| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00345/И |
| Дугаар | 131/ШШ2024/00436 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2024/00436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 35-04 тоотод оршин суух, Булуу дэгээ овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, Ахиад овгийн Цолмонбаатарын *******т холбогдох
Охин Г.*******, Г.******* нарыг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г.*******, Г.******* нарыг тэжээн тэтгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.
Шүүх хуралдааны тов мэдсэн хариуцагч Ц.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч А.******* нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн агуулга: А.******* миний бие Ц.*******тай 2020 онд танилцаад үерхэж, хамт амьдарч байгаад 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хоёр ихэр охин Г.Анхилун, Г.******* нарыг төрүүлсэн. Бид гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлээгүй. Хүүхдүүд маань одоо 9 сартай эх миний асрамжид эрүүл саруул бойжиж байгаа.
Нөхөр Ц.*******аас 2023 оны 02 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан. Учир нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн тусдаа амьдрах болсон.
Ц.******* нь гэр бүлээс гадуурх харилцааг байнга үүсгэж, гэртээ хонодоггүй, архи уудаг гэх зэрэг түүний ёс зүйгүй, гэр бүлээ гэсэн сэтгэлгүй хувиа хичээсэн зан чанараас болж, бид таарч тохирохгүй тусдаа амьдрахаар шийдвэрлэсэн.
Хүүхдүүд төрсөн цагаас эхлэн хүүхдүүдээ хайхарч халамжилж байгаагүй, нэг ч удаа эргэж тойрч хандаж байгаагүй өдийг хүрсэн. Цаашид миний бие болон миний хүүхдүүд Ц.*******ын зан араншин, гэр бүлээс гадуурх харилцаа, архи байнга уудаг зэргийг үл тэвчин амьдарч чадахгүй.
Охин Г.Анхилун, Г.******* нарыг миний асрамжид үлдээж, Ц.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ/Г.Анхилун, Г.*******/
- Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт
- "Оточ мандал" өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт
3. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй.
Учир нь нэхэмжлэгч А.*******ыг охин Г.*******, Г.******* нарыг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г.*******, Г.******* нарыг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлд хариуцагч Ц.******* нь хариу тайлбар гаргаагүй байна.
Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэжээ.
Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гардан авсан атлаа хуулиар тогтоосон 14 хоногийн хугацаанд шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.
Энэ тохиолдолд хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч Ц.*******ын А.*******ыг охин Г.*******, Г.******* нарыг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г.*******, Г.******* нарыг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх юм.
2. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ, уг хэсгийн 8.1.2 дахь заалтад иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр гэжээ.
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хуулийн дээрх заалтын дагуу иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болдог.
Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар зохигч эвлэрсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн/хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон/ тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.*******ын хариуцагч Ц.*******т холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай энэхүү иргэний хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч А.******* болон хариуцагч Ц.******* нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч охин Г.*******, Г.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул тэдгээрийн асрамжийг шүүх гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийн хүүхдийн асрамжийн нэг адил шийдвэрлэнэ.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэжээ.
Нэхэмжлэгч А.******* болон хариуцагч Ц.******* нар нь охин Г.*******, Г.******* нарын хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцоогүй байна.
Энэ тохиодолд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Охин Г.*******, Г.******* нар нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 1 нас хүрээгүй, эх А.*******ын асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг дарга болон "Оточ мандал" өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор нотлогдож байх тул хүүхдийг эхийн асрамжид үлдээв.
5. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу А.*******, Ц.******* нар нь охин Г.*******, Г.******* нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхдүүд эхийн асрамжид үлдсэн тул эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх шаардлагатай болно.
6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно,
Уг хэсгийн 40.1.1 дэх заалтад 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь заалтад 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ.
Иймд охин Г.*******, Г.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.*******аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх эрх зүйн үндэслэлтэй.
7. Эцэг Ц.*******аас гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх Д.Тэргэл нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү охин Г.*******, Г.******* нарын хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.
Тэтгэлэг нь охин Г.*******, Г.******* нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг Ц.******* нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Ц.*******аас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь заалтаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно.
Үндэсний статистикийн хорооны даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр тогтоолоор хүн амын амьжиргааны доод түвшин 2024 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталж, мөрдүүлжээ.
Уг тогтоолын хавсралтад хангайн бүсийн хүн амын амжиргааны доод түвшинг 447,300 төгрөг байхаар заасныг эцэг Ц.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г.*******, Г.******* нарыг тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн тухайд үнийн дүнг тодорхойлбол 5,367,600 төгрөг байна.
Иймд нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 100,831 төгрөг төлөх байжээ.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана, уг хэсгийн 7.1.2 дахь заалтад эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа 70,200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлжээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч А.*******ын хариуцагч Ц.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 171,031 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч А.*******д олгож, үлдэх 100,831 төгрөгийг улсын орлого болгох эрх зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин Г.Анхилун, Г.******* нарыг эх А.*******ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг тус тус баримтлан охин Г.Анхилун, Г.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.*******аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Ц.*******аас гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү охин Г.Анхилун, Г.******* нарын хэрэгцээнд зарцуулахыг эх А.*******д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг охин Г.Анхилун, Г.******* нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг Ц.******* нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх А.*******аас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ын хариуцагч Ц.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 171,031 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч А.*******д олгож, үлдэх 100,831 төгрөгийг улсын орлого болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХБАТ