Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1957

 

 

 

 

 

 

 

 

 

 “Мөнхийн баян гал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/02569 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 861 321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Оюунтуяа,

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Батзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2016 оны 4-р сарын 30-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл манай компаниас 88 тн цементийг 1 тонныг 143 000 төгрөгөөр, 904 тонныг 1 тонныг 139 000 төгрөгөөр тооцон, нийт 138 144 050 төгрөгийн 991.95 тонн худалдан авсан. Гэвч үлдэгдэл 9 695 050 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Хариуцагч нь мөнгөө урьдчилан манай дансанд шилжүүлж, цемент худалдан авах үед нь тэр мөнгөнөөс суутгах замаар төлбөрийг тооцдог байсан. 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч талаас 16 958 000 төгрөгийн цемент татан авалт хийсэн. Ингээд хариуцагч нь 9 695 050 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон ба 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг 7 дугаар сард худалдан авсан цементийн төлбөрт суутган тооцсоноор 7 дугаар сарын цементийн үлдэгдэл төлбөр 863 050 төгрөг болсон. Үүн дээр 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр худалдан авсан 64 тонн цементийн үнэ 8 832 000 төгрөг, нийт 9 695 050 төгрөгийн үлдэгдэл бий болсон. Уг 64 тонн цементийг нэг удаагийн ачилтаар хариуцагчид шилжүүлсэн, 98-40 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачилт хийсэн талаар хавтаст хэрэгт бараа илгээсэн бичиг болон тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан. Мөн уг 64 тонн цементийн тээврийн хөлсийг хариуцагчаас автомашины эзэмшигч М.Мөнхжаргалд шилжүүлсэн болох нь банкны баримтаар тогтоогдоно. ...Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн манай компаниас зээлээр худалдан авсан цементийн үлдэгдэл төлбөр болох 9 695 050 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн 166 271 төгрөг, нийт 9 861 321 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани “Мөнхийн баян гал” ХХК-аас 2016 онд бараа бүтээгдэхүүн, барилгын цемент худалдан авдаг байсан. Нэхэмжлэгч нь 9 861 321 төгрөгийн үнэ бүхий цементийг зээлээр худалдсан гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч бодит байдал дээр М ХХКманай компанид зээлээр цемент өгч байгаагүй, зөвхөн төлбөр төлөгдсөн тохиолдолд захиалсан цементийг ачуулдаг байсан. Тиймээс бидний хэн аль нь зарлагын падаан, нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт зэргийг үйлдэж байгаагүй. Нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдсан барааны төлбөр гэж үндэслэлгүйгээр манай компаниас 9 861 321 төгрөг нэхэмжилж байна. ...2016 оны 8 дугаар сард манай компани 35.89 тонн цемент л худалдаж авсан, үүнийхээ төлбөр 4 990 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Мөн 64 тонн биш 35.89 тонн цемент авсан нь нэхэмжлэгч компанийн НӨАТ-н төлбөрийн баримтаар тогтоогдоно. Ачилт хийх үед задгай цементийн зөрүү төлбөр гэж гардаг, гэхдээ энийг манайх тухай бүрд нь төлж ирсэн. ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 4 705 050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнхийн баян гал” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 871 321 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 90 230 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мөнхийн баян гал” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Манай компани нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 991.84 тонн цементийг төлбөрийг нь төлж хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг. Хүлээн авснаа зөвшөөрч байгаа 991.84 тонн цементийн үнийг манай талаас бичиж өгсөн НӨАТ-ын баримтыг үндэслэн 127 072 760 төгрөг төлсөн гэж тайлбарладаг. Уг төлбөрийн 128 439 000 төгрөг төлсөн талаарх дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн байдаг. Уг үнийн дүн нь хариуцагчаас худалдан авсан гэж зөвшөөрдөг 311.84 тонн цементийн үнэтэй тохирч байгаа юм. Хариуцагч 311.84 тонн цементийг хүлээн авч түүний үнэд 127 072 760 төгрөгийг төлж цементийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөөр байтал уг үнийн дүнд багтаж байгаа 4 990 000 төгрөгийг дараагийн татан авалт буюу 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн нэг удаагийн татан авалтаар хүлээн авсан маргаан бүхий 64 тонн цементийн үнээс хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан нь үндэслэлгүй болно. Хариуцагч 8 832 000 төгрөгийн үнэ бүхий 64 тонн цементийг хүлээн аваагүй гэж маргадаг боловч энэ нь тухайн өдөр тээвэр хийсэн том оврын ачааны УНА 94-80 улсын дугаартай автомашинаар ачж хүлээн авсан уг автомашины эзэмшигчид тээврийн зардлыг өөрийн гар утсаар гүйлгээний утга 64 тонн тээвэр мобайл үйлчилгээ ашиглан төлсөн зэрэг баримтаар дээрх маргаан бүхий 8 832 000 төгрөгийн үнэ бүхий 64 тонн цементийг хүлээн авсан нь нотлогддог бөгөөд төлбөрөөс төлсөн гэж шүүхийн дүгнэж буй 4 990 000 төгрөг нь хүлээн авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа 311 тонн цементийн үнэд тооцогдож байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Имйд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М ХХКнь хариуцагч Т ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 861 321 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Т ХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Т ХХК-аас зээлээр худалдан авсан цементийн үлдэгдэл төлбөр болох 9 695 050 төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн 166 271 төгрөг, нийт 9 861 321 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд Барилгын цемент бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нийт 991.95 тонн цементийг 138 144 050 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч  М ХХКнь 991.95 тонн цементийг хариуцагч Т ХХК-д нийлүүлсэн, хариуцагч нь гэрээний дагуу 128 449 000 төгрөгийг төлсөн талаар хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, улмаар гэрээний нэг тал нөгөө талаас үүргээ биелүүлэхийг шаардлах эрхтэй гэж зөв дүгнэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллага үндэслэлгүйгээр манай компаниас 9 861 321 төгрөг нэхэмжилж байна ...” гэж тайлбарлаж байгаа боловч 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 14 удаагийн төлөлтөөр нийт 128 439 000 төгрөг төлснөөс /хх 106-128/ өөр мөнгө төлсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 4 990 000 төгрөгийг түүний 2016 оны 07 дугаар сард худалдан авсан цементийн төлбөрийн үлдэгдэл 5 863 050 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 98-40 УНЕ улсын дугаартай Нордбенз маркийн автомашинаар тээвэрлэн авсан 64 тн цементийн үнэ 8 832 000 төгрөгөөс давхар хасалт хийж тооцсон нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.  

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т ХХК-иас 9 695 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “Мөнхийн баян гал” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/02569 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...4 705 050 төгрөг” гэснийг “9 695 050 төгрөг” гэж, “...4 871 321 төгрөг” гэснийг “166 271 төгрөг” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...90 230 төгрөг” гэснийг “166 271 төгрөг” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН