Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
Хэргийн индекс | 101/2022/05746/И |
Дугаар | 101/ШШ2024/01842 |
Огноо | 2024-04-05 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2024/01842
2024 04 05 101/ШШ2024/01842
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З ХХК ийн,
Хариуцагч: М.Т-т холбогдох,
67,680,120 төгрөг гаргуулах тухай үндсэн, газар чөлөөлүүлэх, 32,696,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Э миний бие 2010 оны 6 дугаар сард хариуцагч М.Тийн өмчлөлийн Снд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай обьектыг түрээслэн, өөрийн "З" ХХК-ийн үйл ажиллагааг явуулж, улмаар 2013 оны 10 дугаар сарыг хүртэл сар бүр тогтмол түрээс төлж байгаад 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
З ХХК нь 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр М.Ттай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээгээр, дараа нь 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дээрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш талууд гэрээг цуцлах хүртэлх хугацаанд уг байранд үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Нэгэнт дээрх обьектыг худалдан авахаар тохиролцож, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Худалдах-худалдан авах гэрээ-г байгуулснаар /миний өмч болох нь тодорхой боллоо гэж бодсон учир/ төлбөр төлж байх хугацаандаа дээрх обьектын хашаанд дараах бүтээн байгуулалтыг хийсэн болно. Үүнд:
15 машины дулаан гараж, гүний худаг, 40 тонны зоорь, 2535 мкв банзан хашааг нь 3 м өндөртэй блокон хашаа болгосон, харуулын байр зэргийг 52,027,625 төгрөгийн төлбөрийг "З ХХК-иас зардлыг гаргаж бий болгосон.
Гэтэл 2021 оны 04 сарын 02-ны өдөр хариуцагч М.Т нь "наймаа буцъя, юмаа гарга, би байр саваа авъя" гэхэд нь бид шууд ажлаа зогсоож, түүнээс надад шилжүүлж өгсөн обьектыг нь шинээр баригдсан 15 машины дулаан гараж, гүний худаг, 40 тонны зоорь, 2535 мкв банзан хашааг нь 3м өндөртэй блокон хашаа болгож өөрчилсөн, харуулын байр зэргийг суллаж өгсөн болно.
Дээрхи бүтээн байгуулалтын үйл ажиллагааг М.Тийн зүгээс ч хүлээн зөвшөөрч, уг зардлыг өөрөөсөө өгнө гэсэн хэдий ч эцэст нь дээрх төлбөрийг төлөхөөс татгалзсан юм.
Мөн З ХХК-ийг бууз үйлдвэрлэдэг байх үед буюу 2014-2015 онуудад 10 удаа нийт 1,099,750 төгрөгийн үнийн дүн бүхий буузыг зээлээр худалдан авсан хэдий ч өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Түүнчлэн дээрх хугацаанд С, Толгойтын 5 тоот хаягт байрлах 2520 м.кв талбай бүхий газрын төлбөр болон тус хаягт орших 12х24 хэмжээтэй үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн татварыг Б.Энх- Амгалан болон манай "З" ХХК төлж ирсэн болно. Үүнд:
-2010-2020 оны хугацаанд М.Тийн Нийслэлийн газрын албатай байгуулсан 8888888888 тоот газар эзэмших, ашиглах гэрээний дагуу газрын төлбөрт нийт 8,353,460 төгрөг,
-2012, 2017, 2019 онуудад М.Тийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нийт 2,973,345 төгрөг, нийт 11,326,805 төгрөгийн төлбөрийн үүргийг хариуцагчийн өмнөөс гүйцэтгэсэн байдаг.
Үүнээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1111111 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 22222222 дугаартай магадлалаар дээр дурдсан Б.Эгийн төлсөн 5,774,060 төгрөгийг хариуцагч М.Таас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна. гэж,
Үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна: 4.1.4. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэж тус тус заасан байдаг.
Хуульд заасны дагуу газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж байгаа этгээд буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ дээрх газар эзэмших эрх бүхий этгээд, үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж буй этгээд нь тухайн газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөх үүрэгтэй болно.
Хариуцагч М.Т нь бодит байдал дээр газрыг эзэмшигч, үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгч атал хуулийн дагуу газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөх үүргийг "З" ХХК болон Б.Э миний бие гүйцэтгэж байснаар хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөж, үндэслэлгүй хөрөнгөжсөн юм.
"З" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эгийн зүгээс М.Ттай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийг худалдан авагч Б.Эгийн өмнөөс дор дурдсан хэмжээгээр гүйцэтгэсэн болно. Үүнд:
-2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч М.Тийн "Т ХК дахь 55555555555 тоот дансанд 1,000,000 төгрөг,
-2014 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хариуцагч М.Тийн "Т" ХК дахь 55555555555 тоот дансанд 1,000,000 төгрөг,
-2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч М.Тийн "Т" ХК дахь 55555555555 тоот дансанд 7,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн юм.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1111111 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 22222222 дугаартай магадлалаар З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Б.Э нь хариуцагч М.Ттай байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ-ээс татгалзсаны улмаас хуулийн дагуу буцаан төлбөл зохих 187,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн тус шаардлагатай холбогдуулан дараах дүгнэлтийг хийсэн байдаг.
Үүнд: "Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 156,376,000 төгрөг төлсөн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс өөрийн тайлбарыг нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн тусдаа хавтаслагдсан 115 хуудас нотлох баримтыг бүхэлд нь үзвэл зарим баримт нь "З ХХК болон бусад этгээдүүдийн нэрээр төлсөн төлбөр, түүнчлэн зарим баримт нь уншигдахгүй байх тул эдгээр баримтаар нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээний үнийг төлсөн гэж үзэх боломжгүй.
Учир нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигчийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй. Мөн хуулийн этгээд болон бусад этгээд нь төлсөн төлбөрөө буцаан шаардах эрх нээлттэй байна. гэж дүгнэсэн байдаг.
"З ХХК болон М.Т нарын хооронд аливаа үүрэг үүсээгүй бөгөөд "З" ХХК нь тус Компанийн хувьцаа эзэмшигчийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцан гүйцэтгэсэн нь Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөд зогсохгүй Б.Э, М.Т нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрээний зүйлийн үнийг төлсөнд тооцогдохгүй байгаа юм.
Иргэний хуулийн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно", 496.2-т Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Иймд хариуцагч М.Таас үндэслэлгүй хөрөнгөжсөн бүтээн байгуулалтын зардалд гаргасан төлбөр 52,027,625 төгрөг, З ХХК-ийн зүгээс М.Тийн газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 5,552,745 төгрөг, "З ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг, зээлээр худалдаж авсан буузны үнэ 1,099,750 төгрөг, нийт 67,680,120 төгрөгийг гаргуулж З ХХК-д олгож өгнө үү гэв. /1 хх 1-2, 2 хх 14-17/
2. Хариуцагч М.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Г.О нар шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
"З ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох бүтээн байгуулалтын зардалд гаргасан төлбөр 52,027,625 төгрөг, З ХХК-ийн зүгээс М.Тийн газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 5,552,745 төгрөг, "З ХХК-иас шилжүүлсэн 9,000,000 төгрөг, зээлээр худалдаж авсан буузны үнэ 1,099,750 төгрөг, нийт 67,680,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.
М.Т нь Снд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 мкв барилгаа 2010.06.10-ны өдрөөс 2013.09.09-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч З ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч Б.Эд нэг сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан бөгөөд, улмаар түүнээс тавьсан дээрх обьектийг газрын хамт 500,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг хүлээн авсны үндсэн дээр 2013.09.09-ний өдөр бидний хооронд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай обьект худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан.
Б.Э нь худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу О хаягт байрлах 2518 мкв газар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 мкв обьектын төлбөрийг 2013.10.04-ний өдөр хүртэлх хугацаанд 100 хувь бүрэн төлж барагдуулах ёстой байсан.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д "үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.", 222 дугаар зүйлийн 222.1.1-д "үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, 222.3-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ., тус хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д "Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан.
Гэтэл Б.Э нь 500,000,000 төгрөгөө бүрэн төлж чадаагүй, цементний үйлдвэр нь ковидын үед алдагдал хүлээсэн зэрэг нөхцөл байдлаас болж талууд гэрээнээс татгалзсан.
Дээрх байранд "З ХХК нь хиам, буузны үйлдвэрлэлээ явуулж, өөрсдийн тоног төхөөрөмжөө суурилуулсан, ингэхдээ тэд манай зөвшөөрөлгүй, өөрсдийн үйл ажиллагаанд зориулан дур мэдэн хашааг өөрчилж, өмнө нь байсан 2535 мкв банзан хашааг үрэгдүүлж, мөн барилгын сантехник, шугам сүлжээг дур мэдэн өөрчлөн бусдад ашиглуулж, нэмэлт 6 машин багтах багтаамжтай гараш, зоорь зэргийг барьж эдгээр байрыг бусдад түрээслэн дотор нь өлөнгийн цех ажиллуулж нэмэлт ашиг орлого олж, тусдаа өөрийн хүү Б.Мд цементийн үйлдвэр байгуулах хэмжээнд бизнес нь өргөжсөн ч ковид цар тахлын үед түүний цементийн үйлдвэр алдагдал хүлээсэн хүчин зүйл нь биднээс огт шалтгаалаагүй юм.
Гэтэл "З ХХК нь хариуцагч М.Тийн өмчлөлийн обьектод хийсэн шинэ бүтээн байгуулалтын зардалд 52,027,625 төгрөг нэхэмжилж, намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм.
"З" ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 500,000,000 төгрөгийг бүрэн төлснөөр түүнд өмчлөх эрх үүсэх байсан.
М.Тийн зүгээс өөрийн өмчлөлийн обьектод нэхэмжлэлд дурдаж буй хашаа, гараш, зоорь зэргийг барь гэж "З ХХК-иас шаардаагүй, барих зөвшөөрөл өгөөгүй, тэд өөрсдийн бий болгосон гэх зүйлсээ аваад явахад татгалзах, хязгаарлах зүйл байхгүй. Эдгээр зүйлсийг "З" ХХК нь өөрсдийнхөө үйл ажиллагаанд зориулж, ашиг олох зорилгоор бий болгосон эд юмс юм.
"З" ХХК-иас гаргасан бүтээн байгуулалтын зардалд зарцуулсан гэх баримтууд нь тухайн эд юмсыг барихад зарцуулсан гэдгийг хэрхэн нотолж байгаа нь тодорхойгүй, мөн З ХХК нь өөр барилга, байгууламж, цементийн үйлдвэр зэрэгтээ зарцуулсан баримт байхыг үгүйсгэхгүй тул шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна.
З ХХК-ийг төлөөлөх эрхгүй н.М нь тус компанийг төлөөлөн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, хэргийн 13-54 талд авагдсан орлого, зарлагын баримт нь холилдсон хэн хүлээж авсан, хэн хүлээлгэж өгч байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл зарлагын баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээнд энэ баримтууд хамаарч байх ба 8.1.1-т бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд албан татварыг ногдуулна гэдэгт хамаарч байна.
Гэтэл нэхэмжлэгч дээрх зарлагын баримтыг үндэслэн шаардах эрхээ тодорхойлж байгаа бол татвар ногдуулсан баримтаа гаргаж өгснөөр нотлох байтал татвар төлсөн талаарх баримтгүй мөртлөө зарлагын баримтыг үндэслэн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэлгүй юм.
Нотлох баримт болгосон кассын зарлагын ордер, орлогын ордер 2 нь зөрүүтэй байдаг ба хэргийн 24, 34 талд авагдсан 2 ширхэг баримт л НӨАТ төлсөн байх боловч хэрэгт хамааралтай гэж үзэхээргүй, бусад баримт дээр төлөхгүй, тэдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдаг.
-З ХХК-аас бууз зээлээр авсны төлбөрт 1,099,750 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн 2014-2015.05 сар хүртэлх буузны 10 ширхэг баримт нь худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн үүрэгтэй холбооотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь өнгөрсөн байна.
-Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий байрыг М.Таас худалдан авахад З" ХХК-ийн нэрээр төлсөн гэх 9,000,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татварт төлсөн гэх 5,552,745 төгрөг зэргийг тус шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн.
Б.Эгийн буцаан шилжүүлбэл зохих 137,000,000 төгрөг, 2013.09.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас М.Тийн өмнөөс газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 11,326,805 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхийн 2023.03.01-ний өдрийн 1061 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.04.24-ний өдрийн 862 магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн, шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхээр шийдэгдсэн асуудлаар дахин давхар нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхийг, шүүгчийг төөрөгдөлд оруулж байна.
Иймд нэхэмжлэгч "З ХХК-ийн бүтээн байгуулалтын зардалд гаргасан төлбөр 52,027,625 төгрөг, З ХХК-ийн зүгээс М.Тийн газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 5,552,745 төгрөг, "З ХХК-иас шилжүүлсэн 9,000,000 төгрөг, зээлээр худалдаж авсан буузны үнэ 1,099,750 төгрөг, нийт 67,680,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /1хх 74-77, 2 хх 79/
3. Хариуцагч М.Т нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Г.О нар нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-М.Т би өөрийн эзэмшлийн Улаанбаатар хот, О хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 мкв үл хөдлөх хөрөнгөө 2010.06.10-ны өдрөөс 2013.09.09-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч З ХХК-ийн захирал Б.Эд сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан, уг хөрөнгийг, газрын хамт 500,000,000 төгрөгөөр худалдан авах түүний саналыг хүлээн авч 2013.09.09-ний өдөр энэхүү үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай обьектыг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан.
Энэхүү худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу төлбөрийг 2013.10.04-ний өдөр гэхэд 100 хувь бүрэн төлж барагдуулах байсан боловч Б.Э төлбөрийг төлөх боломжгүй байх тул 200,000,000 төгрөгийн зээл авч өгөх, уг 200,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөнд тооцуулах, зээлийг графикийн дагуу Б.Э төлөх, үлдэх 300,000,000 төгрөгийг тухайн зээл хаасны дараа банкнаас дахин зээл авч төлөхөөр ярилцсан.
Дээрх гэрээгээр Б.Э нь 500,000,000 төгрөгийг 2013.10.04-ний өдөр бүрэн төлснөөр түүнд өмчлөх эрх үүсэх байсан боловч тэрээр гэрээ байгуулснаас хойш 7 жил 6 сар 24 хоногийн хугацаанд 500,000,000 төгрөгөөс 184,876,000 төгрөг төлж, үлдэх 315,123,000 төгрөгийг төлөх боломжгүй гэх үндэслэлээр талууд гэрээнээс 2021.04.02-ны өдөр татгалзсан.
Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг, мөн үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх үүсэх бөгөөд бидний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг хугацаандаа биелэгдсэн бол бидэнд хоёрдогч үүрэг буюу алдагдсан боломжийн асуудал үүсэхгүй байсан.
Тухайн үед "З ХХК-ийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж /жор, хиамны бүрхэвч, уураг зэрэг/ болон бусад эд зүйлс болох нийт 20,921,500 төгрөгийн материалыг нэмэлт зардал гарган худалдан авч тухайн үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн боловч М.Энх-Амгалан нь "З ХХК, тоног төхөөрөмж /чаналгын тогоо 2 ширхэг, хиам шприц 1 ширхэг, өөх мах холигч 1 ширхэг, цахилгаан махны машин 1 ширхэг/ болон хүргэлтийн амбаартай 4 портероо зарахаас татгалзан, 10,000,000 төгрөгт өгөх ёстой Зийн шошго, эд зүйлсээ, мөн З цехийн үйлдвэрт миний оруулсан 20,921,500 төгрөгийн тоног төхөөрөмж болон бусад эд материал зэргийг өөрийн төхөөрөмж, эд зүйлстэй хамт зөвшөөрөлгүйгээр ачиж явсан.
Бидний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг хугацаандаа биелэгдсэн бол би дээрх хэмжээний хохирол буюу зээлийн төлбөр, зээлийн хүүнд 104.339.115 төгрөг төлөхгүй, хоёрдогч үүргийн асуудал буюу оооооо хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх хөрөнгийг 2013.09.09-ний өдрөөс 2021.04.02-ны өдрийг хүртэлх хугацаанд /нийт 7 жил 6 сар 24 хоногт/ төлбөргүй ашиглуулснаас олох ёстой байсан орлого 90,800,000 төгрөг, "З" ХХК-ийн шошго, зарим эд материал худалдан авахаар шилжүүлсэн 10,000,000 төгрөг зэрэг нийт 205,139,115 төгрөгөөр хохирохгүй байсан.
Дээрх гэрээтэй холбоотой Б.Эгийн нэхэмжлэлтэй, 148,326,805 төгрөг гаргуулах, М.Тийн 205,139,115 төгрөг гаргуулах иргэний хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.24-ний өдрийн 210/MA2023/022222222 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.01-ний өдрийн 0 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч М.Т надаас 140,650,060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-ийн захирал Б.Эд олгож, нэхэмжлэгч Б.Эгаас 93,033,820 төгрөгийг гаргуулан хариуцагч М.Т надад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,676,745 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 112,105,295 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус магадлалд талууд гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Дээрх 7 жил 6 сар 24 хоногийн хугацаанд "З ХХК-ийн захирал Б.Э нь бидний зөвшөөрөлгүйгээр өөрсдийн үйл ажиллагаанд зориулж дур мэдэн хашааг өөрчилж тоосгон хашаа болгож, өмнө нь байсан 2535 мкв банзан хашааг үрэгдүүлж, нэмэлт 6 машин багтах багтаамжтай гараш, зоорь зэргийг барьж бусдад түрээслэн дотор нь өлөнгийн цех ажиллуулж нэмэлт ашиг орлого олж байсан.
М.Т миний зүгээс өөрийн өмчлөлийн тус обьектод тухайн хашаа, гараж, зоорь, худаг, харуулын байр зэргийг барь гэж З ХХК-аас шаардаагүй, зөвшөөрөл өгөөгүй, тухайн бий болгосон зүйлсээ аваад явахад ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй, эдгээр эд зүйлсээ буцаан авч, миний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин цааргалсаар, намайг үнийг төлнө гэж амласан мэтээр худал ярьж өнөөдрийг хүрлээ.
"З ХХК нь 2015 оны эхээр О хаягт байрлах 2518 мкв газарт барьсан нийт 193,91 м урттай, 2 метрийн өндөртэй, 379,82 мкв талбайтай модон хашааг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж, тоосгон хашаа болгохдоо өмнө нь байсан модон хашааг үрэгдүүлсэн.
Дээрх модон хашаа нь зах зээлийн үнэлгээгээр 11,774,600 төгрөг болж байна. Уг модон хашааг үнэлсэн Хас үнэлгээ ХХК-ийн 2023.05.23-ний өдрийн 2304071 дугаартай "Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хэрэгт гаргаж өгсөн.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заасан.
Иймд О хаягт байрлах 2518 мкв газрыг "З" ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,
уг газарт барьсан нийт 193,91 м урттай, 2 метрийн өндөртэй, 379,82 мкв талбайтай модон хашааны үнэ 11,774,600 төгрөг, "З ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж авсан эд зүйлс /9,257,500 төгрөгийн үнэ бүхий хиамны бүрхэвч, 11,664,000 төгрөгийн жор буюу амтлагч, уураг/ зэргийг өөрийн төхөөрөмж, эд зүй хиамны бүрхэвч, жор буюу амтлагч, уураг/-ийг зөвшөөрөлгүйгээр авч явсан тул учруулсан хохирол 20,921,500 төгрөг, нийт 32,696,100 төгрөгийг З" ХХК-иас гаргуулж өгнө үү гэв. /1хх 95-98, 2 хх 30-32/
4. Нэхэмжлэгч З ХХК нь сөрөг нэхэмжлэлийн талаарх хариу тайлбартаа болон өмгөөлөгч Ж.Э татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч М.Т нь 20,921,500 төгрөгийн хохирлыг 1-рт 9,257,500 төгрөгийн үнэлгээ бүхий хиамны бүрхэвч, 2-рт 11,664,000 төгрөгийн жор буюу амтлагч, уураг, зэргийг өөрийн мөнгөөр худалдан авсан гэж бичиж тодорхойлсон байдаг.
Гэтэл тэрээр "З" ХХК-ийг үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт худалдан авахаар тохиролцоод өөрийн хүүхэд болох Б.Хд үйлдвэрийг хариуцуулж 2021 оны 5,6 сард нийт 60 гаруй хоног ажиллуулан хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийсэн. Тэрээр энэ хугацаанд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд дээр дурдсан 20,921,500 төгрөгийн бараа материал нь зарцуулагдсан, мөн зарим бараа материалыг нэмж худалдан авсан байдаг.
Тэгэхээр дээр дурдсан 20,921,500 төгрөгийн бараа материал нь зарцуулагдаж дууссан. Мөн миний бие өөрийн зүгээс үйлдвэрийн бүтээгдэхүүний шошго, зарим бараа материалыг М.Т нарт зарж борлуулсан боловч үнийг бүрэн төлөөгүй тул үлдэгдэл бараа, материалыг түүний хүү Б.Хүдэрчулуунд нь хэлж, түүний зөвшөөрснөөр авч явсан.
Мөн түүний сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн орлого, зарлагын санхүүгийн баримтууд нь "З" ХХК-ийн хиамны үйлдвэрийг ашиглаж байсан болохыг нотлохоос гадна дээрх бараа материалууд нь үйлдвэрлэлийн явцад зарцуулагдсан болох нь давхар нотлогдож байна гэж үзэж байна.
Энэ талаар тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1 шийдвэрт тодорхой тусгаж, яг энэ сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр 2,233,820 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрсөн.
"З" ХХК нь 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр М.Ттай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний үндсэн дээр С, Толгойтын 5 тоот хаягт байрлах 2520 м.кв талбай бүхий газар, 12х24 хэмжээтэй үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулж ирсэн болно.
Улмаар М.Т болон Б.Э нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдснаас хойш талууд гэрээнээс татгалзах хүртэл хугацаанд худалдан авагч тал болох Б.Э нь гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа эрх хэмжээг хэрэгжүүлж ирсэн.
"З" ХХК-ийн хувьд дээрх худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгөд зөвхөн компанийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд О хаягт байрлах 2518 м.кв газрын хашааг өөрчилж, банзан хашааг буулгасан үйлдэл нь манай байгууллагатай холбоогүй болно.
Учир нь Хөрөнгө оруулалтын газар НӨҮГ-ын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 99999 дугаар албан бичгээр С, цэргийн хотхоны УДДТ-ийн ф250 мм-ийн 1 дүгээр хэлхээний шугам сүлжээг шинэчлэн солих ажлын трассын дагуу З" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй О хаягт байрлах 2518 м.кв газрын дундуур дулааны шугам дайран гарах тул талбайг чөлөөлж өгөх тухай мэдэгдсэн болно.
Энэ байдлыг Б.Эгийн зүгээс М.Тт мэдэгдсэнээр тэрээр банзан хашааг 2015 оны зун буулгаад уг хашааны банзаа М.Т өөрөө авч явсан.
Гэрээний талууд 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс М.Т нь 2021 оны 04 дүгээр сард татгалзаж, гэрээний зүйлийг буцаан эзэмшилдээ авсан бөгөөд энэ үйл баримтын талаар дүгнэлт хийсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1111111 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 22222222 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон билээ.
Нэгэнт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бодит байдалд биелүүлэх боломжгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн тул С, Толгойтын 5 тоот хаягт байрлах 2520 м.кв талбай бүхий газрыг манай З ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Хариуцагч нь өөрийн эзэмшилд байгаа газрыг бүхэлд нь чөлөөлүүлэх гэж байгаа үндэслэл нь тодорхойгүй, талууд 2021.4 сард гэрээнээс татгалзсанаар М.Энх-Амгалангийн эзэмшлээс гараад 4-5 жил болж байгаа, газрын тодорхой хэсэгт хийсэн бүтээн байгуулалтыг хариуцагч өөрөө ашиглаж байна. Уг бүтээн байгуулалтыг буцааж авах, нураах асуудал байхгүй, хэрэв тэгвэл газраас салгамагц зориулалтын чанараа алдах юм.
Мөн сөрөг нэхэмжлэлд нийт 193,91 м урттай, 2 метрийн өндөртэй, 379,82 мкв талбайтай модон хашааны үнэ 40 хувийг нэхэмжилсэн гэж огт бичээгүй мөртлөө хожим хийлгэсэн тайланд дурдсан 11,774,600 төгрөгийг нэхэмжилсэн нь нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй.
Гэтэл газар дээр тоосгон хашаа барьчихсан байтал үнэлгээний компани нь байхгүй зүйл буюу банзан хашааг байгаа мэтээр үнэлгээ хийсэн байгааг зөвшөөрөхгүй, мөн банзан хашааны үнэ гэж нэхэмжилсэн 11,774,600 төгрөг нь нийт хашааны үнэ, эсхүл 40 хувийн үнэ алин нь болохыг тодорхойлоогүй гэж үзэж байна. Ер нь бол тухайн цаг үед буюу 2015 онд нийтийн хэрэгцээнд зориулан газрыг чөлөөлсөн байхад М.Таас ямар нэгэн зөвшөөрөл шаардахгүй юм.
Иймд М.Тийн 9,257,500 төгрөгийн үнэлгээ бүхий хиамны бүрхэвч, 11,664,000 төгрөгийн жор буюу амтлагч, уураг зэрэг бүтээгдэхүүний үнэ болох 20,921,500 төгрөг гаргуулах, С, Толгойтын 5 тоот хаягт байрлах 2520 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх, банзан хашааны үнэ 11,774,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. / 1 хх 186-187, 2хх 75-76/
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
5.1.Нэхэмжлэгчээс ирүүлсэн : Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, н.Эгийн иргэний үнэмлэхийн хуулбар, объектыг засан сайжруулахад гаргасан зардал болох ажил гүйцэтгэх гэрээ, бараа материал худалдан авсан баримт, өмгөөлөгч Ж.Этай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.01-ний өдрийн 1061 дугаар шийдвэрийн хуулбар, мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014.12.27-ны өдрийн кассын орлогын баримт, орлогын мэдүүлэг, ихэсгэсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, Хөрөнгө оруулалтын газар НӨҮГ-ын 2014.05.27-ны өдрийн 99999 тоот албан бичгийн хуулбар, Б.Эгийн тус шүүхэд 2022.09.05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2023.06.12-ны өдрийн 14821 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, мөн өдрийн 1399 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, гүйлгээний баримт, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, 2022.12.26-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, М.Тийн Х ХК-ийн дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл, Д.Отгонцэцэгийн дансны хуулга, гарын үсгийн баталгаа, хүлээн авсан бараа материалын тооцоо гэх хуулбар, /1хх 1-54, 71-72, 186-187, 195-205, 207-225, 2 хх 14-18, 21-23, 75-77, 79-99/,
5.2.Хариуцагчаас ирүүлсэн: М.Таас 2022.10.10-ны өдөр Д.Амгалан, Г.Г нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт, өмгөөлөгчөөр Г.Оыг оролцуулах хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эрхийн улсын бүртгэлийн 1111111 дугаарт бүртгэгдсэн, 555555 байршилтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 288 мкв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн лавлагааны хуулбар, кассын орлого, зарлагын баримт, М.Таас гаргасан төлбөрийн мэдээлэл, олох байсан орлогын талаарх тооцоолол, Ж.Тунгалагийн Тны харилцах дансны харлцагчийн хуулга, зөрчлийн талаарх мэдээлэл гэх хаяг бүхий гэрэл зургийн үзүүлэлт, ажлын байр түрээслэх гэрээ, талуудын хооронд хийгдсэн ярианы бичлэг бүхий сиди, сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.04.24-ний өдрийн 862 магадлал, Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2013.10.11-ний өдөр Т ХК болон М.Т, Х.Баянжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, барьцаалбар, З ХХК-ийг төлөөлж Б.Э болон М.Т нарын хооронд 2010.06.10-ны өдөр байгуулагдсан №01 тоот түрээсийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Б.Эгийн 2023.03.01-ний өдөр гаргасан хариу тайлбарын хуулбар, ихэсгэсэн шаардлагын талаарх хариу тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, /1 хх 73-79,92, 95-177,179-181, 1 хавтаст хэрэгт хавсаргасан, 2 хх 30-73, 118, /
5.3.Шүүхийн журмаар бүрдүүлсэн : Ү.Бт хууль сануулсан баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчээр асуусан зүйлийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн З ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Б.Хд хууль сануулсан баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчээр асуусан зүйлийн тэмдэглэл, хариуцагчаас ирүүлсэн талуудын хооронд хийгдсэн ярианд хийгдсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн 1111111 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, Толгойт 5 тоот хаягт байршилтай, 288 мкв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримт /1хх 236-242, 245-250, 2 хх 1-10, 125-166/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч М.Тт холбогдуулан бүтээн байгуулалтын зардалд гаргасан төлбөр 52,027,625 төгрөг, газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 5,552,745 төгрөг, "З ХХК-иас шилжүүлсэн 9,000,000 төгрөг, зээлээр худалдаж авсан буузны үнэ 1,099,750 төгрөг, нийт 67,680,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч М.Т нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, О хаягт байрлах 2518 мкв газрыг "З" ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, модон хашааны үнэ 11,774,600 төгрөг, зөвшөөрөлгүй авсан хиамны эд зүйлийн үнэ 20,921,500 төгрөг, нийт 32,696,100 төгрөгийг З" ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагчийн эзэмшил газарт бүтээн байгуулалт хийж зардал гаргасан, түүний төлөх татвар, төлбөрийг төлсөн тул тэрээр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй, түүнчлэн зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Хариуцагч нь эзэмшил газарт бүтээн байгуулалт хийж түүнд зарцуулсан гэх баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байхаас гадна тэдгээр зүйлсийг зөвхөн өөрийнхөө үйл ажиллагаанд зориулан бий болгосон, бүтээгдэхүүний үнийг шаардах хөөн хэлэлцэх дуусгавар болсон гэж маргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.01-ний өдрийн 061 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.04.24-ний өдрийн 210/ИА2023/022222222 дугаар магадлалаар,
2013.09.09-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээр М.Тийн өмчлөлийн 555555 хаягт байршилтай, 288 мкв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Эгийн өмчлөлд шилжүүлэх, Б.Э нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 500,000,000 төгрөгийг 2013.10.04-ний өдөр төлж барагдуулах,
Мөн өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр М.Тийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Хөдөлгөөний сувиллын ард байрлах, 2520 мкв талбайтай, газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон,
Б.Э нь гэрээний дагуу 2013.10.04-ний өдрийн дотор 500,000,000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй үндэслэлээр талууд харилцан тохиролцож 2021.04.02-ны өдөр гэрээнээс татгалзсан, Б.Э нь 2010 оны 06 сараас 2013 оны 09 сар хүртэлх хугацаанд М.Тийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг түрээслэж байсан, тэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газрын төлбөрийг төлж байсан үйл баримтыг тогтоожээ.
Түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигчийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй. Мөн хуулийн этгээд болон бусад нь этгээд нь төлсөн төлбөрөө буцаан шаардах эрх нээлттэй байна гэдгийг дурдсан байна.
-"З ХХК-иас шилжүүлсэн 9,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.
Үүнээс үзэхэд, талуудын хооронд ямар нэг үүрэг үүссэн эсэх, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан эсэх нь тогтоогдох учиртай бөгөөд тогтоогдож байгаа үйл баримтаар З ХХК болон М.Т нарын хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй юм.
З ХХК нь 2014.10.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014.10.09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2014.12.27-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагч М.Тийн Т ХК-ийн 55555555555 тоот дансанд шилжүүлэн өгсөн болох нь тус банкны кассын орлогын баримт, дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч үүнийг баримтаар няцаагаагүй тул тэрээр түүнийг буцаан өгөх үүрэгтэй гэж үзэв. /2 хх 21-22, 87-88/
-Нэхэмжлэгчийн, эзэмшил газарт 15 машины дулаан гараж, гүний худаг, 40 тонны зоорь, 2535 мкв банзан хашааг 3 м өндөртэй блокон хашаа, харуулын байр зэргийг бий болгоход зарцуулсан зардал 52,027,625 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэж зааснаас үзэхэд 52,027,625 төгрөгийг зардлын талаар санхүүгийн тайлан балансад тусгасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
З ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд дурдсанаас үзэхэд тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Э болох нь тогтоогдож байх гүйцэтгэх удирдлагыг н.Мд ямар хугацаанд шилжүүлсэн болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл тэрээр тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр хэрэгжүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв. /1 хх 4, 245-247/
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна. Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр гаргах тохиолдолд цахим гарын үсэг хэрэглэж баталгаажуулна,
13 дугаар зүйлийн 13.5-т Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна гэж тус тус заасан.
Хуулийн энэхүү заалтын дагуу гүйцэтгэх захирал нь санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах, анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримтыг хүчин төгөлдөрт тооцохоор байна.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэргийн 7-34 талд авагдсан А ХХК, М ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын баримт, кассын зарлагын ордер зэрэг баримтаас үзэхэд З ХХК-ийг төлөөлөн н.М гэрээ байгуулах эрхтэй болох нь тогтоогдохгүй байхаас гадна зарлагын баримтад хэн гарын үсэг зурсан болох, ямар ажил, үйлчилгээний төлбөрийг хэнээс хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, зарлагын баримтад компанийн тамга, тэмдэг дарагдаагүй, тамгыг давхардуулан дарсан байх тул эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэгчээс дээрх хэмжээний зардал гарсан гэж үзэхгүй.
Түүнчлэн хэргийн 27-28,34 талд зарлагын падаан байх боловч уг баримтаар Э ХХК-иас ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр ямар ажил үйлчилгээ худалдан авсан болох, уг зарлагын баримтад дурдсан үнийг хэрхэн төлсөн болох нь тодорхойгүй гэж үзэв.
-Нэхэмжлэгчийн газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 5,552,745 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.24-ний өдрийн 210/МА2023/022222222 дугаар магадлалд, Б.Э нь М.Тийн өмнөөс үл хөдлөх эд хөрөнгийн татварт 1,413,500 төгрөг, газрын төлбөрт 5,799,060 төгрөг, бүгд 7,212,560 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх боловч анхан шатны шүүх 5,774,060 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн талаар Б.Э давж заалдах гомдол гаргаагүй тул тус шийдлийг хэвээр үлдээсэн болохыг дурдсан байна. /2 хх 39/
Нэхэмжлэгч З ХХК нь газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 5,552,745 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлсөн гэх боловч ийнхүү төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй, өөрөөр хэлбэл ийнхүү төлбөр төлснийг баримтаар нотолсонгүй гэж үзэв.
-Зээлээр худалдаж авсан буузны үнэ 1,099,750 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь 2014.10.14-ний өдрөөс 2015.05.24-ний өдөрт хамаарах зарлагын баримтыг ирүүлсэн боловч эдгээр баримтын нийлбэр нь 1,099,750 төгрөг байх ба 54 талд авагдсан зарлагын баримтад 40,000 төгрөг өгсөн, 84,500 төгрөг үлдсэн гэх тэмдэглэгээ хийгдсэн байгаагаас үзэхэд нийт 1,059,750 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэхээр байна. / 1хх 45-54/
Хариуцагч М.Т нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, гагцхүү гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх дуусгавар болсон гэж маргасан.
Зохигчийн тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд бууз худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан шүүхэд гаргасан, түүнчлэн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан, талуудын хооронд хамгийн сүүлд 2015.05.24-ний үйлдэгдсэн зарлагын баримтаар тооцоход талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2018.05.24-ний өдөр дуусгавар болсон, ийнхүү дуусгавар болсон өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шаардлага гаргасантай холбоотой баримтыг ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд дээр дурдсан байдлыг нэгтгэн дүгнээд, хариуцагч М.Т нь үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй тул түүнээс 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,680,120 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
-М.Т нь О хаягт байрлах 2518 мкв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, модон хашааны үнэ 11,774,600 төгрөг, зөвшөөрөлгүй авсан эд зүйлийн үнэ 20,921,500 төгрөг, нийт 32,696,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг З" ХХК-д холбогдуулан гаргасан.
З ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талууд гэрээнээс татгалзсантай холбоотой үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг хүлээлгэн өгсөн, 20,921,500 төгрөгтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн,банзан хашааны үнэ 11,774,600 төгрөг гаргуулах шаардлагаа нотлоогүй тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
- О хаягт байрлах 2518 мкв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй авсан эд зүйлийн үнэ 20,921,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.01-ний өдрийн 061 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.04.24-ний өдрийн 210/ИА2023/022222222 дугаар магадлалаар Б.Э нь 2010.06-2013.09 сар хүртэлх хугацаанд М.Тийн өмчлөлийн 555555 хаягт байршилтай, 288 мкв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж байсан, 2013.09.09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 2021.04.02-ны өдөр гэрээнээс татгалзсан, уг гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагавар буюу Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар өгсөн, авсныг харилцан буцааж шийдвэрлэсэн байна. 1хх 195-205, 2 хх 35-40/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
М.Энх-Амгалан болон М.Т нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаар, уг гэрээний үр дагавар болох өгсөн авсан зүйлийг харилцан буцаасан үйл баримт тогтоогдож байх тул О хаягт байрлах 2518 мкв газрыг З ХХК нь хууль бусаар эзэмшиж байгаа, түүний эзэмшлээс уг газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Мөн дээрх шийдвэрээр, ...Б.Э нь 10,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 8,071,480 төгрөгийн бараа материалыг буцаан авсан байх тул анх хүлээлгэж өгсөн бараа материалын үнэ болох 15,837,660 төгрөгийн зөрүү болох 2,233,820 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй... гэж дүгнэн М.Тт олгохоор шийдвэрлэсэн байна. /1хх 204/
Үүнээс үзэхэд М.Тийн, 9,257,500 төгрөгийн үнэлгээ бүхий хиамны бүрхэвч, 11,664,000 төгрөгийн жор буюу амтлагч, уураг зэрэг бүтээгдэхүүний үнэ , нийт 20,921,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсэн гэж үзнэ.
Түүнчлэн шүүхийн шийдвэрт талуудын хооронд хийгдсэн СD-д хийгдсэн бичлэг, гэрч Б.Хы мэдүүлэг, зэргийг хэрхэн үнэлсэн талаар дурдсан байх тул шүүх эдгээр баримтыг дахин үнэлэх, шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.
-Модон хашааны үнэ 11,774,600 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
М.Т нь 2004 онд баригдсан гэх хашааны зургийг үндэслэн гаргасан 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэ цэнийг 11,774,600 төгрөг гэх Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг энэхүү шаардлагын үндэслэл болгосон. /2 хх 40-57/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Б.Э нь 2010.06-2013.09 сар хүртэлх хугацаанд М.Тийн өмчлөлийн 555555 хаягт байршилтай, 288 мкв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж байсан,
2013.09.09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, талууд 2021.04.02-ны өдөр гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдсон.
Хэрэгт, Хөрөнгө оруулалтын газар НӨҮГ-ын 2014.05.27-ны өдрийн С, Цэргийн хотхоны УДДТ-ийн ф250 мм-ийн 1 дүгээр хэлхээний шугам сүлжээг шинэчлэн ажлыг 2014.05.06-2014.08.01-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан тухайн газрыг чөлөөлөх талаар мэдэгдсэн талаарх албан бичиг авагдсан. /2 хх 77/
Үүнээс үзэхэд М.Тийн эзэмшил газарт дахин төлөвлөлт хийгдсэн байх ба тэрээр 2004 онд Б.Эгийн эзэмшилд 193,91 м урттай, 2 метрийн өндөр, 379,82 мкв талбайтай модон хашаа хүлээлгэн өгснийг нотолсон баримтыг ирүүлээгүй, тодруулбал модон хашааг 11,774,600 төгрөгийн үнэтэй байсан гэдгийг баримтаар нотолсонгүй.
Т ХХК нь 2023.05.25-ны өдрийн байдлаар үнэлгээ хийгдэх үед модон бус блокон хашаагаар солигдсон, газрын хэмжээгээр блокон хашаа байсныг үнэлгээний тайланд тусгажээ. /2хх 49/
Гэтэл М.Т нь дээрх газарт баригдсан блокон хашааны хэмжээгээр тооцож 2023.05.25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн З ХХК-иас модон хашааны үнэ 11,774,600 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолсонгүй.
6. Иймд нэхэмжлэгч З ХХК-д холбогдох, О хаягт байрлах 2518 мкв газрыг "З" ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 32,696,100 төгрөг гаргуулах тухай, хариуцагч М.Тийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 654,314 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,101.05 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг тус тус баримтлан, хариуцагч М.Таас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,680,120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 491.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З ХХК-д холбогдох, О хаягт байрлах 2518 мкв газрыг "З" ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 32,696,100 төгрөг гаргуулах тухай, хариуцагч М.Тийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.Таас улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэгч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 654,314 төгрөг, хариуцагч М.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,101.05 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1111111, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/Ш32023/16969 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ