Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1959

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 182/ШШ2019/01604 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч К ХХКид холбогдох,

 

Ажлаас халагдсаны тэтгэмжид 6 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр К ХХКтай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн контрактын гэрээ байгуулан К ХХКны Зээлийн газрын тусгай активын албаны даргаар томилогдон ажилласан ба гэрээний хугацаа дуусахад цааш сунгах эсэхийг дүгнэх байсан боловч Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/96 болон А/97 дугаартай тушаалууд гарч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөс К ХХК татан буугдаж байгаа учраас 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн нийт 200 гаруй ажилчдад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчдад 1 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бол хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчдад тэтгэмж олгохгүй гэж мэдэгдсэн. Бид контрактын гэрээг цуцласан үндэслэлийн талаар бол маргахгүй. Харин тэтгэмж олгохгүй асуудлыг эсэргүүцэж ажилтнуудын төлөөлөл дундаасаа сонгож 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажилтны зарим эрх, ашгийг зөрчиж байна гэх албан шаардлагыг хүргүүлэхэд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчдад тэтгэмж олгох үндэслэлгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ бид судалж үзээд ажилчдад ашигтай байдлаар хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчдад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчдын нэгэн адил 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэж 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эцсийн тооцоог дуусгавар болгосон, харин нэхэмжлэгч О.Б 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 3 000 000 төгрөгийг хүлээн авсан. Бид нэг сарын дундаж цалин хөлсөө нийгмийн даатгалын дэвтрээ үндэслэн тооцож үзээгүй ч хариуцагчийн тооцсон 3 000 000 төгрөгт маргахгүй. Харин нэхэмжлэгч О.Б нь 1 сар биш, 3 сарын тэтгэмж авах ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл К ХХК нь өмчлөх эрхээ банкны эрх хүлээн авагчид бүр мөсөн шилжүүлсэн гэж бид үзэж байгаа. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар 3 сарын тэтгэмж авах ёстой гэж үзсэн тул хариуцагч К ХХКны эрх хүлээн авагчаас үлдсэн 2 сарын тэтгэмж болох 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлж байна. К ХХК ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар өмчлөх эрхээ банкны эрх хүлээн авагчид бүр мөсөн шилжүүлж байгаа хэлбэр биш. Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/96 дугаартай тушаалаар К ХХК ХХК гэх хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгахаар шийдвэрлэсэн, мөн өдрийн А/97 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Нөгөө тал нь банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүргийг хэрэгжүүлж явна. Банкны тухай хуулийн 3.1.17-д банкны эцсийн өмчлөгч хэн бэ гэдгийг тодорхой заасан байгаагаар банкны үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан буюу хувьцаа, үйл ажиллагаанаас үүсэх үр шимийг хүртэх эрх бүхий этгээд гэж тодорхойлсон. К ХХК ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар 99.98 хувийг “Бишрэлт холдинг” ХХК, үлдсэн хувийг “Чоно финанс ББСБ” ХХК нар эзэмшдэг байна. Тэгэхээр Монгол банкнаас банкны эрх хүлээн авагчийг томилсноор банкны хувьцаа эзэмшигчийн эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн гэж үзэхгүй. Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт зааснаар Монгол банкны эрх хүлээн авагч томилсон тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хурал хуралдуулахгүй гэдгээс хувьцаа эзэмшигчийн эрх шилжээгүй гэдэг нь харагдана. Хувьцаа эзэмшигч нь Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 73.1-д заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эрхийн дагуу хуваарилна гэснээс үзэхэд хувьцаа эзэмшигчийн энэ эрх банкны эрх хүлээн авагчид шилжихгүй, хурал хуралдахгүй боловч хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа учраас хувьцаа эзэмшигчийн эрх шилжсэн гэж үзэх үндэслэл болохгүй. К ХХКны дүрмийн 10.12-т банкны эрх бүхий албан тушаалтан гэж ТУЗ-ийн дарга, гишүүд, газар, салбарын захирлууд гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан гэдэгт хувьцаа эзэмшигч өөрөө багтдаггүй зохицуулалттай. Банкны эрх хүлээн авагчид Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан бүрэн эрх байдаг. Үүнд Банкны тухай хуулийн 69.1.5-д зааснаар банкнаас байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах эрх хэрэгжүүлдэг. Тэгэхээр банкны эрх хүлээн авагч ямар ажиллагаа хийсэн бэ гэхээр 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нийт ажилчдад гардуулан өгч, мэдэгдэл хүлээн авснаас хойш 45 хоногийн хугацаанд урьд хийж байсан ажлаа гүйцэтгэх, цалинг хэвээр олгох, нэмэгдлийг хэвээр олгож, 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Хэдийгээр хөдөлмөрийн контрактын гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмаар контрактын гэрээгээр ажиллаж байсан ажилчдад тэтгэмж олгох заалт байхгүй хэдий ч зөвлөлөөр хэлэлцээд тэдгээр ажилчдад ашигтай байдлаар 1 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэснээр О.Бын хувьд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөг буюу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нь олгосон. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуульд заасны дагуу банкнаас үүрэг шаардах эрхтэй гэж үзсэн этгээд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл ирүүлэх тухай нийтэд мэдээлсэн боловч нэхэмжлэгчээс энэ талаарх нэхэмжлэлээ ирүүлээгүй. Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт зааснаар дээр дурдсан хугацаанд нэхэмжлэл ирүүлээгүй этгээдийн нэхэмжлэлийг банкны эрх хүлээн авагч авахаас татгалзах эрхтэй. Өнөөдөр банкны эрх хүлээн авагч дурдсан хугацаанд ирсэн нэхэмжлэлийг үндэслэлтэй эсэхийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дараалалд оруулаад барагдуулах ажиллагаа буюу харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах ажиллагаа явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл банкны эрх хүлээн авагчаас заасан 10 дарааллын дагуу төлбөрийг барагдуулна гэдгийг хуулиар зааж өгсөн. Энд анхаарал татаж байгаа заалт нь 73.1.3-т заасан банкны эрх бүхий албан тушаалтнуудаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлсийг олгоно гэсэн байдаг. Үүнээс үзвэл энэ 10 дараалал дотор эрх бүхий албан тушаалтны цалинг олгох зохицуулалт байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар К ХХКид холбогдох 6 000 000 төгрөг гаргуулах тухай О.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Бын гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч О.Бын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч О.Бт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д заасан үндэслэлээр К ХХК татан буугадсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл К ХХК нэгэнт татан буугдсан нь тухайн хуулийн этгээд оршин тогтнох хууль зүйн үндэслэлгүй болж түүний өмчлөх эрхийг банкны тухай хуульд зааснаар Банкны эрх хүлээн авагч хэрэгжүүлж байна. Түүнчлэн хариуцагч ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн яг аль зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн контрактыг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож байгааг дурдаагүй, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар банкны эрх хүлээн авагч нь банкны ажилтны зүгээс гаргасан хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэхэмжлэлийн хариуцагч байна гэж үзэж байна. мөн хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчид 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Банкны эрх хүлээн авагчид шаардлага хүргүүлэхэд эрх хүлээн авагчийн зүгээс “Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөр хэлэлцээд бүгдэд ашигтай байдлаар буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны адилаар нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэснийг дуулгая” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасан ажилтанд олгох хуулиар тогтоосон хэмжээг Банкны эрх хүлээг авагчийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоосон гэх шалтгаанаар хуульд заасан хэмжээнээс багасган тэтгэмжийг олгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.    

            Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч К ХХКид холбогдуулан хөдөлмөрийн контрактыг цуцалсны дагуу хоёр сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч заасан хугацаанд нэхэмжлэлээ ирүүлээгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй” гэх үндэслэл заан маргасан байна.

            Талууд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр контрактын гэрээ байгуулж, О.Б нь тус банкинд Зээлийн газрын Тусгай активын албаны даргаар томилогдон ажиллаж байхад нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “К ХХК” ХХК-ийг албадан татан буулгаж, А-97 дугаар тушаалаар К ХХКаар М.Адилбишийг томилон, нэхэмжлэгчид 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг гардуулж, М.Адилбиш нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/146 дугаар тушаал гарган, Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн контрактын гэрээний 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн О.Бтай байгуулсан Хөдөлмөрийн контрактын гэрээг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан тушаал, хөдөлмөрийн контрактын гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 5-8, 14, 18, 57, 58/

            Хөдөлмөрийн контрактаар ажиллаж байсан ажилчид 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулан хуралдуулж, банкны эрх хүлээн авагчид албан шаардлага хүргүүлсэн боловч 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн маргаан таслах комисст албан шаардлагын хариуг хүргүүлж, контрактын гэрээтэй ажилчдад 1 сарын тэтгэмж олгох үндэслэлтэйг мэдэгджээ.

            Нэхэмжлэгч нь 1 сарын тэтгэмж олгосныг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын тэтгэмж шаардаж маргаан үүсгэсэн байна.

            “К ХХК” ХХК нь Хөдөлмөрийн дотоод журамд, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээнд ажил олгогчийн санаачилгаар болон ажил олгогч татан буугдсан үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмж олгох эсэх, ямар хэмжээтэй байх талаар тохиролцоогүй, энэ талаар зохицуулсан хамтын гэрээгүй байна.

            Ажил олгогч банк нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан тул банкны эрх хүлээн авагчийг банкны өмчлөх эрхийг бүр мөсөн шилжүүлж авсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч К ХХК нь контрактыг цуцалсны үр дагавар 3 сарын тэтгэмж олгох үүргийг хүлээхгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр 40.5-д заасныг хэрэгжүүлж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бт 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх ажлаас халагдсаны тэтгэмж олгосныг буруутгах боломжгүй.

            Нэхэмжлэгч О.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр мөн хуулийн 41.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг хариуцагч К ХХКаас шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 182/ШШ2019/01604 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                 ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН