| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2023/00420/и |
| Дугаар | 152/ШШ2024/00239 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 152/ШШ2024/00239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, .... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., Б ургийн овогт Ж-ын Ц-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1989 оны 6 дугаар сард Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Давст сум дахь Үйлдвэр бригадад ажиллаж байгаад 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангийн нарийн боовны цехэд ажилчнаар ажиллах болсон. 1991 оны сүүлээр Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн анги бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Жаргалант эд хэрэглээний хоршоо болоход миний бие ажилчнаар үргэлжлүүлэн ажилласан ба 1995 оныг хүртэл ажилласан. Би 1994-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тул 1993 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй учир шаардлага хангахгүй, Архиваас цалингийн баримт гарахгүй байна. Харин Даяарт алдартай Давстынхан номонд тус сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Жаргалант эд хэрэглээний хоршоонд ажиллаж байсан хүмүүсийн талаар бичигдсэн байгаа. Иймд номыг үндэслэн намайг 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1993 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Жаргалант эд хэрэглээний хоршооны нарийн боовны цехэд ажилчнаар ажиллаж басйан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 301425 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр зөвлөмжийн хуудас, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 520 дугаар лавлагаа, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 200 дугаар лавлагаа, Ц.О, Б.Э нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд томилсон тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Б.Эийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Даяарт алдартай Давстынхан номонд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, Ж.Ц-ийн БНМАУ-ын Хүн амын регистрийн картыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь Ж.Ц-ийн 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Давст сумын Жаргалант хэрэглээний хоршооны нарийн боовны цехэд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 10 дүгээр сарын 20-ны өдрийн 442 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Улмаар нэхэмжлэгч Ж.Ц дээрх шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар шүүхийн тогтоолоор дээрх шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Ц нэхэмжлэлийн шаардлагаа 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1993 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Жаргалант эд хэрэглээний хоршооны нарийн боовны цехэд ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор тодруулан багасгажээ.
2. Нэхэмжлэгч Ж.Ц-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Ж.Ц-ийн ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гараагүй тул ажилласан жил тооцох боломжгүй байна гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Давст сумын Жаргалант хоршооны 1989-1995 оны баримт тус архивд шилжиж ирээгүй тул Ж-ын Ц-тэй холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй болно гэжээ.
3.3. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 520 дугаар, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 200 дугаар лавлагаанд: Жаргалжавын Ц ажиллаж байсан Давст сумын Жаргалант хэрэглээний хоршоо нь шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1991-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэжээ.
3.4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.О, Б.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь Ц.Оийг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Б.Э Миний бие 1977-1989 онд Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн ангид тоо бүртгэгч, түүхий эдийн эрхлэгчээр, 1989-1999 онд Жаргалант хэрэглээний хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Ж.Ц 1989 онд Увс аймгийн Давст сумын Жаргалант хэрэглээний хоршооны боовны цехэд ажилчнаар томилогдон 4-5 жил ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Тухайн үед Жаргалант хэрэглээний хоршоо нь гутлын цех, боовны цех гээд 30 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан. Ж.Ц бид хоёр Давст суманд төрж өссөн учраас нэг нэгнээ эртнээс сайн таньж мэднэ. Бид хамт ажиллаж байсан нь үнэн. Ж.Ц-ийн нөхөр болох н.Лхагвадорж сумын бензин колонкод ажиллаж байсныг санаж байна. Увс аймгийн Давст сумын Жаргалант хэрэглээний хоршооны даргаар н.С, Э.Н гэх хүмүүс ажиллаж байсан гэж мэдүүлсэн байна.
3.5. Даяарт алдартай Давстынхан номонд үзлэг хийсэн тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд: Даяарт алдартай Давстынхан номын 91 дүгээр хуудасны 2 дахь догол мөрөнд 1992 оны 1 дүгээр сард Худалдаа бэлтгэл анги нь дуудлагын худалдаагаар хувьчлагдаж Жаргалант хоршоо болсон юм. Жаргалант ББХХ нь гуанз, эсгий гутлын цех, нарийн боовны цех, мужааны цех зэрэг салбаруудтай болж өргөжсөн. Гуанзны цехэд А.Я, М.А нар ажиллаж байсан. Эсгий гутлын цехийн ажилчнаар 1990-1998 онд Ц.Д, Т.Тр, Ж.Д нар ажиллаж байв. Боовны цехэд О.С, Б.Ц, Б.Д, нар, мужааны цехэд Ц.Л, Ц.Г, М.Э нар ажиллаж байлаа гэж тэмдэглэгдсэн байсныг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулан үзлэгийн тэмдэглэлд хавсаргав гэжээ.
Тухайн номонд Б.Ц гэх хүний Жаргалант эд хэрэглээний хоршоонд ажиллаж байсан талаар тэмдэглэгдсэн байсан тул нэхэмжлэгч Ж.Ц нь Б.Э-ыг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, Давст сумын Жаргалант хэрэглээний хоршооны нарийн боовны цехэд надаас өөр Ц нэртэй хүн ажиллаж байсан эсэхийг тодруулж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн ба гэрч Б.Э дээрх үйл баримтын талаар Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэл анги болон Увс аймгийн Давст сумын Жаргалант хэрэглээний хоршоонд Жаргалжавын Цээс өөр Ц гэх нэртэй хүн ажиллаж байгаагүй. Мөн Давст суманд Жаргалжавын Цээс өөр Ц нэртэй хүн байхгүй. Ж.Ц нь Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэл ангийн боовны цехэд ажиллаж байгаад Худалдаа бэлтгэл анги нь Жаргалант хэрэглээний хоршоо болоход үргэлжлүүлэн нарийн боовны цехэд ажилчнаар ажиллаж байсан. Нарийн боовны цехэд Ж.Ц-ээс гадна С, Д, Н гэх хүмүүс ажиллаж байсан гэж мэдүүлсэн байна.
4. Гэрч Б.Э-ын шүүхэд өгсөн мэдүүлэг нь Даяарт алдартай Давстынхан номонд үзлэг хийсэн тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
5. Ж.Ц-ийн БНМАУ-ын Хүн амын регистрийн картыг 2008 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн байх ба баримтад тухайн цаг үеийн хувийн мэдээлэл бичигдсэн байх тул баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн болно.
6. Нэхэмжлэгч Ж.Ц-ийн хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй, Увс аймгийн Архивын тасагт цалингийн баримт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1993 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Жаргалант эд хэрэглээний хоршооны нарийн боовны цехэд ажилчнаар ажиллаж байсан болох нь Даяарт алдартай Давстынхан номонд үзлэг хийсэн тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 520 дугаар, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 200 дугаар лавлагаа, гэрч Б.Эын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Ж-ын Ц-ийн 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1993 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Жаргалант эд хэрэглээний хоршооны нарийн боовны цехэд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Боржигон ургийн овогт Жаргалжавын Цийн 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1993 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Жаргалант эд хэрэглээний хоршооны нарийн боовны цехэд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ