Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/360

 

 

Г.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Ц, шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Тт холбогдох 2109000001647 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Гын Т, 1998 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Өнгөлөг хот Пасад угаалгын төвд угаагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө - тоотод согтуурсан үедээ өөрийнхөө гэрт байсан иргэн Т.Цыг хутга барьж “ална” хэмээн айлган сүрдүүлсний улмаас түүнийг 3 давхрын тагтнаас үсэрч амиа хорлоход хүргэж, улмаар эрүүл мэндэд нь бүсэлхийн хоёрдугаар нугалмын дээд ирмэгийн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

            мөн тухайн өдөр дээрх тоотод түүнийг үл ойлголцлын улмаас зодож эрүүл мэндэд нь баруун доод, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн хөхлөг сэртэн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Гын Тыг “Хүнийг амиа хорлох нөхцөл байдал хүргэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Г.Тт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Тийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыгтустусдурдаж, хохирогч Т.Ц нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Г.Төөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Т.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Г.Т бид хоёр маргалдан, Г.Т нь намайг цохиж зодон, айлган сүрдүүлснээс болж би 3 давхрын цонхоор дамжин буусан. Миний бие цаашид гомдолгүй гэсэн өргөдөл өгсөн боловч шүүхэд шилжин ял авсан. Г.Т нь миний гомдлыг 100 хувь барагдуулсан. Надад ямар нэгэн амиа хорлох бодол байгаагүй ба айсандаа цонхоор дамжин буусан. ...” гэжээ.

            Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийн бодит байдлыг, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг мөн эсэх, эсхүл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болох тал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээс харахад хохирогч 3 давхрын тагтаар дамжин зугтсан байдаг бөгөөд түүний энэ үйлдлийг өөрийн амиа хорлох шийдвэр гарган үсэрсэн үйлдэл үзэх боломжгүй.

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэрэг нь эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн, айлган сүрдүүлсний улмаас хохирогч амиа хорлоход гарцаагүй хүргэдэг, хохирогч байнгын дарамт шахалт, айлган сүрдүүлгийн улмаас сэтгэл санаа болон бие махбодийн хувьд амсаж буй зовлон шаналлыг тэсвэрлэхээ больж үхэх сонголт хийн өөрийн амийг хорлон амь насаа алдаж буй үйлдэл. Тийм ч учраас дээрх гэмт хэргийн шинжид байнга гэсэн шинжийг оруулсан байна. Гэтэл хохирогч Т.Ц Г.Т нар нь тухайн өдөр анх удаа уулзсан хүмүүс байх бөгөөд танилцаж согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэхдээ маргалдаж Г.Т нь хутга барин ална гэж сүрдүүлсний улмаас тагтаар гарч зугтсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ тохиолдолд хуульд заасан байнга айлган сүрдүүлэх, дарамтлах шинж байхгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Хэрэв бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн заналхийлэл сүрдүүлэлт нь байнгын биш байж болно гэж үзсэн тохиолдолд ч бидний энэ тохиолдол нь амиа хорлох шийдвэр гарган үсэрсэн үйлдэл үү, эсхүл тулгарсан аюулаас өөр арга замаар зугтаж гарсан үйлдэл үү гэдгийг анхаарах шаардлагатай. Шүүгч шийтгэх шийтгэх тогтоолдоо “нөгөөтэйгүүр хохирогч Т.Ц нъ шүүгдэгч Г.Төөс айхдаа 3 давхраас үсэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх бөгөөд хамгийн гол нь хохирогч үсэрснээр амиа алдах бүрэн боломжтой гэдгээ ойлгож, ухамсарлаж байсан ч аргагүйн эрхэнд хийсэн үйлдэл мөн гэж үзнэ” гэсэн дүгнэлт хийснээс харахад хохирогчийн үсэрсэн давхрын өндөр нь амь насаа алдах хэмжээний өндөр гэж үзжээ гэж ойлгогдохоор байна. Гурван давхар байшингийн тагтнаас үсрэх гэдэг ойлголт нь хэн бүхний ердийн ухамсрын түвшинд ойлгож ухамсарлах боломжтой хэмжээний өндөр бөгөөд учирч болох эрсдэл их гэдэгтэй маргахгүй ч хохирогч 3 давхар барилгаас шууд үсэрч буусан уу, тагтаар дамжин буусан уу, 1 болон 2 дугаар давхарт өргөтгөл байж түүний дээвэр дээр буух байдлаар өөрийн амь насанд учирч болох эрсдэлийг тооцож дамжин буусан уу зэрэг нөхцөл байдлуудыг бодитой тогтоож үнэлэлт дүгнэлт өгөх нь хэргийг үнэн зөв, үндэслэл бүхий шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, ямар барилгаас ямар нөхцөл байдалд хэрхэн яаж буусан бэ, хохирогчийн тухайн үйлдэлдээ хийсэн үнэлэлт дүгнэлт, сэдэл санаа зорилго нь юу байв, хохирогчид учирсан, учрах боломжтой эрсдэлийг үнэн зөв бодитой тогтоож тодорхойлох нь гэм буруу, оногдуулах хариуцлага эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл болно. Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан зургаас харахад 3 давхрын тагтнаас 1 дүгээр давхрын өргөтгөлийн дээвэр дээр буун улмаар цааш дамжин буусан байгаа нь 26 настай залуу эрэгтэй хүний хувьд амиа хорлох шийдвэр гарган үсэрсэн гэхээсээ илүү 2 дамжин буугаад зугтсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн улмаас хохирогч өөрийн амь насыг хорлох үйлдлийн улмаас амь насаа алдах эсхүл амиа хорлох үйлдэл хийсэн ч бусад нөхцөл байдлын улмаас амь нас хохироогүй үлдэх тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Гэтэл хохирогч 1 давхрын өргөтгөлийн барилгаар дамжин амь насандаа эрсдэл багатай буусан байхад Г.Тийг Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гээд мөн зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Мөн хэргийн бодит байдлыг тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байхыг шаарддаг. Г.Тийн хувьд хохирогчийг хувийн таарамжгүй байдлын улмаас зодож хөнгөн гэмтэл учруулсан болон түүнийг ална гэж айлган сүрдүүлсний улмаас хохирогч 3 давхрын тагтаар дамжин зугтахдаа хүндэвтэр гэмтэл авсан тул түүний дээрх үйлдлийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болгон зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д заасны дагуу шүүгдэгч Г.Тт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. ...” гэв.

            Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Хохирогч болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Мгоос мэдүүлэг авч, хэргийн газрын нөхөн үзлэг хийж, ямар нөхцөл байдлаас, хэрхэн унасныг тогтоосон. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эдгээр нотлох баримтуудаар Г.Тийн айлган сүрдүүлж, хутга барьсны улмаас хохирогч гарцаагүй байдалд орж, гурван давхрын тагтан дээрээс үсэрч гэмтэл учирсан нөхцөл байдал үүссэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч амиа алдсан, эсхүл амь нас барсан байхыг шаардахгүй. Айлган сүрдүүлсний улмаас үсэрсэн шалтгаант холбоотой байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Г.Тийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө - тоотод согтуурсан үедээ өөрийнхөө гэрт байсан иргэн Т.Цыг хутга барьж “ална” хэмээн айлган сүрдүүлсний улмаас түүнийг 3 давхрын тагтнаас үсэрч амиа хорлоход хүргэж, улмаар эрүүл мэндэд нь бүсэлхийн хоёрдугаар нугалмын дээд ирмэгийн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

мөн тухайн өдөр дээрх тоотод түүнийг үл ойлголцлын улмаас зодож эрүүл мэндэд нь баруун доод, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн хөхлөг сэртэн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Гын Тийг “Хүнийг амиа хорлох нөхцөл байдал хүргэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Г.Тт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Тийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

Хохирогч Т.Цын “...Ч нь над руу хараад юун “эрэгтэй хүн байгаа юм” гэж хэлээд миний цээж рүү 2 удаа цохисон. ...би хажуугаар нь гарах гэтэл Ч дахиад миний хөл рүү өшиглөөд “орон дээр суу” гэхээр нь би суусан. Тэгэхэд Ч гэрийнхээ хаалгыг цоожлон ... түлхүүр аваад надад тамхи асааж өгөнгөө нэг аяга шар айраг өгөөд “наад тамхи, шар айраг хоёр чинь чиний сүүлийнх байх болно” гэж хэлээд шүүгээнээс хутга гаргаж ирэхэд М, М хоёр урдуур нь орсон ба Ч хэлэхдээ “та хоёр холдохгүй бол өртөнө шүү” гэж хэлсэн. Энэ үеэр миний ард тагт байсан ба би Чгөөс айхдаа шууд тагтан дээр гараад доошоо үсэрсэн. ...” /хх 25-28/,

гэрч Т.Мгийн “... “...Би чамайг ална, энэ чиний татах сүүлийн тамхи байх болно. ...” гэж хэлээд гал тогооны шургуулгаас хутга авах гээд байсан. ...” /хх 46/ гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх хохирогч Т.Ц, Т.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн зайлшгүй байх нэг шинж бол амиа хорлосон буюу амиа хорлохыг завдахад нөлөөлсөн идэвхтэй үйлдэл, энэ үйлдлийн улмаас хохирогч нас барсан буюу амь насаа хорлохыг оролдсон бодит үр дагавар, гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хоорондын шалтгаант холбоо юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын улмаас хохирогч сэтгэл гутрал, сэтгэхүйн хямрал, айдаст автсаны улмаас өөрийн амь насыг егүүтгэх үйлдэл хийхэд хүргэж, хохирогч амиа хорлохыг хүсэж үйлдсэн үр дагавартай байна.

Тодруулбал, шүүгдэгч Г.Тийн хутга барьж довтолсон үйлдлийн улмаас хохирогч Т.Цын тагтнаас үсэрсэн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт, үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл хоорондоо нийцэхгүй байх тул үүнтэй холбогдуулан хохирогчийн мэдүүлэг, хэргийн үйл баримтад хууль зүйн зөв дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Тт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Тт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,            ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                                                   М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ