Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2024/02023

 

 

 

 

 

 

 

2024 04 16 101/ШШ2024/02023

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Нт холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Гэрч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 999999999 шүүхийн шийдвэрээр Б.Д миний бие болон Т.Н нараас 25,519,628 төгрөгийг гаргуулж "А ХХК-д олгуулах, үүргийн гүйцэтгэлийг Б.Д миний өмчлөлийн 77777777777 дугаарт бүртгэгдсэн 66666666666 тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн болно.

Улмаар тус захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, Нт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н нь тогтоол гаргаж хөрөнгийн үнэлгээний "В ХХК-ийг захиалж томилсон бөгөөд дээрх хөрөнгийн үнэлгээний газар болох "В ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 1111111 үнэлгээний тайлангаар Б.Д /рд: 4444444444/-ын өмчлөлийн 77777777777 дугаарт бүртгэгдсэн 66666666666 тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 79,870,000 төгрөгөөр үнэлсэн.

Н миний дээрх өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр хөрөнгийн үнэлгээний "В ХХК-ийг томилсон бөгөөд уг үнэлгээний компани нь дээр дурьдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээнээс хэт багаар тогтоож үнэлсэнд гомдолтой байна.

Учир нь үнэлгээний компани хөрөнгийн үнэлгээг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өртгийн талаарх үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн орлогын хандлагаарх үнэлгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн хандлагаарх үнэлгээнд үндэслэж хөрөнгийн үнэлгээний нэгтгэлийг 79,870,000 төгрөг гэж илэрхийлсэн байна. Гэтэл дээрх хөрөнгийн үнэлгээний нэгтгэлийг гаргахдаа тус орон сууцны ижил төрлийн болон ойролцоох орон сууцтай огт харьцуулалт хийгээгүй, мөн орлогын аргаар тодорхойлохдоо Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрласан боловч дэд бүтэц болох төв зам, автобусны буудлаасаа хол байрлах орон сууцны байруудыг харьцуулж ашигтай байрлал зэргийг харгалзан үзэлгүй бодит үнэ цэнийг тогтоогоогүй хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Иймд дээрх миний өмчлөлийн эд хөрөнгийн үнэлсэн "В ХХК тайлангийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /хх 1-2/

 

2. Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхмжлэгч Б.Дийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1429 дүгээр шийдвэрээр Б.Д, Т.Н нараас 25.875.376 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Б.Д, Т.Н нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Дийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 77777777777 дугаартай 666666666666 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11111111111, 00000000 тоот мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч "А" ХХК-аас 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох тухай хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 9 дугаар сарын 29-ны өдрийн 99999999 тоот шинжээч томилох тогтоолоор шинжээч О.Бэр үнэлгээ тогтоолгоход 79.870.000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 88888888, 77777777 тоот үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Д, Т.Н нарт гардуулан өгсөн.

Шинжээч О.Б нь үнэлгээг хуульд заасны дагуу гүйцэтгэж, гомдолд дурдсан жишиг үнийг тодорхойлж харьцуулалтын аргыг үнэлгээний тайлангийн 16 дугаар хуудсанд тусгаж өгсөн байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 64-125/

 

3.Гэрч В ХХК-ийн захирал О.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон тогтоолын дагуу Б.Дийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 77777777777 дугаартай, 66666666666 тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй биечлэн танилцаж, үнэлгээг 2023.10.03-ны өдрийн байдлаар тогтоосон.

Үнэлгээг хийхдээ Олон улсын стандартын дагуу Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийг баримтлан хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэхдээ орлогын, өртгийн, зах зээлийн хандлагыг баримтлан, эдгээр хандлагын аргаас зах зээлийн жишиг үнийн хандлагыг бодитой тул үнэлгээг 79,870,000 төгрөгөөр тогтоосон.

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 16 дугаар талд хөрөнгийг ямар орон сууцуудтай харьцуулсан талаарх баримт байгаа, дотоод зохион байгуулалт, мкв нь яг ижил, энэ хотхоны байруудтай жишиж үзсэн, жишиг үнэ нь энэ талд, тооцоолол нь 10 дугаар талд авагдсан гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1 Нэхэмжлэгчээс ирүүлсэн : Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Доос 2023.10.05-ны өдөр Т.Нд олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.10.04-ний өдрийн 11111111111 тоот мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.21-ний өдрийн 999999999 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.08.25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2023.09.07-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023.09.07-ны өдрийн 11111111111 тоот үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, В ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангийн хуулбар, Т.Н болон өмгөөлөгч Э.Нын нарын хооронд 2023.10.24-ний өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-ийн 1-41, 47-49/,

4.2. Хариуцагчаас ирүүлсэн: 2023.11.08-ны өдөр А.Од олгосон итгэмжлэл, хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг 23380871, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.16-ны өдрийн 1189 дугаар гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2023.05.16-ны өдрийн 7777777777777 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2023.03.21-ний өдрийн 999999999 дугаар шийдвэр, 2023.06.05-ны өдрийн 23380871 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, зарлан дуудах мэдэгдэл, 2023.08.25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гйүцэтгэгчийн тэмдэглэл, талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, 2023.09.07-ны өдрийн 33333333 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Б.Дид хүргүүлсэн 2023.09.07-ны өдрийн 11111111111 дугаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, Т.Нд хүргүүлсэн 2023.09.07-ны өдрийн 00000000 дугаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, Б.Дийн 2023.09.27, Т.Нн 2023.09.29, А-ын 2023.09.28-ны өдрийн үнийн санал, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.09.20-ны өдрийн 1284 тоот албан бичиг, 2023.09.29-ний 99999999 тоот шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид 2023.09.29-ний өдөр эрх үүрэг тайлбарласан баримт, мэдээлэл тодруулсан тэмдэглэл, В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, О.Бнийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Д, Т.Н нарт хүргүүлсэн 2023.10.04-ний өдрийн 88888888, 77777777 дугаартай үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Т.Нн 2023.10.05-ны өдөр хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэн хүсэлт, /хх 62, 64-125/,

4.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Гэрч О.Бнийн мэдүүлэг зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Нт холбогдуулан,

Эрхийн улсын бүртгэлийн 77777777777 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж 4 байр, 56 тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч Н нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 999999999 дугаар шийдвэрээр :

-...хариуцагч Т.Н, Б.Д нараас 25,519,628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,739,976 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

-...үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Дийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус 15 дугаар гудамж, 4 дүгээр байрны 56 тоот хаягт байршилтай, 22222222 гэрчилгээний дугаартай, Эрхийн улсын бүртгэлийн 7777777777 дугаартай, 18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нт даалгаж, шийдвэрлэсэн байна. /хх 68-72/

 

4.1. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Б.Д, Т.Н нарыг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч А ХХК-ийн хүсэлтээр дээрх шийдвэрт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 7777777777777 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 01189 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хх 66-67/

 

5.Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23380871 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, Б.Дийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 7777777777 дугаарт бүртгэгдсэн, 666666666666 тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 55555555555 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33333333 дугаар тогтоолоор хураан авсан, эдгээр ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн байна. /хх 73, 76-77, 85-86/

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т:Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т:Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь эдгээр ажиллагааны талаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан талаарх баримтыг ирүүлээгүй байгааг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

7. Дээрх битүүмжилж, хураан авсан хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад өмчлөгч, төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцож тогтоож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 99999999 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр О.Бнийг томилсон. /хх 93-95, 97/

 

7.1. Шинжээч О.Б нь В ХХК-ийн гүйцэтгэх захирал, хуулийн этгээд /333333333/-ийн үйл ажиллагааны чиглэл нь хөрөнгийн үнэлгээ хийх, даатгалын хохирол үнэлгээ хийх гэж бүртгэсэн, үнэлгээчин О.Б нь Сангийн сайдын 2014 оны 245 дугаар тушаалын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байна. /хх 117-119/

 

7.2. Шинжээч нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.Дийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 7777777777 дугаарт бүртгэгдсэн, 666666666666 тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, хөрөнгийн байдал, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг үндэслэн зах зээлийн үнийг 79,870,000 төгрөг гэж үнэлжээ./хх 100-116/

 

7.3. Шинжээчийн дүгнэлт, түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд, тэрээр хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих асуудал болох шинжилгээний объектыг шинжилсэн явцшинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгасан гэж үзнэ.

 

8. Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн үнэлгээний тайланг 2023 оны 10 дугаар сарын 04ий өдөр төлбөр төлөгч Б.Дид мэдэгдсэн, ийнхүү мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдсэн байх ба нэхэмжлэгч нь уг үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлээгүй байна. /хх 1-2,120-121/

 

9. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байх ба харин нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг дэд бүтэц, ижил болон ойролцоо орон сууцтай харьцуулалт хийгээгүй, ашигтай байрлалыг харгалзан үзээгүй, бодит үнэ цэнийг тогтоогоогүй, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага үнэлсэн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

10. Иймд хариуцагч Нт холбогдох,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 999999999 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн,

Эрхийн улсын бүртгэлийн 77777777777 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж, 4 байр, 56 тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 79,870,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Нэхэмжлэгч Б.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нд 2023.10.05-ны өдөр олгогдсон итгэмжлэлд дурдсан 111111111 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч Уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлон ирүүлсэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан, тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

11.2. Түүнээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т.Н нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж түүний өмгөөлөгч Э.Н шүүх хуралдаанд тайлбарласан учир тус шүүхийн шүүгчийн 2024.03.26-ны өдрийн 44444444444 дугаар захирамжаар, хэргийн 64-125 талд авагдсан хариуцагчийн тайлбар, түүнд хавсаргасан баримтуудыг танилцуулахаар нэхэмжлэгч Б.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тэдний нэхэмжлэл болон итгэмжлэлд дурдсан хаягаар тус тус хүргүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 143-152/

 

12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Нт холбогдох,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 999999999 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн,

Эрхийн улсын бүртгэлийн 77777777777 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж, 4 байр, 56 тоот хаягт байршилтай, 18 мкв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 79,870,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 55555555555 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ