Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 152/ШШ2024/00246

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, .... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Б-гийн Т-гийн,

 

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын .... дугаар баг, Галданбошигт, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Ц-ийн Л,

 

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Галданбошигт, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Б ургийн овогт Н-гийн Н нарт холбогдох

 

Ажлын хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Л түүний эхнэр Н.Наран нартай 2017 оноос эхэлж Бор хавцал гэдэг газар гараар алт олборлох ажлыг хамтарч хийж ирсэн. Анх Ц.Л, Н.Наран нар хамтарч ажиллахыг хүсэж санал тавьж гуйсан учир би энэ 2 хүнд итгэж ажиллахаар болсон. Ингээд Бор хавцалд очиж 40 метрийн гүн нүх ухаж өдөр шөнөгүй хүйтэнд хөрч, халуунд халж, эрүүл мэндээ үл хайрлана харанхуй нүхэнд ажилласаар байна. Ингэж ажиллаж байхдаа сэтгэлээсээ л бүх ажил хийж амьдрах гэж хөдөлмөрлөсөн юм. 2022 онд Бичил уурхайчдын хууль гарч Увс аймагт албаны хүмүүс ирж сургалт явуулсан. Хуулийн дагуу баг бүрдүүлж сургалтад сууж албан ёсоор гэрчилгээ өгч Бор хавцлын алт олборлох үйл ажиллагааг журмын дагуу өөрийн гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулж сургалтад сууж гэрээ байгуулж хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн шаардлага дээрээс тавьсан учир Ц.Л, эхнэр Н.Наран нар багаа бүрдүүлэхийн тулд манай эхнэр бид 2-ыг мөнгө төлүүлж сургалтад суулгасан. Ингэж албан ёсны гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Үүний дараа гурвалсан гэрээ байгуулсан. Энэ гэрээг албан ёсоор байгуулж багийн ахлагч болсон. Ц.Л нь багийнхаа хүмүүсийн аюулгүй байдал, хувцас хоол унд, ажиллах бүх нөхцөлийг нь хариуцаж ажиллана гэдэг амлалт өгч гэрээ байгуулсан. Ингээд Бор хавцалд очиж үйл ажиллагаагаа явуулсан билээ. Би ч итгэж найдан хамтарч ажиллахаар болж хамт явж ажилласан. Ц.Л, түүний эхнэр Н.Наран нарт итгэж найдан тэр их там шиг гүнзгий харанхуй нүхэнд орж хүйтэн мөсөн дээр урьдын адил өдөр шөнөгүй биеэ ч бодохгүй амьдрах гэж ажилласаар байсан боловч 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би мөн л тэр гүнзгий харанхуй нүхэнд ажиллаж байгаад том чулуу таарахад нь тэр чулууг мулдакаар буталж байгаад нүд рүүгээ чулуу оруулж 5, 6 хоног өдөр, шөнөгүй нүд маань харж болохгүй нулимс гоожиж зовоож байсан ч би ажилласаар л байсан. Энэ хугацаанд багийн ахлагч Ц.Л, Н.Наран нар ямар ч арга хэмжээ аваагүй билээ. Энэ явдал бидний аюулгүй байдал хангаж өгөөгүйн улмаас би сохрох шахсан. Багийн ахлагч гэрээ хийж бүх зүйлийг хангаж ажиллана гэж хүмүүстэй гэрээ байгуулсан ч түүнийгээ биелүүлээгүйн улмаас би эрүүл мэндээрээ хохироод л үлдсэн болохоор маш их гомдолтой байна. Миний нүд үнэхээр их зовуурьтай зовлонтой хэцүү байтал манай эхнэр аймгаас багийн ахлагч Ц.Л, Н.Наран нараас миний нүд рүү төмөр ороогүй биз гэж санаа нь зовоод асуухад Ц.Л, Н.Наран нарын хэлсэн хариулт нь үнэхээр доромжилсон хариулт байсан. Тийм азтай хүн байх уу, нүд рүү нь төмөр орчихдог азтай юм гэдэг үгийг хэлсэн учир манай эхнэр намайг аймаг явъя эмчид очиж үзүүлье гээд үйлчилгээнд орж ирсэн. Маргааш нь нүдний хувийн эмнэлэг орж Алтантуяа эмчид үзүүлэхэд миний нүдэнд төмөр ороод зэвэрсэн байна гээд авч өгсөн. Би аймаг явахдаа Н.Наранд байсан өөрийн болох 2,100,000 төгрөгөө авъя гэхэд Н.Наран мөнгө хүрэхгүй байна, чи эхлээд 600,000 төгрөг аваад явж бай гээд өгсөн. Үлдсэн 1,500,000 төгрөгийг чинь чиний дансанд хийчихье гэж хэлээд үлдсэн ч худал хэлж намайг сохор, доголон гэж хэл амаар доромжлоод бүр эцэст нь чиний мөнгө манайд байгаа юм уу гэж луйварчин арга хэрэглэж залилсан тул миний эрүүл мэндээрээ хохирон байж хөдөлмөрлөж олсон 1,500,000 төгрөгийг Ц.Л, Н.Наран нараас гаргуулж өгнө үүгэжээ.

 

Хариуцагч Н.Н, Ц.Л нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Тгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Т ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ц.Л миний бие нь 2022 оноос эхлэн хуулийн дагуу баг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн. Тэгэхдээ Б.Тгийн бичсэнээр хууль бус үл ажиллагаа огт явуулаагүй. Миний бие багийн ахлагч боловч багийн хүмүүстэйгээ адил ажил хийж нүхэнд орж бүх ажлыг хийж олсон мөнгөө адил тэнцүү хувааж авдаг юм. Бид хоёр багийн хүмүүсээрээ ажил хийлгээд мөнгө төгрөгийн өгөхгүй худал хэлж, хуурч мэхэлж залилаж байсан тохиолдол огт байхгүй. Харин Б.Т ажиллах явцдаа дундын зарлагаас өгөх ёстой мөнгөө огт өгөөгүй. Мөн би Б.Тг гэр оронгүй байхад 10 ширхэг эсгий 500,000 төгрөгөөр худалдан авч өгсөн зэрэг туслалцаа их байгаа. Б.Т нь түүгээр ч барахгүй эхнэр Н.Нг фэйсбүүкээр учир битүүлгээр доромжилж хүний нэр хүндэд бүдүүлгээр халдсан. 2023 оны 5 дугаар сард фэйсбүүкээр эхнэр Н.Нг ямар ч үндэслэлгүйгээр доромжилсноос болж эхнэр Н.Н цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Харин бид нар нэр хүндээ доромжлуулан сэтгэл санааны маш хүнд цохилтод орсон учир нэр төрөө сэргээлгэн мөнгө нэхэмжлэх ёстой. Бид нарт Б.Тг багтаа ажиллуулан цалинжуулж амьжиргааг нь дээшлүүлсэн болохоос түүнийг хуурч мэхлэн залилж байсан зүйл огт байхгүй. Иймээс Б.Тгийн нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг төлөх ямар үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Н.Н, Ц.Л нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид харилцан ярилцаж тохиролцоод 1,500,000 төгрөгөөс 500,000 төгрөг төлөхөөр тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Н.Н, Ц.Л нарт холбогдуулан ажлын хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П Б.Т, хариуцагч Н.Н, Ц.Л нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж үлдэх 500,000 төгрөгийг хариуцагч Н.Н, Ц.Л нар нэхэмжлэгч Б.Тд төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

Шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хувааж хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгч Б.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н, Ц.Л нараас зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,650 төгрөгийн тал хувь буюу 7,825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Н.Н, Ц.Л нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж үлдэх 500,000 төгрөгийг хариуцагч Н.Н, Ц.Л нар нэхэмжлэгч Б.Т-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч Н.Н, Ц.Л нараас улсын тэмдэгтийн хураамж 7,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ