Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2024/01720

 

 

 

 

 

 

 

 

2024 03 29 101/ШШ2024/01720

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.О-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 777,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Хариуцагч М.О нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

М.О 2022.02.01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 200,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлүүлсэн юм. М.О нь зээлийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Тэрээр цагдаа дээр байх үедээ утсаар ярьсан, үүнээс хойш дахиж холбогдохгүй байна.

Уг нь 30 хоногийн дараа хүүгээ төлөх ёстой, гэтэл төлөөгүй, тэгээд түүнтэй зээлийг, хүүгийн хамт төл гэдгийг шаардаж олон удаа утсаар ярьсан. Энэ хүн өмнө нь мөнгө зээлж аваад буцааж төлдөг байсан учир найдвартай гэж итгээд өгсөн юм.

2023 онд түүнтэй олон удаа ярьсан, тэгэхэд ээжийн бие муу байна, одоо очих гэж байна гэдэг байсан. Түүнд холбогдуулж 2023 оны 3, 5,9 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй, утсаа авахгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд 2023.12.26-ны өдөр эрэн сурвалжлуулсан, 1 сард Цагдаагийн байгууллага хаягийг нь тогтоож өгснөөр дахин нэхэмжлэл гаргасан.

Мөнгө хүлээлгэж өгсөн баримтын М.От үлдэх хэсэгт алданги тооцохоор тохиролцсон хэсэг нь байдаг бөгөөд түүнд иргэнийхээ хувьд 200,000 төгрөгийг зээлдүүлсэн, 2022.03.01-ний өдөр буцааж өгөх байсан, гэрээний хугацааг сунгасан баримт байхгүй юм.

Иймд М.Оээс үндсэн зээл 200,000 төгрөг, сарын хүүг 5 хувиар тооцож 2022.02.01-ны өдрөөс 2023.05.30-ны өдөр хүртэлх хугацааны хүү 300,000 төгрөг, алданги 277,200 төгрөг, нийт 777,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие М.О нь Эрдэнэбатаас 2022.02.01-нд 200,000 төгрөг зээлсэн. Ингэхдээ сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Би зээл ломбарданд эд зүйлс тавьсан, цагаан сар дөхөж байсан учир нэмээд 200,000 төгрөг зээлсэн. Эрдэнэбат нь тэр 200,000 төгрөгийг өөр цаасан дээр тусад нь бичиж өгсөн / хүү тооцож/

Сарын дараа билүү хүүгээ явуулж эд зүйлээ авахад 200,000 төгрөг буюу өөр цаасан дээр бичсэн мөнгөө аваагүй, би тухайн үед мөнгөгүй, ажилгүй, ээжийн бие муу хэвтэрт байсан, ээжийгээ асарч байсан, үүнийг Эрдэнэбат ахад хэлж байсан. Би сахарын өвчтэй, эмчийн хяналтанд байдаг, тогтсон ажил хийхгүй болсон.

Одоо үндсэн 200,000 төгрөг, 1 жилийн хүү 120,000 төгрөг, нийт 320,000 төгрөг төлнө гэжээ. /хх 17/

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2024.01.19-нйи өдрийн албан бичиг, зээлийн гэрээ, нэхэмжлэгч Б.Эын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7777777777 дугаар шийдвэр, /хх 1-9/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: хариу тайлбар, хүсэлт /хх-ийн 17, 27-28/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч М.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 777,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч 320,000 төгрөгийг зөвшөөрч,үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Хэрэгт, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлдүүлэгч Б.Э, зээлдэгч М.О нарын хооронд 200,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, хүү 10,000 төгрөг төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ авагдсан. /хх 4/

4. Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 200,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийн хамт шаардах үндэслэлтэй гэж тайлбарласан,

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 320,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 200,000 төгрөгийг хариуцагч М.Оийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талууд үүнтэй маргахгүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. /хх 4, 17/

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хүүг 10,000 төгрөг байхаар тохиролцсон нь дээр дурдсан хуульд нийцсэн байх боловч гэрээний хугацаа дууссан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд хүү төлөхөөр тохиролцсон гэх,

мөн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь алданги төлөхөөр тохиролцсон гэх байдлыг нотолсон баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэнгүй.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2022.02.01-ны өдрөөс 2023.05.30-ны өдөр хүртэлх хугацаанд хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тал нь алданги төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

7. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч М.О нь үндсэн зээл 200,000 төгрөг, хүү 10,000 төгрөг, нийт 210,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй гэж үзэхээр байх боловч тэрээр үндсэн зээл 200,000 төгрөг, 12 сарын хугацааны хүү 120,000 төгрөг, нийт 320,000 төгрөгийг зөвшөөрч байх тул түүний зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэгчид гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.

8. Иймд хариуцагч М.Оээс зээлийн гэрээний үүрэгт 320,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 457,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

9. Хариуцагч М.О нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т заасныг баримтлан зохигчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул уг хэмжээгээр тооцож, хариуцагч М.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 10,250 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Эад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Оээс үндсэн зээл 200,000 төгрөг, хүү 120,000 төгрөг, нийт 320,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 547,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч М.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 10,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ