Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2024/00431

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 9-920 тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1987, 1988, 1989 онуудад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар" ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Д.******* миний бие 1969 онд төрсөн, одоо 55 нас хүрч байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хөдөлмөрийн дэвтэр/Д.*******/

- Ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажилтын хуудас/Д.*******/

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар архивын лавлагаа

- Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-02/2312 дугаар лавлагаа

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 449 дүгээр архивын лавлагаа

- Гэрч Д.*******, Я.******* нарын мэдүүлэг

- Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэр/Д.*******/

- Хөдөлмөрийн дэвтэр/Я.*******/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын эд хэрэглээний Хөх бүрд ББХК -иас *******гийн *******д олгосон 451015 дугаар Хөдөлмөрийн дэвтэр-ийн ажлын мэдээ хэсэгт:

- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллуулсан,

- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тушаалаар 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хүнсний дэлгүүрийн худалдагчийн ажлаас чөлөөлсөн бичилт тус тус хийгджээ.

2.2. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03-02/2312 дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогоор Баянхонгор аймгийн Баян-Оюоо сумын төвд оршин суух, өрхийн тэргүүлэгч Жамбын ******* 62 настай, эхнэр А.Дэжид 58 настай, охин Д.******* 20 настай гэжээ.

2.3. Гэрчийн мэдүүлэг:

- Гэрч ******* овгийн *******гийн *******гийн мэдүүлэгт: Би 1984 онд Улаанбаатар хотын техник мэргэжлийн сургуулийг төгсөж, худалдагч мэргэжил эзэмшсэн. 1985 оноос Баянхонгор аймгийн худалдааны трестэд худалдагчаар, 1987 оноос эхлэн 1995 он хүртэл хугацаанд Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажиллаж байсан...,

...Д.******* нь надтай хамт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн анги нь 1990 онд хэрэглээний хоршоо болж, өөрчлөгдсөн. Д.******* бид хоёр хэрэглээний хоршоонд хамт ажиллаж байсан... гэжээ.

- Гэрч Боржгин овгийн *******ын *******ийн мэдүүлэгт: Би 1968 оны 11 дүгээр сараас 1997 оны 04 дүгээр сарыг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, нярав, нягтлан бодогч, эдийн засагч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Уг хугацааны дотор 1980 оны 06 дугаар сард Улаанбаатар хотын Худалдааны техникумыг төгсөж нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн,

...Д.******* нь надтай хамт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч ажилтай байсан. Би тухайн үед тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би тухайн нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж эхэлснээс хойш Д.******* худалдагчийн ажилд томилогдож байсан. Чухам хэзээ ажилд томилогдсон болохыг нь би сайн санахгүй байна...,

...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангиас 1990 оны татан буугдаад бүх ажилтан, албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдөж хэрэглээний хоршоо болон өөрчлөгдсөн. Тухайн хоршоонд Д.*******тай мөн хамт ажиллаж байсан.... гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, шүүхээс бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Д.******* нь 1987, 1988, 1989 онуудад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар" ажилласан үйл баримт тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1987-1989 онуудад ажиллах хугацаанд хүсэлт гаргагч Д.*******гийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Хүсэлт гаргагч Д.*******гийн дээрх хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тасралтгүй ажиллаж байсан болохыг гэрч Д.*******, Я.******* нар нь батлан мэдүүлсэн.

Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр ******* овгийн *******гийн *******г 983 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн 1983 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор, 1984 оны 08 сарын 28-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трест, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу гэрч Д.*******гийн 1984 оны 08 сарын 28-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трест, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан үйл баримтыг дахин нотлохгүй.

Гэрч Я.*******ийн хөдөлмөрийн дэвтэрт 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа, бэлтгэлийн ангид нярваар, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа, бэлтгэлийн ангид ахлах нягтлан бодогчоор тус тус томилж, худалдааны байгууллагад хийгдсэн зохион байгуулалтаар 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн бичилт тусгагджээ.

Дээрх шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтаар гэрч Д.*******, Я.******* нарын мэдүүлгийн эх сурвалж батлагдаж байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Д.*******гийн 1987, 1988, 1989 онуудад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар" ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Д.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар архивын лавлагаанд *******гийн ******* нь Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1987-1989 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс тухайн онуудад баримтгүй гэжээ.

Уг архивын лавлагаанаас үзэхэд ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тушаал архивт байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Д.*******д үүссэн байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу Д.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн *******г 1987, 1988, 1989 онуудад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар" ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Б.МӨНХБАТ