Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Ж.Энхжаргал,

            хохирогч Ц.Т,

            шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:          Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Н-н Бт холбогдох 1703000010016 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, НИК ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 2, охины хамт Сэлэнгэ аймаг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй У овогт Н-н Б /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 09:00 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дурсамж цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн замд ....ДАР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин осол гаргаж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох тогтоогдсон байна. Тодруулбал,

 шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 09:00 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дурсамж цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн замд ....ДАР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

 

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 12-13, 15, 16-17х/

 

                  Хохирогч Ц.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчимд би өөрийнхөө эзэмшлийн ....ДАР дугаартай Х.Портер маркын автомашиныг жолоодоод ноос зарах гээд Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуйгаас Улаанбаатар хот орохоор хөдлөөд явсан. Өглөө 08 цагийн орчимд эхнэрийн төрсөн дүү Н.Б-рөөрийнхөө эзэмшлийн ....ДАР дугаартай Х.Портер маркын автомашиныг жолоодуулаад би хажуу талын сандалд суугаад унтсан. Гэнэт машин донслох шиг болсон нэг мэдэхэд машин онхолдсон байсан. Би түргэний машинаар гэмтлийн эмнэлэгт ирсэн. ...Эмчилгээнд гарсан зардлыг Б төлж барагдуулсан, баримт нь байхгүй. ...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. Би 1 сая төгрөг зээлж авахаар болоод “...” ХХК-ний нэр дээр машиныг шилжүүлсэн юм. Одоо мөнгийг төлөөд машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд зарчихсан байгаа. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8659 дүгнэлтэд: “...1/Ц.Тын биед дух, баруун нүдний ухархайн дотор, дээд хананы хугарал, дух, баруун хацар, баруун чих, баруун шуу, зүүн сарвуунд шарх, духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун хацар, цээж, баруун мөр, баруун сарвуу, баруун гуя, зүүн өвдөг, зүүн гуянд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4/Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 42х/

 

                  Замын Цагдаагийн албаны шинжээчийн №330 дүгнэлтэд: “...Х.Портер маркын ....ДАР дугаартай автомашины жолооч Н.Б нь Монгол Улсын ЗХД-ийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 54х/

 

            Шүүгдэгч Н.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар 02-ны орой Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас хүргэн ах Т-н хамтаар Улаанбаатар хот орохоор ....ДАР дугаартай Х.Портер маркын автомашинтай гарч явсан. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчимд хүргэн ах Т миний дүү хэсэг явчих гэхээр нь Баянчандмань өнгөрөөд би машиныг жолоодоод Т ах хажуу суугаад явсан. Би ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа явсан. Тэгээд 09 цагийн орчимд Дурсамж цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн замаар дунд зэргийн хурдтай явж байгаад урдаа явсан ачааны том машиныг гүйцэт түрүүлэхээр хажуу талаар орох үед гэнэт машин дайвалзаад тэр чигээрээ зүүн тийшээгээ яваад замаас гараад онхолдсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, өмнө бүгдийг мэдүүлсэн байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Б-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон, тэрБ-ргэм буруутай байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.      

   Иймд шүүгдэгч Н.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 67х/

 

Шүүгдэгч Н.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэж байгаа тул түүний В ангиллын 678988 дугаартай жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ц.Т нь хавтаст хэрэгт эрүүл мэндийн хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, мөн шүүгдэгч нь Ц.Тын эмчилгээний зардал 2.500.000 гаран төгрөг, машины эвдрэл гэмтэлд 3.000.000 төгрөг төлсөн гэснийг хохирогч Ц.Т нь хүлээлн зөвшөөрсөн, цаашид гаргах гомдол, санал байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Н.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 30х/

Мөн Х.Портер маркын ....ДАР дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болох үед “Нэт капитал” ХХК-ний эзэмшилд байсан байх боловч одоо иргэн Ц.Т, тус компаний хооронд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусгасан талаарх тус компаний тодорхойлолт /хх-ийн 66х/ хэрэгт хавсаргагдсан байх тул тус компанид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 45 настай зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хэргийн нөхцөл байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, уг ялаас чөлөөлөх боломжтой гэж дүгнэлээ.

   Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Н.Бийг хорих ялаас чөлөөлсөн болно.

 

Шүүгдэгч Н.Б-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч У овогт Н-н Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж,  1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Бт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Н.Бийн В ангиллын 678988 дугаартай жолоочийн үнэмлэхийг  Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар  оногдуулсан 1 / нэг/ жилийн хорих ялаас чөлөөлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.АЛТАНЦЭЦЭГ