Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Я-н Бд холбогдох 201726010857 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Я-н Б /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Я.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хохирогч М.Э-ы эзэмшлийн монгол гэрийн тооноор нь орж, орон байранд нэвтэрч Fuji Lifebook маркийн улаан өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, 3,2 граммтай монетон бөгж 1 ширхэг, 3.4 граммтай монетон бөгж 1 ширхэг, 3.6 граммтай мөнгөн бөгж 1 ширхэг, 3 граммтай мөнгөн бөгж 1 ширхэг, 3.6 граммтай мөнгөн ээмэг 1 хос, 3.4 граммтай мөнгөн ээмэг 1 хос, хуучин жордан пүүз зэрэг нийт 920.000 /есөн зуун хорих мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн тогтоогдсон байна. Тодруулбал,

Шүүгдэгч Я.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух иргэн М.Э-ы эзэмшлийн монгол гэрийн тооноор нь нэвтэрч Fuji Lifebook маркийн улаан өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, 3,2 граммтай монетон бөгж 1 ширхэг, 3.4 граммтай монетон бөгж 1 ширхэг, 3.6 граммтай мөнгөн бөгж 1 ширхэг, 3 граммтай мөнгөн бөгж 1 ширхэг, 3.6 граммтай мөнгөн ээмэг 1 хос, 3.4 граммтай мөнгөн ээмэг 1 хос, хуучин жордан пүүз зэрэг эд зүйл хулгайлж, 920.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8х/

Эд зүйлийн үнэлгээнд: “Fuji Lifebook зөөврийн компьютер – 300.000 төгрөг, монетож бөгж – 180.000 төгрөг, монетон бөгж – 300.000 төгрөг, мөнгөн бөгж – 30.000 төгрөг, мөнгөн бөгж – 30.000 төгрөг, мөнгөн ээмэг – 40.000 төгрөг, мөнгөн ээмэг – 40.000 төгрөг, нийт 920.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 12х/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...Fuji Lifebook зөөврийн компьютер, жордан пүүз, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг 2 өрөөсөн зэргийг Я.Б хураан авч, хохирогч М.Э-д хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 16-1х/

 

Хохирогч М.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байхад би гэрээсээ гарч яваад гэрт манай хүү Г ганцаараа үлдсэн. Г гэртээ байж байгаад 12 цагийн орчимд буюу намайг ирэхээс өмнө гараад явсан байсан ба би тэр өдөр гадуур явж байгаад өөрийн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах гэртээ ирсэн чинь манай хашаан дотор зүүн талд манай хүү Гийн найз нь болох Б гэх залуу ганцаараа сууж байсан. Тэгээд би очоод “чи юу хийж байгаа юм бэ" гэж асуусан чинь тэр залуу хэлэхдээ “Г хүнсний дэлгүүр орохоор явсан би хүлээж байна” гэж хэлсэн. Тухайн үед тэр залуу гартаа хар өнгийн цүнхтэй зүйл барьчихсан байсан боловч би анзаарч сайн хараагүй юм. Манай гэрийн хаалганы цоож ямар нэгэн эвдрэлгүй байсан болхоор би юм ч санаагүй гэрийн хаалгаа түлхүүрээр нь онгойлгоод орсон чинь манай гэрийн эд зүйл эмх замбараагүй ундуй сундуй байдалтай болчихсон байсан. Тэгэхээр нь гараад харсан чинь нөгөө залуу байхгүй болчихсон байсан. Тэгээд хараад байсан чинь манай гэрийн зүүн талд манай гэрт байсан манай хуучин ашиглагдаггүй зөөврийн компьютер, мөн нэг харж байгаагүй шар өнгийн гутлын хамт тавьчихсан байсан. Манай гэрийн тооноор уг залуу орсон бололтой байна лээ. Манай гэрийн тоононы рамыг нь аваад хажууд нь тавьчихсан байдалтай байсан. Тэр залуу манай хүү Гийн найз нь байгаа юм. ...Б нь миний хохирлыг төлж барагдууллаа. Бэлнээр 682.000 төгрөг өгсөн, мөн хулгайлж авсан зөөврийн компьютер, пүүз 2 ширхэг өрөөсөн ээмэг, 1 ширхэг мөнгөн бөгж /3 граммтай/ зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өглөө. Ямар нэгэн гомдол, саналгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 23х/

 

Гэрч Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө манай гэрийнхэн 10 цаг өнгөрч байхад гараад явсан ба би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд гэртээ байж байтал найз Б 12 цагийн орчимд над руу залгаад “Жанцан дээр хүрээд ир” гээд дуудахаар нь би гэрээ цоожлоод гараад явсан. Ингээд би Жанцангийн автобусны буудал дээр очоод хүлээхэд Б ирээгүй. Би Б - г багцаагаар 1 цаг орчим хүлээгээд ирэхгүй байхаар нь утас руу нь залгахаар авахгүй байсан. Тэгээд би гэртээ ирсэн чинь аав гэрт ирчихсэн байсан, танай ангийн хүүхэд чинь ирээд явсан, цүнхтэй юм барьчихсан байсан гэж хэлсэн. Тэгээд харахад манай нөөтбүүк алга болсон байсан ба гадаа хашаанд шаргал өнгийн гутал байсан, мөн манай хуучин хэрэглэдэггүй зөөврийн компьютерыг хашаанд орхисон байсан учир хулгай орсон байна гэж мэдээд цагдаад хандсан. Тэгэхэд эхэндээ манайхаас монетон болон мөнгөн ээмэг бөгж алга болсон талаар мэдээгүй байсан. Тэгээд дараа нь эд зүйлээ бүртгэж үзэхэд монетон бөгж 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, зөөврийн компьютер зэрэг эд зүйл алдагдсан байсан юм...” гэсэн мэдүүрэг /хх-ийн 25-26 х/

 

Шүүгдэгч Я.Б - н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр арван жилийн найз Гийн нөөтбүүкийг нь хулгайлж авъя гэж санаад Гтой хопбогдон утас руу нь залгаад Гоо танайд хүн байна уу гэхэд байхгүй байна, би ганцаараа байна гэхээр нь уулзах уу Баянхошууны эцэс дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Гийг гэрээсээ гараад явахаар нь гэрт нь очоод тоононы рамыг нь авч тавьж байгаад тооноор нь ороод гэрээс нь ширээн дээр байсан зөөврийн компьютер 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг 2 хос, монетон бөгж 2 ширхэг, мөн жордан пүүз зэрэг эд зүйлсийг аваад гэрээс нь гараад хашаанд нь гутлаа сольж өмсөөд өөрийн өмсөж явсан гутлаа хашаанд нь орхиод гарах гэтэл Гомдоржийн аав нь хашаандаа ороод ирсэн. Тэгээд намайг юу хийж яваа юм бэ гэхээр нь “Г дэлгүүр явчихсан би хүлээгээд байж байна” гэж хэлсэн чинь аав нь гэр лүүгээ орчихсон. Тэгээд би тэднийхээс авсан нөөтбүүк комльютерийн хуучныг нь хашаанд нь гуталтайгаа орхичихоод нэг нөтбүүкийг нь аваад гарсан. Тэднийхээс авсан байсан монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгжийг би халаасандаа хийчихсэн байсан чинь заримыг нь хаячихсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39, 41х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл, шүүгдэгч Я.Б нь иргэн М.Э-ы гэрт хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, ээмэг, бөгж, гутал зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч явсан нь эд хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, түүнчлэн шүүгдэгч Я.Б - ий өөрийнхөө хийсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

           

            Я.Бд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа ба Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон байх тул 2002 Эрүүгийн хуулиар Я.Б - г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Я.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49х/-аар тогтоогдлоо.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Я.Б нь хохирогч М.Э-д Fuji Lifebook зөөврийн компьютер, 1 ширхэг пүүзэн гутал, 2 ширхэг өрөөсөн ээмэг, 1 ширхэг мөнгөн бөгж зэргийг буцаан өгсөн, мөн 682.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 23, 68х/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Я.Б нь тохиролдлын шинжтэй нөхцөл байдоын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс, шүүгдэгч Я.Б - ий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Я.Б - ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Я-н Б - г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Я.Б - г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Я.Бд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Я.Б - ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Я.Бд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Я.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ