Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1942

 

 

 

 

 

 

 

 

 

С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02012 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 666 435 710 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар  оролцов.

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч зээл, гадаад валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. С ББСБ ХХК болон Э ХХК-ийн хооронд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 01 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 2 000 000 ам.долларын зээлийг урсгал зардал санхүүжүүлэх зорилгоор 12 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй зээлдэгчид олгосон. Талууд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр №02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Э ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо /13380/, Токиогийн гудамж, 89/1 тоот хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204046119 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 000230621 тоот гэрчилгээгээр баталгаажсан, сургуулийн зориулалттай барилгыг барьцаалсан. Мөн өдрөө талууд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг үндэслэн 03 тоот барьцаалбарыг холбогдох журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 7 сарын дараа С ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, цор ганц хувьцаа эзэмшигч Д.Нямаа нь Э ХХК болон С ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг зээлдэгчээс шаардах эрхийг зээлдүүлэгчээс шилжүүлж авахаар шийлвэрлэсэн. Үүний дагуу 2014 оны 11 дүгээр сарыг 03-ны өдөр иргэн Д.Нямаа, С ББСБ ХХК болон Э ХХК-ийн хооронд 04 тоот зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээ байгуулагдсан. Талууд гэрээгээр зээлдэгч Э ХХК нь зээлийг үндсэн хүүгийн хамт зээлдүүлэгч Д.Нямаад, нэмэгдүүлсэн хүүг С ББСБ ХХК-д тус тус төлөх бөгөөд Э ХХК болон С ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр тохиролцсон.

Э ХХК нь зээлийн гэрээний хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч нь Д.Нямаад хандсан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 509 тоот албан бичгээр “...үндсэн төлбөрөөс гадна 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөр 306 000 ам.доллар байгаа болно. Зээлийн төлбөрийг таньтай тохиролцсоны дагуу төлж барагдуулна...”, мөн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 913 тоот албан бичгээр “...үндсэн төлбөрөөс гадна 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөр 609 000 ам.доллар байгаа болно. Зээлийн төлбөрийг таньтай тохиролцсоны дагуу төлж барагдуулна.” гэж тус тус мэдэгдэж байсан боловч зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй.

Зээлдэгчийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтийг үндэслэн иргэн Д.Нямаа нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 03 тоот зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээг зээлдэгч Э ХХК-тай байгуулсан. Талууд гэрээг нэг жилийн хугацаагаар сунгасан бөгөөд зээлдэгч нь 2 000 000 ам.доллларыг хүүгийн хамт зээлдүүлэгч Д.Нямаад 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөх, хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч зээлдэгч нь гэрээний сунгасан хугацаанд ч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг төлөөгүй, удаа дараа шаардаж байгаа боловч төлөөгүй болно.

Э ХХК нь ийнхүү зээлийн гэрээ, зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээгээр хүлээсэн Д.Нямаад төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул Д.Нямаа нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээнээс татгалзаж, талууд холбогдох баримтыг хүлээлцсэн акт үйлдсэн бөгөөд цаашид С ББСБ ХХК нь зээлийн гэрээ, зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээний дагуу шаардах эрх бүхий этгээд болсон тул Э ХХК-иас зээлийн төлбөр, алдангийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Э ХХК-ийг хариуцагчаар татаж, зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 2 000 000 ам.доллар, 2014.03.21-2015.12.23-ны өдөр хүртэлх хугацааны хүү 632 000 ам.доллар, 2014.04.30-2015.04.30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү 79 000 ам.доллар, 2017.01.01-ний өдрөөс хойшхи хугацааны алданги 1 316 000 ам.доллар, нийт 4 027 000 ам.доллар буюу 10 666 435 710 төгрөг гаргуулах, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаалсан Э ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо /13380/, Токиогийн гудамж, 89/1 тоот хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204046119 дугаарт бүртгэлтэй барилгаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж үндсэн зээлд 2 000 000 ам.доллар, хүү 632 000 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 79 000 ам.доллар, алданги 1 316 000 ам.доллар, нийт 4 027 000 ам.доллар буюу 10 666 435 710 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Гэвч нэхэмжлэлийн үнийн дүнг зөв тооцоолж чадаагүй, тооцооллын хувьд алдаатай байна. Зээлийн гэрээ, эрх шилжүүлэх тухай гэрээнүүд зөрчилтэй, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл мөн эсэхэд эргэлзээтэй. Хариуцагч Э ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №01 дугаар зээлийн гэрээгээр С ББСБ ХХК-иас 2 000 000 ам.долларыг сарын 1.5 хувийн үндсэн хүүтэй, 12 сарын хугацаатай “урсгал зардал санхүүжүүлэх” зориулалтаар зээлсэн байна. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа болгон 5 000 000 ам.долларын үнэ бүхий Баянзүрх дүүргийн, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 89/1 тоот хаягтай 731.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. 2014.11.03-ны “Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай” 4 дугаартай гэрээг Санкредит ББСБ, Эрэл ХХК, иргэн Д.Нямаа нар байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Санкредит ББСБ-ийн шаардах эрхийг Д.Нямаад шилжүүлсэн байна. 2015.12.23-ны өдөр “Зээлийн гэрээг сунгах тухай нэмэлт гэрээгээр” зээлийн гэрээ ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, тэдгээрийн үндсэн дээр байгуулагдсан Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээний хугацааг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгаж талууд баталгаажуулсан. 2019.05.13-ны өдөр Д.Нямаа нь Э ХХК-д гэрээнээс татгалзсан болохыг мэдэгдсэнээр 2019.05.08-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болгосон акт үйлджээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй боловч хуульд зааснаар анз буюу алдангийг нэхэмжлэх эрхгүй байна. Тиймээс анзад нэхэмжилсэн 1 316 000 ам.доллар төлөх үндэслэлгүй болно. Түүнчлэн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн нөхөх хариуцлага бөгөөд гэрээний үүргийг буюу үндсэн хүүг төлөөгүй хугацааг нарийвчлан тогтоох ёстой ба үндсэн хүүгийн 20 хүртэл хувиар нэхэмжлэх байтал алдаатай тооцсоноос гадна гэрээний үүрэг биелүүлж эхлээгүй хугацааг тодорхойлоогүй тул нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхээ алдаж байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нэхэмжлэл үндэслэлгүй тул 79 000 ам.долларыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Монгол банкнаас баталсан “Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг тооцох ерөнхий аргачлалын дагуу нэхэмжлэгч нь хүүг тооцоолоогүй өөрөөр хэлбэл аргачлалыг баримтлаагүй, буруу тооцжээ. Хүү = Үндсэн дүн*Зарласан хүүгийн хувь*Хугацаа/365 буюу 2 000 000 * 18/365 =986.30 нэг өдрийн хүүний хэмжээ гарч ирж байгаа болно. Нэхэмжлэгч нь 2014.4.30-ны өдрөөс 2015.12.23-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг өдрийн 1 000 ам.доллараар тооцон нийт хүү 632 000 ам.доллар хэмээн нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд зөрүү 8 657.53 ам.доллараар хасч хэрэгсэхгүй болгож өгнө үү. /нэхэмжилсэн 632 000$-623 342.47 аргачлалаар=8 657.53$/

...Зээлийн гэрээний 3.4-т “Хэрэв зээлдэгч тал Зээлдүүлэгч талын байгуулсан зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон хүлээн авах гэрээний талаар маргаан үүсгэвэл Зээлдүүлэгч тал нь Санкредит ХХК-д зээлийн гэрээний зээлийн дүн, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг шилжүүлж болно” гэж заасны дагуу Санкредит ХХК нь зөвхөн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч 2014.11.03-ны өдөр иргэн Д.Нямаа, Эрэл ХХК нарын хооронд байгуулагдсан “Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээ”-ээр зээлдүүлэгч талын эрхийг иргэн Д.Нямаад шилжүүлсэн. Тус гэрээ 2019.5.06-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байхад Эрэл ХХК-д мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгч тал шаардах эрхээ 2019.5.13-ны өдөр Д.Нямаагаас буцаан шилжүүлсэн байдаг. Талууд “Эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээ”-г 3  талын оролцоотойгоор байгуулсан атлаа 2019.05.08-ны өдөр “Шаардах эрх шилжүүлэх гэрээг дуусгавар болгосон” актыг иргэн Д.Нямаа нь Санкредит ХХК-тай хийж дуусгавар болгосон нь үндэслэлгүй юм. Хариуцагч тал нэхэмжлэлээс зээлийн үндсэн хүүгийн зөрүү 8 657.53 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 79 000 ам.доллар, алданги 1 316 000 ам.доллар, нийт 1 403 657.53 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар 3 717 909 809 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул дээрх төгрөгийг хасч хэргэсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 6 441 711 360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 224 724 350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар хариуцагч Э ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ү-2204046119 тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 89/1 тоот сургуулийн зориулалттай 713.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 560 329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 32 366 507 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг туханн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг баримтлаагүй байна. Учир нь зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодохдоо С ББСБ ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар бодсон нь буруу. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Зээлийн гэрээ”-ний дагуу эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээний 2.1-д гэрээний хугацаа, 2.5-д нэг сарын хүүг тус тус заасан гэрээний 4.1- д “Зээлдэгч тал нь С ББСБ ХХК-тай байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх ёстой 2 000 000 ам.доллар болон гэрээнд заасан сарын 1.5% хүү болон бусад холбогдох хүүгийн хамт дээрх зээлийн гэрээний дагуу байгуулсан хуваарийн дагуу зээлдүүлэгч А талд төлөх үүрэг хүлээнэ- гэж заасны дагуу Д.Нямаа нь хүү шаардах эрхтэй. Э ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй гэж зааснаар татгалзах эрх нь нээлттэй байсан ч татгалзсан үйл баримт огт болоогүй бөгөөд харин ч 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 913 дугаар албан бичигтээ хүү төлөх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч төлөх хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүх ийнхүү нотлох баримт болон хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт үнэлж дүгнэлгүй Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргээ шударгаар биелүүлсэнгүй. Шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодохдоо тооцооллын хувьд алдаатай бодсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 279 000 ам.доллар буюу 738 995 670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 666 435 710 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид хоорондоо 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2 000 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, нэг сарын 1.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 1 сарын 20 хувиар тооцон зээлдүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө 02 дугаартай барьцааны гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 89/1 тоот хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204046119 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 000230621 тоот гэрчилгээгээр баталгаажсан, сургуулийн зориулалттай барилгыг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна.  

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээрх зээлийн гэрээний үүргийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр “Зээлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай гэрээ”-г зээлдүүлэгч талаас Д.Нямаа, С ББСБ ХХК, зээлдэгч талаас Э ХХК нар байгуулсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6, 123.8 дахь хэсэгт заасантай нийцжээ. Уг нэмэлт гэрээний дагуу нэхэмжлэгч тал хариуцагчаас анз нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь “...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүх тооцооллын хувьд буруу тооцсон” гэж тайлбарлаж, давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан зохицуулалтыг зөв хэрэглэн нэхэмжлэгчийн хариуцагчаас үндсэн зээл, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг зөв тодорхойлсон байна.

Иймд хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6 441 711 360 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 89/1 тоот хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204046119 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 000230621 тоот гэрчилгээгээр баталгаажсан, сургуулийн зориулалттай барилгыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, хариуцагч Э ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 224 724 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С ББСБ ХХК-иас төлсөн 3 852 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН