Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Д.Ууганцэцэг,

            шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н-н Б-т холбогдох 1708005010040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй Х овогт Н-н Б /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилт гэх газарт албан үүргээ гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хөдөлгөөнт эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Б-н хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь хууль сахиулагчид хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

 Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилт гэх газарт албан үүргээ гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хөдөлгөөнт эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Б-н хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

           

            Хохирогч Ц.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 13-ны 22 цаг 15 минутын орчимд “манай нөхөр намайг зодоод байна” гэх дуудлагыг Сэлбэ 10-аас 22 цаг 16 минутанд авч, Сэлбэ-115 чиглэл хариуцсан ...жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Б-н хамтаар очиж шалгахад иргэн Н.Б нь Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагын эсэргүүцэж, зүүн гарын бугуйнаас хазаж, маажиж танхайрсан. ...Би уг айлд орж хууль ёсны шаардлага тавихад Н.Б нь эхнэртэйгээ хэрэлдэж, улмаар хамт байсан гэх Э, Г нар нь цагдаа нар гэртээ амарч байгаа хүнийг яагаад авч явдаг юм бэ гэж хэлсэн. ...Согтууруулах ундаа хэрэглэсэн Н.Б, Н.Э нарыг эрүүлжүүлэх байранд саатуулсан. Н.Б 1.23%, Н.Э 1,84% драгераар шалгахад гарч байсан. ...Иргэн Б-г гавлаж гэрээс гаргаж цагдаагийн хэлтэс дээр авчирсан. ...Намайг анх ороход Н.Б нь эхнэр лүүгээ хэрүүл, маргаан хийж дайрсан ба уг 2 хүнийг салгасан. Гэрийн багана эвдэрсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Иргэн Н.Б нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй агсам согтуу тавьж байсан тул сайн анзаарч хараагүй. Эхнэр нь манай нөхөр их архи уугаад байдаггүй юм. Өнөөдөр яасан юм бүү мэд найзуудтайгаа нийлж архи уугаад намайг боож унагааж, үсдэж чирсэн, нөхөртөө гомдож байна, манай нөхрийг саатуулах байранд хүргээд өгөөч гээд гуйгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 16-17 х/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9496 дугаар дүгнэлтэд: “...Ц.Б-н биед зүүн шуунд шарх, зулгаралт, баруун шуунд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 39х/

 

          Шинжээч М.Ариунтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шарх зулгаралт нь буюу дээрх гэмтлүүд маажилт, хазалтаас аль алинаас үүсэх боломжтой. ...Уг шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44х/

 

    Гэрч Ж.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээсээ эхнэр Х, хүү Тэмүүлэн одоо 2 настай хүүхдийнхээ хамт Н.Б-н Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад байдаг гэрт очиход Б түүний эхнэр Б, Э нар гэрээ буулгаад байж байсан. Тэгээд эхнэр бид 2 гэр буулгах ажилд нь тусалсан. Гэрээ буцааж барьж дуусгаад хоол цай идсэн. Тэгсэн Б дэлгүүрээс 2 литрийн савтай 1 пиво авч ирсэн пивоноос Э, Б бид 3 хувааж уусан, ууж дуусгаад Э бид дахиад тус бүр 2 литрийн савтай пиво авч ирээд хувааж уугаад дуусгасан. Тухайн үед гадаа харанхуй болж байсан учраас Б гэрээсээ цахилгааны гэрэл гаргаж ирсэн, удалгүй араас нь Б гарч ирээд хогийн шүүрээр цахилгааны гэрлийг хагалсан. Тэгсэн Б, Б 2 хоорондоо муудалцаад байхаар нь би салгасан. Тэгсэн Б гэртээ ороод хувцасаа солиод хашаанаас гараад явсан. Би Эыг цахилгааны гэрэлд хажуу айл руу явуулсан, Э цахилгааны гэрэл авч ирсэн, гэрлийг аваад гэрт нь сольж байтал Б гаднаас 2 цагдаа дагуулаад ороод ирсэн. Цагдаа ирэхэд Б хүүхдээ тэврээд гэртээ сууж байсан. Тэгтэл Б хүүхдээ аваад цагдаад хандаж энэ хүн байна, энэ хүнийг бариад яв гэсэн. Тэгтэл манай хүүхэд айгаад уйлахаар нь би гэрээс аваад гарсан хойноос Быг 2 цагдаа гавлаад хашаанаас гаргасан. Би Быг авч явж байхад цагдаад хандаж “гайгүй байлгүйдээ, би гэр лүүгээ дагуулаад аваад явчихъя” гэж хэлсэн. Цагдаа юм хэлээгүй, Быг аваад явсан. ...Намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд байхад дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч надад хандан танай найз миний гарыг ийм болгочихлоо гээд гараа харуулж байсан аль гараа харуулж байсныг санахгүй байна. Тухайн үед Б юм уу, Э 2-ын аль учруулсаныг мэдээгүй...” /хх-ийн 19-21х/

 

            Гэрч Э.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ нөхөр хүүхдийн хамт байхад нөхрийн гар утас руу Б залгаад манай гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд нөхөр бид 2 хүүхдээ аваад Б-н гэрт нь очиход Б гэрээ буулгасан байдалтай гэрээ янзалж байсан. Тухайн үед Б, Б, Э нар байж байсан. Тэгээд гэрийг янзалж дуусаад хоол цай идэж уусан, дараа нь Б, Э нар 2 литрийн савтай 3 ширхэг пиво аваад хувааж уусан. Тэгсэн гадаа харанхуй болсон чинь Б гэрээсээ цахилгааны гэрэл гаргаж ирсэн. Тэгсэн эхнэр нь араас нь гарч ирээд нөхрийгөө загнаад гэрээс авч гарч ирсэн гэрлийг хагалсан. Тэгээд Б ах эхнэртэйгээ хэрэлдсэн, Тэгээд эхнэр гэртээ ороод хувцсаа солиод гарч яваад удалгүй гаднаас 2 цагдаатай хамт орж ирсэн. Б цагдаа нараас яагаад авч явах гээд байгаа юм бэ, юу болсон, яасан юм бэ гэж асуухад цагдаа нар хариу хэлэлгүй нэг юм хэлээд гэрээс гаргаад авч явах гэсэн. Б гарахгүй гэж эсэргүүцэж байсан. Тэгээд гэрт ноцолдоод гэрээс авч гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/

 

            Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлба-15 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан үүрэг гүйцэтгэх хугацаанд 22 цаг өнгөрч байхад Сэлбэ-10-аас утасны дугаарыг нь санахгүй байна “Тахилтын эцэс дээр хүлээж байя, манай нөхөр намайг зодоод байна” гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу офицер Ц.Б-н хамт очсон. Дуудлага дагуу шалгахад Б гэх залуу согтуу эхнэрээ зодох гэсэн байдалтай байсан. Эхнэр нь Б-г зааж өгч энэ хүн манай нөхөр байгаа юм аваад яв гэхээр нь Б-г гэрээс гаргаж авч явах гэтэл эсэргүүцэл үзүүлээд байхаар нь гэрт гавлаад авч гарсан. Гэрээс гаргаж байхад эхнэрээ зодох гээд дайраад байсан...” /хх-ийн 29-30х/

 

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцэст байх гэртээ байж байсан юм. 21 цагийн үед гэж санаж байна ямар ч байсан харанхуй болчихсон байсан, манай нөхөр Б согтуу,  бид 2 хоорондоо маргалдсан юм. Тэгээд би гараад цагдаагийн байгууллагад өөрийнхөө ... дугаарын утаснаас 102-т дуудлага өгсөн. Удалгүй хөдөлгөөнт эргүүлийн 2 цагдаагийн алба хаагч ирцгээсэн. Тухайн үед манай гэрт Б, Г, Х, Э гээд хүмүүс байсан. Цагдаа нар ирээд Б-г авч явах гэтэл Б над руу “би чамайг яагаачгүй биз дээ, яагаад цагдаа дуудсан юм бэ” гээд над руу дайрахад нь цагдаагийн ажилтангууд Б-г гавлаад аваад гарсан. Тэгээд би маргааш нь нөхрөө очиж батлан даалтанд авсан байгаа...” /хх-ийн 24-25х/

 

Гэрч М.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар хамтдаа гэрээ янзалж барьж дууусаад орой 18 цагаас эхлэн пиво хувааж, уусан. Нилээд пиво ууж байхад шөнө 23 цагийн үед Б эхнэр Бтай гэртэй маргалдаад байсан. Энэ хооронд цахилгааны гэрэл хагарсан байсан. Тэгээд би хажуу айлуудаас гэрлийн чийдэн асууж байгаад олсон. Уг гэрлийн чийдэнгээ гэрт авч ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Би цагдаагийн машинд суусан. Араас Б ахыг цагдаа нар авч ирсэн. ...Цагдаагийн офицер нь цолтой хүн нь Б-т хандан чи эмэгтэй хүн биш дээ, миний гарын шууг маажсан байна гэхэд Б ах уучлаарай гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33х/

 

Шүүгдэгч Н.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэж санаж байна манайх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай гэх байх гэрээ буулгаж янзалсан юм. Тухайн үед манай найз Г, Э, Г-н эхнэр Х, мөн манай эхнэр Б нар байсан. Тэгээд гэрээ барьж дуусгачихаад хүн тус бүрийн 3 шил пиво ууцгаасан. Тэгээд 21 цагийн үед гэж санаж байна эхнэр бид 2 маргалдаад, үүнээс болж манай эхнэр Б цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна лээ. Удалгүй 2 цагдаа ирсэн. Уг 2 цагдаа ирээд намайг авч явах гэхээр нь би явахгүй гэсэн юм. Тухайн үед цагдаа дээрээ тулах юм болоогүй байсан болохоор би уурласан. Тэгээд тэр 2 цагдаа намайг гавлаж авч гараад автомашин руугаа суулгаад аваад явсан. Гэрээс гараад автомашин руу явах үед гав чанга байсан болохоор гараа мултлах гээд цагдаагийн гарнаас хумсаараа маажсан. Тэгээд намайг эрүүлжүүлэх дээр авчирч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зэв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, ноцолдох, маажих зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас хохирогч Ц.Б-н зүүн шуунд шарх, зулгаралт, баруун шуунд нөсөө бүхий гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр нотлогдсон ба шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

   Иймд шүүгдэгч Н.Б-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 59х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ц.Б нь эрүүл мэндийн хохиролд 500.000 төгрөгийг шүүгдэгч Н.Б-с хүлээж авсан, гомдол, саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 16-17х/

 

Шүүгдэгч Н.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн гомдол саналгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Иймд шүүгдэгч Н.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосон албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

   Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан  нөхцөл байдал хангагдсан байх тул шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Н.Б-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Н-н Б-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Б-н иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.АЛТАНЦЭЦЭГ