Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2024/00222

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс плаза, ... дүгээр давхрын ... тоотод байрлах, ..... регистрийн дугаартай, Таван богд ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн ... дүгээр байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Н-ын Д-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,320,363.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Д нь Таван богд финанс ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1114274 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 60933 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаагаар 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болгох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Н.Д нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,091,946,44 төгрөгийг, хүүний төлбөрт 427,683.05 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,370.51 төгрөг, нийт 1,522,000 төгрөгийн төлөлт хийсэн байна. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Н.Д нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 525 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 3,725,308.55 төгрөг, зээлийн хүү 1,333,844.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 249,211.05 төгрөг нийт 5,308,363.86 төгрөг төлөхөөр байна. Таван богд финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Н.Д-г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Н.Д нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: талуудын хооронд байгуулсан 1114274 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 60933 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,725,308.55 төгрөг, зээлийн хүү 1,333,844.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 249,211.05 төгрөг, нийт 5,308,363.86 төгрөгийг хариуцагч Н.Д-гаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Таван богд финанс ББСБ ХХК-аас 5,000,000 төгрөгийн зээл авсан боловч ажлаас гарч зээл хугацаа хэтэрсэн. Одоо ажилд орсон. Иймд зээлийн үлдэгдэл 5,320,363.86 төгрөгийн зээл 6 сарын дотор төлж барагдуулна. Эхний 3 сард /2024 оны 6 дугаар сараас/ 600,000 төгрөгөөр сар бүрийн 29-нд, 9 дүгээр сарын 29-нд 800,000, 10 дугаар сарын 29-нд 800,000, 11 дүгээр сарын 29-нд үлдэгдэл 1,920,363.86 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.Д нь Таван богд финанс ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1114274 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 60933 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаагаар зээлдсэн. Зээлдэгчийн үндсэн зээлийн төлбөр 3,725,308.55 төгрөг, зээлийн хүү 1,333,844.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 249,211.05 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12,000 төгрөг, нийт 5,320,363.86 төгрөг үлдсэн байна. Зээлдэгч нь шинэ ажилд орсон удахгүй цалинтай авна. 6 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүрийн 29-ний өдөр цалин буухаар доорх байдлаар зээлээ төлөхөөр тохиролцож манай байгууллагыг өр төлбөргүй болгон гэж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд өөрийн биеэр очиж уулзсан. Зээлдэгч нь нэхэмжлэлдээ гардан авч дээрх өр төлбөрийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т надтай харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-иас хариуцагч Н.Д-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,320,363.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,320,363.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 6 хувааж 2024 оны 6 сараас эхлэн сар бүрийн 29-ний өдөр 600,000 төгрөг, 9 дүгээр сарын 29-ний өдөр 800,000, 10 дугаар сарын 29-ний өдөр 800,000, 11 дүгээр сарын 29-ний өдөр үлдэгдэл 1,920,363.86 төгрөгийг төлж барагдуулахаа хариуцагч Н.Д илэрхийлсэн ба тухайн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч Н.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,075.82 төгрөгийн тал хувь болох 50,037.91 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 50,037.91 төгрөг, хариуцагч Н.Д-гаас 50,037.91 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,320,363.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 6 хувааж 2024 оны 6 сараас эхлэн сар бүрийн 29-ний өдөр 600,000 төгрөг, 9 дүгээр сарын 29-ний өдөр 800,000, 10 дугаар сарын 29-ний өдөр 800,000, 11 дүгээр сарын 29-ний өдөр үлдэгдэл 1,920,363.86 төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Н.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 50,037.91 төгрөг, хариуцагч Н.Д-гаас 50,037.91 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгож, 50,037.91 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ