| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2105000001896 |
| Дугаар | 2022/ДШМ/361 |
| Огноо | 2022-04-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/361
З.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Намжил,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Оын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох - дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Зын О, 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн Орон нутгийн өмчит төрийн үйлчилгээний компанид ачигч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч З.О нь 2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу “М” авто засварын газрын агуулахын өрөөний цонхоор нэвтрэн орж “Toshiba satlet L750” загварын нөүтбүүк, автомашины албадан асаагч, 3 ширхэг үнэртэй ус зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1.314.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: З.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Зын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар З.Оыг 1 жилийн хугацаагаар ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.От оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар З.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие жирэмсэн эхнэр Ц.Цолмон, хараагүй ах О.Т нарын хамт амьдардаг. Миний эх О.С өнгөрөөд удаагүй байгаа болон эхнэр, ах хоёр минь ажил хийх чадваргүй тул надад оногдуулсан ялыг хөнгөн ялаар сольж өгнө үү. Миний бие хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. ...” гэжээ.
Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч З.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон. Уг хэрэгт оногдуулах ялын санкци нь 2 жилээс дээш хорих ялтай бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялын хоёрны нэгээс доогуур ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч З.О нь 2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу “М” авто засварын газрын агуулахын өрөөний цонхоор нэвтрэн орж “Toshiba satlet L750” загварын нөүтбүүк, автомашины албадан асаагч, 3 ширхэг үнэртэй ус зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1.314.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хын “... 2021 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 09 цагт ажил эхэлж би өөрийнхөө өрөөнд ороход манай өрөөний хаалга эвдэрсэн байдалтай, доторх эд зүйлс нь онгичсон байдалтай, нягтлан бодогчийн маань өрөө бас цоож нь эвдэрсэн байдалтай, эд зүйлс нь газарт унасан байдалтай байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байгаа. Юу алдагдсан байгааг бүртгэж үзэхэд манай менежер А.Бы “Toshiba satlet L750” загварын нөүтбүүк, автомашины албадан асаагч, нягтлан бодогчийн өрөөнөөс 3 ширхэг үнэртэй ус гэх мэт зүйлс алдагдсан. Тухайн этгээд нь манай засварын газрын агуулахын өрөөгөөр орж ирээд дотор бүх өрөөгөөр явсан байна. Царай зүс нь бол харагдахгүй, саравчтай малгай, масктай хүн явж байсан. Явдал байдлыг нь харахад 20 дөнгөж гарч байгаа гэмээр залуу хүн байсан. Манай байгууллага дохиолол байхгүй байсан бөгөөд сая 11 дүгээр сарын 13-ны өдөр дохиолол тавиулсан. Өдөр бүр 2 харуул үүдний харуулын байранд байдаг бөгөөд 1-2 цаг тутамд тойрч эргэж байх ёстой бөгөөд нэг нь харуулын байрандаа үлддэг юм. Дээрээс нь тухайн өдөр шинэ харуултай байсан бөгөөд харуул хариуцлагагүй хандаж бүрэн гүйцэд шалгаагүй юм шиг байна. ...Манай байгууллагын хохирол бүрэн барагдсан. Одоогоор манай байгууллагаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ... /хх 24-25, 69/,
З.Оын яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой гэртээ байсан чинь ямар ч мөнгөгүй болчхоод ажил төрөлгүй байсан болохоор зэс, хайлш метал түүхээр орой 22 цагийн үед гэрээсээ гараад ... хашаан дотор байсан улбар шар өнгөтэй барилгын цонхны хаалт унасан, ... цонх нь сул байхаар нь ахиад гараараа түлхсэн чинь цонх нь онгойчихсон. Тэгээд цонхоор нь ороод ... улаан өнгийн машин асаагч байхаар нь аваад орсон цонхны доор ойртуулж тавиад ... байшингийн 2 давхарт гараад хоёр хаалга байхаар нь тус хаалгуудыг хүчтэй хэд хэдэн удаа татсан ... онгойчихсон ба нэг өрөө рүү нь орсон чинь нөүтбүүк байхаар нь аваад хажуу өрөө рүү нь орсон чинь ширээний нүдэнд 3 ширхэг үнэртэй ус байхаар нь бүгдийг нь аваад агуулахын өрөө рүү ороход хар өнгийн цүнх байхаар нь түүн дотор машин асаагч болон бусад хулгайлсан эд зүйлсээ хийгээд гэр рүүгээ харьсан. ...Би хулгайлсан эд зүйлсээ бүгдийг нь хүлээлгэн өгсөн. ...” /хх 65-66/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-13/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-39/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 78-79/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгох ба “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно.
Шүүгдэгч З.О нь “Н” ХХК-ийн “М” авто засварын газрын агуулахын цонхоор орсон буюу багаж хэрэгсэл ашиглахгүйгээр түгжээг эвдэн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч улмаар “Toshiba satlet L750” загварын нөүтбүүк, автомашины албадан асаагч, 3 ширхэг үнэртэй ус зэрэг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан ба З.О нь агуулахад нэвтэрсэн болох нь тус агуулахын хяналтын дүрс бичлэгт тусгагдсан ба түүний энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалтын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Анхан шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судалж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн гарсан байдал, сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, З.Оын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч З.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Оын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар З.Оыг 1 жилийн хугацаагаар ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.От оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, “хөнгөн ялаар солиулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зааснаас үзвэл уг зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хын /хх 24-25, 69/ мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 78-79/ зэрэг бичгийн нотлох баримтаар тухайн хэрэг 2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-ны өдөр шилжих шөнө үйлдэгдсэн байх атал прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 59-61/ болон яллах дүгнэлт /хх 85-87/-д 2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дан ганц шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт үндэслэн бичсэнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэн, гэмт хэргийн гарсан цаг хугацааг “2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-ны өдөр шилжих шөнө” гэж шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох нь хэсэгт өөрчлөлт оруулж байна.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжилд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт тавих хяналтыг хуулийн дагуу гүйцэтгэж ажиллахыг магадлалаар дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Оын 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ