Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2070

 

                                 

 

 

 

 

 

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02036 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК -д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 41 933 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

              

Нэхэмжлэгч Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь С ХХК -иар сэндвичэн барилгын дээврийг угсрах ажлыг гүйцэтгүүлж 47 500 000 төгрөгийн төлбөр төлсөн. Тухайн ажил гүйцэтгэсний дараа доголдол үүсч, нийгэмд аюултай, хүний амь нас, эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хохирол учруулж болзошгүй байдлыг бүрдүүлсэн. Тухайлбал, дээврийн ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас дусаал гоожиж, их хэмжээний борооны ус барилгад нэвтэрсэн, С ХХК -ийн гүйцэтгэсэн дээврийн ажилд хэрэглэсэн хөөсөнцөр нь галд тэсвэртэй байхаар заасан боловч дээврийн хэсгээс гарсан хөөсөнцөр галд шатамхай болох нь тогтоогдсон, хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны тэргүүн н.Түмэндэмбэрэлийн сэндвичэн дээврийн чанарын дүгнэлтээр чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон. Манай компанийн зүгээс С ХХК -ийн доголдлыг засварлахад дараах зардлууд гарсан. Үүнд: сэндвичэн дээврийн засварт материалын зардал 20 539 800 төгрөг, “Өү жэй ай” ХХК-тай NU2018044 тоот дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж сэндвичэн дээврийн дотор засварын ажлын хөлс 9 494 870 төгрөг, гадна засварын ажлын хөлс 5 491 000 төгрөг, хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны дүгнэлт хийлгэсэн зардал 500 000 төгрөг, ус алдсанаас болж дахин хийгдсэн заслын ажлын зардал 5 119 300 төгрөг болно. Иймд сэндвичэн дээврийн гадна болон дотор талыг чанаргүй гүйцэтгэсний улмаас учирсан хохирол 41 933 700 төгрөгийг С ХХК -иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С ХХК  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад түүнийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд: гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дэндүү нэг талыг барьсан үндэслэлгүй шаардлага байна. Гэм хорын хэмжээ буюу нэхэмжлэлийн дүн нь бодитой биш. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд татгалзах үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд манай компани нотлох баримт шүүхэд гаргаж өгөх, мөн шүүхэд хүсэлт гаргах замаар нотлох баримт бүрдүүлүүлэх болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч байгууллагын барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. 2 жил 6 сарын дараа дээврээс ус гоожсон гэх үед нь манайхаас засварын ажлыг хийж өгнө гэсэн. Гэтэл засах гээд очиход Н ХХК-ийн инженер манай гаргаж өгөх материал дутуу байна, дараа ирэхээр чинь материалыг бэлдээд байж байя гэж хэлсэн байдаг. Манайх уг дээврийн засварын ажлыг хийж өгнө гэсэн бодолтой байсан. Гэтэл “Өү жэй ай” ХХК-иар 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хийлгэсэн байна. Манайхаас ажил хийхгүй гэж татгалзаагүй. Нэхэмжлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Өү жэй ай” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээн дээр ажлын хөлс 8 344 000 төгрөг гэж бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгч тайлбарлахдаа 9 494 870 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна. Тэгэхээр гэрээтэй нь төлсөн үнийн дүн зөрөөд байгаа юм. Мөн материалын зардал нэхэмжлээд байгаа боловч гэрээний 2.1 дэх заалтад материал, техникийн зардал, багаж хэрэгсэл, зөөвөрлөх ажлын хөлс, хүн хүч хоол унааны зардал бүгд ажлын хөлсөнд багтсан болно гэж заасан байна. Мөн материалын зардал гаргасан гэх боловч ямар ч нотлох баримт байхгүй байна. Хэдийгээр бидний хооронд анх хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ байхгүй боловч манайх доголдолтой ажил гүйцэтгэсэн гэдэгтэй маргалдаагүй. Анхнаасаа талууд анх ажил гүйцэтгэх явцдаа битүү хучилттай барилга байсныг зураг зөрчөөд хямдхан хийлгэх гээд сендвичэн дээвэртэй барилга хийлгэсэн байдаг юм билээ. Гадна талаасаа цастай байхаар дотор талаасаа дулаан цохиод ус нэвтрэхээс аргагүй болоод байгаа юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК -иас 15 485 870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 447 830 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 367.618 төгрөг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СопремаХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 235.379 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нар-УртХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Төвшин давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл болон 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг зөрчсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч С ХХК -д холбогдуулан сендвичэн дээврийн гадна болон дотор талыг чанаргүй гүйцэтгэсний улмаас учирсан хохиролд 41 33 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Талуудын хооронд 2015, 2016 онуудад ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, хариуцагч С ХХК  нь нэхэмжлэгч байгууллагын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах худалдаа, үйлчилгээний 3 давхар барилгын сэндвичэн дээврийг угсрах ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Н ХХК нь ажлын хөлсөнд 47 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан С ХХК -ийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 25/56 тоот, Н ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/047 тоот, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/116 тоот албан бичгүүд болон талуудын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 75-77/

Ажил гүйцэтгэх гэрээ хэрэгт авагдаагүй боловч талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу ажил хийгдэж төлбөр төлөгдсөн талаар хэн аль нь маргаагүй тул анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Талууд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол, ажлын чанарын талаар маргадаг.

            Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэ тохиолдолд тухайн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой байгаа эсэхийг ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С ХХК  нь нэхэмжлэгч Н ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах худалдаа, үйлчилгээний 3 давхар барилгын сэндвичэн дээврийг угсрах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн, 2016, 2017 онуудад дуудсан цагт тухайн барилгын дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэж ирсэн боловч хийж гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой хийгдсэн болох нь хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны зөвлөх инженер Л.Түмэндэмбэрэлийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх 9-11, 75-86/

Нэхэмжлэгч Н ХХК нь дээрх дүгнэлтээр тогтоогдсон гүйцэтгэсэн ажлын чанарын доголдлыг арилгуулахаар хариуцагч С ХХК -д 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1/047 тоот, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1/116 тоот мэдэгдлүүд хүргүүлж байсан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаж байсан байх бөгөөд хэргийн 76-77 дугаар талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч С ХХК  нь ажлын үр дүнгийн доголдлыг тогтоосон хугацаанд арилгаж өгөөгүй байх тул нэхэмжлэгч Н ХХК нь “Өү жэй ай” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр NU 20180448 дугаар, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр №NU2018037 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулж, барилгын дээврийн гадна болон дотор засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна. /хх 44-48, 54-57/

Хариуцагчийн төлөөлөгч С.Төвшин нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 8 344 000 төгрөг гэж байхад анхан шатны шүүх 9 499 870 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэжээ.

Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дотоод шилжүүлгийн маягт, төлбөрийн нэхэмжлэл, “Шат түрээслэсэн акт” зэрэг нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаас гадна нэмэлт ажлыг хийж гүйцэтгүүлсэн байх ба анхан шатны шүүх бодитоор шилжүүлсэн ажлын хөлсийг хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. /хх40-43/

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг догодлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”-ээр шаардлага гаргах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч С ХХК -ийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахтай холбоотой захиалагчаас гарсан шууд зардлыг тодорхойлохдоо дотор засварын ажлын хөлсөнд 9 494 870 төгрөг, гадны засварын ажлын хөлсөнд 5 491 000 төгрөг, хяналтын итгэмжлэгдсэн инженерүүдийн холбооны дүгнэлт хийлгэсэн зардал 500 000 төгрөг, нийт 15 485 870 төгрөгийг хариуцагч С ХХК  хариуцах үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 539 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. /хх 41, 43, 61/

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК -иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН