| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/01928/И |
| Дугаар | 101/ШШ2024/02188 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2024/02188
2024 04 23 101/ШШ2024/02188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: д.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: с т холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Хариуцагч А.С нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.Б миний бие хувиараа машин засварын газар ажиллуулдаг А.Ст "В УБН улсын дугаартай машин засуулахаар 2023.02.25-ны өдөр хүлээлгэж өгөхдөө машинаа өөрөөр нь явуулж аваачиж өгсөн.
Уг машин Ц авто сургуультай сургалтын журмаар гэрээгээр ажилладаг жолооны машин бөгөөд засварчин А.С нь машиныг унаж үзээд форсунк /өндөр даралтын труп/ солих шаардлагатай, сэлбэг нь надад байгаа би засаж чадна гэж хэлээд авч үлдсэн.
Засварын хөлсөнд 1,200,000 төгрөг авахаар тохиролцсон. Машиныг А.С нь 2 сар зассан. Энэ 2 сарын хугацаанд хэд хэдэн удаа очсон, мөн утсаар нь залгахад зарим үед утсаа аваад, зарим үед утсаа авахгүй байсан.
Жолооны сургалтын машин засварт зогссоноор би үйл ажиллагаа болон сургалт явуулж чадахгүй хохирсон. Нэг удаа очиход машины моторыг бүрэн задлаад хаячихсан байсан. Машиныг чинь засаж байгаа одоохон дууслаа гээд 2 сар болсон.
2023.04.18-нд хамгийн сүүлд очиж машинаа орой 21-30 цагт авсан, тэгэхэд бүрэнхий харанхуй болсон байсан. Машин засаж байх хугацаанд 200,000 төгрөгөөр 2 удаа дансаар хийж нийт 400,000 төгрөг, 450,000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн. Үлдэгдэл мөнгийг явж үзэж байж өгнө гээд машинаа авсан. Машин хүлээж авч яваад гэрэл дохио ажиллахгүй, машин огт асаагүй. Энэ талаар хэлэх гэтэл : Миний утсыг авахгүй болохоор өөр хүний дугаараас залгаж хэлэхэд Мөнгөө дутуу өгсөн юм чинь тэгэлгүй яахав гэсэн.
Түүнээс хойш утсаа авахаа байсан А.С нь зүгээр байсан машиныг маань засах биш эвдээд орхисон. Үүнээс болоод 2 сарын хугацаанд ажилгүй байснаас цалин хөлс авч чадахгүй хохирсон. 1 сарын 850,000 төгрөгийн түрээсээр ажилладаг байсан учир 2 сар ажилгүй байсан хугацааны цалин 1,600,000 төгрөг нэхэмжилж байна. Компанитай байгуулсан түрээсийн гэрээг ирүүлээгүй. Мөн машинаа дахин засварлуулахад 1,600,000 төгрөг шаардлагатай болсон Машин асахгүй явахгүй байгаа болохоор оношилгоо, татвар гээд дахиад зардал гарах учраас энэ талаарх баримт байхгүй.
Иймд А.Саас машин засварын хөлсөнд төлсөн 850,000 төгрөг, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 1,600,000 төгрөг, дахин машинаа засварлуулах зардал 1,600,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн : Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2024.02.09-ний өдрийн албан бичиг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, 55555УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Х ХК-ийн депозит дансны хуулга, гэрэл зургийн үзүүлэлт, ЦХХК-ийн 2024.02.22-ны өдрийн тодорхойлолт /хх 1-12/,
2.2. Хариуцагчаас ирүүлсэн: А.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 16/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.Ст холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан,
2. Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
4. Тус шүүх А.Ст холбогдох, 4,050,000 төгрөг гаргуулах тухай Д.Бын нэхэмжлэлийг 2024.02.26-ны өдөр хүлээн авч, 2024.02.28-ны өдөр шүүгчийн 222222222 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлд хавсаргасан баримтуудтай танилцуулах ажиллагааг хийсэн. /хх 13, 17-20/
4.а. Хариуцагч А.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна. /хх 22-23/
4.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч А.С нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг 2023.02.25-ны өдөр 5555 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.Ст засварлуулахаар тохирч, ажлын хөлс 850,000 төгрөгийг төлсөн боловч тэрээр түүнийг засварлах үүргээ зохих биелүүлээгүй гэж тайлбарласан.
6. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Х ХК-ийн депозит дансны хуулга, ЦХХК-ийн тодорхойлолт, 55555 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтаар хариуцагч А.С нь 5555 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн форсунк /өндөр даралтын труп/-ыг сольж өгөх, нэхэмжлэгч Д.Б нь ажлын хөлсөнд 850,000 төгрөг төлөхөөр тохиролцож, ажлын хөлсийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. /хх 6-7/
7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д:Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,
343.2-т:Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх ёстой бөгөөд талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх нь, үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан хохирол шаардах эрхтэй эсэх нь чухал юм.
8. Хэргийн баримтаар, хариуцагч А.С нь 5555 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн форсунк /өндөр даралтын труп/-ыг сольж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь, нэхэмжлэгч нь ажлын доголдол арилгахаар зардал гаргасан, мөн зайлшгүй орлого олох болох нь тус тус тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоорр биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй, хариуцагч нь гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрийг буцаан өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь ЦХХК-д түрээсийн гэрээгээр 1 сарын 850,000 төгрөгийн цалинтай ажилладаг, 2 сарын хугацаанд тээврийн хэрэгслийн доголдолтой холбоотой ажиллаж орлого олоогүй болохыг, түүнчлэн тээврийн хэрэгслийг дахин зайлшгүй засварлах, ийнхүү засварлахад 1,600,000 төгрөгийн зардал шаардлагатай талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь ажлын доголдол арилгасан болохыг, хариуцагч нь доголдолгүй ажил хүлээлгэн өгсөн болохыг баримтаар нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэрэгжүүлсэнгүй гэж үзэв.
9. Иймд хариуцагч А.Саас ажлын хөлс 850,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.
11. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасантай холбоотой хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. /хх 2/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.Саас 850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.Саас улсын тэмдэгтийн хураамжид 24,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ