Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/367

 

 

 

 

 

 

    2022             04            07                                      2022/ДШМ/367

                                                       

 

Д.Г-эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

хохирогч Б.М-гийн өмгөөлөгч О.Цэвэлмаа,

яллагдагч Д.Г-ийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/319 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр Д.Г-эд холбогдох эрүүгийн 2110017790968 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г-,

 

            Д.Г- нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******тоот буюу гэртээ эхнэр Б.М-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, хацар, шанаа, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний баруун урд хэсэг, дээд уруул, цээжний зүүн хажуу дунд хэсэг, баруун бугалганы гадна, ар хэсэг, баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн бугуйн үе, баруун дал, зүүн дал, ар нуруу, баруун ташаа, баруун гуя, зүүн ташаа, зүүн гуяны гадна дунд, хоёр хөлийн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Д.Г-эд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” Гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар заасан ба тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг нотолно гэж хуульчилсан хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзэв.

            Тодруулбал, хохирогч Б.М-гийн мэдүүлэгт “...Миний хүү уг асуудал болох өдөр хамт байсан бөгөөд хүүхдээ сэтгэл зүйч дээр очиж шинжилгээнд хамруулсан тул уг зардлыг нэхэмжилнэ... “ гэх мэдүүлэг (хавтас хэргийн 13-15), насанд хүрээгүй гэрч Г.Г-йн мэдүүлэгт “... 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр аав, ээж хоёр маргалдаад байхаар нь би болиулах гээд очсон чинь аав хөлөөрөө над руу харахгүй байж байгаад өшиглөсөн. Миний хамар руу хөлөөрөө нэг удаа л өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг, (хавтас хэргийн 40-41 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №10831 дугаартай “...Г.Г-йн биед хамрын таславчийн мурийлт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 51-52 дахь тал), Д.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...Би хүүхдээ санаатай цохиогүй бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эхнэртэй маргалдаж байхад хүү дундуур орж ирээд санамсаргүй цохиулсан байсныг сүүлд мэдсэн юм...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 109-110 дахь тал) тус тус авагдсан байна.

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд, яллагдагч Д.Г- нь Б.М-гийн эрүүл мэндэд халдах явцдаа насанд хүрээгүй хүүхэд болох Г.Г-йн биед халдсан, Т.Г-йн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд Г.Г-йн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан Д.Г-ийн үйлдлийг санамсар, болгоомжгүй гэмтэл учруулсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Г.Г- нь 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 7 настай хүүхэд буюу бага насны хүүхэд. Иймээс шүүгдэгч Д.Г-ийн бага насны хүүхдийн биед халдсан үйлдэл, учирсан хохирлын шалтгаант холбоонд дүгнэлт хийгээгүй, насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн байхад шалгах ажиллагааг явуулаагүй хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн прокурорын №2051 дугаартай тогтоол нь (хх 133-134) хуульд нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжид хамаарах буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд ...” болохыг мэдсээр байж” гэх гэмт хэргийн шинж Д.Г-ийн үйлдэлд байгаа эсэхийг нэг мөр шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хөдөлбөргүй тогтоох нь зүйтэй байна. Энэхүү асуудал нь яллагдагч Д.Г-эд холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй боловч гэмт хэргийн шинжийг орхигдуулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тогтоох нь бусдад учирсан хор уршгийн шинж чанартай шууд хамааралтай байна.

            Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “онц харгис хэрцгийгээр” гэдгийг хүндрүүлэх шинжээр тодорхойлсон ба онц харгис хэрцгийгээр гэсэн шинжийн хууль зүйн ойлголт нь хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулахыг ойлгоно. Тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.М-гийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр “тархи доргилт, дух, хацар, шанаа, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний баруун урд хэсэг, дээд уруул, цээжний зүүн хажуу дунд хэсэг, баруун бугалганы гадна, ар хэсэг, баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн бугуйн үе, баруун дал, зүүн дал, ар нуруу, баруун ташаа, баруун гуя, зүүн ташаа, зүүн гуяны гадна дунд, хоёр хөлийн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан байх тул “онц харгис хэрцгийгээр” гэх хүндрүүлэх шинж байгаа эсэхэд дүгнэлт өгч, гэмт хэргийн шинжийг нэг мөр зөв тодорхойлж ирүүлэх нь зүйтэй. Дээрх зөрчлүүдийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж шүүх дүгнэн, Д.Г-эд холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Г-эд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

         

            Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..шүүгчийн захирамжийг 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Г.Г-йн "... 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр аав, ээж хоёр маргалдаад байхаар нь би болиулах гээд очсон чинь аав хөлөөрөө над руу харахгүй байж байгаад өшиглөсөн..., аав намайг цохисноо мэдээгүй байх. Миний хамар луу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10831 дугаартай “Г.Г-йн биед хамрын таславчийн мурийлт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэргээр Д.Г- нь өөрийн, насанд хүрээгүй хүүхэд болох Г.Г-йн биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хэргийн үйл баримтаар Д.Г- нь өөрийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хүүхэд болох Г.Г-йн биед гэмтэл учруулахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан, өөрөөр хэлбэл гэм буруугүйгээр хохирол учруулсан тул түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд...мэдсээр байж...” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй юм.

     Д.Г-ийн эхнэр Б.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр уг гэмтлийг учруулсан гэж үзэж боломжгүй. Учир нь, онц харгис хэрцгийгээр гэдэгт хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилсан, зовоосон, учирсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг. Хохирогч Б.М-гийн биед учирсан тархи доргилт, зулгаралт, цус хуралтууд нь бүхэлдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан бөгөөд уг гэмтлийн улмаас хохирогч өвдөж шаналсан, тарчилсан, зовж зүдрэхээр байдал бий болсон болон яллагдагч Д.Г- нь хохирогч Б.М-г тарчлааж, зовж шаналгах санаа зорилго тогтоогдоогүй. Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд яллагдагч Д.Г-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогч Б.М-гийн өмгөөлөгч О.Цэвэлмаа эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэргийн нөхцөл байдлын хувьд яллагдагч Д.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд “хөнгөн гэмтэл” учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүү Г.Г-йн эрүүл мэндэд “... хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол” учирсан нь мөн тогтоогдсон /хх 51-52/. Насанд хүрээгүй гэрч Г.Г-йн мэдүүлэгт “...2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр аав, ээж хоёр маргалдаад байхаар нь би болиулах гээд очсон чинь аав хөлөөрөө над руу харахгүй байж байгаад өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 40-41/ авагдсан. Дээрх нотлох баримтаар Д.Г- нь Б.М-гийн эрүүл мэндэд халдах явцдаа насанд хүрээгүй хүүхэд болох Г.Г-йн биед халдсан, Г.Г-йн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй, Г.Г-йн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг санамсар болгоомжгүй байдлаар учруулсан гэж үзэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн прокурорын №2051 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Гэтэл анхан шатны шүүх дараах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэж байна. Г.Г- нь 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 7 настай хүүхэд буюу бага насны хүүхэд байна. Иймээс шүүгдэгч Д.Г-ийн бага насны хүүхдийн биед халдсан үйлдэл, учирсан хохирлын шалтгаант холбоонд дүгнэлт хийгээгүй, насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байхад шалгах ажиллагаа явуулаагүй хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол хуульд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжид хамаарах буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд” болохыг мэдсээр байж” гэх гэмт хэргийн шинж Д.Г-ийн үйлдэлд байгаа эсэхийг нэг мөр шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хөдөлбөргүй тогтоох, хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан байх тул “онц харгис хэрцгийгээр“ гэх хүндрүүлэх шинж байгаа эсэхэд дүгнэлт өгч, гэмт хэргийн шинжийг нэг мөр зөв тодорхойлох зэрэг нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Д.Г-ийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэн прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Гэм буруугийн хэлбэрийн хувьд Д.Г- нь хүүхдийг санаатай өшиглөөд хөнгөн гэмтэл учруулсан зүйл байхгүй. Эцэг, эх хоёроо салгах гээд ирснийг нь мэдэлгүй өшиглөсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ бүх байдлыг шалгах ажиллагааг хийсэн. Одоо өөр шалгах зүйл байхгүй. Гэрт эхнэр, нөхөр хоёр хүүхэдтэйгээ хамт байсан. Тэр гурвын мэдүүлэг хэрэгт байгаа. Гэм буруугийн санаатай хэлбэр байхгүй. Мөн олон тооны гэмтэл учруулсан гэж бичээд онц харгис хэрцгий аргаар үйлдэгдсэн байж болохыг шалгах гэж буцаасан. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх өөрийн санаачилгаар хийсэн. Хэлэлцүүлэгт онц харгис хэрцгий арга байна уу гэдгийг огт хэлэлцээгүй атлаа захирамжид энэ талаар дүгнэсэн. Иймд захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Г-эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгчийн захирамжид заасан “...бага насны хүүхдийн биед учирсан гэмтлийг санаатай, эсхүл болгоомжгүйгээр учруулсан гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. ...” гэх асуудлын тухайд, прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлыг шалгаж, эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, болгоомжгүй үйлдлийн улмаас Г.Г-йн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж /хх 133-134/ шийдвэрлэснээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Д.Г-ийг өөрийн төрсөн хүү Г.Г-йн биед санаатай хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгчийн захирамжийн 2 дахь үндэслэлийн тухайд, “онц харгис хэрцгийгээр” гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгах зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх ёстой.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, яллагдагчийн үйлдэл нь хохирогчийг зодох явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор, өмгөөлөгч нар хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.Г-эд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэх хүртэл Д.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/319 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.Г-эд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Д.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН