Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 426

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Х.Анхцэцэг,

            шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт Х-н М-т холбогдох 1708008090086 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “...” зоогийн газар ажиллуулдаг гэх, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоот хаяганд бүртгэлтэй, одоо Сэлэнгэ аймгийн ... багт түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, П овогт Х-н М /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.М нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Шинэ баригдсан цэцэрлэгийн урд тоглоомын талбайд Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын яс, таславчийн хугарал, таславчийн муруйлт, зүүн хөмсөгт зулгаралт, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Х.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

 Х.М нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Шинэ баригдсан цэцэрлэгийн урд тоглоомын талбайд иргэн Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

                  Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би найз Ч-н хамт хүүхдийн тоглоомын талбайд пиво ууж байсан. Гэтэл Тоёота Приус-20 маркийн машинтай 3 залуу ирээд нэг нь машинаас буугаад “Ш гэдэг нэртэй залуугаа аваач, энэ чинь энд согтуу яваад байна” гэхээр нь бид хоёр наадахтай чинь архи уугаагүй” гээд хэлсэн чинь “тэд нар энэ хүнээ аваач” гэж дахин хэлсэн. Манай найз Ч бид хоёр наадахтай чинь архи уугаагүй өөрсдөө аваад явцгаа гэхэд тэд нар Ш-г сандал дээр суулгаад С гэдэг залуу манай найзын бөгс рүү амбаардаад аль нутгийн хүмүүс вэ гэхээр нь Ч Архангайнх гэсэн чинь надаас чи аль нутгынх вэ гэхээр нь би Хөвсгөлийнх гэсэн чинь цаанаас махлаг бор залуу нь Төв аймгийнханг зодох хэрэгтэй гээд миний урд хүрч ирээд нүүр мангасдаад цохьсон чинь би сандал дээр сууж байсан болохоор шууд хойшоо саваад унасан. Тэгээд би яаж байгаа юм бэ гээд босож ирээд нөгөө залуугийн араас татсан чинь миний нүүр лүү гараараа цохиод би ухаан балартаад унасан. Тэгээд хэсэг байж байгаад сэргэсэн чинь намайг цохьсон залуу найз нартайгаа зугтаагаад явсан байсан. Намайг Стай хамт явсан махлаг бүдүүн М гэдэг залуу нүүр лүү цохиж гэмтэл учруулсан юм. Эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол болох 500.000 төгрөгийг би Мээс цагдаа дээр байхдаа авсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 8-9х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10046 дүгнэлтэд: “Б.Б-н биед тархи доргилт, хамрын яс, таславчийн хугарал, таславчийн муруйлт, зүүн хөмсөгт зулгаралт, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 20х/

 

Гэрч Б.П-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би М ахаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднаранд байрлах хашаа байшинг худалдаж аваад М ах надад байшингаа өгөхөөсөө өмнө засвар хийгээд найз С, Х нартай байсан. Тэгээд тэд нар байшинд засвар хийхийн  хажуугаар М ах 1 шил архи, пиво аваад ууцгаагаад байсан, би уугаагүй. Тэгээд өдөр Сгийн гэр лүү бид нар явж нээвий авахаар Мийн машиныг би бариад тэд нар суугаад хойшоо яваад Сгийн гэрээс нээвий аваад буцаад явж байсан чинь зам дээр Ш гэдэг нэртэй залуу нилээн согтуу явж чадахгүй байхаар нь бид нар машиндаа суулгаад хүүхдийн тоглоомын талбайн хажууд хамт архи ууж байсан 2 залууд хүргэж өгөхөөр очоод саадан дотор пиво ууж байсан залууг дуудаад та 2 энэ Ш-г аваач хойно явж чадахгүй согтуу байхаар нь аваад ирлээ гээд бид нар Ш-г машинаас буулгаад сандал дээр суулгасан чинь тэр 2 залуу наадахтай чинь бид 2 архи уугаагүй гээд Сд хэлээд нэг залуу нь маргалдаад байхаар нь би машиндаа ороод сууж байсан чинь нэг мэдсэн М ах тэр 2 залуугийн нэг залуугийнх нь нүүр лүү гараараа цохиод хамарнаас нь цус гаргаад нөгөө залуу нь тэрүүгээр зодууллаа гээд агсраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12х/

 

Гэрч Б.Ч-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр найз Б-н хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дунднаран гудамжинд байрлах Хүүхдийн тоглоомын талбайн саадан дотор сууж 2.5 литрын 1 ширхэг Боргио пиво дөнгөж уугаад эхэлж байхад Приус-20 маркийн авто машинтай хүмүүс ирээд дотроос нь С гэх залуу бууж ирээд шээчихээд буцаад машиндаа суух гэхэд нь би хөөе С гэж дуудсан. Тэгтэл С машиндаа ороод суусан. Тэгсэн чинь тэндээс нэг танихгүй залуу бууж ирээд пиздаа минь Ш-аа ав гэж орилсон. Тээхээр нь би танихгүй гэхэд танина ш дээ гэсэн. Тэгээд машинаас гурван хүн бууж ирээд Ш-ааг аваач гэсэн. Тэгэхээр нь би танихгүй авахгүй гэсэн чинь танина гээд байсан. Тэгтэл нэг туранхай залуу нь нутаг яриад чи аль нутаг вэ гэхээр нь би Архангайнх гэсэн чинь манай найз би Хөвсгөлийнх гэсэн. Тэгсэн анх асуусан туранхай залуу Архангайхан ингэж явдаггүй юм аа гэж хэлээд байж байтал хажууд нь байсан бүдүүн бор царайтай залуу нь хажуугаар орж ирээд Төв аймгийханд дургүй зодох хэрэгтэй гэж хэлээд Б-н нүүр лүү цохиод хойшоо унагаад би боль гэж тэр залууг хориглосон чинь С салгахгүй хараад байсан. Тэгээд Б-г тэр бүдүүн залуу зодоод байхаар нь би цагдаад дуудлага өгөх гээд хол очоод цагдаад дуудлага өгсөн чинь тэнд нар машиндаа суугаад яваад өгсөн юм. Тэгээд би Б-н хамарнаас цус гараад байхаар нь түргэн дуудаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд Б-г гэрт нь хүргэж өгөөд эгч нь цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/

 

                  Шүүгдэгч Х.М-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С-н гэрээс шаврын нээвий авах гээд явж байсан чинь манай хашаа өөдөөс харсан хүүхдийн тоглоомын талбайн хажууд гурван нөхрийн нэг нь явж чадахгүй гуйваад явж байхаар нь бид нар машиндаасуулгаад нөгөө хоёрт энэ найз чинь согтуу машины замаар яваад байна гэдгийг хэлсэн чинь наад нөхөр чинь бид хоёрт хамаагүй гээд өөдөөс томроод хэрүүл хийгээд байхаар нь би машинаас бууж очоод тэр хоёр залуугийн нэгийг нь мангастаад хойшоо унагаад буцаад явах гэсэн чинь нөгөө залуу босож ирээд миний мөрнөөс бариад авахаар нь би тэр залуугийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь хамар амнаас нь цус гараад нүүрээ дараад тэр залуу зодуулчихлаа гээд орилоод байсан. Би Б-т эмчилгээ болон нэхэмжилсэн хохирол гээд 500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Х.М нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 10046 тоот дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Х.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Х.Мийн хувийн байдлын талаар:

Гэрч Д.Б-н мэдүүлэг /хх-ийн 52х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36х/

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46х/

“...” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 58х/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 51х/

Х.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Х.М нь хохирогч Б.Б-н эрүүл мэндийн хохирлын төлбөрт 500.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9х/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.М-н бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Х.Мийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “...” ХХК-ийн зоогийн газрыг түрээслэн ажлуулдаг тухай “...” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 58х/, мөн хавтаст хэрэгт авагдсан тодорхой орлогын эх үүсвэртэйг нотолсон “...” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60х/ зэргийг харгалзан Х.М-т 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулах нь зохимжтой байх ба оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Х.Мийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч П овогт Х-н Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-т оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ