Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 376

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт П-н Б-д  холбогдох 1708005370031 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2  дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт П-н Б /РД:.../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч П.Б нь 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.А-н эзэмшлийн Самсунг Е-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр булааж зугтаасны улмаас бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулж  байх тул тус хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно. Тодруулбал,

П.Б нь 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.А-н эзэмшлийн Самсунг Е-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Э.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 22-наас 23-ныг шилжих шөнө би Барс захын замын хойд талдаа явж байхад 3 залуу гар өргөсөн ба би таксинд явсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон центрын замын ар талаас нэг эмэгтэйг аваад, удаагүй нэг эрэгтэй эмэгтэй нь  буугаад үлдсэн ба машинд 2 залуу нь Сонгинохайрхан дүүргийн ... тоотод мухар гудам руу оруулж зогсоотох гээд байхаар нь би машин эргэх зайгүй юм байна гэсэн миний утсаар нэг яриад өгье гэж хэлээд 3 дугаар луу залгасан. Тэгээд миний утсыг аваад зугтаасан. Галакси Е-7 маркийн гар утас байсан. Теди төвөөс 2016 оны 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утас авч зугтаасан Б нь миний гар утсыг цагдаа дээр авчирахад миний гар утас асахгүй, ажиллахгүй байсан. Иймд Теди төвөөс миний гар утаны үнэтэй үн дүйцэхүйц Самсунг Жи-5 маркийн гар утас шинээр нь авч өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13х/

 

            Галакси Жи-5 маркийн гар утасны баталгааны хуудас /хх-ийн 42х/

            Эд зүйлийн үнэлгээнд: Галакси Е-7 маркийн гар утас 250.000 төгрөг гэжээ. /хх-ийн 33х/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Самсунг Е-7 маркийн гар утсыг Э.Аид хүлээлгэн өгөв. /хх-ийн 8х/

 

            Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: хохирогч Э.А нь “...уг зурагнуудаас 3 дугаартай зурагт байгаа саарал өнгийн футболк, хар өнгийн өмдтэй байгаа залуу /П.Б/ миний гар утсыг авч зугтаасан. Энэ залуу миний гар утсаар яриад байсан. Би уг хүнийг шууд хараад таньж байна. Одоо хүртэл нүдэнд тодоор харагдаж байна” гэжээ. /хх-ийн 37-41х/

 

            Гэрч Б.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр А-той  гэрээс гараад манай лагер луу хамт явахаар машинтай Барс захын орчимд явж байхад зам дээрээс үл таних 3 залуу гар өргөхөөр нь зам дагуу бол авчихъя гээд өнөө 3 залуу 1 дүгээр хороолол явна гэхээр нь суучих гээд суулгасан ба өнөөх 3 залуу бага зэргийн согтолттой байсан. Ингээд явж байхад 1 залуу “жолоочоо гар утсаа өгч байгаач, утсаар чинь хүнтэй ярьчих уу” гэхэд А өөрийн гар утсаа өгсөн ба замд 1 охинтой утсаар яриад байсан. Ингэж явсаар байгаад Драгон төвийн ард байранд очиход 1 залуу нь буугаад Номин худалдааны төвийн гаднаас 1 охин суулгасан ба үүнийг нь Ч гэсэн. Ингээд үргэлжлүүлээд 1 дүгээр хороолол орно гэхээр нь А хөдлөөд явсан. 34 дүгээр байрны арын гүүрээр дэнж рүү гараад Номингоос суусан охин нь буусан ба өнөөх 3 залуу цааш явсаар байгаад 1 мухар гудам руу оруулаад энэ биш байна гээд гарч хашааны хаяг харж байгаад гар утсыг нь аваад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/

 

    Гэрч Б.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны орой 22 цаг өнгөрч байхад миний ажил болох Барс худалдааны төвийн баруун талд байрлах ХА жимсний дэлгүүр дээр найз Б, Б хоёр ирсэн. Тухайн үед ажил тараад хоёр найзтайгаа Барсын хойно байрлах Бровн нэртэй паб дотор орж хүний хоёр хоёр пиво уугаад 00 цагийн орчимд пабаас гараад автомашин зам дээрээс такси барихаар гараа өргөтөл Тoyota Prius-30 маркын автомашин зогссон ба жолооч нь хажуу талдаа нэг эмэгтэй хүнтэй хамт явж байхаар нь Б-д  гурав суугаад 1 дүгээр хороолол орно гээд суусан. Ингээд замдаа явж байхад найз Б хуучин үерхэж байсан А гэх охин руугаа ярьмаар байна гээд жолоочоос гар утсыг нь гуйж аваад ярьсан. Б Б-д энд хандан А драгон дээр байна гэнээ хэдүүлээ драгон оръё гэхээр нь таксины жолоочид Драгон орно гээд явсан. Драгон дээр ирээд А руу жолоочийн утсаар Б дахин гуйгаад залгахад А утсаа авахгүй байна, Ч рүү нь залгаж асуухаас гээд Агийн найз Ч рүү Б залган хоорондоо ярьж дуусаад Ч нь удалгүй Драгон дээр ирээд манай машинд суусан. Тэгээд найз нь гэр лүүгээ харьлаа, гэрт хүргээд өгчихөөч гэхээр нь Б-д  хэд бөөнөөрөө машинтайгаа хөдлөөд 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны харалдаа очиход Ч нь гэр лүүгээ орлоо гээд буусан. Б-д  гурав харихаар болоод манай гэр Цамбагарав дээр байдаг учир би 34 дүгээр байрны хойд талын автобусны буудал дээр буугаад Б, Б хоёр өнөөх такситайгаа цааш гэрлүүгээ харьлаа гээд дээш дэнж рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23х/

 

Гэрч Б.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ингээд Б Б-д  хоёр гэр гэр лүүгээ харихаар тус такситайгаа дэнж рүү яваад эхлээд Бийн гэрийн ойролцоо ирээд зогссон. Би жолоочид таксины 10.000 төгрөг өгч байхад Б машинаас буугаад хурдан явъя гээд гүйхээр нь гайхаад гүйгээд араас нь очсон. Ингээд гэрийнхээ гадаа Б ирээд за за найз нь орлоо гэхээр нь би гэр лүүгээ ганцаараа харьсан. Ингэтэл хоёр хоногийн дараа цагдаагаас дуудсан ба найз Б таксины жолоочийн гар утсыг хулгайлаад аваад явсан байна гээд дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х-25х/

 

Шүүгдэгч П.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...таксинд явж байхдаа би жолоочийг гар утсаа өгч байгаач ганц ярьчих уу гэхэд жолооч залуу надад гар утсаа өгсөн. Ингээд би уг гар утсаар нь хуучин найзалж байсан А руу залгаад уулзах уу гэхэд би гарахгүй ээ гэсэн. Ингэхээр нь Агийн найз Ч рүү залгахад Драгон дээр байна ирээд авчих гэхээр нь таксины жолоочид драгон орно гээд явсан. Драгоны ард талд байрлах байрны үүдэнд зогсож байхад Ч гарч ирээд машинд суусан. Ингэтэл Ч би гэр лүүгээ харьлаа намайг гэрийн үүдэнд буулгачих гэхээр нь уг такситайгаа хөдлөөд нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны хажууд зогсон Чг буулгасан. Ингээд Б-д  гурав уг такситай хөдлөөд явж байхад Х би гэр лүүгээ харьлаа шүү, замдаа буулаа гээд 34 дүгээр байрны автобусны буудал дээр буусан. Ингэхээр нь найз У буюу Б Б-д  хоёр уг такситайгаа гэр лүүгээ харихаар дэнж рүү явж байхдаа жолоочоос дахин гар утсаа өгч байгаач нэг яриад өгчих үү гэхэд жолооч надад дахин гар утсаа өгсөн. Ингээд би гар утсыг аваад ярих гэж байгаа болоод мухар гудамд оруулан зогсоосон. Ингээд би машинаас буун гар утсаар нь ярих гэж байгаа болоход Б таксинаас буугаад тооцоог хийж байхад нь Бийг явъя аа хурдал гээд би гүйхэд Б араас яасан бэ гээд гүйгээд гэрийнхээ гадаа ирээд за за найз нь орлоо гээд гэр лүүгээ шууд орсон ба Б гайхаад за за би харьлаа гээд гэр лүүгээ ганцаараа харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-76х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тухайлбал, шүүгдэгч П.Бийн найз болох гэрч Б.Х, Б.Б, мөн хохирогч Э.А, Б.С нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч П.Б нь хохирогч Э.А-н  тээврийн хэрэгслээр үйлчлүүлж  байхдаа хохирогчийн гар утсаар өөрийн найз нөхөд үерхдэг байсан охин руугаа залгаж ярих зэргээр удаа дараа ашиглаж байсан төдийгүй хохирогчоос гар утсыг нь авах зорилгоор ахин хохирогчоос гар утсыг нь авч улмаар машинаас бууж зугтсан нь тогтоогдсон байх тул түүнийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Бийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 48х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч П.Б нь хохирогчид учирсан хохирлын эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн ба хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 13, 42х/

 

Шүүгдэгч П.Бийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч П.Бийн  үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал, түүний хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан П.Б-д  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Б овогт П-н Бийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ