Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2109

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Нын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02662 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Сд холбогдох  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58 879 500 төгрөг, хохиролд 31 402 400 төгрөг, нийт 90 281 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь Б.Стай 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 100 000 юаныг 10 хоногийн 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Б.С нь зээлийн гэрээний төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн зээл 100 000 юаныг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол банкны ханш 392.53 төгрөгөөр тооцож 39 253 000 төгрөг, алдангиийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 19 626 500 төгрөгөөр тооцсон. Хохиролд зээлийн гэрээний 3.1-т заасан хугацаа буюу 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 8 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 31 402 400 төгрөг, нийт 90 281 900 төгрөгийг Б.Сгаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 100 000 юань буюу 39 253 000 төгрөгийг хариуцагч төлөхөөр зөвшөөрч байгаа. Харин нэхэмжилж байгаа хүү болон алданги, хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Ирээдүйд бий болох хохирлыг нэхэмжлэх эрхгүй тул хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг зээлдэгч болон зээлдүүлэгч нь Иргэний хуульд заасны дагуу харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа нь 2018 оны 07 дугаар сарын 05-наас 2018 оны 07 дугаар сарын 15-ныг хүртэл 10 хоногийн хугацаатай, гэрээний 3.3-т зээлийн хүүг сарын 10 хувийн хүүтэй гэж заасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэрээ болсон. Иймд хүү болон алдангийг тооцохгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон тул хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Сгаас 58 879 500 төгрөгийг гаргуулж Ц.Нод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 402 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609 359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгаас 452 347 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Зохигчдын хоорондын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 562 дугаартай зээлийн гэрээгээр 100 000 юанийг 10 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай буюу зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр тодорхой хугацаа тогтоосон тул зээлдүүлэгчийн шаардах эрх нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон байхад шүүх үүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 19 626 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

       Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Б.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58 879 500 төгрөг, хохиролд 31 402 400 төгрөг, нийт 90 281 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “үндсэн зээл 39 253 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин зээлийн хүү, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.  

Зохигчид хоорондоо 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 562 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 100 000 юаныг 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохирч, хариуцагч нь зээлийн хүүд 6 800 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь дээрх зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-6/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

           

            Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Ц.Н нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

           

            Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээгээр үндсэн зээл 39 253 000 төгрөг, зээлийн хүү 3 925 300 төгрөг, нийт 43 378 300 төгрөгийн үүрэгтэй байснаас хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд төлсөн 6 800 000 төгрөгийг хасч тооцвол 36 378 300 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.7 дахь хэсэгт гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алдангийг тооцож үзвэл 18 189 150 төгрөг болж байна.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг үндэслэн анзын хэмжээг дахин 50 хувиар багасгаж 9 094 575 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт зээлийн гэрээний хугацааг 10 хоногоор тохиролцож байгуулсан, мөн гэрээний 3.3 дахь хэсэгт зээлийн хүүг хэт өндөр буюу 10 хувиар тогтоосон байгаа зэргийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Сгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 45 472 875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.

       Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар “...үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцож 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 8 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 31 402 400 төгрөг гаргуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ашиг олох ямар үйл ажиллагаа явуулдаг, хуульд зааснаар орлогоо тодорхойлж татвар төлдөг байсан талаарх нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/02662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...58 879 500 төгрөг...” гэснийг “45 472 875 төгрөг” гэж, “...31 402 400 төгрөг...” гэснийг “44 809 025 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...452 347 төгрөг...” гэснийг “385 314 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагвагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 085 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН