Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2071

 

 

 

 

 

 

 

 

 

П.Тын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2019/02760 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бид холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Очирваань,

Хариуцагч: Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Оюунгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

              

Нэхэмжлэгч П.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бтой 2019 оны 03 дугаар сарын дундуур уулзаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах шороон овоолгыг зайлуулах, талбайг тэгшилж засуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр аман байдлаар харилцан тохиролцсон, бичгийн хэлбэрээр гэрээ хийгээгүй. Хариуцагч нь уг ажлыг 3 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ гээд ажлын нийт хөлсийг 6 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Б.Б нь дээрх ажлыг 3 хоногийн дотор хийж дуусгахаар тохиролцсон ч 1 хоног талтай ажиллаад газар бүрэн гэсээгүй байна гэсэхээр нь үлдэгдэл ажлаа дуусгаж өгнө гээд явсан. Ажлын хөлсөө дуусгаад өгөхөөр тохирсон ч зээл төлөх болоод байна та үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэсэн тул түүнд итгээд ажлын хөлсийг бүрэн төлсөн. Тухайн ажлыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн дуусгана гэсэн боловч хийж өгөөгүй. Хариуцагч нь ажлын 50 хувийг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул 3 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бтой 2019 оны 3 дугаар сарын дундуур уулзаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах 50х50х3м харьцаатай шороон овоолгыг 8 000 000 төгрөгөөр зайлуулахаар харилцан тохиролцсон юм. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2 000 000 төгрөгийг өөр хүний данснаас Б.Бид шилжүүлсэн, миний данснаас харагдахгүй байсан тул ажлын хөлсийг 6 000 000 төгрөг гэж бичсэн болно. Улмаар хариуцагч нь 1 бүтэн, 1 хагас өдөр ажиллаад газар хөлдүү байна газар гэсэхээр ажлыг гүйцээж хийж өгье гээд явсан. Миний бие харилцан тохиролцсон 8 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч хариуцагч нь үлдэх ажлыг хийж гүйцэтгээгүй. Дутуу ажлаа хийж дуусга гэхэд хариуцагч нь хийж гүйцэтгээгүй тул М.Шинэбаяртай 3 000 000 төгрөгөөр дутуу ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Иймд надаас нэмж гарсан 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах 50х50х3м хэмжээтэй шороон овоолгоос 150 машин шороог 9 000 000 төгрөгөөр зөөхөөр П.Ттой харилцан тохиролцсон. Энэ ажлыг би цааш нь 9 000 000 төгрөгөөр, М.Наранхүүгээр хийлгэхээр болсон. Энэ тохиролцоог М.Наранхүү, Д.Гарамханд нар гэрчилнэ. Би 136 орчим машин шороог зөөсөн ба нэхэмжлэгч нь үлдэх 1 000 000 төгрөгийг төлөөгүй. Үлдэх ажлыг хийж гүйцэтгэхээр М.Наранхүүгийн экскеватор 7 хоног ажилгүй зогссон боловч П.Т нь үлдэх 1 000 000 төгрөг буюу түлшний мөнгийг өгөөгүй. Би 10 орчим хувийн ажлыг хийлгүй үлдээсэн ба үлдэх 1 000 000 төгрөгөө төлсөн бол энэ ажлыг бүрэн хийж дуусгах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан Б.Боос 2 600 000 төгрөгийг гаргуулан П.Тод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос 56 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Тод олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. П.Т нь Б.Бтой ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж ажлын хөлсийг 6 000 000 төгрөг байхаар тохиролцсон гэж нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд хариуцагч нь ажлын хөлсийг 9 000 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд ажлын хөлснөөс 1 000 000 төгрөг дутуу төлсөн талаар тайлбар гаргасан. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн тайлбартай танилцаад 8 000 000 төгрөгөөр ажлын хөлс тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлага тайлбар зөрүүтэй байхад шүүх үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. Б.Б нь 3 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй гэдэг боловч нотлох баримтаар нотлоогүй. Мөн М.Шинэбаяр нь 2 600 000 төгрөгөөр ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ нотлох баримтаар нотлоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн зөрүүтэй тайлбар болон гэрчийн мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч Б.Бид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах 50х50х3м хэмжээтэй шороон овоолгыг зайлуулах, тэгшлэх ажлыг хариуцагчаар хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон боловч хариуцагч нь хийж гүйцэтгэх ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй орхиж явсан тул үлдсэн ажлыг бусдаар хийлгүүлэхэд гарсан зардал болох 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж, хариуцагч “П.Ттой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах газар ухсан шороон овоолгыг зайлуулах, талбайг тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлыг дутуу хийж гүйцэтгэсэнд нэхэмжлэгч өөрөө буруутай. Ажлын үлдэгдэл хөлс болох 1 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй” гэж тус тус тайлбарлажээ.

Талуудын дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах 50х50х3м хэмжээтэй шороон овоолгыг зайлуулах, тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй тул анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Талууд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээний талаар маргадаг.

Нэхэмжлэгч нь “дээрх шороон овоолгыг 8 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохирсон” гэж, хариуцагч нь уг ажлыг 9 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгчтэй тохирсон” гэж тус тус тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ажлын хөлсийг 6 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын хөлсийг 8 000 000 төгрөгөөр тохирсон гэсэн зөрүүтэй тайлбарыг гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан хариуцагч Б.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 8 000 000 төгрөг хүлээн авсан болох нь тогтоогдсон /хх 14 дүгээр тал/ тул анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч П.Тоос ажил гүйцэтгэгч Б.Бид хийж гүйцэтгэх ажлын хөлсөнд нийт 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой юм.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...шороон овоолгыг бүхэлд нь зайлуулах үүрэг хүлээгээгүй, уг шороон овоолгоос зөвхөн 150 машин шороо зөөх ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн, үүнийг гэрч М.Наранхүүгийн мэдүүлгээр тогтоогдоно гэж тайлбарласан бөгөөд анхан шатны шүүх гэрч М.Наранхүү “...150 машин шороог зайлуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон” гэх мэдүүлэг нь нэхэмжлэгчтэй бус харин хариуцагчтай хийсэн тохиролцоо тул уг гэрчийн мэдүүлгээр талуудын хоорондын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Зохигчид хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн хувь хэмжээнд маргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ц.Цэрэндаваагийн “...60-70 хувийн ажил хийж гүйцэтгэсэн, 30-40 хувийн ажил гүйцэтгээгүй” гэх, гэрч М.Наранхүүгийн “...150 машин шороо гарах байх, 136 машин овоолгыг зөөсөн” гэх, гэрч М.Шинэбаярын “...50-60 машин шороо зөөсөн, ...2 600 000 төгрөгийг бэлнээр авсан” гэх, гэрч Д.Гарамхандын “...бүрэн ажлаа хийж гүйцэтгээгүй. Шорооны 60 хувийн ажил хийж гүйцэтгээгүй” гэх мэдүүлгүүд болон талуудын тайлбар зэргийг харьцуулан дүгнэж, анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Т нь дутуу үлдээсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд өөрөөс нь нэмэлт зардал гарсан болохыг гэрч М.Шинэбаярын шүүхэд өгсөн тайлбарт дурдсан хэмжээгээр буюу 2 600 000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасантай нийцсэн, хариуцагч нь дээрх мөнгөн дүнгийн хэмжээг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иймд шүүх хариуцагчийг өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2019/02760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Боос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН