Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/365

 

 

 

 

 

 

   2022             04            07                                      2022/ДШМ/365

                                                       

 

Б.И-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.И-ий өмгөөлөгч Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.И-ий өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.И-д холбогдох эрүүгийн 2110021101187 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          И-,

 

            Шүүгдэгч Б.И- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ****  Б.Э-г “ээжийг минь янхан гэлээ” гэж нүүрэнд нь цохиж, эрүүл мэндэд нь эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.И-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ээс 2.499.340 (хоёр сая дөрвөн зуун ерэн ес мянга, гурван зуун дөч) төгрөг гаргуулан хохирогч Б.Э-д олгож, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, шүүгдэгч Б.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Б.И-ий өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны үүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэх зохицуулалт 18 насанд хүрсэн боловч эрүүл мэнд, бие бялдар, сэтгэхүйн хөгжлийн хувьд насанд хүрсэн гэж үзэх боломжгүй хүнийг хамруулах бөгөөд шүүгдэгч Б.И-ий хувьд дээрх нөхцөл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт зааснаар ял оногдуулах үндэслэлгүй гэсэн. Тэгтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.И-д ял оногдуулах боломжтой байсан боловч уг заалтыг хэрэглээгүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Б.И- нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсийн оюутан бөгөөд эмээ Ш.Ч-н хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 113 тоотод амьдардаг ба эмээ Ш.Чулуунцэцэг нь явж чаддаггүй, Б.И-ий асаргаанд байдаг. Б.И-ий төрсөн ээж В.Б нь нөхөр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд тусдаа амьдардаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Б.И-д анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Б.И-д 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.И- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн **** тоотод Б.Э-г “ээжийг минь янхан гэлээ” гэж нүүр лүү нь алгадаж эрүүл мэндэд нь эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Э-гийн “...хэрүүл болоод байж байхад И- гэх залуу орж ирээд “та нар одоо яагаад байгаа юм бэ, чи юу яриад байгаа юм” гэж над руу орилохоор би тайлбарлаж хэлж байхдаа “чи эмэгтэй хүнээс төрөөгүй юу” гэхэд “чи миний ээжийг ямар байсныг мэдэх юм уу” гээд орилоод байхаар нь “чиний ээжийг ямар байсныг би яаж мэддэг юм” гэж хэлэхэд “чи миний ээжийг янхан гэж хэллээ” гээд миний зүүн шанаан тус газар гараа савж ирээд цохисон. Тэгтэл шууд эрүү зуураад амнаас цус гарсан. ...” /хх 10-11/,

гэрч Б.М-ын “...И- дундуур орж ирээд Э-тэй маргалдаж, ээжийгээ яриад байсан. Тэр үед Э- “чиний ээжийг юу туулсныг би яаж мэддэг юм бэ” гэж хэлтэл гараа далайж ирээд маш хүчтэй нэг удаа алгадсан. Тэгтэл Э-гийн амнаас цус гараад эхэлсэн. ...” /хх 18-19/,

шинжээч Б.Даваасүрэнгийн “...Б.Э-д учирсан эрүү ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба уг гэмтлийг авсан тохиолдолд хугарсан хэсэгт нь төмөр ялтас тавьж хадаж эмчилнэ. Хадаагүй тохиолдолд эрүү яс зөрж эдгэх, үрэвсэх гэх мэт хүндрэл учирна. ...Шүдний ёзоор дайрсан хугаралтай үед уг шүдийг авах магадлалтай. ...”/хх 45-46/,

Б.И-ий яллагдагчаар өгсөн “...би ээждээ ч ингэж олон алгадуулж үзээгүй гэж хэлэхэд манай ээжийг элдэв янзаар хэлж доромжилсон. Тэгэхээр нь би “чи манай ээжийг яаж мэддэг юм” гэхэд “танай ээж ариухан биш” гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрч нэг удаа алгадсан. ...” /хх 70/ гэсэн мэдүүлгүүд,

 

Б.Э-гийн биед эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11175 дүгнэлт /хх 40-41/, хохирогч Б.Э-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 49-50/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Б.И- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.И-ий хохирогч Б.Э-гийн нүүрэн тус газар нь алгадаж, эрүүл мэндэд нь эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.И-ий өмгөөлөгч Д.Амаржаргал “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.И-д ял оногдуулах боломжтой байсан боловч уг заалтыг хэрэглээгүй, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.И- нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед ч 18 насанд хүрсэн байжээ.

 

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасны 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул, энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, сэтгэхүй, оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн адил сэтгэж, үйлдэл хийж байгаа 18-аас 21 хүртэлх насны хүнийг энэхүү ойлголтод хамруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Б.И-ийг өсвөр насны хүнтэй адилтган үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт байхгүй болно.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.И-ий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд заасан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.И-ий өмгөөлөгч Д.Амаржаргалын нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг багасгах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, хохирогч Б.Э-д 1.000.000 төгрөг төлснийг дурдаж, үлдэх хохирол болон тооцоолох боломжгүй /цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И-ий өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И-ий өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН