Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1958

 

 

 

 

 

 

                                                                                    

 

 

Ц.С н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02604 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.С н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Цд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 117 728 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С  би Д.Цийн том охин н.Ууганчимэгтэй 2015 онд Солонгос улсад танилцсан. 2018 оны 05 дугаар сард Д.Цийн хашаанд түр амьдран суусан. Д.Ц эгч 10, 20 хувийн хүүтэй мөнгө зээлдэг эгчдээ машиныхаа 30 хувийг төлөөд үлдсэнг нь зээлчих, эгч нь 11 дүгээр сарын төлөлтөөр бүх мөнгийг нь хүүтэй нь төлнө гэж Инвескор банк бус санхүүгийн байгууллагад машинаа барьцаанд тавьж 5 500 000 төгрөгийг гаргуулж машины ченжийн данс руу шилжүүлсэн ба Д.Ц нь миний зээлийн батлан даагч болсноор 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ хийгдсэн. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 500 000 төгрөг, 07 дугаар сарын 27-ны өдөр 5 020 000 төгрөгийг тус тус миний 5743052323 тоот данснаас Д.Цийн 5015007640 тоот дансанд Саруулаас зээлүүлэв гэж шилжүүлсэн. Банк бус санхүүгийн байгууллагын зээл 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс зээлийн хүү төлөгдөж эхэлсэн ба Д.Ц сар бүр 500 000 төгрөг миний 5743052323 тоот дансанд хийж миний мөнгөний хүүг шилжүүлж би банк бус санхүүгийн байгууллагын данс руу төлөлтөө хийдэг байсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл төлж 2019 оны 01 дүгээр сараас зээл төлөлтийн хүү хийгээгүйгээс болж миний зээлийн түүх Монголбанк руу шилжсэн ба 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 500 000 төгрөг миний дансанд хийж би зээлээ төлсөн. Үүнээс хойш бас ямар ч төлөлт хийхгүй явсаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас мэдэгдэл ирсэний улмаас Д.Ц түүний охин гурвуулаа банк бус санхүүгийн байгууллага дээр очсон. Банк бус санхүүгийн байгууллагатай уулзахад эгч нь хашаа байшингаа зарахаар хүнтэй ярьж байгаа, бас хүү н.Буянжаргалынхаа цалингийн зээлийг авч өгөөд зээлийг чинь болон чиний мөнгийг өгчихье, эгч нь 06 дугаар сарын 01-ний өдөр төлнө, төлж чадахгүй бол машин хурааж зарахад гомдолгүй гэж өргөдөл бичиж надад амлалт өгснөөр би зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд үндсэн зээл 5 540 000 төгрөг, Инвескор банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 2 500 000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 1 009 673 төгрөг, нийт 9 049 673 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ц.С гээс 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 500 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Харин машин авах гэж байхад нь мөнгө зээлж, банк бус санхүүгийн байгууллагаар машин авахуулсан гэдэг бол худал юм. Энэ мөнгийг надад 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Бид хоорондоо бичгээр гэрээ байгуулаагүй. Би сар бүр 500 000 төгрөг төлж байхаар тохиролцсон. Ингээд би 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 505 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 502 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 80 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 500 000 төгрөг, нийт 3 587 000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнийг 5.500.000 төгрөгийн зээлээс хасч тооцоод үлдэгдэл 1.913.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн надаас зээлийн хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуульд зааснаар зээлий гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд зээлдэгч нь хүү авах эрхээ алдана гэж заасан байна. Иймээс миний бие хүү төлөх үндэслэлгүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 7 204 728 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цээс 5 520 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 529 673 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160 834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс 103 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.С д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцон амаар гэрээ байгуулан 5 500 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сард зээлсэн ба зээлсэн үнийн дүнгээс 3 598 000 төгрөгийг төлж одоо 1 902 000 төгрөгийн үлдэгдэлтэй байтал нэхэмжлэгч нь зээлийн хүү тооцон 9 117 728 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх 5 520 000 төгрөгийн хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулсныг зээлдэгч өөрөө зөвшөөрч хүү төлөхийг хориглосон зохицуулалт гэж үзэхгүй тул уг 3 587 000 төгрөгийг зээлийн хүүнд тооцох үндэстэй гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагчаас гаруулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиолцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарыг үсэг зурснаар... гэрээ байгуулагдсанд тооцно” гэж тус тус заажээ. Гэтэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 125 728 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөх шаардлагатай гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.С  нь хариуцагч Д.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 117 728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 9 049 673 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэлийн шаардлагаас 1 902 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч” үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 500 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5 020 000 төгрөг, нийт 5 5020 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгууд, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй байна. /хх 37, 38, 66/

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “автомашин худалдан авах байсан 5 520 000 төгрөгөө хариуцагчийн хүсэлтээр 2018 оны 07 дугаар сарын 24, 28-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр зээлдүүлсэн. Ингэхдээ хариуцагч “Инвескор” ББСБ-аас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 5 500 000 төгрөгийн зээл авахуулан автомашиныг худалдагчид шилжүүлүүлэн /хх 78-79/ тус зээлийн гэрээний үүргийг өөрөө бүрэн хариуцахаар тохирч батлан даалтын гэрээ байгуулсан /хх-82/, үүний дагуу хариуцагчийн дээрх төлбөрийг “Инвескор” ББСБ-ын зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгчээс 2018 оны 07 дугаар сарын 24, 28-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5 520 000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэйгээр сар бүрийн 14-ний өдөр төлөхөөр тохирсон, үүний дагуу зээлийн хүү шилжүүлж байсан, гэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир уг төлбөрийг үндсэн зээлд тооцуулна гэж татгалзаж, “Инвескор” ББСБ-аас зээл авахуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тус тус тайлбарлажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин анхан шатны шүүх талууд хүү тохирсон талаарх хуулийн шаардлага хангасан бичгийн хэлцэл байгуулаагүй байхад зээлийн гэрээнд хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд талуудын зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь амаар байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас хүү шаардах эрхгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчид 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 505 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 502 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 80 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 500 000 төгрөг, нийт 3 587 000 төгрөгийг шилжүүлсэн байх /хх-30-39/ ба энэ талаар талууд маргаагүй.

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нийт 5 520 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд үүнээс хариуцагч нь 3 587 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул уг мөнгөн дүнг үндсэн зээлээс хасч тооцон хариуцагч Д.Цээс 1 933 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С д олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч нь автомашин худалдан авах байсан 5 520 000 төгрөгөө хариуцагчийн хүсэлтээр 2018 оны 07 дугаар сарын 24, 28-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр зээлдүүлсэн, хариуцагч Д.Ц нь “Инвескор банк бус санхүүгийн байгууллагаас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 5 500 000 төгрөгийн зээл авахуулан автомашины худалдагчид шилжүүлүүлэн /хх-78-79/ тус зээлийн гэрээний үүргийг өөрөө бүрэн хариуцахаар тохирч батлан даалтын гэрээ байгуулсан /хх-82/, үүний дагуу хариуцагчийн дээрх төлбөрийг Инвескор банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн байгуулсан батлан даалтын гэрээ нь өөр зорилго, эрх, үүрэг бүхий тусдаа гэрээний харилцаа, батлан даагчийн үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч буюу “Инвескор” ББСБ шаардах эрхтэй тул нэхэмжлэгч болон “Инвескор” ББСБ хоорондын зээлийн гэрээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02604 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Цээс 1 933 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 116 673 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...160 834 төгрөг...” гэснийг “...129 906 төгрөг”, “103 270 төгрөг...” гэснийг “45 878 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Цээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 834 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН