Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 0032

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                         Г.А

Шүүгдэгч                                                          Д.Г /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Д.Э

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г түүний өмгөөлөгч Д.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г овогт Д-н Г,

 

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр        аймгийн          сумын     багийн     тоотод иргэн М.Х-н нүүрэн тус газарт нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Г овогт Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч М.Х нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч Д.Э нар давж заалдах гомдолдоо:

... Прокуророос шүүгдэгч Д.Г-г 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн М.Х-н нүүрэн тус газарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн. Яллах дүгнэлтэд шүүгдэгч нь хохирогчийн зүүн хацрыг аягаар цохих үед аяга хагарч хагархайгаар нь хацрыг нь зүссэн үйлдэл огт дурдагдаагүй.

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн М.Х-н толгойн шанааны хэсэгт аягаар цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Харин түүний нүүрийг зүссэн шархыг би учруулаагүй надад тийм үйлдэл байхгүй гэж мэдүүлдэг.

Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо шинжээчийн дүгнэлт, хохирогчид учирсан гэмтлийн шинж, хохрогч, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлахад Д.Г хохирогчийг аягаар цохих үед аяга хагарч, хохирогчийн нүүрэн тус газарт нэг дор олон удаагийн зүсэгдсэн шарх үүссэн байх үндэслэлтэй байна гэсэн бодит бус, хийсвэр дүгнэлт хийснээс гадна яллах дүгнэлтэд дурдагдаагүй үйлдэл холбогдлыг шүүх санаачилгаараа шинээр нэмсэн гэж үзэж байна.

Энэ нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 6, 34.14 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчлөө гэж үзэж байна.

Хавтаст хэргийн 29-30-р хуудсанд шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-н 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 722 дугаартай дүгнэлтэд: М.Х-н биед зүүн хацарт 4 тооны зүсэгдсэн шарх, нүүр, зүүн мөрний ард олон тооны зулгаралт, нүүр баруун болон зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэснээс үзэхэд хохирогчийн биед зүүн хацарт 4 тооны зүсэгдсэн шархнаас гадна нүүр, зүүн мөрний ард олон тооны зулгаралт, нүүр баруун болон зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтлүүд нь ганц удаагийн бус олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тодорхой харагдаж байна.

Гэтэл шүүгдэгч Д.Г-н хувьд хохирогчийн толгойн шанаа тус газарт нэг удаа аягаар цохисон нь гэрч С хохирогч М.Х нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог.

Хохирогчийн биед учирсан гэмтлээс хацар зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй тул шүүгдэгч Д.Г-н хохирогчийн толгойн шанаа тус газарт аягаар цохисон үйлдлийн улмаас гэмтэл тогтоогдоогүй болно.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Г-г цагаатгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э тайлбартаа: ...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Г тайлбартаа: Би М.Х-г аягаар цохисон боловч нүүрийг нь зүсээгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Г” овогт Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

        

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч Д.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

         Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр        аймгийн        сумын        багийн        тоотод М.Х-н нүүрэн тус газарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Х, гэрч Б.С, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-н 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн          дугаартай дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

         Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

         Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-г хохирогч М.Х-г шилэн аягаар цохих явцад хагарч хохирогчийн нүүрэн хэсэг зүсэгдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.  

 

         Учир нь хохирогч шүүгдэгчид аягаар цохиулсны дараа босож ирэхдээ нүүр нь нилдээ цус болсон байсан талаар гэрч Б.С мэдүүлдэг болно.

 

         Шүүгдэгч Д.Г түүний өмгөөлөгч Д.Э нарын “... шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол нь

 

         Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-н 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн       дугаартай: “... М.Х-н биед зүүн хацарт 4 тооны зүсэгдсэн шарх, зүүн мөрний ард олон тооны зулгаралт, нүүр, баруун болон зүүн бугаланд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх, зулгаралт нь үзүүр ирмэгтэй зүйлийн олон удаагийн, зөөлөн эдийн цус хуралт нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-29-30/,

 

         хохирогч М.Х-н гэрчээр өгсөн “... У миний урд зогсож байгаад шилэн сэнжтэй цайны аягаар миний толгой руу цохисон, яг аль хэсэг гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан толгой цохих үед нь би ухаан алдаад унасан. Тухайн үед С гэрийн том өрөөнд байсан, бид хоёрыг харсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би шөнийн 04 цаг 20 минутын үед сэртэл гэрийнхээ үүдэндээ хэвтэж байсан, тэгээд эмнэлэг рүү очоод зүүн талын хацар хэсэгтээ 5 ширхэг оёдол тавиулсан юм ..., ... би энэ талаар мэдэхгүй байна, аль эсвэл толгой руу биш нүүр хэсэг рүү аягаараа цохиод, түүнээс болоод хацрын зүсэгдсэн шарх үүссэн байж магадгүй. Аль эсвэл намайг цохиулаад унасны дараа нэмж зодож цохисон байх гэж бодож байна. У намайг цохихоос өмнө С бид хоёр жижиг өрөөнд маргалдаж, муудалцсан, С над руу уурлаж дайраад байхаар нь би маргалдсан, тэр үед би жижиг өрөөний цонхоо хагалчихсан, С-той маргалдаж байх үедээ би цонх цохисны улмаас баруун гарны алганы дээд хэсгээ гэмтээсэн. Өөрөөр С-той маргалдаад нүүрээ гэмтээсэн зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх 16/,

        

         тухайн үйл баримт болох үед хэргийн газарт байсан гэрч Б.С-н “... Д.Г гэрээс нь гарч явах гээд үүдний хэсэгт гутлаа өмсөөд сууж байтал М.Х түүнийг явуулахгүй, байж бай, чамайг явуулахгүй, миний урд сөгд гээд жаахан дарамтлаад байсан, тэгээд байж байгаад дүү Д.Г пиво ууж байсан шилэн сэнжтэй цайны аягаар М.Х-н нүүр хэсэг рүү цохичхоод гэрээс нь гараад зугатаачихсан. Д.Гд цохиулсны дараа М.Х хэсэг доошоо харж сууж байгаад босоод ирсэн, нүүрийг нь харахад нилдээ цус болчихсон байсан ...” гэх мэдүүлэг /хх 18/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байх ба хохирогчийн биед учирсан зүсэгдсэн шарх нь шүүгдэгч Д.Г-н хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нь тухайн үед өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан гэж үзэж байна.

 

         Хэдийгээр гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйл ажиллагаа нөлөөлсөн байх боловч энэ нь шүүгдэгчийг аргагүй хамгаалалтын улмаас бусдад хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

         Тодруулбал аргагүй хамгаалалт нь хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд хохирогч М.Х нь шүүгдэгч П.Г-н амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Иймд шүүгдэгч Д.Г түүний өмгөөлөгч Д.Э нарын “... шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү .. гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                      ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР