| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2021/0292/Э |
| Дугаар | 0031 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 0031
2022 03 23 2022/ДШМ/31
Ж.Бад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.А
Шүүгдэгч Ж.Б
Хохирогч Т.Ж
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Бад холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Ж-ны Б,
Орхон аймгийн Прокурорын газраас: Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт Ж-ны Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Т.Ж нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдолдоо:
“... Миний бие 2021 оны 06 дугаар сарын 02-нд охин Б.Х-н хамт хөрш айлдаа орохоор гэрээс гарч яваад Ж өвгөнтэй таарсан. Тэр өвгөн намайг хэл /үгээр/ амаар доромжилж заамдаж авсан. Би та нас намбатай хөгшин хүн байж зүгээр бай гэж хэлээд эвээр салаад цааш явтал араас гүйж дугуйнд бүдэрч унасан. Би тэр өвгөний гарыг хугалах санаа байгаагүй болон зүс танихаас өөр мэдэхгүй. Өвгөн дугуйнд бүдэрч унахдаа гараа хугалсан. Би эргэж очиж сугадаад өргөж босготол гар хугарчихлаа гэсэн. Би түргэн дууд гэж хэлсэн, тэгтэл би цагдаа дуудна гэсэн тэгэхээр нь би охины хамт буцаж гэр рүүгээ орсон. Ийм л хэрэг болсон. Манай охин бүгдийг харсан. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-н 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай дүгнэлтэд дээрх гэмтэл мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн байна. Ийм дүгнэлт гарсан байхад мушгихад хугарна гэх эмч Ж.Г-н мэдүүлэг болон хохирогч Т.Ж нарын мэдүүлгээр нэг талыг хэтэрхий барьж намайг ялласанд гомдолтой байна. Иймд эрхэм шүүгч та миний хэргийг хянан үзэж дахин шалгуулж өгнө үү” гэжээ.
Хохирогч Т.Ж тайлбартаа:
“... 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гудамжинд явж байтал үл таних залуу тааралдаж тамхи асуугаад, яриа өдөж, тамхилаад цааш эргэтэл араас дуудаж архины мөнгө нэхсэн болно. Мөнгө надад байхгүй гэж хэлэхэд уурлан намайг заамдаж авсан. Тэр өөрийгөө олон удаа шоронгоор явсан чамайг алж чадна шүү гээд хоолойг минь боосон. Тэр үед охин гүйж ирээд настай хүнийг зодохоо боль гэж аавыгаа болиулсан. Тэгсэн өвгөн намайг хэл амаар доромжилж заамдаж авсан. Өөрөө гүйж яваад дугуйнд бүдэрч унахаар нь өргөж босгосон гэх зэрэг ор үндэсгүй зүйл, мэдүүлэгтэй дурдсан байгаа зэрэг нь илт доромжилсон гэж үзэж байна. Миний гарыг зүүн сугандаа эргүүлж дараад, санаатайгаар хугалсан үйлдлийг шүүх хэрэгсээгүй гэж үзэж байна. Эрхэлсэн ажилгүй, амьтан хүн айлгасан танхай балмад этгээдийн ялыг хөнгөрүүлж өөгшүүлж байна. Хохирогч би сэтгэл санаа эдийн засаг, эрүүл мэндээр хохирогч өөрийгөө авч явах чадваргүй болж хохироод явж байхад уг этгээд нь ялыг минь хөнгөрүүлж өгөөч гэж заалдаж байгаа нь үнэн ичгүүртэй явдал юм. Иймээс хохирогч Т.Ж миний гомдлын дагуу дахиж шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Б тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Ж тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна, ... эм тариа авсан мөнгөө нэхэмжилнэ”
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г. дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Бын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын багийн тоот хашааны ойролцоо өндөр настай буюу 67 настай биеэ хамгаалж чадахгүй Т.Жгаас тамхи асуух, архины мөнгө нэхэх зэргээр түүнтэй маргалдаж, улмаар баруун гарыг нь мушгиж “баруун гарын атгаал ясны доод 1/3-ээр далд ташуу, зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Бын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ж.Б нь “... дугаартай дүгнэлтэд дээрх гэмтэл мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн байхад мушгихад хугарна гэх эмч Ж.Г-н мэдүүлэг болон хохирогч Т.Ж нарын мэдүүлгээр нэг талыг хэтэрхий барьж намайг ялласанд гомдолтой байна ... ” гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.
Хохирогч Т.Жгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Ж.Бын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Т.Жгийн гэрчээр өгсөн “... согтуу хөл нүцгэн дээгүүрээ эмэгтэй хүний ягаан цоохор дээл нөмөрч хашаанаасаа гарч ирээд намайг хараад ах тамхи байна уу гэхээр нь 1 ширхэг тамхи өгсөн. Тэгсэн чинь ... миний баруун гарыг өөрийнхөө зүүн суганд хийж хавчуулж байгаад хойш нь эргүүлээд дарчихсан чинь миний баруун гар тохойн үеэр эргэчихсэн ... тэр үед эмэгтэй хүүхэд гарч ирээд Б-г яагаад байгаа юм бэ гэхэд Б цаашаа ор гээд хашаа руу нь оруулчихсан... ” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,
хохирогчоор өгсөн “ ... намайг явж байхад надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би тамхи өгсөн, дахиад намайг цааш явах гэтэл ардаас архины мөнгө нэхсэн. Тэгээд би байхгүй гэсэн чинь намайг муу хөгшин банди минь чамайг ална шүү гээд гарнаас дээш сугадаж аваад хөшөөд хугалсан. Тухайн үед бүр согтуу биш халамцуу байсан. Дээл нөмөрсөн байдалтай миний замыг тосоод зогсож байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх 12/,
хохирогчоор дахин өгсөн “... дээгүүрээ нөмгөн дээл нөмөрсөн халамцуу залуу нэг хашаанаас гарч ирээд ахаа тамхи байна уу гэж асуусан. Би өөрт байсан 1 ширхэгийг өгөхөд дахин 2-3 ширхэг тамхи өгчих гэхээр нь би өгөөгүй. Гэтэл нөгөө залуу араас ирээд архины мөнгө байна уу гээд намайг бариад авсан. Тэр залуу намайг барьж аваад зүүн гарынхаа суганд миний баруун гарыг хавчуулж дээш нь хөшөөд эргүүлэх шиг болсон чинь миний баруун гарын яс хугарчих шиг болсон... Тэр үед миний баруун гар тохойн дээд хэсгээр хойшоогоо эргэсэн байдалтай байсан ... тухайн айлын ойролцоо байх өөрийн танил С гэж айлын гадна очоод түүнийг дуудсан ... С манай хүү В-г дагуулаад ирсэн. В-г ирээд байж байхад миний гарыг хугалсан залуу ирээд та одоо цагдаа дуудаад яах вэ, хоёулаа учраа ольё гээд ирсэн ... яг миний гарыг хугалах үед бид хоёрын хажууд хэн нэгэн хүн байгаагүй...тэр охин яг хэрэг болох үед аавдаа хөөгдөөд хашаа руугаа орсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 14/,
хохирогчоор дахин өгсөн “ ....бид хоёрыг заамдалцаад зогсож байхад үед бид хоёрын хажууд хэн ч байгаагүй. Харин Б миний гарыг мушгиж дээш татаад хугалахад Б.Х гэх охин нь гарч ирээд аавдаа хандаж та хөгшин хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б охиноо загнаад гэр лүү нь хөөж оруулсан, би дугуйнд тээглэж огт унаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 80/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 81-82/, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай “Т.Жгийн биед баруун гарын атгаал ясны доод 1/3-ээр далд, ташуу, зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана ... гэсэн дүгнэлт /хх 31-32/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайн үйл баримтын талаар шүүгдэгч Ж.Бын насанд хүрээгүй охин Б.Х нь “ ... би аав Ж.Бын хамт хашааныхаа урд байсан ... өвөө ирээд манай аавыг олон үгээр доромжлоод байсан.Тэгэхээр нь манай аав уурлаад та хөгшин хүн байж нас намбатай бай гэхэд нөгөө өвөө юу гээд байгаа юм бэ гээд заамдаад авсан. Аав гараа тавь гэхэд тэр өвөө гараа тавихгүй байсан. Тэр хоёр хоорондоо зодоон хийгээгүй, тэр өвөө аавын араас нь очиж зууралдах гэж байгаад дугуйнд тээгэлдээд унасан. Аав босгох гээд очиход тэр хүн аавыг гар хугалчихлаа гэж уурлаад байсан ...” гэж мэдүүлсэн,
мөн шүүгдэгч Ж.Б нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... охин маань хамт байсан, тэр үед гудамжинд өөр хүмүүс байсан тул шалгаж өгнө үү ... ” гэсэн тайлбар гаргаж байх боловч насанд хүрээгүй гэрч Б.Х-н мэдүүлэг болон шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлүүд нь хохирогчийн удаа дараа, тогтвортой өгсөн мэдүүлгүүд, шинжээч Ж.Г-н “... баруун атгаал ясны хугарлын хэлбэрээс үзэхэд мушгирсан хэлбэрийн хугарал байсан. Үүнээс үзэхэд гарыг мушгих үед үүсэх боломжтой хугарал. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хугарлыг хадах хагалгаа хийгдсэн, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хадаастай рентген зураг байсан зэргээс үзэхэд дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно ... унах үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлгүүдээр няцаан үгүйсгэгдэж байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдаас мэдсээр атал хүссэн, эсвэл хүсээгүй боловч тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэм буруугийн санаатай хэлбэр гэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл шүүгдэгч Ж.Быг гэм буруугүй, өөрөөр хэлбэл түүнийг дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ж.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Т.Ж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд Улаанбаатар хотын “М” эмнэлэгт рентгэн оношилгоо хийлгэсэн 35.000 төгрөг, сэргээн засах эмчийн үзлэг хийлгэсэн 30.000 төгрөг, эм авсан 86.900 төгрөг, Улаанбаатар хотоос аймаг руу зорчсон зорчих тасалбарын үнэ 54.000 төгрөг, нийт 205.900 төгрөгийн баримтыг ирүүлсэн ба дээрх баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч Ж.Баас гаргуулж хохирогч Т.Жд олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Баас 205.900 төгрөг гаргуулж хохирогч Т.Жд олгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ