааны үеэр ажилчин авч ажиллуулах тухай тушаал, хавсралт, 1984 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар Ажилчдад үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, хавсралт, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар Ажилчин авч ажиллуулах тухай тушаал, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар С.Дг ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 1986 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр Зарим хүмүүсийг шагнаж урамшуулах тухай тушаал, 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр С.Д-г ажилд томилох тухай тушаал, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар Түр ажилчин авч ажиллуулах тухай тушаал, хавсралт, 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр Зарим хүмүүсийг өөрчлөн томилох тухай тушаалууд нь нэхэмжлэгч С.Д-гийн 1982-1989 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ач холбогдолтой байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ. Харин Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр Худалдаа бэлтгэлийн ангийн ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хэрэглээний хоршооны ажилд томилох тухай тушаал, хавсралт, 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр Зарим хүмүүсийг өөрчлөн томилох тухай тушаалууд нь нэхэмжлэгчийн 1982-1889 онд ажиллаж байсан байдалтай хамааралгүй, 1990 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул эдгээр тушаалуудыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.
4.3. БНМАУ-ын Хүн амын регистрийн 179 дүгээр картад: Овог, нэр Сүхбаатарын Д, ажилладаг байгууллага Худалдаа бэлтгэлийн анги, эрхэлдэг ажил бэлтгэлийн туслах ажилчин, эрхэлж эхэлсэн он 1982, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988-06-21 гэж бүртгэгдсэн байна. Баримтад нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдалтай хамраалтай мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн болно.
4.4. С.Д-гийн хаягийн хуудсанд: Овог, нэр С-ын Д, хаана, ямар ажилтай - Увс аймгийн УБХТН-ийн авто жолооны курс, хуудас бичсэн 1980.10.24 гэж бүртгэгджээ. Баримтад С.Д-гийн ажиллаж байсан байдалтай холбоотой мэдээлэл тусгагдаагүй байх тул хэрэгт хамааралгүй гэж үзлээ.
4.5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Б, Б.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Б Миний бие 1981 оны 6 дугаар сараас 1989 оны 8 дугаар сар хүртэл Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангид бэлтгэл /түүхий эд/-ийн эрхлэгчээр ажиллаж байсан. С.Д нь 1981 оноос 1990 он хүртэл тус Худалдаа бэлтгэлийн ангид бэлтгэл чанарын бригадын ажилтан /туслах ажилтан/-аар ажиллаж байсан. С.Д хэдэн онд цэргийн алба хаасныг мэдэхгүй байна гэж, гэрч Б.Э Миний бие 1977 оноос 1989 онд Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангид тоо бүртгэгч, түүхийн эдийн эрхлэгчээр, 1989 оноос 1999 онд Давст сумын Жаргалант хэрэглээний хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. С.Д нь 1981 оноос 1990 он хүртэл тус Худалдаа бэлтгэлийн ангид бэлтгэл чанарын бригадын ажилтан /туслах ажилтан/-аар ажиллаж байсан. С.Д нь миний туслахаар ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдний С.Д 1981 оноос Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж эхэлсэн гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д 1982 оны 1 дүгээр сард цэргээс халагдаж ирээд 1982 оны 2 дугаар сараас Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхийн эдийн чанарын бригадад туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн гэж тайлбарласан боловч Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар Чанарын бригад байгуулах тухай тушаалаар С.Дг 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс түүхий эдийн газрын сахиулаар ажилд томилсон байх тул энэ хугацаанаас ажиллаж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй. С.Д-г Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар Мал нядалгааны үеэр ажилчин авч ажиллуулах тухай тушаалаар грушикээр, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар С.Д-г ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар бэлтгэлийн туслах эрхлэгчээр, 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр Зарим хүмүүсийг өөрчлөн томилох тухай тушаалаар чанарын бригадын ажилчны ажлаас чөлөөлж, нярваар томилсон байх тул нэхэмжлэгч С.Д-г түүхий эдийн газрын сахиул, грушик, бэлтгэлийн туслах эрхлэгч, ажилчин, нярваар ажиллаж байсан гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч нь 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн газрын сахиул, грушик, бэлтгэлийн туслах эрхлэгч, ажилчин, нярваар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар Чанарын бригад байгуулах тухай тушаал, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар Мал нядалгааны үеэр ажилчин авч ажиллуулах тухай тушаал, хавсралт, 1984 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар Ажилчдад үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, хавсралт, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар Ажилчин авч ажиллуулах тухай тушаал, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар С.Дг ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 1986 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр Зарим хүмүүсийг шагнаж урамшуулах тухай тушаал, 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр С.Д-г ажилд томилох тухай тушаал, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар Түр ажилчин авч ажиллуулах тухай тушаал, хавсралт, 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр Зарим хүмүүсийг өөрчлөн томилох тухай тушаал, БНМАУ-ын Хүн амын регистрийн 179 дүгээр карт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч А ургийн овогт С-ын Д-гийн 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн газрын сахиул, грушик, бэлтгэлийн туслах эрхлэгч, ажилчин, нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1982 оны 2 дугаар сараас 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А ургийн овогт С-ын Д-гийн 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн газрын сахиул, грушик, бэлтгэлийн туслах эрхлэгч, ажилчин, нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1982 оны 2 дугаар сараас 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ