Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0388

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б*******, 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б*******, түүний өмгөөлөгч Б.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Миний бие хариуцагчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах Б/207 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Цалин мөнгөний тооцоогоо авсан. Cарын 1.451.396 төгрөг байсан. 11 сар 7 хоногоор тооцож авсан байгаа. Нийт цалин нь 16.440.590 төгрөг гэж гарсан. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Өмнөх шүүх хуралдаанаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. 2020 онд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 3 удаа сахилгын шийтгэл ноогдуулсан байдаг. Өмнөх 2 тушаалтай холбоотой маргаан нь эцэслэн шийдэгдсэн байгаа. Эдгээр тушаалуудыг Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосон. Сүүлд гарсан төрийн албанаас халсан тушаалтай нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа. Энэ тушаал нь дараах 4 үндэслэлээр халсан байгаа. Албан үүргээ биелүүлэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгон алдаа дутагдал гаргасан гэсэн. Энэ нь 2020 оны 04 дүгээр сарын Г/134 тоот тушаалын үндэслэл байсан. Одоо энэ үндэслэл яригдахгүй. Удаа дараа иргэд, аж ахуй нэгжтэй зүй бусаар харьцаа гаргасан гэдэг үндэслэл байдаг.

Гэтэл асуудалтай холбоотой үндэслэл нь өмнөх Төрийн албаны зөвлөлийн шийдвэрлэсэн асуудлаар тогтоогдсон. Удаа дараа зөрчил гаргасан үндэслэл бичсэн байдаг. Мөн удаа дараа зөрчил гаргасан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор шийдэгдсэн байгаа.

Иймд Б/207 гэдэг тушаалд ганц л үндэслэл үлдэж байгаа. Энэ нь Улаанбаатар хотын захирагчийн албаны даргын бичгийн дагуу зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй байна гэдэг зүйл өнөөдрийн шүүх хуралдааны явцад яригдана гэж үзэж байгаа. Энэ зөвлөмж нь 2019 оны сүүлээр ирсэн байдаг. Энэ зөвлөмжийг биелүүлж ажиллаагүй гэдэг нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр буюу нэхэмжлэгчийг ажлаас халахаас 5 хоногийн өмнө энэ бичиг ирсэн. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана уу гэдэг агуулгатай бичиг байсан болохоос биш энэ зөвлөмжийн дагуу ажиллагаа хий, хариуцлага ноогдуулах гэсэн агуулга байгаагүй. Энэ зөвлөмжийг нэхэмжлэгч нь хэрэгжүүлэн ажиллаж байсан гэдэг тухай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байгаа. Зөвлөл хуралдах ёстой гэдэг үүрэг даалгавар байдаг. Зөвлөл нь тухай бүртээ хуралдаад явдаг тухай өмнөх шүүх хуралдаанаар дэлгэрэнгүй ярьсан. Мөн гэрээг байгуулж ажиллаж байсан гэдгээ өөрт байгаа 2 гэрээний хувьд нотлох баримтаар хавсаргасан.

Мөн зөвлөмж байгуулж ажиллаж байсан загварыг явуулсан байгаа. Иймд маргаан бүхий тушаал нь үндэслэлгүй гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм. Тус тушаал нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ноогдуулах гомдол гаргах журмыг баримтлаагүй тушаал байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд тус журмыг баримталж ажиллана гэж зааж өгсөн байдаг. Энэ журам нь ямар шат дараалалтай, шаардлага, шалгуурыг хангаж байж сахилгын шийтгэл ноогдуулах юм бэ гэдгийг тодорхой заасан. Тус журамд үндэслэлийг нь заавал шалган тогтоож, мэдэгдсэн байна гэдэг. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй.

Мөн тухайн хүнээс тайлбар мэдүүлэг авах, мэдээ мэдээлэл цуглуулна, хохирлыг тооцоолох, шинжилгээ дүгнэлт гаргана гэдэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх ёстой атал хариуцагчаас энэ журмыг огт баримтлаагүй. Ганцхан орлогч даргын бичгийг үндэслээд сахилгын шийтгэл ноогдуулсан гэдгээ хариуцагч тал тайлбарласан. Зөвхөн тус бичгийг үндэслээд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулахгүй гэдгийг журмаар тодорхой зааж өгсөн. Нэгэнт журам зөрчигдсөн мөн энэ үндэслэлүүд нь хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тус ажлаас халсан тушаалыг манай зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдааны үеэр дэлгэрэнгүй тайлбар хэлсэн.

Нэхэмжлэгчид халах сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалд Улаанбаатар хотын захирагчийн албанаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй гэдэг үндэслэл байгаа. Энэ албан бичиг нь анх 2019 онд ирсэн байдаг. Гэтэл энэ зөвлөмжийн дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй гэж 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ирсэн байгаа. Улаанбаатар хотын захирагчийн албанаас дахиад зөвлөмжийг биелүүлж ажиллахгүй байна гэдэг албан бичиг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийг зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах хугацаа өгөөгүй байна гэдэг өнцөг биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/207 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам зэргийг үндэслэн тус дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны Б/134, Б/198 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05/4726 тоот албан бичгийн дагуу албан үүргээ биелүүлэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгон алдаа дутагдал гаргасан, удаа дараа иргэд аж ахуйн нэгжүүдтэй зүй бусаар харьцсан, тус дүүргийн Засаг даргын орлогчийн 2020 оны 2/1156 тоот албан бичгийн дагуу удаа дараа зөрчил гаргасан, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны даргын 2020 оны 01/2246 тоот албан бичгийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/326 дугаар тушаалыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 2019 оны 02/20 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, биелэлтийг хүргүүлээгүй гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ гээд 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гээд 48.1.3-д төрийн албанаас халах, 48.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заажээ.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 375 дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон хариуцагчийн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны Б/134, Б/198 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, уг тушаалд хариуцагчаас гомдол гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2442 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурьдсан Авлигатай тэмцэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05/4726 тоот албан бичигт нэхэмжлэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгосон талаар,

Тус дүүргийн Засаг даргын орлогчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/1156 тоот албан бичигт ...Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хэрэгжүүлдэггүй, дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хурлыг хуралдуулдаггүй, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн хяналт шалгалтын зөвлөмжийг огт хэрэгжүүлээгүй, хэлтсийн дарга нарт зарласан хуралд суудаггүй зэрэг ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргаж байгаа тул хариуцлага тооцож ажиллах талаар,

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/2246 тоот албан бичигт зөвлөмжийн биелэлтийг ирүүлээгүй, хэрэгжилт хангалтай байгаа талаар тус тус дурьджээ.

Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 02/20 дугаар зөвлөмжөөр тодорхой чиглэлийн үүрэг даалгавар өгч биелэлтийн талаарх тайлан мэдээг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэжээ.

Авлигатай тэмцэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05/4726 тоот албан бичигт нэхэмжлэгчийг зөрчил гаргасанд тооцож, хариуцлага хүлээлгэх талаар дурьдаагүй байх бөгөөд харин дүүргийн Засаг даргын орлогчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/1156 дугаар албан бичигт нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил гаргасан талаар дурьдсан хэдий ч Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.2, 2.4-д заасан процесс ажиллагаануудыг хийж гүйцэтгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн байгууллагын ёс зүй хороо /зөвлөл/ хуралдаагүй, шалгалтын материал /архивын нэгж/ байхгүй гэх тайлбараар нотлогдож байна.

Мөр журмын 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчид өмнө ногдуулсан сахилгын шийтгэлийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчингүй болгосон, маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор зөрчил гаргасан эсэхийг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шалган тогтоогоогүй, танилцуулаагүй, тайлбар мэдүүлэг аваагүй атлаа дүүргийн Засаг даргын орлогчийн 2020 оны 2/1156 тоот албан бичиг, зөвлөмжийг хэрэгжүүлж, биелэлтийг хүргүүлээгүй гэх үндэслэлээр төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь дээрх журмаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд зөрчлийг заавал шалган тогтоохыг үүрэг болгосон бөгөөд Төрийн албаны тухай хууль болон байгууллагын дотоод журмаар тогтоосон албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг хэрхэн зөрчсөн эсэх, зөрчсөн бол уг зөрчилд нь сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэлтэй эсэхийг оролцогч нараас тайлбар мэдүүлэг авч, холбогдох материалыг цуглуулж бэхжүүлсний үндсэн дээр байгууллагын дэргэдэх тухайн асуудлыг хариуцсан нэгжээр хэлэлцүүлж шийдвэрлэхээр байна.

Гэтэл уг журмыг огт хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй, эсхүл хангалттай биелүүлсэн гэдгийг ганцхүү үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэх замаар тодорхойлох ёстой бөгөөд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг дүгнээгүй атлаа албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь мөн хуульд нийцэхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу Д.Б*******ы 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 11 сар 03 хоногийн /үндсэн цалин 924,456 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 295,826 төгрөг, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 231,114 төгрөг нийт 1,451,396 төгрөг сараар/ 11 сарын цалин 15,965,356 төгрөг, ажлын 3 хоногийн цалин 197,917 төгрөг нийт 16,361,190 төгрөгийг Д.Б*******д олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.3-д тус

тус баримтлан Д.Б*******ы нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасугай.

  1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан Д.Б*******ы 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 11 сар 03 хоногийн /үндсэн цалин 924,456 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 295,826 төгрөг, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 231,114 төгрөг нийт 1,451,396 төгрөг сараар/ 11 сарын цалин 15,965,356 төгрөг, ажлын 3 хоногийн цалин 197,917 төгрөг нийт 16,361,190 төгрөгийг Д.Б*******д олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ