Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2024/02130

 

 

 

 

 

 

 

 

2024 04 19 101/ШШ2024/02130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Аын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б/-т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,611,158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.Сийн хамт шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2023 оны 06 сарын 13-ны үеэр фэйсбүүк "-ээр "газартай хашааг 20 000 000 төгрөгөөс ярьж зарна" гэсэн зарын дагуу 989999999999 гэсэн дугаар луу С.А би залгаж ярьхад, эмэгтэй хүн "ирээд үз гэж хэлсэн.

Ингээд зарын дагуу эхнэр Б.Оюунгэрэлийн хамт 2023 оны 06 сарын дундуур, А а тоотод очиж уулзахад, зар тавьж, ярьсан эмэгтэй "манай хүүхдийн газар байгаа юмаа" гээд бидэнд зарах газраа үзүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа бид дахин газраа очиж үзэхэд өөрийгөө Цэцэрлэгийн эрхлэгч Өлзий гэж танилцуулаад, бид хоорондоо ярилцаад 20,000,000 төгрөгийн газрыг 18,000,000 төгрөгт зарна гэсэн.

Тэгэхэд нь 500,000 төгрөг татчих, 17,500,000 төгрөгөөр авья гэхэд зөвшөөрч "одоо иргэний үнэмлэхээ өгчих, газрын гэрчилгээг одоо таны нэр дээр шилжүүлээд өгье" гэхээр нь түүнд итгээд, 2023.06.16-ны өдөр өөрийнхөө Тны данснаас, түүний шилжүүл гэсэн Тны дансанд 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд бид маргааш нь буюу 2023.06.17-ны өдөр худалдаж авсан газартаа нүүж ирсэн.

Ингээд Ж.Өоос хэзээ нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлэхийг асуухад тэрээр үлдэгдэл мөнгөө нэхсэн, түүнд үлдэх 500,000 төгрөгийг өгөх гэтэл тохирсон байснаас буцаж 1,000,000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр ярилцаад хурдхан шиг газрын гэрчилгээгээ өөрсдийн нэр дээр гаргуулж авахын тулд 950,000 төгрөгийг 2023.09.05-ны өдөр өмнө шилжүүлсэн дансанд шилжүүлээд, 50,000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн.

Хашаандаа буусны дараа цахилгааны тоолуураа өөрсдөө ав гэсний дагуу 95,000 төгрөгөөр шинэ гэрчилгээтэй тоолуур худалдаж аваад цахилгаанаа залгуулах гэтэл барьцааны 100,000 төгрөг, монтёр дуудлагын 15,000 төгрөг гэж тус тус бэлнээр авсан.

Гэтэл Ж.Ө тоолуурын мөнгийг надаас авсан атлаа миний нэр дээр өөр хүний нэр дээр гэрчилгээг гаргасан байна. Газрын гэрчилгээг бидний нэр дээр шилжүүлэх шаардлагыг байнга тавьж байсан боловч шилжүүлж өгөөгүй, үүнийхээ шалтгааныг намайг хөдөөний хаягтай, өөр хотын хаягтай хүн олоод ир гэхээр нь хотын хаягтай хүн олоод ирэхэд мөн өдил гэрчилгээг гаргаж өгөөгүй, газрын гэрчилгээг ч бидэнд үзүүлээгүй.

Ж.Ө гэнэт 3 сар болсны дараа 2023.09.15-ны өдөр хашаа суллаж өг, суллаад өгөнгүүт мөнгийг чинь шууд өгнө" гэж хэлсэн, тэгээд газрын гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байсан тул 7 хоногийн дараа буюу 2023.09.20-ны өдөр хашаанаас нүүсэн.

Уг нь өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй, амьдрах газартай болохын тулд Ж.Өод итгэн, түүнд 17,000,000 төгрөгийг Тнаас малчны зээл авч өгсөн бөгөөд уг зээл, зээлийн хүү төлж байгаа болно.

Ингээд тэдний хашаанаас нүүснээс хойш сарын 100,000 төгрөгийн түрээстэй газар түрээслэн амьдарч байгаа бөгөөд эхний 3 сарын түрээсийн төлбөр 300,000 төгрөгийг бөөнд нь төлсөн байж байна.

Газар худалдаж авах мөнгөө шилжүүл гэсэн данс нь "Б гэдэг Цэцэрлэгийн данс байсан учир хариуцагчаар цэцэрлэгийг татсан, энэ цэцэрлэгийн дансанд мөнгийг шилжүүлсэн, Ж.Ө нь хувийн цэцэрлэгийн эрхлэгч, газар өөрийнх нь гэж хэлсэн.

Иймд хариуцагч Б Цэцэрлэгээс 2023.06.16-ны өдөр шилжүүлсэн 17,000,000 төгрөг, 2023.09.05-ны өдөр шилжүүлсэн 950,000 төгрөг, бэлнээр өгсөн 50,000 төгрөг, тоолуурын төлбөр 95,000 төгрөг, барьцааны 100,000 төгрөг, монтёр дуудлагын 15,000 төгрөг, Тны зээлийн хүүд төлсөн 501,158 төгрөг, нийт 18,711,158 төгрөг нэхэмжилсэн.

Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш хариуцагч нь 17,100,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дансаар өгсөн учир үүнийг нэхэмжлэлээс хасч, үлдэх 1,611,158 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч Б цэцэрлэг Боловсрол сургалтын байгууллагын эрхлэгч Ж.Ө нь шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь өөрийнхөө нэр дээр кадастрын зурагтай, охин н.Агийн эзэмших эрхтэй, 0.7 мкв хэмжээтэй, хоосон хашааг С.Ад худалдахаар тохиролцож, түүнээс 2023.06.16-ны өдөр 17,000,000 төгрөг, 2023.09.05-ны өдөр 950,000 төгрөгийг Б цэцэрлэг-ийн дансаар авсан, бэлнээр 50,000 төгрөг авснаа мэдэхгүй байна, гэхдээ түүнд 18,000,000 төгрөгөөр газрыг худалдахаар тохиролцсон юм.

Газрын гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж өгөх гэтэл иргэний үнэмлэх нь хөдөөний хаягтай байсан тул хамаатныхаа хотын хаягтай хүнийг олоод ир гэсэн чинь авчраагүй. Харин нутгийнхаа гэх айлыг авчирч хашаанд буулгаад 5 сар үнэ төлбөргүй амьдруулсан. Уг нь энэ газрыг өөр хүнд 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байсан, гэтэл С.Аыг хөдөөнөөс ирсэн гэж гуйгаад байхаар нь түүнд зарахаар болсон.

Тэгээд түүнд газрыг худалдахгүй болсон учир 17,000,000 төгрөг, барьцааны 100,000 төгрөгийн хамт нийт 17,100,000 төгрөгийг өмнөх шүүх хуралдаан болохоос өмнө буцааж өгсөн, одоо түүний нэхэмжлэлийн шаардлагаас тоолуур нь сүүлд худалдаж авсан айлд нь байгаа тул 95,000 төгрөгийг буцааж өгнө, үүнийг зөвшөөрнө.

С.Аын өөрийнх нь хэрэглэх цахилгааныг залгуулахын тулд монтер дуудаж, 15,000 төгрөгийг тэр хүнд төлсөн учир өгөхгүй, түүний өөрийнх нь банкнаас авсан зээлийн хүү 501,158 төгрөгийг хариуцан төлөх учиргүй гэж бодож байна.

Энэ хүн манай хашаанд 5 сар амьдарсан учир хүний хашаанд үнэ төлбөргүй суух боломжгүй, мөнгө төлөх ёстой учраас тогны гээд байгаа 100,000 төгрөгийг барьцаанд шаардсан. Үлдэгдэл 1,000,000 төгрөг нь манай хашаанд хамаатныхаа айлтай хамт 5 сар, нийт 10 сар амьдарсан тул түрээсийн төлбөртөө суутгаж авсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас тоолуурын 95,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн : Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,С.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, Т ХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга, орлогын мэдүүлэг, 2023.12.01-нйи өдөр өмгөөлөгч Д.Стэй байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ХК-д 2023.12.05-ны өдөр үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 501,158,21 төгрөг, нийт 1,501,158,21 төгрөг зээл бэлэн бус төлөлт гэх мемориалын баримт, Т ХК болон С.А, Д.Оюунгэрэл нарын хооронд 2023.06.06-ны өдөр байгуулагдсанбарьцаат зээлийн гэрээ, гэрээний хавсралт, хийгдсэн зээл ийн /хх 1-7, 13-18/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Ж.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа, Б цэцэрлэгийн сургалт эрхэлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар /хх 24-26/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Б цэцэрлэг Боловсрол, сургалтын байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Ж.Өын иргэний үнэмлэхийн хуулбар, сургалт эрхлэх нөхцөл шаардлагын хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 40-95/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Б цэцэрлэг Боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 501,158 төгрөгөөр ихэсгэж, нийт 18,711,158 төгрөг болгосон, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагч 17,100,000 төгрөг төлсөн тул үлдэх 1,611,158 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 95,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүрэг, 31 дүгээр хороо, Монелын 33 дугаар гудамж, 24а тоот хаягт байршилтай, 585 мкв газартай зэргэлдээ орших, эзэмших эрхтэй гэх газрыг худалдах, худалдан авахаар тохиролцож, С.А нь 18,000,000 төгрөг төлөх, Б цэцэрлэг нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.

 

5.а. Ийнхүү тохиролцсоны дагуу нэхэмжлэгч С.А нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 17,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 950,000 төгрөг, нийт 17,950,000 төгрөгийг хариуцагч Б цэцэрлэгийн дансаар, 50,000 төгрөгийг тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Өод бэлнээр, нийт 18,000,000 төгрөгийг төлсөн,

5.б.  Хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан эзэмшилдээ авсан, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 17,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримт тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй. /хх 5-6/

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

6.1. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.

Дээр дурдсан тогтоогдож байгаа үйл баримтаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

7. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эзэмших эрхтэй газрыг Б цэцэрлэг Боловсрол, сургалтын байгууллагын эзэмшилд бүртгэлтэй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Үүнээс үзэхэд худалдагч буюу хариуцагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн боловч хариуцагч татгалзсаныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.

 8. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрийг буцаан өгөх үүрэгтэй.

8.1. Нэхэмжлэгч нь 2023.06.06-ны өдөр Т ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хүүд төлсөн гэх 501,158 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч уг гэрээ нь талуудын хоорондох худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас өмнөх хугацаанд байгуулагдсан, түүний бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч хариуцах болохыг, түүнчлэн монтёр дуудлагын хөлсөнд 15,000 төгрөг төлсөн гэх байдлыг нотолсон баримтыг ирүүлсэнгүй.

Нэхэмжлэгч нь Т ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хүүд төлсөн 501,158 төгрөг, монтёр дуудлагын хөлсөнд 15,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

9. Иймд хариуцагч Б цэцэрлэг Боловсрол, сургалтын байгууллагаас гэрээний үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, тоолуурын үнэ 95,000 төгрөг, нийт 1,095,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 516,158 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасантай холбоотой хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 248,925 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчдилан төлсөн 264,685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. /хх 3, 13/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б цэцэрлэг Боловсрол, сургалтын байгууллагаас 1,095,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 516,158 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан Б цэцэрлэг Боловсрол, сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 248,925 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ