Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 135

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн

“У т з” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Засаг дарга,

нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч:                Ч.Тунгалаг

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Г.Банзрагч

                                    Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Б.Дүүрэнжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 456 дугаар захирамжийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн “У ш” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0790 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0025 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: М.Алтан-Өлзий,

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У т з” нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, гуравдагч этгээд “У ш” ХХК-ний төлөөлөгч Б.Батсайхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0790 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3,  Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасныг тус тус баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн “У т з” нийгэмлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 420 дугаар захирамжийн “У ш” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 456 дугаар захирамжийн “У ш” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0025 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 790 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 456 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн “У ш” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актуудын давхцал бүхий хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын журмаар гаргасан гомдол  

3. Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У т з” нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаагийн гомдол: ... Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд: УБТЗ ХНН, 2006 оноос олон улсын гэрээгээр шилжүүлсэн гэх газрыг хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн эзэмших, ашиглах эрхээ баталгаажуулах хүсэлтээ гаргаж  байсан, уг хүсэлтийг хянан шалгаж шийдвэрлээгүй байхдаа дээрх газрыг УБТЗ-ын холбооны болон шилэн шугам дайран өнгөрч байгаа газрыг УБ шуудан ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийн заалтуудыг зөрчсөн.

4. УБ шуудан ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь төмөр замын хойд захын рельс төмөрнөөс хамгийн холдоо 108 метр, газар доорх холбооны 3 шугамтай  давхцаж байна гэж шинжээчийн дүгнэлтэд бичсэн зэргийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2008 оны 456 дугаар захирамжийн УБ шуудан ХХК-д холбогдох хэсгүүд нь Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, Харилцаа  холбооны  тухай, Газрын  тухай хуулиудыг зөрчсөн байна гэж зөв дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байсан байна.

5. Гэтэл давж заалдах шатны шүүх, Газрын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон Харилцаа холбооны тухай хуулийг зөрчсөн талаар зөв дүгнэлт хийсэн боловч дээрх газраас давхцалгүй үлдсэн газрын хэмжээг тогтоох ажиллагаа явуулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас давсан дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0025 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээд “У ш” ХХК-ний төлөөлөгч Б.Батсайханы гомдол: ... гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар: “У ш” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагуудад өргөдөл гаргаж, 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18650309439669 дугаар бүхий 9080 м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Улмаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг баталгаажуулсан. Энэхүү эдэлбэр газрын эзэмших эрх нь кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт заасны дагуу бүртгэлд бүртгэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2/34 тоот, хоёр удаа гаргасан шинжээчийн дүтнэлтүүдээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл эдгээр нотлох баримтууд нь “У ш” ХХК тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг харуулж байгаагийн дээр энэ хугацаанд газар эзэмших гэрээний төлбөрт нийт 8,989,200 төгрөгийг төлсөн байна.

8. Гэтэл гуравдагч этгээд болох “У ш” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн, энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, улмаар үндэслэлгүй шийдвэр, магадлал гаргахад хүргэсэн.

9. Нэхэмжлэлийн   шаардлагын   үндэслэл,   түүнийг   нотлох   баримт: Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг нотолж, БНМАУ, ОХУ-ын Засгийн газрын хооронд 1949 онд байгуулагдсан “Хэлэлцээр”-ийг дурддаг. Гэтэл анхан шатны шүүх энэхүү баримт нь агуулга болоод нөхцлийн хувьд өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй Үндсэн хууль, бусад хуульд нийцэж байна уу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр 1949 оны “Хэлэлцээр”-ийг үндэслэл болгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн үзэл баримтлалыг ганхуулсан, тэдгээрийг хүндэтгэж үзээгүй. Цаашлаад манай улсын эрх, ашиг сонирхолд харшилж болох шийдвэр болсон. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар... гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” 2-т “... газар ... төрийн өмч мөн” гээд 5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүнд газрын төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж тус тус тунхагласан байна.

10. Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль болох БНМАУ-ын үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн Зургаадугаар зүйлийн 3-т “БНМАУ-ын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 1993 онд багтаан шийдвэрлэнэ” гэж заажээ. Энэ ч утгаар нь дурдагдаж буй хэлэлцээрийг өнөөдөр нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй болох нь харагдаж байна.

11. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг тодорхойлохдоо дээрх нөхцөл байдлуудад бодит дүгнэлт хийж чадаагүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлийг бий болгож байгаа бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлж, зөвтгөж чадаагүй болно.

12. Бусад нөхцөл байдлын талаар “У ш” ХХК-д эзэмшүүлсэн эдэлбэр газартай давхацсан гэх УБТЗ-ын газар доогуур татсан шугамнууд нь албан ёсны зөвшөөрөлгүй болох нь нийслэлинн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газрын харилцааны хяналтын улсын ахлах байцаагч Д.Бат-Өлзий, Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг нарын 2015.03.03-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015.02.11-ний өдрийн 01/416 албан тоотоор тус тус тогтоогддог.

13. Гэтэл шүүх эдгээр шинжээчийн дүгнэлтүүдээс шийдвэр, магадлалынхаа үндэслэлд иш татахдаа зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байж болох нөхцөл байдлуудыг дурдаж, гуравдагч этгээд “Улаанбаагар шуудан” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг тодорхойлж буй хэсгүүдийг орхигдуулан шийдвэр, магадлал гаргаж байгаа нь шүүх хэт нэг талыг барьж байгааг харуулж байна.

14. Өөрөөр хэлбэл “У ш” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй шугам татсан байдлаас болж давхцал үүссэнд нийслэл болон дүүргийн газрын алба, мөн гуравдагч этгээд буруугүй бөгөөд харин энд нэхэмжлэгчийн буруу байгаад шүүх дүгнэлт өгөөгүй.

15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2007 оны дүүргийн, 2008 оны нийслэлийн Засаг даргын захирамжтай газрын маргааныг шийдвэрлэхдээ Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолыг үндэслэл болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг зөвтгөөгүй ... зэрэг нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гзж үзэх үндэслэлтэй байна.

16. Иймд, дээрх үндэслэлүүдээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0790 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0025 дугаар магадлалийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

            17. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            18. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан” өртөөний баруун талд 9080 м.кв газрыг “У ш” ХХК-нд үйлдвэрлэлийн зориулалтаар, 5 жилийн хугацаагаар  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456 дугаар захирамжаар “У ш” ХХК-ийн уг газар эзэмших эрхийг баталгаажуулжээ.

            19. Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У т з” нийгэмлэгээс дээрх захирамжуудыг эс зөвшөөрч, “... /манай компанийн/ 1955 оноос хойш татаж хэрэглэж буй холбооны шугам болон шилэн кабель дайран өнгөрдөг газрыг ... “У ш” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон ..., ... 1949 оны хэлэлцээрийн дагуу “төмөр замын ... станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтанд хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлэх”-ээр тохиролцсоны /дагуу/ .... газар ашиглах тухай хүсэлтээ Нийслэлийн газрын алба, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт удаа дараа гаргаж байсан байхад ... манай хүсэлтийг шийдвэрлээгүй ... “У ш” ХХК-нд газар эзэмшүүлсэн нь хууль бус” гэж, хариуцагч нараас “... уг газар нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн газар биш, бусад ямар нэг газартай давхцаагүй байсан тул ... “У ш” ХХК-нд газар эзэмшүүлсэн нь ... хууль зөрчөөгүй, ... үйлдвэрлэлийн зориулалтаар барилга барихад холбооны шугам давхацсан эсэх нь ач холбогдолгүй, ... Газрын тухай хуулиар газрыг хугацаагүй ашиглах талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй ...” гэж тус тус маргажээ.

            20. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “У ш” ХХК-нд эзэмшүүлэхээр олгосон уг газар нь “...төмөр замын хойд захын зам төмөрнөөс 108 метр, 56 метр, 6 метр, 8 метр, 48 метрийн зайтай байрласан, ... доор нь тус бүр нь 154.7, 158.4, 55.6 метрийн урттай 3 ширхэг холбооны шугам байгаа, ... шугамын хамгаалалтын зурвастай 3407.6 м.кв талбайгаар давхцсан” үйл баримтууд тогтоогдсон, түүнчлэн, “У т з” нийгэмлэгээс 2006 онд нийслэлийн Газрын алба, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хандан маргаан бүхий газарт газар эзэмших, ашиглах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан 2006 оны 20/128, 20/165, 20/18” дугаартай албан бичгүүдээр тогтоогдсон, уг хүсэлтүүдийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

21. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “... /холбооны/ кабелийн шугамаас тал бүртээ 5 метр... /талбай нь харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт хамаарна/”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар үйлчлэгчийн хяналтад байна” гэж тус тус заасан байхад, хариуцагч нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нар нь нэхэмжлэгч “... “У т з” ХНН-ийн хүсэлтийг ...  хуульд заасны дагуу хянан шалгаж, шийдвэрлээгүй байхдаа ... /тус/ нийгэмлэгийн холбооны агаарын болон шилэн шугам дайран өнгөрч байгаа газрыг “У ш” ХХК-ийн хүсэлтээр уг компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан” нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

22. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтууд, хариуцагчийн үйл ажиллагаа, маргаан бүхий актууд “хууль зөрчсөн” талаар зөв дүгнэлт хийсэн атлаа маргаан бүхий актуудыг “захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, ... тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актуудын давхцал бүхий хэсэг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэсэн нь буруу, өөрөө хэлбэл, нэхэмжлэгчээс газар эзэмших, ашиглах талаарх хүсэлтээ эрх бүхий этгээдэд түрүүлж гаргасан байхад уг хүсэлтийг шийдвэрлээгүй, бусдын хүсэлт болгосон газрыг сүүлд өргөдөл гаргасан этгээдэд эзэмшүүлсэн, Харилцаа холбооны тухай хуулиар тусгайлан хамгаалсан харилцаа буюу холбооны шугамын хамгаалалтын зурвас газрыг “үйлчлэгч бус” этгээдэд эзэмшүүлсэн нь холбогдох хуульд нийцээгүй, тухайн газрыг эзэмших ашиглах хүсэлтээ түрүүлж илэрхийлсэн, холбооны шугам эзэмшигч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар шүүх дүгнэж байх тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх нь зөвхөн “холбооны шугамтай давхацсан хэсэг” үгүй болсноор бус, маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болсны үндсэн дээр түүний газар эзэмших, ашиглах талаарх түрүүлж гаргасан хүсэлт шийдвэрлэгдсэнээр сэргэх боломжтой юм.

23. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... давж заалдах шатны шүүх ... маргаан бүхий актууд ... хуулийг зөрчсөн талаар зөв дүгнэлт хийсэн боловч ... нэхэмжлэлийн шаардлагаас давсан дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

24. Гуравдагч этгээд “У ш” ХХК-ний төлөөлөгч Б.Батсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... 1949 онд байгуулагдсан “Хэлэлцээр” нь ... агуулга болоод нөхцлийн хувьд ... Үндсэн хууль, бусад хуульд нийцэж байна уу гэдэгт шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй”, “... газар доогуур татсан шугамнууд нь албан ёсны зөвшөөрөлгүй” гэх боловч эдгээр үндэслэлүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хариуцагч нар “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3,  Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг зөрчсөн” гэх дүгнэлтэд хамааралгүй байх тул “... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...  үндэслэлгүй шийдвэр, магадлал гаргасан” гэх гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

25. Харин, анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдагдсан “... Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төмөр замын зурвас газар болон аюулгүйн бүсийн дэглэм”-ийн 4.2” нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420, нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456 дугаар захирамжуудын хууль зүйн үндэслэлийг хянахад хамааралгүй, уг журам нь хэрэглэгдэхгүй, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн уг асуудлаар гаргасан гомдол үндэслэлтэй байх боловч, энэ нь шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна. 

26. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0025 дугаар магадлалыг хүчинүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0790 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “У т з” нийгэмлэгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “У ш” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА