Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 0033

 

 

 

 

 

 

 

 

Б.Ч, Ш.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

  Прокурор                                                       Л.О

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                            А.Т

  Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Ч, Ш.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Б овогт Б-н Ч,

           Ч овогт Ш-н Н,

          Б.Ч нь 2021 оны 08 дугаар сарын 10-13-ны өдрүүдийн хооронд     аймаг         сум       баг       тоотод оршин суух Д.Н-н байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын цагаан зэс аяга 4 ширхэг, их гарын шар зэс аяга 1 ширхэг хулгайлан 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр П.О-тай бүлэглэн         аймаг          сум          баг  тоотод оршин суух Д.Э-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч шинэ цагийн хийцтэй дунд гарын мөнгө аяга 6 ширхэг, шинэ цагийн хийцтэй их гарын мөнгөн аяга 4 ширхэг, адидас брэндийн бэлтгэлийн өмд цамц 1 ширхэг, “Grey goose” нэртэй 1л архи зэрэг эд зүйл хулгайлан 2.168.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ш.Нтой бүлэглэн        аймаг        сум       баг       тоотод оршин суух иргэн Ц.С-н байшингийн вакум цонхыг түлхэн орж буюу хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн LG загварын телевизор, хазаар ногт, индукцин плитка, 40 литрийн бидон, сувинер, аяга, хундаганы ком, шилтэй өргөст хэмх, усны помп, дрилл зэрэг эд зүйл хулгайлан 2.431.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Ш.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр        аймаг         сум        баг          тоотод оршин суух Д.У-н байшингийн 1 давхрын цонхны хаалтыг эвдэж цонхыг нь хагалан нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан,

  2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр          аймаг        сум      баг       тоотод суух иргэн М.У-н эзэмшлийн байшингийн цонхыг хагалж хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний тоногтой бүс, болор шигтгээтэй 1 хос ээмэг, энгийн шармал 1 хос ээмэг зэрэг эд зүйл хулгайлан 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

  2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Чтэй бүлэглэн,       аймаг         сум         баг        тоотод оршин суух иргэн Ц.С-н байшингийн вакум цонхыг түлхэн орж буюу хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн LG загварын телевизор, хазаар ногт, индукцин плитка, 40 литрийн бидон, сувинер, аяга, хундаганы ком, шилтэй өргөст хэмх, усны помп, дрилл зэрэг эд зүйл хулгайлан 2.431.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

   Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Ч, Ш.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

  Шүүгдэгч Б овогт Б-н Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “ганцаараа болон бусадтай бүлэглэн, 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Ч овогт Ш-н Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан”, мөн “ганцаараа болон бусадтай бүлэглэн, 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож,

  шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

  шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.т-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, 

  шүүгдэгч Ш.Нт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 7 сар 23 хоногийн хугацаагаар хугацаагаар хорих ялаар тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Ш.Н нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ч, Ш.Н нарын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 46 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, Ш.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Чээс 3.640.500 төгрөг гаргуулж, 210.000 төгрөгийг  Д.Н-д, 1.029.000 төгрөгийг Д.Э-т, 130.000 төгрөгийг Б.Ц-д, 2.271.500 төгрөгийг  Ц.С-д,

  шүүгдэгч Ш.Ноос 1.068.500 төгрөг гаргуулж, 159.500 төгрөгийг  Ц.С-д, 240.000 төгрөгийг  Д.У-т, 669.000 төгрөгийг  М.У-т олгож,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн бор өнгийн үдээстэй 1 хос гутлыг шүүгдэгч Б.Чт буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор эсэргүүцэлдээ:

 “ ... Шүүгдэгч Б.Ч нь урьд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн захирамжаар 10 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 шүүгдэгч Ш.Н нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 сарын 24-ний өдрийн захирамжаар 9 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэнэ, 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэж хугацааны өмнө тэнсэн суллагдсан хорих ялыг бүхэлд нь нэмж нэгтгээгүй.

 Өөрөөр хэлбэл өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Чт оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 1 хоногийн хорих ялыг 7 сар 1 хоног, Ш.Нт оногдуулсан 9 сар 23 хоногийн хорих ялыг 7 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ ялын тооцоог хэрхэн тооцож нийт эдлэх ялыг тогтоосон нь ойлгомжгүй байна.

 Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа: “...Эдлээгүй үлдсэн ялыг хасаж тооцсон нь үндэслэлтэй. Тооцооллын алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэх боломжтой...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Ч, Ш.Н нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс  2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн        аймгийн       сумын      багт оршин суух нэр бүхий иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Д.Н-д  170.000 төгрөгийн, хохирогч Д.Э-т 2.168.000 төгрөгийн, хохирогч Ц.С-д 2.431.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

           шүүгдэгч Ш.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр          аймгийн           сумын         багийн      оршин суух Д.У-н байшингийн 1 давхрын цонхны хаалтыг эвдэж цонхыг нь хагалан нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн      аймгийн        сумын       багт оршин суух нэр бүхий иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.С-д 2.431.000 төгрөгийн, хохирогч М.У-т 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Н, Б.Ч нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Чийг 2 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Ш.Ныг 2 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Чт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 1 хоногийн хорих ял, шүүгдэгч Ш.Нт оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Чийн нийт эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 1 хоног, шүүгдэгч Ш.Нын нийт эдлэх хорих ялыг 2 жил 7 сар 23 хоногийн хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.

            Шүүгдэгч Б.Ч нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 1 хоногийн хорих ялаас,

          шүүгдэгч Ш.Н нь дээрх шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тус тус тэнсэн суллагджээ.

            Гэтэл шүүгдэгч нар нь хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж тодорхой заасан байна.

            Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Чийн эдлээгүй үлдсэн 10 сар 1 хоногийн хорих ял, шүүгдэгч Ш.Нын эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн ялыг шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэх ёстой атал шүүгдэгч Б.Чийн эдлээгүй үлдсэн ялыг 7 сар 1 хоног гэж, шүүгдэгч Ш.Нын эдлээгүй үлдсэн ялыг 7 сар 23 хоног гэж тус тус тогтоож, шүүгдэгч нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

            Тодруулбал: Шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо хорих ялаас тэнсэн суллагдсан хугацааг бүгдийг нь нэмж нэгтгэх нь зүйтэй юм.

         Харин тухайн хугацааны заримыг нь нэмж нэгтгэх тухай хууль зүйн зохицуулалт байхгүй болно.

            Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын эдлээгүй үлдсэн хорих ялыг хэрхэн тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хугацааг тогтоосон талаараа хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Иймд дээрх үндэслэлээр гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Н, Б.Ч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                      ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР