Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1956

 

 

 

 

 

 

 

 

 

 К банк ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр , Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02021 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К банк ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч В ХХК -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 835 540 224 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Борхүү, Д.Гантөмөр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Санжрагчаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар  оролцов.

 

Нэхэмжлэгч К банк  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В ХХК  нь “Капитал банк” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 95 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 1 480 000 000 төгрөгийг 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, эдийн савангийн үйлдвэрийн зориулалтаар 2019 оны 9 сарын 8-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч компанийн үйл ажиллагааг зогсож, гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй. Хариуцагч Вай Ти Эм Эн ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжлэл гаргасан үеэр шаардлага гаргасан боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 4 сар гаруй хугацаа өнгөрч зээлийн гэрээний хугацаа дууссан. Иймд зээлийн үндсэн төлбөр 799 874 764.71 төгрөг, үндсэн хүү 14 331 253.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 950 725.68 төгрөг, нотариатын зардалд төлсөн 55 000 төгрөг, нийт 835 540 224 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Капитал банк” ХХК-тай гэрээ байгуулж, 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 95 дугаар зээлийн гэрээгээр 1 480 000 000 төгрөгийг 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, эдийн савангийн үйлдвэрийн зориулалтаар 5 жилийн хугацаатай зээл авсан. Компанийн үйл ажиллагаанаас болж компанийн үйл ажиллагааг зогсож зээлийн төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Манай компанийн захирал Б.Эрдэнэжаргал зээлийг төлөхөөр хөөцөлдөж байгаа талаар тайлбарлаж байгаа боловч одоогийн байдлаар ямар нэг үр дүн гарахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В ХХК -иас зээлийн гэрээний үүрэгт нийт 835 540 224 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банк ид олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В ХХК  нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл зээлийн барьцааны гэрээнд заасан Ү-2202021781 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/ хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 54-р байр 1404 тоот хаягт байршилтай, оффис, үйлчилгээний зориулалттай 128.23 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Y-2205003020 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс хороолол, 79 тоот хаягт байршилтай, 624 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Y-2206016808 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо Олимпийн гудамж, Маршал хотхон, 114-р байр 1 тоот, 105 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Y-2201020578 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, Өнөр гудамж 51 тоот, 324 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205001165 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 16-р хороо Орхоны 26 тоот хаягт байрлалтай, 222 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, эзэмших эрхийн №000544141 тоот гэрчилгээтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай, 162 м.кв талбайтай газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч В ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжинд 4 335 651 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анх нэхэмжлэлдээ “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, В ХХК -д холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 816 156 743,43 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд В ХХК  нь “Капитал банк” ХХК-ийн 2000027623 тоот харилцах дансанд 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 980 000 000 төгрөгийг тус тус шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт В ХХК -д холбогдуулан “Капитал банк” ХХК нь зээлийн үлдэгдэл 799 874 764,61 төгрөг, зээлийн хүү 30 438 320,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 172 139,12 төгрөг, нотариатын зардал 55 000 төгрөг, нийт 835 540 224 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба хариуцагчийн хувьд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэх хуулийн заалтыг шүүх хэрэгжүүлсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч К банк  нь хариуцагч В ХХК -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 799 874 764.61 төгрөг, зээлийн хүүд 30 438 320.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5 172 139.12 төгрөг, нотариатын зардалд 55 000 төгрөг, нийт 835 540 224 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг” зөвшөөрөхгүй гэж маргажээ.

“Капитал банк” ХХК нь В ХХК -тай 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 95 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Капитал банк” ХХК нь 1 480 000 000 төгрөгийг жилийн 7.0 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай В ХХК -д зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан, анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. /хх 8-11/

В ХХК -ийн захирал Б.Эрдэнэжаргалд үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг олгосон итгэмжлэлийг Б.Ганхуяг, Б.Батбаяр, Х.Мөнхзул нар олгожээ. /хх 48, 58-59/

Дээрх итгэмжлэлийг үндслэн В ХХК -ийн захирал Б.Эрдэнэжаргал нь “Капитал банк” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр В ХХК  нь

Ү-2202021781 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/ хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 54-р байр 1404 тоот хаягт байршилтай, оффис, үйлчилгээний зориулалттай 128.23 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

Y-2205003020 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс хороолол, 79 тоот хаягт байршилтай, 624 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Y-2206016808 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо Олимпийн гудамж, Маршал хотхон, 114-р байр 1 тоот, 105 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,

Y-2201020578 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, Өнөр гудамж 51 тоот, 324 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Ү-2205001165 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 16-р хороо Орхоны 26 тоот хаягт байрлалтай, 222 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, эзэмших эрхийн №000544141 тоот гэрчилгээтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай, 162 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалж, барьцааны гэрээг 11-267715, 267885, 11-267961, 11-268045 дугаар барьцаалбарт бүртгүүлж, баталгаажуулсан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /хх 17-57/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Эрдэнэжаргал гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5 дахь хэсэгт заасан төлөөлөх эрх бүхий этгээд мөн байна.

Нэхэмжлэлийг К банк  М.Адилбиш гаргах эрхтэй этгээд мөн эсэх, зээлийн гэрээний дагуу хариуцагч Вай ти эм эн ХХК-ийн 2000027700 тоот дансанд 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 980 000 000 төгрөг шилжүүлсэн, гэрээ байгуулагдсан өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1 079 470 900 төгрөгийг буцаан төлсөн, гэрээний хугацаа 2019 оны 9 сарын 08-ны өдөр дууссан, гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ хариуцагч удаа дараа зөрчсөн талаар талууд маргаагүй байна.

Иймд шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй. Уг заалтыг хэрэгжүүлэх илүү нарийвчилсан зохицуулалт бүхий Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заасан зохицуулалтыг зөв хэрэглэн нэхэмжлэгчийн хариуцагчаас үндсэн зээл, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг зөв тодорхойлжээ.

Мөн шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнггийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02021 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч В ХХК -иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН