Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2024/00221

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ дүүрэг, ... дугаар хороо, ..., ... дүгээр давхарт байрлах, Э ХХК-ийн

            Хариуцагч: .... аймгийн ..... сумын ... дүгээр баг, ... тоотод байрлах, регистрийн дугаар ..., Ц ХХК-д холбогдох,

Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 113,961,500.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь Ц ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №2021/П13 тоот тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан 1 ширхэг new Holland BC5070 марктйг шинэ өвс хаман боогч механизмыг худалдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д гэрээнд заагдсан барааны үнэ, 5.1.1-д New Holland BC5070 өвс хаман боогч 27,800 ам.доллар, 5.2-т төлбөрийг төлөгдөх өдрийн Монгол банкнаас гаргасан валютын албан ханшаар тооцно. Худалдан авагч тал нь барааны үнийн дүнг хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлнө гэж заасан бөгөөд 27,800 ам.доллар төлөхөөс Ц ХХК нь худалдан авсан new Holland BC5070 маркийн шинэ өвс хаман боогч механизмын урьдчилгаа төлбөрт 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 8,353.05 ам.долларыг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 19,446.95 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Тус гэрээний хавсралт 1-д заасан тоног төхөөрөмжийн үнийг төлөх хуваарийн 5-д техник хүлээлгэн өгсөн өдрөөс хойш үлдэгдэл төлбөр дээр жилийн 10 хувийн хүү тооцно гэж заасны дагуу техник хүлээлгэн өгсөн өдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх үлдэгдэл төлбөр болох 19,446.95 ам.долларын хүү 362.30 ам.доллар, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хүү 1,944.70 ам.доллар, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хүү 1,944.70 ам.доллар, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хүү 607.38 ам.доллар буюу нийт 4,859.07 ам.долларын хүүг гаргуулах, мөн гэрээний 5.3-т хэрэв хуралдан авагч тал уг гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож худалдагч талд төлнө гэж заасныг зөрчиж худалдан авагч тал үлдэгдэл  төлбөрөө хугацаандаа төлөхгүй байх тул 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан 6487 ам.долларын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаа хэтэрсэн 365 хоногийн 1 өдрийн алдангийг 6.49 ам.доллароор тооцож 2367.74 ам.долларын алданги, 2021 оны 10 дугаар сарын 25-ны 6487 ам.доллар болон 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөх байсан 6500 ам.доллар буюу нийт 12,987 ам.долларын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаа хэтэрсэн 365 хоногийн 1 өдрийн алдангийг 12.99 ам.доллароор тооцож 4740.24 ам.долларын алданги мөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны 6487 ам.доллар болон 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөх байсан 6500 ам.доллар, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан 6460 ам.доллар  буюу нийт 19,447 ам.долларын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрий хүртэлх хугацаа хэтэрсэн 114 хоногийн 1 өдрийн алдангийг 19.45 ам.доллароор тоооцож 2216.95 ам.долларын алданги буюу нийт 9324.93 ам.долларын алданги болон үлдэгдэл төлбөр болох 19,446.95 ам.долларыг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Цээл туруун ХХК-иас тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 19,446.95 ам.долларыг хүү 4859.07 ам.доллар, алданги 9324.93 ам.долларын хамт нийт 33,630.95 ам.долларыг 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкнаас зарласан валютын ханш болох 3,388.59 төгрөгөөр тооцож нийт 113,961,500.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц ХХК-ийн захирал М.А шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймгийн ... суманд үйл ажиллагаа явуулж байгаа Ц ХХК-ийн нь Э ХХК-аас авсан өвс боогчийн үнэ болох 113,961,500 төгрөгийг уг байгууллагатай 1 жилийн хугацаанд хүүгийн зогсоож төлж барагдуулахаар тохиролцсон болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна. 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Ц ХХК-ийн гаргасан хариу тайлбартаа танилцлаа. Хариуцагч нь хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох 113,961,500 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгч Энсада трактрон ХХК нь хариуцагч Цээл туруун ХХК-ийн дээрх зөвшөөрлийг хүлээн зөвшөөрсөн нь үнэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээ хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-иас хариуцагч Ц ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 113,961,500.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э ХХК-ийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 113,961,500.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц ХХК нь 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч Ц ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч Ц ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 727,760 төгрөгийн тал хувь болох 363,880 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 363,880 төгрөг, хариуцагч Ц ХХК-аас 363,880 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох нь зүйтэй байна.

Тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 685 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, Ц ХХК-ийн эзэмшилд байгаа 1 ширхэг New Holland BC5070 маркийн шинэ өвс хаман боогч механизмыг битүүмжлэх, Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал М.А-ын Хаан банкны .... тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож шийдвэрлэсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул дээрх захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 113,961,500.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар хариуцагч Ц ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 363,880 төгрөг, хариуцагч Ц ХХК-аас 363,880 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, 363,880 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 685 дугаар “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ