Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/MA2017/0620

 

 

 

 

 

 

2017 оны 8 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0620

Улаанбаатар хот

 

Т.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0505 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0505 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1, 5.5.4, 11 дүгээр зүйлийн 11.5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар  зүйлийн 13.9, 15 дугаар зүйлийн 15.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан иргэн Т.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлээр Оюуны өмч, улсыг бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргаснаар “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2205040301 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг (С.Батбаатар)-ын нэрээр бүртгэснийг хүчингүй болгуулж, Худалдаа хөгжлийн банкны  зээлийн барьцаанд тавьсан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир нар давж заалдах гомдолдоо: “Т.Дамдинсүрэн миний нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0505 дугаар шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө түүнийг захиран зарцуулах /худалдаа, өмчлөх эрх шилжүүлэх, барьцаалуулах/ эрхийг хязгаарласан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж гарсан.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү захирамжид өөрчлөлт оруулсан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаартай захирамжаар хөрөнгө хамгаалах ажиллагаа хийгдсэн байх боловч гэрчилгээ олгох үед бүртгэлийн байгууллагад шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 182/1 дугаартай тогтоол ирээгүй байх тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, барьцаалуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүхийн шийдвэр гарсан цаг үеэсээ эхлэн биелэгдэх хүчин чадалтай, түүнийг төрийн байгууллага, иргэний хэн аль нь дагаж мөрдөх үүрэгтэй байдаг.

Мөн шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсээр байхад түүний өмчлөх эрхийг бусдад шилжүүлж, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулж бүртгэл хийлгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан үнэн зөв байхаас гадна бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчмыг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй...” гэж заасан байхад Т.Дамдинсүрэн миний нэхэмжлэлийг иргэний шүүхээс хангасан тохиолдолд “Икс лэнд констракшн” ХХК болон С.Батбаатарын хэн алины өмчлөлд байгаагаас үл шалтгаалан шүүхийн шийдвэр биелэгдэхээр байна гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуурамч баримтаар бүртгүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байхад тэдгээр баримтыг зохих ёсоор үнэлэхгүйгээр /холбогдох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй/ бүртгэлийг хүчингүй болгоогүй нь хууль зөрчсөн шийдвэр болно.

Хэрэгт цугларсан баримтаар өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, төлбөр төлсөн баримтад мөн компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байдаг.

Эдгээр байдлаас дүгнэлт хийхэд С.Батбаатар нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлж, компанийн бусдын өмнө эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх байдлаас зугтаалгасан, үүний худал мэдүүлж бүртгэл хийлгэсэн байхад шүүх бүртгэлийн байгууллагын алдааг хууль зөрчөөгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Захиргааны хэргийн шүүх дараахь хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ” гээд 74.1.1-д “анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дүгээр магадлалаар “анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэж дүгнээд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 495 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.1-д заасныг зөрчиж, хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэжээ. 

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан үндэслэл болж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дүгнэлт өгч хэргийг хэлэлцэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0505 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

             

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР