Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2024/01879

 

 

 

 

 

 

 

 

2024 04 19 101/ШШ2024/01879

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:П ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С ХХК -д холбогдох

 

62,015,200 төгрөг гаргуулах тухай үндсэн, талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

"П ХХК нь С зочид буудлын 1 давхарт байрлах талбайд баар, караоке ажиллуулах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр "С ХХК-тай гэрээ байгуулж, зохих засвар тохижилтын ажлыг хийж, тохижуулсан талбайгаа түрээслэн хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн ажилчдаа байрлуулах зорилгоор тус буудлын 1 өрөөг түрээслэх тухай гэрээ байгуулсан.

Гэрээгээр тохиролцсоны дагуу өмнө нь пабын зориулалтаар ашиглаж байсан талбайг баарны зориулалтаар ашиглахын тулд өөрийн хөрөнгөөр барилгын материал зви, 2019 оны 5 дугаар сарын 05-ны едер "Б" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн, тохижуулж ашиглахад бэлэн болгосон.

Түүнчлэн "Б" ХХК-аар С зочид буудлын 1 давхарт караокений зориулалттай 4 өрөөний засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн, өөрийн хөрөнгөөр тоног төхөөрөмж, тавилга авч тохижуулсан.

Засварын ажил 2019 оны 8 дугаар сард дуусч, үйл ажиллагаагаа явуулж эхэлтэл "С" ХХК-ийн зүгээс баар, караоке ажиллуулахад хэтэрхий их дуу чимээтэй байна, зочид буудалд амрагчдад хүндрэл учруулж байна, Солонгос эзэд дургүйцэж байна гэхчилэн шалтаг тоочиж манай компанийг гарах шаардлага

тавьсан.

Бидний зүгээс нэгэнт гэрээгээр тохиролцсон учир үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байсан бөгөөд 20 орчим хоног ажиллаж байтал цагдаа дуудан үйл ажиллагаа явуулахыг зогсоож, улмаар баар, караокений хаалганы түгжээг сольж, ажиллах боломжоор хангалгүй хөөж гаргасан.

Манай компани гэрээгээр тохиролцсоны дагуу засвар, тохижилтын ажлыг чанарын өндөр түвшинд, зардал мөнгийг өөрийн талаас бүрэн хариуцан хийж гүйцэтгэсэн боловч "С" ХХК нь үйл ажиллагаа явуулах боломжоор хангалгүй, түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хөөж гаргасанд гомдолтой байна.

Баар, караокений зориулалттай талбайг засаж, тохижуулахад гаргасан зардалд бараа материалын зардалд а/. Бааранд шинээр хийлгэсэн 5 ширхэг буйдан болон хуучныг бүрж засварласан зардал 18,610,200 төгрөг, сантехникийн холболтын ажлын зардалд 1,950,000 төгрөг, шруп,хадаас 28,000 төгрөг, хавтан наалт 314,000 төгрөг, тамхины өрөөний материал 303,200 төгрөг, обой цавуу 36,000 төгрөг, Ирмэг хошуу ком өрөм 90,500 төгрөг, Утсан хөшиг 630,000 төгрөг, ДСП хавтан, зүсвэр, наалт 81,000 төгрөг, Суурь 10 ширхэг 50,000 төгрөг, Труба, 38,32 /нийт 24м/ 108,000 төгрөг, Гэрэл унтраалга, нүдэн гэрэл 234,500 төгрөг, Торгон улаан хөшиг 22 м 440,000 төгрөг, Утааны аппарат-2 ширхэг 2,000,000 төгрөг, Дугуй-3 ширхэг 45,000 төгрөг, Б ХХК-ийн ажилчдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс, 1,300,000 төгрөг,

б/.Кареоке 7,774,000 төгрөг, үүнд уртасгагч-3 ширхэг, кареокений тоног төхөөрөмж ком, суултуур, угаалтуур 4 ширхэг ком, Зурагт/шинэ 42 инч-1 ширхэг 1,180,000 төгрөг, 60 инч-1 ширхэг, Зурагт/хуучин 42 инч-1 ширхэг, 52 инч-1 ширхэг,

в/.Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн кареокений засварын ажлын хөлс, бараа материалын зардал 35,631,000 төгрөг, Нийт /а+б+в/ 62,015,200 төгрөгийн зардал гаргасан.

Бид "С ХХК-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг тавихад ямар нэгэн хариу өгдөггүй. Иймд засвар үйлчилгээ хийсэн зардал, тохижилт хийсэн хөрөнгийг нэхэхэд одоог хүртэл гаргаж өгөхгүй байгаа болно.

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С ХХК-д холбогдуулан *62,015,200 төгрөг гаргуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн боловч "С ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд Монгол Улсад байгаагүйгээс шалтгаалан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 6666666 дугаар захирамж, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 33333333 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Улмаар "С ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд Монгол Улсад байхгүй байхад байсан мэтээр бусдыг төөрөгдүүлж, залилсан гэж үзэж тус компанийн менежер Д.Хт холбогдуулан цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ажиллагаа явуулсан боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.О хэргийг хянаад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр "гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч, доод шатны прокурорын газруудад гомдол гаргасан хэдий ч Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны 66666666 дугаар хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаар тогтоолоор тус тус гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хэрэг бүртгэлтийн хэргийг узэж шийдвэрлэсэн. Ийнхүү хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэхдээ компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байгаа, тухайн этгээдээс зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээ хийсэн, гэрээтэй холбоотой харилцааг иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй талаар дүгнэлтийг хийсэн болно.

Иймд "С ХХК-иас 62,015,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Д.Энь татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

"С" ХХК нь "П" ХХК-тай нэхэмжлэлд дурьдсан түрээсийн гэрээг байгуулж байгаагүй. Мөн нэхэмжлэлд хавсаргасан гэх түрээсийн гэрээнүүдэд "С ХХК-ийн тамга дарагдсан байх хэдий ч уг гэрээг хэн гэдэг ямар албан тушаалтантай байгуулсан нь тодорхойгүй байна.

Манай компаний зүгээс уг компанитай гэрээ байгуулж байсан эсэх талаар холбогдох баримтуудыг шалгахад "П" ХХК-тай нэхэмжлэлд дурьдсан болон өөр байдлаар гэрээний эрх зүйн харилцаанд орж байсан талаар ямар ч баримт байхгүй байсан болно.

Харин энэхүү асуудлаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус дүүргийн шүүхээс манай ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Оийг Шүүхэд дуудан ирүүлэх тухай" хуудсаар дуудсан ба мөн нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан гэрээ байхгүй, энэ талаар огт мэдэхгүй талаараа тайлбар өгч байсан баримт гарч ирсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харахад "С ХХК-тай л байгуулсан гэсэн боловч яг ямар албан тушаалтантай гэрээ байгуулсан талаараа нэхэмжлэлдээ дурьдаагүй байна.

Гэтэл хэрэгт авагдсан нөгөө 3 гэрээтэй холбоотой Солонгос улсын иргэний Цагдаагийн байгуулаллагд өгсөн мэдүүлгийг үндэслэсэн боловч аль нэг гадаад улсын иргэнтэй ямар нэг байдлаар эрх зүйн харилцаа үүсгэж байгаа бол тухайн хүний мэддэг хэл дээр гэрээ байгуулагдах ёстой, мөн ямар итгэмжлэлийг үндэслэн гэрээг байгуулсан бол С ХХК-ийг төлөөлөх итгэмжлэл байх ёстой, түүнээс гадна тухайн байранд нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулж байсан бол баримттай байх ёстой. Түрээсийн гэрээнд хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй мөртлөө С ХХК-ийн тамгыг дарсан байдаг.

Мөн цагдаагийн байгууллагад Сонжин Гранд зочид буудлын менежерээр ажиллаж байсан н.Хатанбаатарыг хамтарч ажиллахаар залилсан гэдэг гомдол гаргасан байгаагаас үзэхэд түүнтэй гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Түүнээс биш С ХХК-ийн эрх бүхий этгээдтэй энэ гэрээг байгуулсан баримт хэрэгт байхгүй.

Иймд нэхэмжлэгч П ХХК-ийн 62,015,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.Энь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

"П ХХК-ийн төлбөр нэхэмжлэх үндэслэл болсон 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Гэрээ гэх баримттай танилцахад тус гэрээнд ямар албан тушаалтай хэн гэгч гарын үсэг зурсан болох нь тодорхойгүйгээс гадна БНСУ-ын иргэн Л/L/-ийн гарын үсэг биш ба компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байгаа нь тодорхой харагдах бөгөөд дээрхи байдлаараа тухайн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуульд заасан хэлцлийн хэлбэр, хэлцэл хийсэн гэж үзэх хууль зүйн зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн хэлцэл гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн байна.

Түүнчлэн БНСУ-ын иргэн Л /L/ нь гэрээ байгуулагдсан гэх цаг хугацаанаас өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан байдаг. Нас барснаас хойш "С ХХК- ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд томилогдоогүй байсаар 2021 оны 09 дүгээр сард одоогийн гүйцэтгэх захирал Х.А нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр томилогдсон байдаг.

Тус гэрээнд нэхэмжлэгч "П" ХХК-ийг төлөөлөн тус компанийн гүйцэтгэх захирал н.Очирчуулган, хариуцагч "С ХХК-ийн тамга дарагдаж хэн нь мэдэгдэхгүй гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд "С" ХХК-ийн зүгээс тус гэрээг баталгаажуулж эрх бүхий албан тушаалтан гэрээнд гарын үсэг зураагүй буюу тус гэрээ хуульд заасан журмаар байгуулагдаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхойлогдож байна.

Эдгээр гэрээ нь анхнаасаа хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн, хэнтэй гэрээг байгуулсан болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй хэлцэл байгаа юм.

Иймд П ХХК болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх, хэргийн 7-28 дугаар талд авагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч "П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Х нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон татгалзын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

П ХХК-ийн нэхэмжлэлтэй, С ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь ... гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэх асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь БНСУ-ын иргэн Л байж байгаад 2021 онд Монгол улсын иргэн Х.А болсон тэмдэглэл хийгдсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээ байгуулж байгаа этгээдийн нэр бичигдээгүй тохиолдолд тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан болохыг тогтоосон. Энэхүү ажиллагааны явцад хэн гэдэг хүн, ямар агуулгатай, юуны талаар гэрээ байгуулсан талаар маш тодорхой тайлбар мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр тайлбар, мэдүүлгийг үндэслэн, Улсын Ерөнхий прокурорын газраас гаргасан хүчин төгөлдөр шийдвэр байна. Нэгэнт эрүүгийн журмаар шийдвэрлээд, тогтоогдчихсон асуудлыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна.

Үүнээс үзэхэд прокурорын байгууллагаас ирүүлсэн баримтад хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад маргаан бүхий гэрээг хэн, хэзээ, хэрхэн байгуулсантай холбоотой асуудлыг шалгаад, дүгнэж тогтоогоод эрх бүхий албан тушаалтан шийдвэрээ гаргасан тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд С ХХК-ийн талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

5.1.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс 2023.05.01-ний өдөр Б.Хд олгосон итгэмжлэл, 2019.05.01-ний өдрийн А байр, 1 давхрын 101,102,103 тоот өрөө, , Б байр 3 давхрын 301 тоот өрөө түрээсийн гэрээний хуулбар, 2019.05.05-ны өдөр Б ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, С караоке дотор засварын ажлын материалын ерөнхий түүвэр тооцоо, зарлагын баримтууд, Нийслэлийн прокурорын газрын 2022.06.22-ны өдрийн 66666666 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар, 2019.05.06-ны өдөр Б ХХК-тай байгуулсан барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024.01.16-ны өдрийн 999999 дугаар албан бичиг, өмгөөлөгчөөр Б.Дг оролцуулах хүсэлт, Т.Оы Х ХК-ийн 111111111 тоот дансны депозит дансны хуулга /хх 1-52,156-158, 190-191, 195-228/,

5.2. Хариуцагчаас ирүүлсэн: С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлийн хуулбар, 2023.05.26-ны өдөр Б.Бд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, Б.Оюунцэцэгийн 2020.09.16-ны өдрийн тайлбар, тус шүүхийн 2020.08.28-ны өдрийн мэдэгдэх хуудас, тус шүүхэд 2020.01.10-ны өдөр нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, Хас банкны 2023.08.10-ны өдрийн 22222222 дугаартай тодорхойлолт, тус банк дах хариуцагчийн харилцах дансны хуулга, 2023.11.24-ний Б.Бд олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.02.06-ны өдөр Б.Бд олгосон итгэмжлэл, /хх 55-57,62-68, 82-86,132,140-142, 189/,

5.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүргийн Прокуроын газраас ирүүлсэн хэрэг бүртгэлтийн 333333333дугаартай хэрэгт авагдсан хохирогч М.Б, гэрч Д.Х, гэрч C /Ч/ нарын мэдүүлэг, Л-ээс 2018.06.28-ны өдөр Чд олгосон итгэмжлэлийн монгол орчуулга, гадаад хэл дээр бичигдсэн баримтууд, 2019.05.01-ний өдрийн 11111111111 тоот өрөө түрээсийн гэрээний хуулбар, 2019.05.05-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022.05.13-ны өдрийн 44444444дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, тус прокурорын газрын 2022.05.20-ны өдрийн 77777 дугаар Гомдлын хариу, тус прокурорын газрын 2022.06.22-ны өдрийн Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 888888888 дугаар тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2022.06.22-ны өдрийн Гомдлын хариу өгөх тухай 66666666 дугаар албан бичиг, монгол Улсын Ерөнхий прокурорын 2022.08.05-ны өдрийн Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 222222222222 дугаар тогтоол, нэхэмжлэгчийн хүсэлтээр Э.Сгыг гэрчээр асуусан зүйлийн тэмдэглэл, түүнд хууль сануулсан баримт, хариуцагчийн хүсэлтээр Баянзүрх дүүрэг, Оч манал Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хгын эмчид үзүүүлсэнтэй холбоотой ирүүлсэн баримт, 2019.05.01-ний өдрийн Б байр 3 давхрын 301 тоот өрөө түрээсийн гэрээний хуулбар /хх 101-121,167-170, 183-188, 240-250/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч С ГХО ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 62,015,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч С ГХО ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч гүйцэтгэх захирал БНСУ-ын иргэн Л /L/ нь 2018.04.24-ний өдөр нас барсан, 2021.10.14-ний өдөр Х.А гүйцэтгэх захирлаар томилогдсон тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Хэрэгт, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр П ХХК болон С ХХК-ийн хооронд А байр 1 давхрын 101,102,103 тоот өрөө, H, Б байр 3 давхрын 301 тоот өрөө гэх нэртэй, 2019.06.01-ний өдрөөс 2020.06.01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, С ХХК нь өрөө түрээслүүлэх, П ХХК нь төлбөр төлөхөөр тохиролцсон гэрээ авагдсан.

 

Дээр дурдсан А байр 1 давхрын 101,102,103 тоот өрөө гэрээгээр түрээсийн төлбөрийг, нэг өрөөнийх 1,800,000 төгрөг, нийт 3 өрөө 5,400,000 төгрөг,

H гэрээгээр түрээсийн төлбөрийг 10,000,000 төгрөг,

Б байр 3 давхрын 301 тоот өрөө гэрээгээр 2,000,000 төгрөг гэж тусгасан байна. /хх 7-27/

 

5. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан.

 

6. Нэхэмжлэгч нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан болохыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоосон гэж тайлбарласан.

 

6.1. Шүүхийн журмаар, талуудын хүсэлтээр бүрдүүлсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2022.05.13-ны өдрийн 44444444тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, тус прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022.06.22-ны өдрийн 888888888 тоот Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, тус прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2022.08.05-ны өдрийн 2 тоот Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолд:

...П ХХК-ийн захирал Т.О 2019 оны 05 дугаар сарын 01-ниф өдөр С ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн менежер Д.Х, БНСУ-ын иргэн C нартай уулзаж, С зочид буудлын Б корпусын 3 давхарт бар, караокены чиглэлээр өрөө түрээслэн ажиллахаар түрээсийн болон хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар П ХХК нь дээрх зочид буудлын бар, караокены өрөөнд 62,015,200 төгрөгийн засвар хийсэн. ...П ХХК-ийн засвар хийсэн өрөөнүүд С ХХК-ийн өмчлөлд хэвээр байна. ...Д.Хын үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болохыг дурджээ. /хх 112-121/

 

Үүнээс үзэхэд П ХХК-ийн Д.Хт холбогдуулан гаргасан, залилан мэхэлсэн гэх гомдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

7. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж тус тус заасан.

 

7.1. С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд БНСУ-ын иргэн Л /L/-ийг 2015.11.02-2021.10.14-ний өдөр хүртэлх хугацаанд, Монгол Улсын иргэн Х.Аыг 2021.10.14-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байгаагаас үзэхэд дээр дурдсан хугацаанд БНСУ-ын иргэн Л /L/, Монгол Улсын иргэн Х.А нарыг тус хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. /хх 62/

 

8. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэх 2019 оны 05 дугаар 01-ний өдөр С ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг БНСУ-ын иргэн Л /L/ нь /2015.11.02-2021.10.14/ хэрэгжүүлж байсан гэж үзэх ба түүнийг 2018.04.24-ний өдөр нас барсан талаарх баримтгүй, маргаж буй гэрээ монгол хэл дээр бичигдсэн, гадаадын хөрөнгө оруулалттай С ХХК-ийг хэн төлөөлж гэрээ байгуулсан, түүнчлэн хэн гарын үсэг зурсан болох нь тодорхой гэж үзэхээргүй байна.

 

9. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, А байр 1 давхрын 101,102,103 тоот өрөө, H гэрээнд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архив хуулбар үнэн тэмдэг дарсан, хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад БНСУ-ын иргэн Ч, Д.Х нарын мэдүүлэг, Л-ээс Чд олгосон итгэмжлэл зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангахгүй байхаас гадна эдгээр баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр цуглуулсан баримт гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

10. Дээр дурдсан байдлыг нэгтгэн дүгнэвэл, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр П ХХК болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан А байр 1 давхрын 101,102,103 тоот өрөө, H, Б байр 3 давхрын 301 тоот өрөө гэх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

11. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.

 

Үүнээс үзэхэд, талуудын хооронд ямар нэг үүрэг үүссэн эсэх, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан эсэх нь тогтоогдох учиртай. Тодруулбал талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул талууд гэрээний дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцаах учиртай.

 

12. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан, П ХХК болон Б ХХК-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, түүний хавсралт болох Сүнжингранд караоке дотор засварын ажлын материалын ерөнхий түүвэр тооцоо, дагалдах хэрэгсэл болон бусад материалын тооцоо, зарлагын баримт, Б ХХК-ийн захирал Э.Сгын мэдүүлэг, П ХХК-ийн захирал Т.Оы Х ХК-ийн 111111111 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2022.08.05-ны өдрийн 2 тоот Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол зэрэг баримтаар хариуцагч С ХХК-ийн өмчлөлийн байранд засвар тохижилт хийсэн, тэдгээрийг буцааж аваагүй үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч үүнийг баримтаар няцаасангүй. /хх 28-49, 112-121,156-158, 167-170, 195-228/

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь С зочид буудлын Б корпусын 3 давхарт бар, караокены чиглэлээр өрөө түрээслэн ажиллахын тулд 4 өрөөнд засвар, тохижилт хийсэн, бараа материалын тодорхой зардал гаргасан, уг засвар тохижилттой холбоотой зардлыг хариуцагч буцааж хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байх тул тэрээр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй юм.

 

13. Иймд хариуцагч С ХХК-иас түүний өмчлөлийн байрны бар, караоке зориулалттай өрөөг тохижуулахад гаргасан засварын ажлын хөлс, бараа материалын зардалд баримтаар тогтоогдож буй 51,025,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрч Э.Сгын 2019.07.23-ны өдөр засвар дууссан гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн 2019.07.28-ны өдрөөс эхлэн өрөөний цоожны голыг сольсон гэх өдрөөс хойших огноотой, тодруулбал 2019.07.28-2019.09.14-ний өдөр болон огноо тодорхойгүй 10,990,000 төгрөгт холбогдох зардлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. /хх 37-40, 48/

 

14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 413,076 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 247,450 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 468,050 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,450 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан, П ХХК болон С ХХК-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан, А байр 1 давхрын 101,102,103 тоот өрөө, H, Б байр 3 давхрын 301 тоот өрөө түрээслэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,

хариуцагч С ХХК-иас 51,025,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,990,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 413,076 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д, нэхэмжлэгч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 247,450 төгрөг гаргуулан хариуцагч С ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 468,050 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,450 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/Ш32023/18342 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ