Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 42

 

 

                                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:114/2016/0051/3

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 27 дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овгийн *******ын *******ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын өөрт хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

                   Нэхэмжлэгч Ч.*******

                   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, Н.Баттунсаг

                   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ:- Миний бие аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж, Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Сонгуулийн хороо  хүргүүлсэн материалыг хянан үзээд татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолоор миний биеийг аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн.

            Гэтэл аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1,157 дугаар зүйлийн 157.2.5 дахь заалт, 159  дүгээр  зүйлийн 159.1, 159.2  дахь  заалтуудыг  үндэслэн  аймгийн  иргэдийн  Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан байна. Дээрх тогтоолд хуулийн этгээдэд Сонгуулийн тухай хуулинд заасан ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР тогтоогдсон төлбөл зохих өртэй, нэр дэвшигчийн ирүүлсэн мэдүүлэгт уг өр төлбөрийн талаар мэдүүлээгүй зөрчлийг гаргаж нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн тулхэмээн дурьдсан байсан. Аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 дахь хэсэгт заасны дагуу  өөрсдөө Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албан бичгээр лавлагаа авсан ба уг лавлагаанд “иргэн Ч.*******тай холбоотой гүйцэтгэх материал 2016 оны 05 дугаар сарын 17-ны байдлаар мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай дурьдсан байсан.

Миний бие Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1 дэх хэсэгт заасан “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй” тухай тодорхойлолтыг эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу авч аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн.

Гэтэл аймгийн Сонгуулийн хороо 2015 онд Аудитын газраас Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт гүйцэтгэлийн аудит хийж, үүний дагуу акт тогтоосон ба актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган 6 акт тогтоосноос 4 актыг төлүүлэхээр, 2 актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарч байсан. Үүнийг үндэслэн шүүхийн шийдвэрээр өртэй гэж намайг нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юмаа. Тухайн үед Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан, энэ ажлаа 2015 оны 09 дүгээр сарын 15-нд ажлаа хүлээлгэн өгсөн.Энэ нь байгууллагад холбогдох өр бөгөөд даргын хувьд төлбөрийг хариуцуулан барагдуулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй холбоотой асуудал байсан учир нэр дэвшигчийн хувьд төрийн алба хаасныхаа төлөө сонгогдох эрхээ хасуулж, эрхээ зөрчүүлж байгаадаа харамсаж байна.

Миний бие Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй, хуулийн 157.2.5-д зааснаар өр төлбөргүй талаарх мэдүүлгээ үнэн зөв гаргаж өгсөн, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь заалттай холбоотой зөрчил гаргаагүй, энэ заалт надад хамаарахгүй. Иймд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдах үндэслэл байхгүй тул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын өөрт хамааралтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, Н.Баттунсаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Нэр дэвшигч Ч.******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д заасан өр төлбөргүй, өртэй гэж үзээд байгаа шүүхийн шийдвэр Засаг даргын тамгын газарт холбоотой акттай холбоотой асуудал. Сонгуулийн хороо асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг. Гэтэл сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлээс үзэхэд гишүүдийн гарын үсэг бүрэн зурагдаагүй, 3 хүний гарыг үсэг л  зурагдсан байсан. Хуралдааны шийдвэр албажаагүй, хүчин төгөлдөр бус, хуралдаан болоогүй гэж үзэх үндэслэлтэй. Сонгуулийн хорооны шийдвэр нь хуульд заасан зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн, Ч.******* нь хуульд заасан шаардлагыг хангасан баримт бичгийг гаргаж өгсөн, хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байна. Бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн гэж нэрийн жагсаалтаас хассан нь үндэслэл муутай байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Ч.*******ыг Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн бүртгэлээс хассан. Үндэслэл нь үндэсний Аудитын газрын харъяа Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 315 тоот  аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн албан бичигт нэр дэвшигч Ч.******* нь аймгийн Аудитын газарт шүүхээр тогтоогдсон 27,949.9 мянган төгрөгийн төлбөрийн өртэй болох нь тогтоогдсон гээд ******* хуудас хавсралт бүхий баримтыг ирүүлсэн юм. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5-т заалтуудыг зөрчсөн байсан тул аймгийн Сонгуулийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтыг баримтлан нэр дэвшигчийн бүртгэлээс хассан болно гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

            Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын өөрт хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь Дархан-Уул аймгийн Монгол ардын намаас нэр дэвшигч Ч.*******ыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасан шаардлага хангасан гэж үзэж 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Монгол ардын намаас нэр дэвшигчдийг 2 дугаар хавсралтаар бүртгэж, хавсралт  жагсаалтын 4 дүгээрт “ *******ын *******, Монгол ардын нам, 3 дугаар тойрог” гэж бүртгэсэн байна.

            Үүний дараа Сонгуулийн хороо нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.*******ыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих өртэй, нэр дэвшигчийн ирүүлсэн мэдүүлэгт өр төлбөрийн талаар мэдүүлээгүй зөрчлийг гаргасан гэж үзэж 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор нэр дэвшигч Ч.*******ыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан шийдвэрийг гаргажээ.

            Нэхэмжлэгч Ч.******* нь өр төлбөргүй тухайгаа баталсан Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, улсын ерөнхий гүйцэтгэгч Ж.Наранбаатараас шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөргүй тухай 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 338 тоот албан бичгээр албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай тодорхойлолтыг авч, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өр төлбөргүй тухай мэдүүлгийг гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхээс үзлэг хийж авсан нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ Сонгуулийн хороонд өгсөн дээр дурьдсан өр төлбөргүй тухай тодорхойлолт, мэдүүлэг, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Мөн Сонгуулийн хороо өөрийн эрх хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас Ч.*******ын нэр дээр шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн өр төлбөртэй эсэх талаар лавлагааг  авахад Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 05 дугаар сарын 17-н байдлаар Ч.*******тай холбоотой гүйцэтгэх хуудас, материал мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тодорхойлолтыг авч байсан байна. Гэтэл хариуцагч Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 315 тоот “Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга асан Ч.******* нь аймгийн Аудитын газарт шүүхээр тогтоогдсон 27,949.9 мянган төгрөгийн төлбөрийн өртэй болно” гэсэн албан бичгийг үндэслэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д “ банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй”, хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5-д “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “ нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасныг баримтлан нэр дэвшигч Ч.*******ыг нэрийн жагсаалтаас хассан нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болжээ.

            Нэхэмжлэгч Ч.******* нь өргүй талаарх мэдүүлгийг, мөн холбогдох байгууллагуудаас түүнийг өр төлбөргүй болох тухай тодорхойлолт, баримтуудыг гаргаж өгсөөр байтал “нэрийн жагсаалтаас хасах үндэслэл илэрсэн” гэж хариуцагч аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигч Ч.*******ыг төрийн алба хааж байхдаа эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэгтэй нь холбогдуулан гаргасан захиргааны акт, шийдвэртэй холбоотой мэдээллийг  хүлээн авч дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хууль дээдлэх”, 5.1.5-д “ ... үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэж заасантай нийцэхгүй, нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгогдох” эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд нэхэмжлэгч Ч.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын Ч.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 154 дүгээр зүйлийн 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.2.5, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын Ч.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72000 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1800 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА