Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1944

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Мн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/02492 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Мн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Б, Д.Т нарт холбогдох

 

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 6 050 000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1 070 600 төгрөг, нийт 7 120 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Тын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Шаравнямбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ттай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулан Toyota Raum маркийн 6679 УБЦ улсын дугаартай NCZ200057484 арлын дугаар бүхий суудлын авто машиныг 6 050 000 төгрөгөөр худалдан авсан. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нутаг буцаж байх үед тээврийн хэрэгслийн жолоочийн хянах самбарын хэд хэдэн гэрэл асаад унтрахгүй байсан тул Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах авто тээврийн оношлогооны Диагностик төвд очиж оношлогоо хийлгэхэд солих шаардлагатай 10 нэр төрлийн эд анги байгаа нь тогтоогдсон. Тухайн үед Д.Төгсбаятай холбогдож уг асуудлыг хэлтэл юу ч гэсэн зургийг нь аваад Тэмүүжин гэх нэртэй фейсбүүк /www.facebook.com/ цахим хаяг руу явуулаад бай гэж хэлсэн. Тэмүүжин гэх залуу нь машины ченж Д.Ттай зуучилж өгсөн хүн юм. Надад автомашинаар яаралтай амжуулах ажил гарсан байсан болохоор уг автомашинд засвар хийлгэж ажлаа амжуулъя гэж бодоод засвар хийлгэж эхэлсэн. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд засвар үйлчилгээ хийлгэж байх явцад худалдан авсан автомашин маань урьд нь осолд орж байсан гэдгийг мэдэж авсан юм. Засварын зардалд нийт 1 070 600 төгрөгийг өөрөөсөө гарган уг автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн. Худалдах, худалдан авах гэрээний 4.1-т зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч худалдагч тал тээврийн хэрэгслийг шилжүүлэх үедээ эдийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлж байгаагаа мэдэж байсан, мөн Д.Ттай утсаар ярьж засвар үйлчилгээнд зарцуулсан зардлыг шаардахад шүүхдээд аваарай гэх мэтчилэн хэл амаар доромжилсон. Иймд уг автомашиныг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байгаа тул худалдах, худалдан авах гэрээний 4.7-д заасны дагуу гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 6 050 000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1 070 600 төгрөг, нийт 7 120 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Б худалдах худалдан авах хэлцлээр Д.Тт автомашин шилжүүлэн өгсөн, гэхдээ гэрээ байгуулах үед итгэмжлэлээр шилжүүлсэн, худалдагч тал Л.Б болсон. Д.Тын тухайд автомашиныг худалдан аваад Л.Баас шилжүүлэн авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж авсан, авсныхаа дараа Ж.Мд өгсөн. Яг тогтоосон заавал оношлогоонд орох ёстой, хүлээлцсэн акт үйлдэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хуулиар хүлээн авах, хүлээлгэж өгөх, энэ дээр шалган авах ёстой гэсэн зохицуулалт байгаа. Бид оношлогоогоор өгсөн гэж харагдаж байна, энэ хүмүүс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр оношлогоонд орсон гэтэл оношлогоогоор нэр төрөл тодорхой зүйлүүд солих ёстой гэсэн болохоос биш, тэр зүйл дээр кроп, гол эд анги доголдолтой холбоотой зүйлийг оношлогоонд бичээгүй байсан. Энэ тохиолдолд танайх хүлээн аваад оношлогоонд оруулаад болж байна гээд ашиглаад ямар нэгэн байдлаар цуцлах үндэслэл байхгүй гээд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хүлээгээд авчихсан байгаа. Танайх өөрсдөө оношлуулсан үйлдэл хийгээд байгаа, гэтэл оношлогоо хийхэд эвдрэлтэй байсан бол лонжром нь урдаас ороод ингэсэн гэсэн зүйл тэнд байхгүй, танайх өөрсдөө оношлогоо хийлгээд хүлээгээд авсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 5 дугаар сард шинжээчийн дүгнэлт гарсан, дүгнэлт дээр кроп эвдрэлтэй байна гэж байгаа, эвдрэл тос, масло солиогүйгээс болдог, автомашиныг ердийн байдлаар ашиглах үүрэг танайд байгаа, шилжүүлээд авчихсан учраас бүх үүрэг танайд байгаа, гэтэл тос, масло сольсон гэдэг ямар тос, масло сольсон гэдгийг бид мэдэхгүй, оношлогоогоор хүлээгээд авчихсан учраас сольсон тос, маслоос болоод кроп эвдэрснийг бид мэдэхгүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар 400 км-т танайх унаад явсан байгаа, түүнээс хэдий хугацаанд эвдэрнэ, эвдрэхгүй байх гэдгийг шинжээч дүгнэлтээрээ гаргаагүй. Ямар ч гэсэн 400 км яваад эвдрээгүй, цаашид эвдрэхгүй байх байсан гэдэг нь харагддаг. 10 нэр төрөл эд ангийн тухайд оношлогоогоор гараад сольсон байж болно тэр асуудалд бид маргаагүй. Хуулийн зохицуулалтаар Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1, 248 дугаар зүйлийн 248.2, 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар буюу автомашины чанарын талаар заагаагүй байгаа учраас гэрээнд зааснаар ашиглах боломжтой, доголдолгүй эд хөрөнгийг аваад явсан. Тухайн эд хөрөнгийг шилжүүлсний дараа үр шим эрсдэл нь нэхэмжлэгчид шилжиж байна, ашиглаад тохиолдлоор хэзээ ч кроп гэмтсэн байж болно. Нэхэмжлэгч нь оношлогоонд оруулаад авах боломжтой байсан, хүлээж аваад унаад явсан байна. Гэрээг цуцлах гэм буруутай нөхцөл байдал байхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Тт Toyota Raum маркийн 66-79 УБЦ дугаартай суудлын автомашинаа 4 450 000 төгрөгөөр худалдсан. Д.Т нь шар хадны зах дээр автомашин зардаг хүн юм. Тухайн үед автомашиныг авахдаа Д.Т бүрэн бүтэн хүлээж аваад явсан. Ийнхүү нотариат орж итгэмжлэл хийлгэсэн. Өөрийн нэр дээр автомашины гэрчилгээг заасан хугацаандаа шилжүүлж аваагүй байсныг би мэдээгүй. Ийнхүү автомашиныг нэр дээрээ шилжүүлж аваагүй байж Ж.Мд 2018 оны 11 дүгээр сард уг автомашинаа худалдсан байна. Намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Би Ж.М гэх хүнийг огт танихгүй, уг хүнд машин зараагүй, нэг ч төгрөг аваагүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Т болон түүний өмгөөлөгч шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Ж.Мд ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн. Ж.М нь дээрхи автомашиныг бүрэн бүтэн хүлээж аваад унаад явсан. 2018 оны 11 дүгээр сараас хойш 7 сарын хугацаа өнгөрч байхад дээрхи автомашиныг ямар байдлаар ашиглаж байсныг би мэдэхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Л.Баас автомашиныг авахад янз бүр эдийн доголдол гэх тийм зүйл огт байгаагүй, урьд салхины шил жаахан цуурсан байсныг сольсон, гуперны будаг жаахан халцрахаа байсныг би будуулсан, засвараас аваад угаалганд дөнгөж өгөөд авах гэж байтал Тэмүүжин гэх хамт ажилладаг залуу Ж.Мн найз гэх 2 залуу, таны машиныг хүн авъя гэж байна, яг ийм автомашин хайж байгаа гэнэ гэхээр нь за тэгвэл хүрээд ир ямар ч асуудалгүй автомашин байна гээд үзүүлсэн. Ингээд офицеруудын ордны хажуугийн Петровис колонкийн дэргэд Ж.М эхнэртэйгээ,Тэмүүжин, Ж.Мгийн найз Тэмүүжин гэх залуутай дөрвүүлээ байсан. Тухайн үед автомашиныг бүгд унаж үзсэн, бүх эд ангийг шалгаж үзсэн. Сайхан автомашин байна, болох юм байна, авъя гээд худалдах худалдан авах гэрээ хийгээд аваад явсан. Ж.Мгаас 6 050 000 төгрөг бэлнээр тоолж авсан. Эд нар тухайн автомашиныг бүрэн бүтэн шалгаж авсан, ингээд хол замд гарах гэж байгаа бол тос, маслыг нь сольчихоорой гэж сануулж хэлж байсан. Ер нь Монголд орж ирж байгаа автомашинууд шинэ автомашин биш, хуучин автомашины хувьд гэрэл нь асаад унтарч байх байдал байж л байдаг. Хаалга нь цахилгаан автомат байдаг учраас тэрнээсээ үүдээд самбарт гэрэл асч л байдаг, түүнээс мотор, кропонд ямар ч нөлөөгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Д.Т нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Д.Таас 7 120 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мд олгож, нэхэмжлэгчээс Toyota Raum  маркийн 6679 УБЦ улсын дугаартай NCZ200057484 арлын дугаар бүхий суудлын автомашиныг буцаан гаргуулж, хариуцагчид Д.Тт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар Ж.Мн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Бд холбогдох Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 6 050 000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1 070 600 төгрөг, нийт 7 120 600 төгрөг тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.М нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Тын ХААН банк ХХК дах 5429197415 тоот дансны зарлагын хөдөлгөөн болон эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 7 120 000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ний өдрийн 184/ШЗ2019/08744 дугаар захирамжийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Төгсбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 128 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Тын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр автомашиныг Л.Баас шилжүүлж авсан байдаг. Д.Т шилжүүлж авсан машинаа Ж.Мд зарсан. Автомашиныг хүлээж аваад, хүлээлгэж өгсөн. Худалдан авагч автомашинаа хүлээж аваад, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Диагностик төвөөр оношлогоо хийлгэсэн байдаг. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд автомашины чанарын талаар заагаагүй учир зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар Эд хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн, мэдэх боломжтой байх үедээ хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэсэн байдаг. Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр бүрэн бүтэн ашиглах боломжтой, автомашиныг хүлээж аваад, унаж байгаад хэзээ ч хамаагүй эвдэрсэн гэдэг үндэслэлээр буцааж өгөх гэж байгаа нь боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь илт үндэслэлгүй байх тул хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Л.Бд холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 6 050 000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1 070 600 төгрөг нийт 7 120 600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Тыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. Хариуцагч Л.Б нь “Ж.Мд автоамашин зараагүй, мөнгө аваагүй”, хариуцагч Д.Т нь “доголдолгүй автомашин зарсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.Т нь Л.Бын өмчлөлийн Тoyota Raum O /Тоёота раум 0/ маркийн 66-79 УБЦ улсын дугаартай автомашиныг Л.Баас аман хэлцлийн үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан талаар талууд маргаагүй. Хариуцагч Л.Баас Д.Тт 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн өмчлөлийн автомашиныг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, зээлийн барьцаанд тавих, зээлтэй холбоотой бүх үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг олгож итгэмжлэл олгосон байна. /хх 6/

 

 Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Д.Таас 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2004 онд үйлдвэрлэгдсэн, Тoyota Raum O /Тоёота раум 0/ маркийн 66-79 УБЦ улсын дугаартай автомашиныг 6 050 000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-5/ Иймээс тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Талууд дээрх үйл баримтад маргаангүй, харин тухайн эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байна.

 

Хэрэгт авагдсан шинжээч “Авто мастер төв” ХХК-ийн дүгнэлтээс үзэхэд “автомашин өмнө нь зам тээврийн осолд орж, их хэмжээний эвдрэл гэмтэл авч засварлагдаж байсан байна. Зам тээврийн ослын улмаас автомашины урд хэсэг, арал их биений үндсэн эд анги болох лонжеронд гэмтэл үүссэн ба шаардлага хангах хэмжээний засварлагдаагүй” гэсэн байх бөгөөд дүгнэлт, 2018 оны 11 дүгээр сарын 10, 15, 21,25-ны өдрөөр тус тус огноолсон зарлагын баримтын хуулбар зэрэг баримтаар хариуцагч Д.Т нь нэхэмжлэгч Ж.Мд биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан, түүний улмаас автомашинд засвар хийлгэсэн болох нь тогтоогджээ. /хх8-10, 62,63/

 

Хуульд заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийн худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээдэг бөгөөд талуудын хэн аль нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, нэхэмжлэгчээс Тoyota Raum O /Тоёота раум 0/ маркийн 66-79 УБЦ улсын дугаартай автомашиныг буцаан гаргуулж, хариуцагч Д.Тт олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Хариуцагч Д.Тийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ “автомашин нь биет байдлын доголдолгүй байсан, хэзээ ч хамаагүй эвдэрсэн гэх үндэслэлээр автомашиныг буцааж өгөх боломжгүй” гэж тайлбарлажээ. Хариуцагч Д.Т нь биет байдлын доголдолтой автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг дүгнэлтийг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Тын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/02492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Тын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО                                                                                   

                              ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                                                              Д.ЦОГТСАЙХАН