Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 91

 

З.Б, М.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Ц.Цэцэнбилэг, Б.Мөнхбаяр, шүүгдэгч М.Б, З.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1003 дугаар магадлалтай, З.Б, М.Б нарт холбогдох 1702000000075 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Ц.Цэцэнбилэг, Б.Мөнхбаяр, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Ц овогт З-ын Б,

2.Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт М-ын Б нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Б, М.Б нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Б-ийн төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр, М.Б-г төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Б” ХХК-иас 972,448,955 төгрөг гаргуулж Сангийн яамд олгохоор шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “972,448,955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан” гэснийг “972,448,955 төгрөгийн буюу их хэмжээний хохирол” гэж,  

2 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Б-ийн төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр, М.Б-г төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй”,

5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-эс 28,546,114 төгрөг, шүүгдэгч М.Б-гаас 28,546,114 төгрөг, иргэний хариуцагч “Б” ХХК-иас 915,356,727 төгрөг тус тус гаргуулж Монгол Улсын Сангийн яамд олгосугай” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар хамтран гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.19 дэх хэсгийг үл анхаарч, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.8 дугаар зүйлийг зөрчиж 3.Б нарыг гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүх хэргийн бодит нөхцөл байдалд зөв үнэлэлт өгч чадсангүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 3.Б-д холбогдох үйлдэлд хэргийн талаар нотолбол зохих зүйлүүд нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршиг зэргийг тогтоож чадаагүй болно. Анхан шатны шүүх 3.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийн шинжгүй, уг гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүйг анхаарч үзэлгүй түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь шударга бус, шүүх нь шүүхийн бие даасан хараат бус байх Үндсэн хуульд заасан зарчмыг үл хайхарч, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл байна. Учир нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 42, 45 дугаар зүйл, Засгийн газрын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан нөхцөл байдалд өөрөө эсхүл УИХ хүчингүй болгохоор Үндсэн хуулиар тусгайлан хуульчилж хамгаалагдсан захиргааны акт юм. Гэтэл шүүх 3.Б-г гэм буруутайд тооцоод байгаа гол үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоол нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, хамтын зарчмаар шийдвэрлэсэн захиргааны акт байх бөгөөд уг тогтоол нь одоо ч хүчин төгөлдөр, актын үйлчлэл нь бодит нөхцөл байдалд хэрэгжсэн, одоо ч тэрхүү тогтоолын үйлчлэл үргэлжлэн явагдсаар байгаа. Энэхүү тогтоол батлагдах болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэхэд 3.Б нь эрүүгийн гэмт хэргийн ямар санаа сэдэл, зорилго агуулсан, уг тогтоол батлагдсанаар 3.Б албан тушаалын эрх мэдэл, албан тушаалаа хэрхэн яаж урвуулан ашигласан, энэ тогтоол батлагдсанаар 3.Б хувьдаа ямар ашиг олсон зэрэг нь тогтоогдоогүй байтал түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцвал шүүх нь 3.Б-ийг чухам ямар үндэслэлээр гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж байгаа нь тодорхой бус, шүүх бусдын нөлөөнд автаж, шүүхийн бие даасан хараат бус байдлыг үл огоорч, хэргийг шийдвэрлэсэн нэр зүүх гэж үзэх эргэлзээ, хардлагыг төрүүлж буй нь шийтгэх тогтоолын дүгнэлт хэсгээс илэрхий байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэг нь прокурорын яллах дүгнэлт, түүний хавсралтыг үг үсэггүй хуулбарлаж, 3.Б-ийг гэм буруутайд тооцсон байдлаас харагдана. Хавтаст хэрэгт Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж 2016 оны 298 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн Ерөнхий сайд, бусад сайдад ямар нэг хариуцлага тооцоогүй, Ерөнхий сайдыг өөр зүйл хэсгээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн, эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолд шүүх ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй зэрэг байдлаас ч шүүхийн хараат бус байдал алдагдсан нь тодорхой харагдаж байгаа нь өөрөө нотолгоо болж байна. 3.Б-ийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр “Б” ХХК-ийн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д хамрагдсан Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороололд баригдаж байсан “Хангай хотхон”-ы нийт 7975.36 м/кв талбай бүхий 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд хамруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх тухай танилцуулгыг Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1, Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 6.1, 6.4, 6.5, 7.2, 7.8-д заасныг тус тус зөрчиж Засгийн газрын хуралдаанд оруулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн орон сууцны 7 дугаар хороололд баригдаж байсан “Б” ХХК-ийн 223 айлын орон сууц төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд 3.Б-д зөвшөөрч, худалдан авсан орон сууцны үнэ болох 15 тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд 3.Б, Сангийн сайд Б.Б нарт даалгах”  тухай 2016 оны 298 дугаартай тогтоолыг батлуулсан.

1.2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/1457 дугаар албан бичгээр Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд 3.Б нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Б-д “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын болон хуралдааны тэмдэглэлийн төслүүдийг танилцуулгын хамт хүргүүлж, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлж өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлсэн байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын холбогдох ажилтнууд энэхүү албан бичиг, түүний хавсралтуудыг бүртгэн авч танилцаж, өөрсдийн санал бодлыг илэрхийлж, улмаар Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хэлэлцэх асуудалд орсон байна. Барилга, хот байгуулалтын сайд 3.Б-ийн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг ийнхүү Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үед ЗГХЭГ-ын холбогдох мэргэжилтнүүд нь сайд З.Б-ийн хэлэлцүүлэх асуудал нь ямар нэг хууль, дүрэм, журам зөрчсөн талаар эсэргүүцэл илэрхийлсэн, анхааруулсан, хэлэлцүүлэхгүй байх талаар нэг ч асуудал тавьж гаргаагүй нь Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 30 тоот хуралдааны тэмдэглэлээс харагдана. Сайд 3.Б нь Сангийн сайд Б.Б-т энэ талаарх албан бичгүүдийг хуульд заасан албан үүргийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 720 айлын орон сууцыг худалдаж авахад зориулагдах 50 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг хүргүүлсэн байх бөгөөд түүний хариуг Сангийн сайд Б.Б 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирүүлэхдээ 2016 оны төсвийн нөхцөл байдлыг харгалзан 15 тэрбум төгрөгт векселээр баталгаажуулж, 2017 оны төсөвт тусгах боломжтой байдлаар ирүүлсэн байдаг. Сангийн яамнаас холбогдох зөвшөөрөл ирсэн, ЗГХЭГ нь хэлэлцэх асуудалд оруулсны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын “Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” асуудлыг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх үед түүний саналд Сангийн сайд болон бусад сайд нарын зүгээс ямар нэг эсрэг санал, татгалзал байхгүйгээр Засгийн газрын хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар бүрэн дэмжигдэн шийдвэрлэгдэж, мөн өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 298 дугаар тогтоолоор “...нийслэлийн орон сууцны 7 дугаар хороололд баригдаж байгаа “Б” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээг авахыг зөвшөөрч, худалдан авсан орон сууцны үнэ 15 тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын болон Сангийн сайдад даалган, энэхүү векселээр баталгаажуулахыг Сангийн сайдад зөвшөөрчээ.

2. Ийнхүү Засгийн газрын гишүүдийн хуульд заасан ирц бүхий шийдвэрээр хуульд заасан журмаар шийдвэрлэгдэж, Засгийн газрын тогтоолоор үүрэг болгосон асуудлыг Засгийн газрын тогтоолд заасан байдлаар хэрэгжүүлсэн салбарын сайдыг буруутгах үндэслэлгүй билээ. Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан 3.Б нь яллагдагчаар татсан 2016 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил болон хэлэлцүүлэх жагсаалтад оруулах санал хүргүүлснийг үндэслэн ЗГХЭГ нь хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, асуудал нь шийдвэрлэгдэн Засгийн газрын 298 дугаар тогтоол гарч, уг тогтоолыг хэрэгжүүлсэн сайдын үйл ажиллагаа нь Монгол Засгийн газрын тухай хуульд нийцүүлэн ажиллаж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх талаар өөрийн чиг үүргийн дагуу холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, тоо ширхэг, үнийн зөрүүгүйгээр амжилттайгаар хэрэгжүүлснээс тодорхой байна.

3. З.Б тус яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Б-гийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-ийн Ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар үүрэг чиглэл өгсөн”-д буруутан болгосон нь үндэслэлгүй болно. Учир нь Барилга, хот байгуулалтын сайдад өөрийн яамны төрийн нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх эрх олгогдоогүй бөгөөд нэгэнт эрх бүхий этгээд М.Б-г төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөөгүй байхад түүнд ажил үүргээ гүйцэтгэх үүрэг чиглэл өгсөн нь 3.Б сайдын буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. З.Б М.Б-д 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-ийн Ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар үүрэг чиглэл өгч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулахгүйгээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972,448,955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэх боловч энэхүү түрээсийн орон сууцыг “Бэрэн” ХХК-иас худалдан авах орон сууцны тоо, үнийн дүнг Засгийн газар баталж, тогтоол гаргаж, хэрэгжүүлэхийг салбарын сайдад зөвшөөрч, үүрэг болгосон байдаг. Салбарын сайдад Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газрын тогтоолыг биелүүлж, хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй. “Б” ХХК-иас 223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгт багтаан худалдан авах талаарх шийдвэрийг 3.Б сайд дангаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлыг дур мэдэн хийсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байтал түүнийг гэм буруутайд тооцож, ял оноосонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын хуралдаанд оролцож, Засгийн газрын гишүүдийн ирц бүрэлдэн шийдвэрлэж, тогтоол гаргасан байтал салбарын сайдыг дангаар дээрх үйлдэлд яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, Засгийн газрын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлд заасныг зөрчжээ. Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 169, 2015 оны 248, 2009 оны 03 дугаар тогтоолууд нь адил үйлчлэл бүхий захиргааны акт байтал шүүх эдгээр актуудын үйлчлэлд ялгавартайгаар дүгнэлт өгч 3.Б-ийг буруутгах үндэслэл болгож буй нь шударга ёсонд үл нийцэхээс гадна Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчиж байгаа юм. Засгийн газрын тогтоолоор үнэ, худалдан авах айлын тоог тогтоож баталсан, энэхүү Засгийн газрын тогтоолоор заасан тоо ширхэг, үнийн зөрүүгүйгээр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байтал “Хөрөнгө Эстимейт” ХХК-ийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйл, Шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг тус бүр зөрчиж шинжээчийн дүгнэлт гаргаж, шинжээч нь ямар арга, үндэслэлээр үнэлгээ хийж, 972,448,955 төгрөгийн зөрүү гаргаж ирсэн нь ойлгомжгүй болно. Шүүх 3.Б- нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг зөрчиж “Б” ХХК-д давуу байдал олгосон гэж дүгнэсэн атлаа дээрх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхээр “Б” ХХК-иас 15 тэрбум төгрөгийн худалдан авалтын 972,448,955 төгрөгийн худалдан авах ажиллагаа нь хууль зөрчсөн гэж нэг тогтоолоор шийдвэрлэгдсэн худалдан авалтын зарим хэсгийг хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Сангийн яам нь хохирогч биш болно. Учир нь Сангийн яам нь өөрөө “Б” ХХК-иас түрээсийн орон сууц худалдан авах 223 айлын орон сууцны үнийг тогтоосон. Мөн уг 223 айлын орон сууц нь одоо төрийн өөрийнх нь өмч, үүнээс төр өөрөө ашиг олж одоогийн байдлаар 1 айлын орон сууцыг сард 225,000 төгрөгөөр иргэдэд түрээслэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх Сангийн яамыг хохирогч гэж үзэж, “Б” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, 972,448,955 төгрөгийг гаргуулж Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгож шийдвэрлэж буй нь үндэслэлгүй юм. Барилга, хот байгуулалтын сайд З.Б нь дур мэдэн шийдвэр гаргаж худалдан авалт хийгээгүй байтал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр зөвхөн Барилга, хот байгуулалтын сайдыг дангаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Хэрэв Барилга, хот байгуулалтын сайдын Засгийн газрын тогтоолын дагуу “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх” хүрээнд хийсэн үйлдэл нь хууль бус гэж үзвэл түүнд салбарын сайд 3.Б, төрийн нарийн бичгийн дарга М.Б нар бус Монгол Улсын Засгийн газар буруутан болно. Яагаад энэхүү шийдвэр тогтоолыг гаргасан Засгийн газар бус салбарын сайд, төрийн нарийн бичгийн даргын хамт гэмт хэрэгтэн болох болов? дээрх бүгдээс харвал хууль шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим алдагджээ.  Түүнчлэн АТГ нь хэл шинжээчдийг шинжээчээр томилж, хэл шинжээчдээр хууль тайлбарлуулж, З.Б яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг шүүх хуульд заасан журмаар шударгаар шийдвэрлэх байтал, мөрдөгч, прокурорын хууль бус үйлдлийг өөхшүүлж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

5.2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйл 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхолд хор уршиг учруулсан байх”-ыг шаарддаг. Гэтэл Барилга, хот байгуулалтын сайд асан 3.Б нь “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа хэрхэн, яаж, хаана, хэзээ, ямар шалтгаанаар урвуулан ашигласан” нь тодорхой бус, энэ хэргийн санаа сэдэл, зорилго, хохирлыг тогтоогдоогүй байхад шүүх ял оноож буй нь үндэслэлгүй болно. Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 6.1, 6.4, 6.5, 7.2, 7.8 дахь хэсэг нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан Засгийн газрын гишүүний бүрэн эрх, Засгийн газрын хуралдааны зохион байгуулалтыг зөрчсөн, хуулиас давсан журам болохыг мөрдөгч, прокурор нь анхаарч үзсэнгүй. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 журам нь Засгийн газрын 298 тогтоол нь нэгэн адил эрх зүйн үйлчлэл бүхий захиргааны акт болохыг шүүх анхаарч үзсэнгүй.  Ийнхүү Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газрын тогтоол, шийдвэр нь батлагдаж гарсан өдрөөс хэрэгжих, дагаж мөрдөх хугацаа заагаагүй бол шууд хэрэгжихээр хуульчилсан байтал ийнхүү дээрх хуулиас давсан журмуудыг үндэслэн 3.Б-ийг буруутгаж буй нь үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, 3.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Энэхүү хэрэгт “Б” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байсан юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” хэмээн хуульчилсан байна. Тэгвэл “...хууль ёсоор хариуцвал зохих..” гэдгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэжээ. Дээрхээс үзвэл З.Б-, М.Б- нар нь төрийн албан хаагч мөн юм. Тиймээс ч тэднийг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэмээн үзсэн. Тэгвэл тэдний гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг төр, тодруулбал тэдний ажиллаж байсан Барилга, хот байгуулалтын яам хариуцан арилгах үүрэгтэй талаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгддөг хууль тогтоомжид хуульчилжээ. Түүнээс биш гэм буруугүй мөн тэднийг ажиллуулж байгаагүй хуулийн этгээд болох “Б” нь З.Б, М.Б нарын үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцах нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасныг үндэслэж өөрчлөлт оруулсантай холбогдуулан тайлбарлахад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсгийг үндэслэхээс илүү мөн зүйлийн 497.1-д заасан “хууль бусаар” гэж заасныг буюу үгийн шууд утгыг анхаарах ёстой юм. Эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг биш, 498 дугаар зүйлийг баримтлах ёстой байсан.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан “хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд” нь “Б” ХХК биш бөгөөд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрсөн тул “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт зориулан өөрсдийн 223 айлын орон сууцыг Барилга, хот байгуулалтын яаманд худалдах саналаа албан ёсоор гэрээний чөлөөт байдлын дагуу гаргасан. Харин зохих журмыг баримтлах, мөн худалдан авах үнийг тохирох нь 3.Б, М.Б нарын хариуцах үүрэг юм. Тэднийг энэхүү үүргээ зөрчсөний улмаас улсын төсөвт 972,448,955 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх тогтоосон. Гэм буруутай дээрх этгээдүүд болох З.Б, М.Б нарын бусдад учруулсан хохирлыг “Б” ХХК хариуцан арилгах үүрэг байхгүй. Эрүүгийн болон Иргэний хуульд ч дээрх үүргийг “Б” ХХК хүлээх, хариуцах зохицуулалт байхгүй болно. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолд “эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд” гэж гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг хэлнэ” гэжээ. Энэ тайлбар нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн шууд хэрэглээг илэрхийлж байна. Ийм байтал “Б” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж буй нь хуульд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах учиртай. Үнэхээр шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гардаг бол “Б” ХХК нь төрийн албан хаагчийн хохирлыг хариуцах этгээд биш буюу иргэний хариуцагчид хамаарахгүй, хөндлөнгийн хуулийн этгээд гэдгийг дахин дурдах нь зүйтэй байна. Нөгөөтэйгүүр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гарах үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа “энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэжээ. “Хөрөнгө эстимэйт” ХХК нь шүүхийн шинжилгээний бус байгууллага юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж хуульчилсан боловч “Хөрөнгө эстимэйт” ХХК-г томилохдоо энэ журмыг баримтлалгүй шууд тогтоол гарган шинжээчээр ажиллахыг даалгасан байна. Энэ нь шинжээчийн тусгай мэдлэгт үл хамаарах асуудлаар дүгнэлт гарахын үндэс болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргана гэж хуульчилсан. “Хөрөнгө эстимэйт” ХХК нь даатгалын буюу эрсдэлийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд байна. Гэтэл эд хөрөнгөнд учирсан хохирлыг үнэлдэг байгууллага чөлөөт зах зээлийн зарчмаар явж буй компанийн тогтоосон үнийг хянаж байгаа нь шинжээчийн өөрийнх нь тусгай мэдлэгээс хэтэрсэн гэж үзэхээр байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр тогтоол нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн урьдах нөхцөлийг бүрдүүлж байна. Тэгэхээр гэрээний талууд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан гэрээ цуцлах эрхийг эдэлж бас болох юм. Энэ тохиолдолд эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр, магадлал сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт, мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, “Б” ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгч Сангийн яамны векселийн хүүнд төлсөн 57,092,228 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу З.Б-ээс 28,546,114 төгрөг, М.Б-гаас 28,546,114 төгрөг, иргэний хариуцагч “Б” ХХК-иас 915,356,727 төгрөг тус тус гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Хэрэв давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь заалтыг үндэслэж хувь тэнцүүлж төлбөр гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бол шүүгдэгч нар болон иргэний хариуцагчаас 972,448,955 төгрөгийн хохирлыг гурав тэнцүү хувааж шийдвэрлэх байсан бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэхдээ З.Б, М.Б нарыг албан үүргээ зөрчсөн гэм буруутай гэж үзвэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу хохирол учирсан гэж шүүх үзвэл Барилга, хот байгуулалтын яам хариуцах нь зүйтэй юм. Гэтэл 972,448,955 төгрөгийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогчоор томилсон итгэмжлэл нь хууль бус байгаа учир тухайн хууль бус шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирол, хохирогчийн тайлбар зэргийг шүүхийн шийдвэрийн гол нотлох баримт болгон ашиглаж, хохирол учирсан гэж үзэн шүүх шийдвэрлэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.5, 10.11 дүгээр зүйлийн 1, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, 15.14.7, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн З.1.1, 4.1.З, 4.1.4, 5.1.1, 6.1, 7.1.1, 7.1.5, 8.1, 5.1.1, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.З, 9.11, Иргэний хуулийн 56.1.6, 56.1.8, 242.2, 497.3, 498.1, 498.2, 498.5 дахь хэсгийг тус тус ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм.

Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 3.1-т Эрүүгийн хэрэгт “Иргэний нэхэмжлэл гаргах эрх” нь эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эсэхийг өөрөө шийдвэрлэх, өөрийн санаачлага хүсэлтийн дагуу явагдах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэгддэг тул мөрдөн байцаагч, прокурор, шүүх хэнийг ч нэхэмжлэл гаргуулахаар албадах ёсгүй гэжээ. Гэтэл Авлигатай тэмцэх газрын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 06/6057 тоот албан тоотоор Сангийн яамны төрийн нарийн нарийн бичгийн дарга Б.Нямаад хандан хохирогч, иргэний нэхэмжлэгч оролцуулах шаардлагатай тул эрх бүхий албан тушаалтанг томилж ирнэ үү гэж хохирогчийг албадан томилох албан тоотыг хүргүүлсэн. Үүний дагуу 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яамны төрийн нарийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч гэх төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Г нь 6/4926 тоот итгэмжлэлээр Хууль эрх зүйн газрын гэрээт ажилтан Г-ыг хохирогчоор томилсон. Ингэхдээ ганцхан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан хохирогчийн эрх үүргийг эдэлж оролцох эрх олгосон бөгөөд тус хуулийн 8.5-д заасан иргэний нэхэмжлэгчийн эрх үүргийг олгоогүй байдаг. Гэхдээ энэхүү итгэмжлэл нь доорх үндэслэлээр хууль бус болох нь нотлогдож байна.  Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Төрийн нарийн бичгийн дарга яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдана” гэж заасны дагуу итгэмжлэл олгох эрх бүхий албан тушаалтан нь Төрийн нарийн бичгийн дарга юм. Гэтэл 6/4926 тоот итгэмжлэл олгосон этгээд нь итгэмжлэл олгох эрх бүхий албан тушаалтан биш учир хохирогчоор томилогдсон Ганбаярын итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр хохирол шаардах эрх үүсэхгүй юм.  Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-т “Төрийн нарийн бичгийн даргыг түр эзгүйд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн сайд гаргана” гэж хуульчлан заасан бөгөөд тухайн 6/4926 тоот итгэмжлэлийг олгох үед Сангийн яамны төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Н нь үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд түүнийг орлон гүйцэтгэх шаардлага байгаагүй. Мөн Сангийн сайдаас Төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Нямааг түр орлон гүйцэтгэх шаардлагатай гэж түр орлон гүйцэтгэгчээр төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Г-ыг томилсон тушаал огт гараагүй юм. Иймд итгэмжлэл олгох эрхгүй этгээд итгэмжлэл олгосны үр дагавар нь Сангийн яамыг итгэмжлэлээр төлөөлж хохирогчоор байцаалт өгсөн Г-ын бүх тайлбар мэдүүлэг болон мөрдөгчийн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар татсан тогтоол нь хүчингүй болж байна.

“Хөрөнгө Эстимэйт” ХХК нь орон сууцны хэмжилт хийж байрны метр квадратын хэмжээг тогтоох тусгай зөвшөөрөл байхгүй учир мөрдөгчөөс тавьсан асуултууд шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн биелүүлэх боломжгүй учир “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1-д заасан шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байсан нь хуульд заасны дагуу нотлогдож байна. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын 3 дахь хэсгийн 3.1, З.2, 3.3-т заасан асуултад 223 айлын орон сууцны зах зээлийн үнэлгээг тус бүрээр 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тогтоохоор шинжээчээс асуужээ. Гэвч 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдсан, бизнесийн зөвлөх үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах мөн хөрөнгийн үнэлгээ биш даатгалын хохирол үнэлэх эрхтэй “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлээ зөрчиж гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланд мөрдөгчийн асуултын дагуу 223 айлын орон сууцны зах зээлийн үнэлгээг тус бүрээр 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тогтоосон ямар ч баримт байхгүй юм. 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Хөрөнгө Эстимэйт” ХХК болон Авлигтай тэмцэх газрын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байгаа бөгөөд тус гэрээний нэг тал болох үнэлгээ хийх тал нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхгүй, ганцхан даатгалын хохирлын үнэлгээ хийх эрхтэй субъект байсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэлийг урьдчилан тодруулна” гэж заасныг зөрчиж хувийн сонирхолгүй болохыг тогтоогоогүй, мөн шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаагүйн улмаас хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй, орон сууцны хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй компанийг шинжээчээр томилсон нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон” гэж заасны дагуу үнэлгээчин гэх Б.М болон үйлчлүүлэгч болох Авлигатай тэмцэх газрын хооронд харилцан тохиролцсон гэрээ хэлцэл байхгүй учир Хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэл байхгүй байсан. Үүнээс үүсч буй хууль зүйн үр дагавар нь хууль бүс хөрөнгийн үнэлгээний тайланг үнэлж хохирол тогтоогдсон гэж үзэх хууль зүйн ямар ч боломжгүй юм. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан их хэмжээний хохирол учирсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа учир З.Б, М.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны үндэслэлтэй байж чадаагүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул хүчингүй болгох, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. “Б” ХХК-ийн хувьд З.Б гэм буруугүй бол түүний өмнөөс иргэний хариуцагч эд хөрөнгийн хариуцлага хүлээх үндэслэлгүй гэдэг агуулгаар хууль зүйн үндэслэлийнхээ нэг хэсэг болгож хууль хэрэглээний талд маргалдаж мэтгэлцсэн. Ял шийтгүүлсэн З.Б нь тухайн үед Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсантай хэн ч маргахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гүйцэтгэгч нь тодорхой шийдвэр гаргах эрх мэдэлтэй этгээд байх нь гарцаагүй. Тэгвэл З.Б нь ямар эрх мэдэлтэй байсныг шүүх зөв дүгнээгүйгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн. Засгийн газрын тогтоол гарснаар хохирол учрах боломж бүрдсэн. Тэгвэл Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайд тэргүүтэй 14 сайд оролцсон хуралдаанаар хэлэлцэж гаргасан. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд Засгийн газрын 298 дугаартай тогтоол гаргуулсан гэж З.Б-ийн гэм буруутай үйлдлийг тодорхойлж буруутгасан байдаг. Гаргуулах гэдэг үг утгын хувьд бусдад нөлөөлөх, нөлөөлсөн гэдэг агуулгаар бусдыг өдөөн түлхсэн хэлбэрээр утга нь илэрхийлэгдэнэ. Түүнээс өөрөө шууд шийдвэр гаргасан гэдэг ямар ч утга агуулга илэрхийлэгдэхгүй. Яаж хуулийн нэр томъёо Монгол хэлний үг зүйн утгыг ойлгож тайлбарлаад хэрэглээд байгаа нь чухамхүү ойлгомжгүй байна. Шийдвэр гаргуулж байгаа юм бол гол гаргаж байгаа хүний үйлдэл яагаад гаргуулж байгаа хүний үйлдэлтэй уялдахгүй гэж шүүх дүгнээд байна. Хамгийн чухал нь шийдвэр, түүний үр дагаврыг гаргагч хариуцах ёстой учраас албан тушаалтан, эрх мэдэл гэдэг ойлголт хоорондоо салшгүй уялдаатай холбоос үгээр хэрэглэгдэж явдаг. Шийдвэр гаргах эрхгүй этгээдэд эрх мэдэл байхгүй нь ойлгомжтой. Тиймээс эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх этгээд буюу хуульч нарын хэрэглэж заншсанаар гэмт хэргийн субъект энэ хэрэг дээр З.Б байх ямар ч боломжгүй байдаг. Тэр ч утгаар эрүүгийн гэмт хэргийн ойлголт яригдахгүй. Хэрэв З.Б сайд өөрийн нэрээр шийдвэр гаргах эрх мэдэлтэн байсан бол Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн зүйлчлэл тохирох байсан. Энд Засгийн газрын шийдвэр гарах, гарсан шийдвэрийг биелүүлэх гэсэн 2 процесс үйл ажиллагааг зөрчсөн гэж буруутгагдсан. Засгийн газрын хуралдааны журмыг сахиулах, мөрдүүлэх нь зөвхөн Ерөнхий сайдад хадгалагддаг эрх мэдэл. Барилга, хот байгуулалтын сайд хэрэв саналаа Засгийн газрын хуралдааны журмыг зөрчиж оруулж ирсэн гэж үзэж байвал буцаах, хэлэлцүүлэхгүй байх эрх мэдэл зөвхөн Ерөнхий сайдад хадгалагдаж байсан. Зөрчөөд байхад хуралдаанаар хэлэлцүүлж байгаа бол хариуцлагыг Ерөнхий сайд зөвхөн дангаар үүрэх ёстой байсан. Засгийн газрын хуралдааны журмыг зөрчиж саналаа хэлэлцүүлснээр хохирол огт бий болоогүй, тийм хууль зүйн боломж ч байхгүй. Энэ нь зөвхөн хэлэлцэх дарааллын тухайд Засгийн газрын хуралдааны журам зөрчсөн нь л ойлголт. Хэрэв хохирол үйлдлийн хооронд шалтгаант холбоо гэвэл Засгийн газар шийдвэр гаргаснаар хохирол үүсэх боломж бүрдсэн. Тэгээд ч Үндсэн хуульд зааснаар УИХ болон Засгийн газар л шийдвэрээ хүчингүй болгох, хэлэлцэх эрх хэмжээтэй байдаг. Гэтэл шүүх түүнийг шүүж хэн нэгнийг гэм буруутайд тооцож байгаа нь Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг зөрчихийн зэрэгцээ үүнээс үүдэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн. Шүүх үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг энэ хэрэг дээр алдагдуулсан. Зүй нь Засгийн газар эсхүл УИХ хэлэлцээд 298 тоот Засгийн газрын тогтоол шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болгож ингэснээр гэмт хэрэг мөн эсэх асуудал шалгагдах ёстой байсан. Шүүх тийм шаардлагыг прокурорт тавих, мөрдөн байцаалтын буруу явагдсан ажиллагааг засуулах үүрэгтэй байсан. Гэвч прокурор үндэслэлгүй санал тавьж шүүхээр Эрүүгийн хууль буруу хэрэглэх, үндэслэлгүй шийдвэр, магадлалыг гаргуулсан. “Б” ХХК нь 223 айлын орон сууцыг худалдах, худалдан авах саналыг Засгийн газарт тавьсан болохоос Барилга, хот байгуулалтын яамтай шууд харилцан худалдах худалдан авахаар гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулах эрх бүхий этгээд нь Монгол Улсын Засгийн газар байсан учраас тус яамаар дамжуулан хандсан. Тэр ч учраас 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гарч ерөнхий сайд баталгаажуулан Засгийн газрыг төлөөлөх эрхийг Барилга, хот байгуулалтын яам, сайдад олгосон байдаг. Үүний дагуу 7975.36 м.куб талбай бүхий 223 айлын орон сууцыг 1 метр квадрат талбайг 1,880,000 төгрөгөөр тооцон 14,993,676,800 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан. Үүний дагуу Сангийн яамнаас төлбөрийг шилжүүлж, “Б” ХХК нь төрд 223 айлын орон сууцны барилгыг хүлээлгэн өгсөн. Өнөөдрийг хүртэл уг гэрээний харилцааг хууль бус хүчин төгөлдөр бус гэж шүүх болон талуудын хэн ч буруутгаж үзээгүй. Хэрэв тийм бол Засгийн газар Түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн 223 айлын барилгыг буцааж “Б” ХХК-д өгөх, “Б” ХХК нь 14,993,676,800 төгрөгийг Засгийн газарт төлөх ёстой байсан. Чөлөөт зах зээлийн зарчмаар Иргэний хуульд заасны дагуу талуудын хүсэл зоригт үндэслэж хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байсаар байтал 972,448,955 төгрөгийг гэмт хэргийн хохирол болгон хэсэгчлэн салгаж гэрээний нэг тал болох Засгийн газар бус, эрх зүйн чадамжгүй Сангийн яаманд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус болж байж шүүгчийн дүгнээд байгаа шиг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсгийн зөрчил үүсэх байсан. Гэтэл шүүх 14,078,320,073 төгрөгийн орон сууц худалдсан, худалдан авсан ажиллагаа, гэрээг хууль ёсны гэж үзэж байгаа бол 972,448,955 төгрөгийн худалдан авалт нь хууль зөрчсөн байх ямар ч боломжгүй юм. Засгийн газраас өнөөдрийг хүртэл гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан ямар ч нотлох баримт байдаггүй. Зах зээлийн зарчмаар худалдагч, худалдан авагч талууд үнийг тохиролцоно. Гэтэл худалдан авагч талын чөлөөтэй саналаа тавих, худалдах үнээ тогтоох эрхэнд хөндлөнгийн шинжилгээний байгууллага гэгчээр хууль бус үнэлгээ хийлгэж хохирол нэрийн дор аж ахуйн нэгжийн хөрөнгийг үнэгүйдүүлэн дээрэмдэж, гэрээний нөгөө талд гаргуулан олгуулахаар шийдвэрлэж байгаад харамсаж байна. Талуудын дунд гэрээний харилцаа өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байсаар байтал үндэслэлгүйгээр З.Б эрүүгийн гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг нь ямар ч хуульч болон хуульч бус хүн уншсан ойлгогдохоор зохицуулалт байдаг. Шүүх түүнийг огт анзааралгүй хэрэглэсэн гэдэгт итгэх боломжгүй бөгөөд улс төрийн шалтгаантай ийм шийдвэр гаргасан байх гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлэхээр байна. “Б” ХХК нь хууль бус санаатай буюу болгоомжгүй ямар ч үйлдэл хийгээгүй. Өнөөдрийг хүртэл “Б” ХХК-ийг гэм буруутайд тооцсон, ял шийтгэл ногдуулсан ямар ч шийдвэр байхгүй. Түүнчлэн компанийн удирдлагаас З.Б, М.Б нартай үгсэн хуйвалдсан, албан тушаалаа урвуулахад хамтран оролцож нөлөөлсөн гэж буруутгасан шалгасан зүйлгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага, хуулийн этгээд нь ажил олгогч гэдэг байр сууринаас ажилтныхаа буруутай үйлдлийн эд хөрөнгийн хариуцлагыг хүлээх эрх зүйн зохицуулалттай. Тиймээс шүүх үндэслэлгүйгээр бусдын өмнөөс хамааралгүй этгээдүүдийг иргэний хариуцагчаар тооцсон шийдвэрийг зөв гэж үзэж эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж, илт гэрээний нэг талд үйлчилсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хэлсэн саналдаа “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлыг нотолж чадаагүй гэж үзэж байгаа. Мөн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, санаа сэдэл, учирсан хор хохирол, гэм буруугийн хэлбэрийг тогтоож чадаагүй байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ яллах дүгнэлтийг хуулбарлаж, дүгнэлт хийж байгаа үндэслэлээ тодорхой гаргаж чадаагүй. Давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, гарсан хохирлоос зарим хэсгийг З.Б-ээс төлбөрт гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэргийн шинжгүй байгаа нөхцөлийг шүүх анхаарч үзсэнгүй. Яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ, анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нөхцөл байдал нь Засгийн газрын 298 дугаар тогтоолыг хуралдаанаар хэлэлцэгдэж хамтын зарчмаар шийдсэн байхад тогтоолыг гаргуулсан гэдэг нь ямар учиртай юм бэ? З.Б нь албаны эрх мэдлээ яаж урвуулж ашигласан, яаж эрх мэдлээ хэтрүүлсэн гэдгийг шүүх тогтоож чадаагүй. З.Б тогтоолыг гаргуулахын тулд албаны эрх мэдлээ урвуулж, хэтрүүлж Засгийн газрын хуралдаанаар яаж хэлэлцүүлсэн юм? Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэмдэглэлээс харахад Засгийн газрын нэг ч гишүүн эсэргүүцээгүй. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын оролцсон ирцээс харахад уг газрын ахлах мэргэжилтэн, хуульч нь оролцсон хэрнээ журам зөрчиж оруулж ирсэн юм бол журам зөрчиж оруулж ирсэн төслийг чинь хэлэлцүүлэхгүй гэж яагаад нэг ч үг хэлээгүй юм бэ? өөрсдөө хуульд заасан үүргээ биелүүлээгүй юм биш үү. Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар салбарын сайд өөрийнхөө салбарын асуудлаар төсөл хэлэлцүүлэх, салбартаа тулгамдаж байгаа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах эрх нь олгогдсон байгаа. Түрээсийн орон сууцны асуудлыг анх удаа хэлэлцээгүй, 2002 оноос хойш явсаар хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Салбарын сайд өмнө энэ асуудлыг оруулахад зарим асуудлыг тодруулахаар буцаагдсан байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тараасан, холбогдох яам буюу Сангийн яаманд гаргах санхүүжилтийн асуудлын санал оруулж ирэхэд Сангийн яам 15 тэрбум төгрөг зөвшөөрсөн албан бичиг нь байгаа. Мөн бусад салбарын сайдууд бичгээр саналаа ирүүлсэн. Ингээд хамтын хуралдаанаар хэлэлцэж, санал 84.4 хувийн ирцтэй батлагдсан. Засгийн газрын хуралдаанаар оруулсан болгон батлагддаг юм биш. Гэтэл хэн ч эсэргүүцээгүй, тогтоол батлагдаж гарч ирсэн. Тухайн үед хэлэлцэхэд нийт айлын тоо, санхүүгийн эх үүсвэр, худалдан авах компанийн нэр нь заагдсан байхад яагаад ганцхан салбарын сайдыг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Ерөнхий сайд болон бусад сайдуудыг ажил, албан тушаалдаа хайнга хандсан гэх эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэргийг хаадаг. Гэтэл хамтын зарчмаар шийдвэрлэсэн асуудалд салбарын сайдыг гэм буруутан болгож, шүүхээр шийдвэрлүүлж байгаа нь шударга биш байна. З.Б хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд л ажилласан. Өөрөөр хэлбэл салбарын сайдын хувьд хэлэлцүүлэх асуудлаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдсэн бол тогтоол хүчин төгөлдөр болно. Өнөөдөр ч энэ тогтоол хүчин төгөлдөр байгаа. Хэрвээ буруу тогтоол байсан бол хүчингүй болгох эрх нь Засгийн газарт байгаа. Худалдан авах ажиллагааны хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа бол 15 тэрбум төгрөг хүчингүй болох ёстой. Энэ нь магадгүй улс төрийн ашиг сонирхол байхыг үгүйсгэх аргагүй харагдаж байна. Засгийн газрын тогтоол бусад захиргааны актаас онцлогтой. Яагаад гэвэл Засгийн газрын тогтоол хууль бус байвал Засгийн газар өөрөө, эсвэл Их хурал хүчингүй болгоно гэж хуульчилсан байгаа. Энэ тогтоол хууль бус байсан юм бол одоог хүртэл хэрэгжиж, дараагийн санхүүжилт хийгдэж байгаа. Мөн хохирогч гэх Сангийн яам худалдаж авсан орон сууцныхаа өмчлөгч, эзэмшигч нь болж, иргэдэд 225,000 төгрөгөөр түрээслэн ашиг олоод явж байна. Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 298 дугаар тогтоолоор батлагдсан Хангай хотхоны 7975.3 м.кв, 223 айлын түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх хөтөлбөр бий. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын журмыг 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор баталсан. Мөн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын 248 дугаар тогтоол бий. Эдгээр нэгэн адил үйлчлэл бүхий тогтоолуудаас ганцхан 298 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Үнэлгээчдэд үнэлгээ олгох эрхийг нь Сангийн яам олгодог. Сангийн яам өөрөө 15 тэрбум төгрөгөөр 223 айлын орон сууцыг 1 м.кв нь 1,880,000 төгрөгөөр тогтоогдож орж ирсэн байхад Сангийн яамнаас эрх авсан үнэлгээний компани юуг үндэслэж, яаж үнэлсэн нь тодорхойгүй, Үнэлгээний тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийг зөрчиж үнэлсэн үнэлгээнийхээ эх сурвалжийг гаргаж өгөөгүй. Үнэлгээний компани нь үнэлгээ хийх эрхтэй боловч тухайн үнэлгээг хийсэн үнэлээч нарын хоёр нь үнэлгээ хийх эрхгүй байсан. Үнэлгээ хийхдээ Хангай хотхоны барилга дээр очиж зах зээлийн бодит үнэлгээг тогтоогоогүй. Өөрсдөө зах зээлийн харьцуулалтаар үнэлсэн гэж байгаа боловч яаж харьцуулсан гэдэг нь харагддаггүй. Эрх олгосон байгууллага нь үнээ тогтоож худалдан авалт хийсэн байхад, тухайн байгууллагаас эрх олгосон үнэлгээчийн тогтоосон үнэлгээгээр хохирлын зөрүүг гаргаж ирсэн. Сангийн яам зөвшөөрч, төсвийг нь баталчихаад яагаад хохирогчоор тогтоогдож орж ирж байгаа нь эргэлзээтэй байна. Сангийн яамыг хохирогч биш гэж үзэж байгаа. Өөрсдөө яагаад хохирогчоор тогтоогдсоноо тайлбарлаж чадахгүй байсан. Энэ бүгдээс үзэхэд З.Б- нь Засгийн газрын тухай хуульд заасан салбарын сайдын хувьд ямар ч асуудлыг хэлэлцүүлэх эрхтэй. Өмнө нь танилцуулж, хуралдаанаар хэлэлцүүлэн 100 хувь хүлээн зөвшөөрч баталсан байгаа учраас хуулийн дагуу ажилласан байна. Энэ бол төсөл, батлах эсэх нь Засгийн газрын танхимын бүрэн эрхийн асуудал. Тогтоол баталж гарсан өдрөөс хэрэгжинэ гэдгийг Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд тусгасан байгаа. Мөн Засгийн газрын тухай хуулийн 29.8 дугаар зүйлд “Ерөнхий сайдаас тогтоосон дарааллын дагуу хэлэлцэнэ” гэж хуульчилж өгсөн байгаа. Нэмэлтээр орж ирэх асуудал байвал ерөнхий сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хуралдаанаар ордог гэдгийг Ерөнхий сайд анхан шатны шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Ерөнхий сайд зөвшөөрөөгүй бол Засгийн газрын хуралдаанаар ямар ч асуудал хэлэлцэгдэхгүй. Ерөнхий сайд зөвшөөрч, хэлэлцэгдсэн байхад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар яагаад журам зөрчсөн гэж үзэж байна вэ? хэрвээ журам зөрчсөн бол хүчингүй болгуулах талаар Засгийн газарт яагаад санал оруулаагүй нь ойлгомжгүй байна. З.Б, М.Б нарыг Худалдан авах ажиллагаа зөрчсөн, Засгийн газрын тогтоол гарч ирээгүй байхад гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл Засгийн газрын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлд Засгийн газрын тогтоол хэлэлцэгдэж батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ёсчлогдсоны дараа хэрэгжинэ гэсэн үг байхгүй. Захиргааны ерөнхий хуулиар хууль зөрчөөд хуульчлаагүй асуудлыг хуулиас бусад журмаар зохицуулахыг хориглосон байдаг. З.Б-, М.Б- нарын хамтарч үйлдсэн үйлдэл байхгүй. Засгийн газрын тогтоолыг эсэргүүцдэг сайд, сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй төрийн нарийн бичиг гэж байх уу. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт энэ талаар заасан байгаа. М.Б-г ажлаа хүлээлгэж өгсөн байхдаа гарын үсэг зурсан гэж буруутгаж, ял шийтгэл оногдуулсан. Гэтэл ажлаа өгөөгүй байсан ба ажлаа хэзээ хүлээж авсан талаар Магнайсүрэн мэдүүлсэн байдаг. Тамга тэмдгээ хэзээ хүлээж авсан талаарх холбогдох баримт бичгүүд нь хэрэгт авагдсан байгаа. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Албан тушаалын гэмт хэрэг нь тодорхой нэг цаг хугацаанд, нэг орон зайд, нэг үйлдэхүй, эс үйлдэхүйгээр үйлдэгддэг, үйлдэгдэж дуусдаггүй. Энэ нь тодорхой үргэлжилсэн цаг хугацаанд хэд хэдэн үйлдэхүй, эс үйлдэхүйг дамжиж үйлдэгдэх шинжийг агуулж дуусгавар болдог. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан орон сууц худалдан авах ажлыг зохион байгуулахыг зөвшөөрсөн шинжтэй Барилга, хот байгуулалтын сайдын тогтоолд орон сууц худалдан авах арга хэмжээ авах ажлыг зөвшөөрсөн гэж бичсэн байдаг. Тэгэхээр Засгийн газрын хуралдаанаас олгогдсон, зөвшөөрөгдсөн заалтын дагуу өөрөө эрх хэмжээгээ хэрэгжүүлж, Барилга, хот байгуулалтын яам дээр худалдан авах ажиллагаа явагдсан байгаа гэдэгт ач холбогдол өгөх ёстой. Зөвхөн Засгийн газрын танхимаараа шийдвэрлэсэн боловч танхимын гишүүд хариуцлага хүлээгээгүй байхад ганцхан Барилга, хот байгуулалтын сайд хариуцлага хүлээх ёстой гэдэг байр сууринаас хандах нь өрөөсгөл ойлголт болно. Худалдан авах талаар хэлцэл хийх ажиллагаа нь эрх бүхий албан тушаалтан, төрийн захиргааны эрх бүхий албан хаагч ажлаа зохих журмын дагуу гүйцэтгэж байхад түүний эрхийг өөр албан тушаалтан хэрэгжүүлсэн. Тодруулж хэлбэл Барилга, хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд албан ёсоор чөлөө авч, чөлөөний хуудас дуусгавар болсон өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нь амралт, баяр ёслолын өдөр байсан учраас 02-ны өдөр ажилдаа ирсэн. Ажилдаа ирснээр өөрийнхөө хариуцсан ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болно. Гэтэл энэ хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нь бодитоор хэрэгжүүлэлгүй, эрхгүй албан тушаалтан түүний өмнөөс хэлцэл дээр гарын үсэг зурсан байгаа. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан нээлттэй сонгон шалгаруулах журмыг зөрчсөн. Энэ журмыг зөрчиж байгаа талаар Засгийн газрын хуралдаанаас гарсан тогтоолыг албажуулах явцад төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байгаа. Гэхдээ Засгийн газрын танхимаас шийдвэр гарсан учраас бид өөрчлөх боломжгүй, “Б” гэсэн нэрийг нь оролцуулж тогтоол гаргасан. Тэгэхээр “Б” ХХК-иас худалдан авах тухай Засгийн газрын тогтоол нь Барилга, хот байгуулалтын сайдад эрх олгосон гэж би түрүүн тодотгож хэлсэн. Эрх олгосны дагуу тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлыг Барилга, хот байгуулалтын сайд чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх ёстой байтал алдаатай хэрэгжүүлсэн нөхцөл, үйл баримт байна. Мөн Төрийн нарийн бичгийн даргын чиг үүрэгт хамаарах асуудлаар буюу худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг холбогдох төсөв захиран зарцуулах эрх бүхий Сангийн яам рүү албан бичиг явуулсан. Гэрээнд гарын үсэг зурагдсаны маргааш буюу 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр явуулсан албан бичигт Засгийн газрын тогтоолын дугаар байхгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байгаа юм. Хэдийгээр Засгийн газар бүрэлдэхүүнээрээ шийдэж, Барилга, хот байгуулалтын сайдад эрх олгож шийдвэр гаргасан хэдий ч уг шийдвэр нь зарим талаар хуулийн шаардлагад нийцэхгүй байгааг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид санал бодлоо илэрхийлсээр байхад шүүгдэгч З.Б, М.Б нар энэ санал бодлыг үл харгалзан нээлттэй тендер зарлахгүйгээр хэлцэл байгуулж, үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулсан үйл баримт байдаг. Хэрвээ энэ саналыг хүлээн авсан бол захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх санал боловсруулж, Засгийн газарт оруулах эрх нь бий. Засгийн газраас гаргасан эрх бүхий хүчин төгөлдөр акт тогтоолын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлах замаар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх боломж нь байгаа. Гэтэл энэ боломж нь цаг хугацаа, нөхцөл байдал, хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн байтал Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр албажаагүй байхад яаравчлан Засгийн газрын хуралдаан болсноос хойш хоёр хоногийн дараа хэлцэл байгуулж, үүнээс нэг хоногийн дараа Сангийн яам руу хөрөнгө шилжүүлэх хүсэлт явуулсан байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаа, үйлдлийн шинжийг нь тодорхойлж байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ үйлдлийн шинжид хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шийдвэр нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Харин иргэний нэхэмжлэлийн хувьд төсвийн хөрөнгө, бусдын өмчлөх эрхэд албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас шилжсэн байна. Хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгийн хохирол төрд учирсан нөхцөл байдал байгаа. Энэ эд хөрөнгийн хохирол нь хөрөнгийн үнэлгээгээр бий болсон үнийн зөрүүгээр тодорхойлогдож байгаа. Үнэлгээг хийсвэр тоогоор хийсэн зүйл байхгүй. 2016 онд “Б” ХХК-ийн “Х” хотхонд 98 айлын байрыг ямар үнэлгээгээр зарсан талаар өөрөөс нь судалгаа гаргуулж авсан. Энэ үнэлгээ, зах зээлийн үнэлгээг харгалзан харьцуулах арга хэрэглэсэн гэдгийг шинжээч нар тодорхойлсон байгаа. Тийм учраас төрд учирсан хохирлыг Сангийн яам шаардаж байгаа юм. Энэ шаардлагын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч нь хэн болохыг тодорхойлохын тулд иргэний хариуцагчаар Б” ХХК-ийг тогтоосон. Мэдээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэм буруутай этгээд хохирол, гэм хор хариуцах уу, эсвэл иргэний хариуцагчид хохирол, гэм хор хариуцуулах уу гэдэгт шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Энэ нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон хоёр шүүгдэгчид, давж заалдах шатны шүүх хохирол, төлбөрийг гаргуулахдаа ялгаатай үзсэн. Өөрөөр хэлбэл байрны үнэлгээний зөрүүнээс гарч байгаа 915,356,727 төгрөгийг хохирол гэж үзэж, иргэний хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. “Б” ХХК-иас векселээр 223 айлын орон сууц худалдаж авсан векселийн хүүгийн төлбөрт төсвөөс төлсөн 57,092,000 төгрөгийг гэм хор гэж үзсэн. Үүнийг өмгөөлөгч нар нийтэд нь авч үзээд байгаа нь үндэслэлгүй тайлбар юм. Хохирлыг иргэний хариуцагчаар төлүүлж, гэм хорыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Харин магадлалаар өөрчлөлт оруулахдаа гэмт хэрэгт зүйлчилсэн хохирлын хэмжээн дотроо гэм хор гэж оруулж тооцсон нь алдаатай байна. Хяналтын шатны шүүх хэргийн талаар шийдвэр гаргахдаа зөвтгөх боломжтой гэж үзэж байгаа. Монгол улсын Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал, төрийн гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газар байдаг. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ажиллаж байгаа төрийн улс төрийн албан хаагч болох шүүгдэгч З.Б- нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэсэн заалттай. Үүнээс шударга ёс, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн гэсэн зарчмуудыг ноцтой зөрчиж, төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ авахдаа тодорхой хуулийн заалтыг мөрдөөгүй гэдэг нь нотлогдсон учраас гэм буруутайд тооцсон. Гэм буруутайд тооцож, ял хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч З.Б, М.Б нарын үйлдэл, гэм хорын шинжид нь тохирсон ялын төрлийг сонгож хариуцлага хүлээлгээгүй байна гэж үзэж байна. Тийм учраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэх үүднээс, мөн одоо хэрэгжиж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хяналтын шатны шүүхэд олгогдсон эрх мэдлийн хүрээнд шүүгдэгч нарын ялыг хүндрүүлж хорих ял оногдуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Ц.Цэцэнбилэг, Б.Мөнхбаяр, шүүгдэгч З.Б, түүний Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн З.Б, М.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч З.Б Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-тай санаатай нэгдэн Монгол Улсын Засгийн газрын “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, мөн “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ыг зөрчиж, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр “Б” ХХК-ийн барьсан ашиглалтад ороогүй 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авах тухай 2016 оны 298 дугаартай Засгийн газрын тогтоолыг батлуулсан,

М.Б-гийн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад “Б” ХХК-ийн ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулах талаар үүрэг чиглэл өгч гэрээг байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 972,448,955 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

М.Б-г Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа дээрх гэмт хэрэгт сайд З.Б-тэй санаатай нэгдэн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад З.Б-ийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Б” ХХК-ийн барьж байсан ашиглалтад ороогүй 223 айлын орон сууцыг 14,993,676,800 төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972,448,955 төгрөгийн буюу их хэмжэээний хохирол учруулсан хэмээн тус тус 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн диспозицид буй үндсэн шинж нь төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж түүнээс дээш хэмжээний хохирол учирсан байх явдал юм.   

Субъектив талын үндсэн шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тодорхойлогдох бөгөөд энэ нь шууд болон шууд бус санаагаар илэрч болно. Харин сэдэлтийн хувьд шунахай болон хувийн бусад сонирхол байснаар тогтоогдох бөгөөд энэ нь гэмт хэргийн санааг тодорхойлж улмаар албан тушаалын байдлаа урвуулсан үйлдэл, эс үйлдэхүй, түүний үр дагавар буюу албан тушаалтаны бий болгосон хууль бус давуу байдал, үр дагавар болон бусдад учирсан хор хохирлын хоорондын шалтгаант холбоог илтгэх үндсэн шалгуур болно.

Эрх мэдэл, албаны байдлаа урвуулан ашиглах гэдэг нь албаны эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбоотой түүнд олгогдсон тодорхой эрх мэдлийг албаны ашиг сонирхол, зорилт, мөн чанарт харшлах байдлаар хэрэгжүүлснээр өөртөө болон бусдад давуу байдал олж авахыг ойлгодог тул албан тушаалтан хууль зөрчсөнөөр өөртөө болон бусдад бий болгохоор зорьсон ашигт байдал юу байсныг тогтоох нь дээр дурдсанчлан  энэ гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж болох сэдэлтийг нотлохын тулд заавал хийгдэх ажиллагаа болно.

Хэрвээ албан тушаалтан өөрийн  эрх мэдэл, албаны чи үүрэгт харшлах үйл ажиллагаа явуулсан нь өөртөө болон бусдад хууль бус давуу байдал /шууд бус ашиг байдал/ бий болгох зорилгыг агуулаагүй, энэ үр дагавар аяндаа бий болсон бол учирсан үр дагаврыг харгалзан албан тушаалын бусад гэмт хэргээр зүйлчилнэ.

Хэдийгээр Барилга, хот байгуулалтын сайд З.Б-ийн зүгээс Засгийн газрын хуралдааны журмын 6.1, 6.4, 6.5-д зааснаар хэлэлцүүлэх асуудлаа холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө Хэрэг эрхлэх газарт ирүүлэх, нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн бол Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулах бөгөөд Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бэлтгэл хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулах тухай журмыг баримтлалгүйгээр Засгийн газрын хуралдаанаар оруулж, улмаар “Б" ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авах тухай 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолыг батлуулснаар уг компанитай орон сууц худалдах, худалдан авах гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй үр дагавар бий болсон нь нотлогдсон боловч З.Б-ийн энэ үйл ажиллагааны сэдэлтийг тогтоогоогүйгээс албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн, албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, эсхүл хээл хахууль авсан, албан үүрэгтээ хайнга хандсан, төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан аль гэмт хэргийг үйлдсэн талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Б нь албан тушаалаар хүлээсэн үүрэгтээ хайнга хандаж биелүүлээгүй, хууль тогтоомж дүрмээр олгогдсон эрх мэдлээ илт хэтрүүлсэн, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсны улмаас дээрх үр дагавар бий болсон, эсхүл тодорхой сэдэлт, зорилгоор “Б” ХХК-д давуу байдал олгож өөртөө шууд бусаар ашигтай байдал үүсгэсэн аль нь болох, энэхүү үйлдэлд тухайн компанийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд ямар байдлаар холбогдсоныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй тул З.Б-ийн үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөх, зүйлчлэлийг тодорхойлоход бэрхшээлтэй байдлыг бий болгожээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоож чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Ц.Цэцэнбилэг, Б.Мөнхбаяр, шүүгдэгч З.Б, түүний Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгч З.Б, М.Б нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1003 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч З.Б, М.Б нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Ц.Цэцэнбилэг, Б.Мөнхбаяр, шүүгдэгч З.Б, түүний Б.Оюунбилэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч З.Б, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН