Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 152/ШШ2024/00245

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат Бакула ренбүчи гудамж, 8/4 тоотод байрлах, .... регистрийн дугаартай Сэндли ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ... дүгээр ... айлын байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., Ц ургийн овогт Ц-ын Г-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,266,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Г нь Сэндли” ББСБ-тай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/1502100346 тоот цахим зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/1502100346 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 80689191, 95450449 дугаарын утсаар болон цахим хаягаар харилцагчтай холбогдож зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2,99,771 төгрөг, хүүгийн төлбөр 254,354 төгрөг, нийт 3,266,625 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч Ц.Г-той байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөр болох 3,254,125 төгрөг, нотариатын хураамж 12,500 төгрөг, нийт 3,266,625 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “Сэндли” ББСБ-ыг хохиролгүй болгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сэндли ББСБ ХХК-аас 3,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлж чадаагүй бөгөөд хугацаа хэтэрсэн төлбөр болох 1,266,625 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Г-ын гаргасан тайлбартаа танилцлаа. Зээлийн төлбөрт 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,266,625 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК нь хариуцагч Ц.Г-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,266,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,266,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,266,625 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа хариуцагч Ц.Г илэрхийлсэн ба тухайн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Ц.Г нь нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,216 төгрөгийн тал хувь болох 33,608 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 33,608 төгрөг, хариуцагч Ц.Гоос 33,608 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,266,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,266,625 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Ц.Г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 33,608 төгрөг, хариуцагч Ц.Г-оос 33,608 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д олгож, 33,608 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ