Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2024/02415

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.С-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 80,000 ам.доллар буюу 276,087,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Монгол Улсын иргэнД.С нь 2016 оны 08 сарын 21-ний өдөр нас барж, өв нээгдсэн ба нэхэмжлэгч буюу Д.Э нь түүний хууль ёсны өвлөгч юм. Д.Э нь өөрийн ээж С.Сийн хууль ёсны өвлөгч тул түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, ийнхүү хууль ёсны өвлөгч учир нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн ээж С.С нь иргэн Г.С /регистрийн дугаар 666666666/-д 80000 /наян мянга/ америк долларыг зээлсэн бөгөөд түүнийг 2015 оны 03 сарын 30-ны өдөр төлөхөөр талууд харилцан тохиролцож, 2015 оны 03 сарын 16-ны өдөр бичгээр баталгаажуулсан байдаг.

Гэвч хариуцагч нь тохиролцсон хугацаанд зээлийг огт төлөөгүй бөгөөд зээлдэгч нь үндсэн зээлд 2015 оны 05 сараас эхлэн сарын 4 хувийн хүү тооцож, үндсэн зээл, хүү буюу нийт зээлийн төлбөрийг 2015 оны 10 сарын 31-ний өдрийн дотор бүрэн барагдуулах болох хүсэл зоригоо өөрийн сайн дурын үндсэн дээр илэрхийлж, өөрийн гар бичмэл бүхий тодорхойлолтыг үйлдэж, зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөнийг зээлдэгч хүлээн авсан байдаг.

Хариуцагч нь тохиролцсон хугацаандаа үндсэн зээл, хүүд ганц ч төгрөг төлөөгүй ба тэрээр зээлийн нийт төлбөрийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр төлж барагдуулах болохоо илэрхийлж, дахин өөрийн гар бичмэл бүхий хүсэлтийг үйлдэж, 2016 оны 08 сарын 10-ны өдөр зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөнийг зээлдэгч мөн л хүлээн авсан байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч нь зээлдүүлэгчээс зээлж авсан 80 000 америк доллар, түүний хүүг бүрэн төлөх үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгэлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

С.Сийн хувьд 80,000 ам.долларыг өөрийн Голомт банкны данснаас аваад Г.Сд 2014.07.07-ны өдөр бэлнээр өгсөн байдаг. Тухайн зээлд 80,000 ам.долларыг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр талууд харилцан тохиролцож, 2015 оны 3 сарын 16-ны өдөр үүнийг талууд бичгээр баталгаажуулсан байдаг.

Гэтэл Г.С нь 2015.03.30-ны өдөр зээл болон зээлийн төлбөрийг төлөөгүй учраас 2016 оны 8 сарын 15-ны өдөр тухайн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах талаар 2016 оны 8 сарын 10-ны өдөр бичгээр дахин баталгаажуулсан.

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлдэгчийн 80,000 ам.доллар болон хүү, хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Ийнхүү 2016 оны 8 сарын 15-ны өдөр зээлийг эргүүлэн төлөх хугацааны талаар харилцан тохиролцсон өдрөөс хойш 6 хоногийн дараа 2016.08.20-ны өдөр зээлдүүлэгч С.С нас барсан. С.С нь амьд ахуйдаа Г.Сгаас 80,000 ам.долларыг удаа, дараа шаардаж байсан боловч ямар нэгэн үр дүн хүрээгүй байдаг. Үүнийг түүний жолоочоор ажиллаж байсан О.О гэрчилж байна.

Талуудын хооронд үүссэн харилцааны тухайд 2016.08.15-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдох бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч 6 хоногийн нас барсан, эрх залгамжлагч 2022.07.19-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авснаар тодорхой болж байна. Өөрөөр хэлэх юм бол 2016.08.21-2022.07.19-ний хооронд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зогссон. Харин 2022.07.19-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор хөөн хэлэлцэх хугацаа тоологдох тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийн гэрээг хэлбэрийн шаардлагын хувьд амаар болон бичгээр байгуулдаг. Амаар байгуулсан тохиолдолд зээлийн гэрээ нь мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа бий болно.

Голомт банкны С.Сийн америк долларын дансны хуулгаас харахад 2014.07.07-ны өдрийн гүйлгээгээр данснаас 80,000 ам.долларын зарлага гарсан гэдэг нь тогтоогдоно. Зээлийн төлбөрийг бэлнээр олгосон учир зээл буюу 80,000 ам.долларыг хүлээн авсан талаарх Г.Сгийн гар бичмэл хэргийн 16 талд авагдсан. Уг гар бичмэлд 2014.07 сард авсан мөнгөө 2015.03.31-ний өдөр төлөхөөр тохиролцов гээд гарын үсгээ зурсан, ийм гэрээ буюу хэлцэл хийгдсэн.

Д.Эд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны бус, хүчингүй гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоол байхгүй, нэгэнт эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу олгосон байна. Түүнээс гадна хариуцагчийн хүсэлтийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосонтой холбоотой баримтыг нотариатчаас тодруулсан. Үүнтэй холбоотой тухан нотариатчийн хариу тайлбар, түүнд хавсаргасан баримт зэрэг нь хавтаст хэргийн 14, 15, 16 талд авагдсан Г.Сгийн өөрийнх нь гараар бичиж өгсөн баримт, тохиролцоо, гар бичмэлийг үндэслэсэн талаарх хариуг ирүүлсэн.

С.С нь БНХАУ-ын иргэн З болон Г.Сгийн хооронд байсан бизнесийн харилцаанд зуучлагчаар оролцсон харилцаа байхгүй гэдгийг хэлмээр байна. Хэрвээ зуучлагч байсан бол тэр талаарх баримт нь хэрэгт авагдсан байх ёстой байтал ийм харилцааг тогтоосон зүйл байхгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 80,000 /наян мянга/ америк доллар гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаж улмаар иргэний хэрэг үүсгэсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлд тодорхойлсон хаягт оршин суудаггүй буюу "хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэх үндэслэлээр хэргийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 77777777777 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ингээд тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 222222222 тоот шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосон талаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 28к1- 3/107 дугаар бүхий албан бичгээр мэдэгдсэн.

2023.01.05-ны өдөр нэхэмжлэл гаргахад Монгол банкны ханш 1 ам.долларыг 3,451 төгрөгөөр тооцож, 276,087,200 төгрөг шаардсан.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэж зээлийн гэрээний төлбөрт хариуцагч иргэн Г.Сгаас 80,000 /наян мянга/ америк доллар буюу 276,087,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Г.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Д.Эын нэхэмжлэлтэй Г.Сд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

- Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болно.

Нэхэмжлэгчийн ээж С.С болон хариуцагч Г.С нарын хооронд ямар ч зээлийн гэрээний харилцаа үүсэж байгаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудад зээлийн гэрээ байхгүй, түүнээс гадна 2015 оны 03 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт, түүнчлэн мөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан баримт огт байдаггүй. С.С нь 80.000 ам доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг, хөрөнгө шилжүүлсэн гэж байгаа бол энэ мөнгө, хөрөнгийг Г.С авсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь түүнд шилжүүлсэн гэх баримтыг ирүүлээгүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т "...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан бөгөөд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад 80.000 ам доллар буюу 276,087,200 төгрөг болон хүүг шаардах хууль зүйн үндэслэл нэхэмжлэгчид байхгүй юм.

Түүнээс гадна бичгээр хүү тохиролцсон гэрээ байхгүй үед хүү нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид байхгүй болно.

- Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна... гэж заасан. Хэрвээ нэхэмжлэлд дурдсан шиг Зээлийн гэрээг 2015 онд байгуулагдсан гэж үзвэл үүнээс хойш 2022 онд буюу 7 жилийн дараа гэнэт яагаад шүүхэд нэхэмжлэл гарган шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа вэ гэдэг нь сонирхолтой бөгөөд нэхэмжлэгч нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор хүн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар сайн мэдэх ёстой хэмээн үзэж байна.

Иргэний хуулийн дээрх заалтаас үзэхэд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан цагаас хойш даруй 4 жилийн дараа шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Зээлийн харилцаа үүссэн гэдгийг гэрчийн мэдүүлэг давхар нотолно гэх боловч түүний мэдүүлснээр 2012 оноос өмнө зээлийн гэрээний харилцаа үүссэн, 2015 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ойлгогдохоор байна. Мөн нэхэмжлэлд дурдсанаар 2015 онд энэ зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бол 7 жилийн дараа шаардах эрхээ хэрэгжүүлээд, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэж үзэж байна.

-Хууль бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайд:

С.С 2016.08.21-ний өдөр нас барснаас хойш 2017 онд Д.Э хууль ёсны өвлөгч болсон гэж байгаа бол 2017 онд нэхэмжлэлээ гаргахгүй яагаад 2022 онд нэхэмжлэл гаргасан гэдэг асуудал яригдана. Нэхэмжлэгч Д.Э нь 2017 онд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаагүй байж байгаад 2022.07.19-ний өдөр 12-09 цагт хүсэлтээ Нийслэлийн тойргийн нотариатч П.Бд гаргасан, нотариатч П.Б нь мөн өдрийнхөө 12-13 цагт буюу 4 минутын дотор 0023 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг.

Тус гэрчилгээний дагуу өвлүүлэгчийн Иргэн Г.Саас 80000 долларын зээлийн гэрээний шаардах эрх..."-ийг өвлүүлэхээр нэхэмжлэгчид өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

Гэвч нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг;" 43.2.4. "өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр" -т үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгох байтал С.С болон Г.С нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар гэрээ, нотлох баримт байхгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль бус юм.

Нийслэлийн тойргийн нотариатч П.Б тус гэрчилгээг 4 минутын дотор шаардагдах нотлох баримтгүйгээр олгосон үйлдэл нь хуулийг ноцтой зөрчиж төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэх чиг үүргээ зөрчиж хууль бус 0023 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон гэж үзэж байна.

-Одоогоос 8-9 жилийн өмнө хариуцагч Г.С нь БНХАУ-ны иргэн Зтэй хамтран ажиллаж байсан, тэднийг хамтран ажиллаж байх үед иргэн С.С нь орчуулагч, зуучлагчийн чиг үүрэгтэйгээр тухайн харилцаанд оролцож байсан.

Улмаар Иргэний хуулийн 479-р зүйлд заасны дагуу БНХАУ-ын иргэн Зтэй хамтран ажиллах үйл ажиллагаагаа дуусгавар болсон, талууд хамтын үйл ажиллагаагаа бүхэлд нь дүгнээд түүний хөрөнгө оруулалт болох 80,000 ам.доллароос үлдсэн 50,000 ам долларыг Зд буцаан өгснөөр хамтран ажиллах үйл явц дуусгавар болсон. Ингэснээр БНХАУ-ын иргэн З бидний хооронд ямар нэгэн өр авлага, тооцоо огт байхгүй болно.

Гэтэл 2023 онд орчуулагч С.Сийн охин буюу нэхэмжлэгч нь тодорхойлолт гэх гурван цаас 8 жилийн дараа гаргаж иргэн БНХАУ-ын иргэн З бидний дундын хөрөнгө оруулалтын харилцаанаас үүссэн 80,000 ам долларыг С.С нь хариуцагч Г.Сд зээлдүүлсэн гэж нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм.

Иймд Г.Сгаас 276,087,200 төгрөг гаргуулах тухай Д.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үү гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.01.05-ны өдрийн албан бичиг, төлбөрийн даалгавар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.09.27-ны өдрийн 444444444 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, мөн шүүхийн 2022.11.09-ний өдрийн 22222222222 дугаар шийдвэр, 2022.07.19-ний өдөр Д.Эд олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, Д.Э, С.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Д.Эаас 2022.07.20-ны өдөр О.Цд олгосон итгэмжлэл, Д.Э, О.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар, төрөгсдийн гэрчилгээний хуулбар, 2016.08.10-ны өдөр Г.С Хүсэлт гаргах тухай бичвэр, тодорхойлолт, 2015.03.16-ны өдрийн бичвэр, 2022.07.22-ны өдөр Г.Сд хүргүүлсэн мэдэгдэл /хх 1-17/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Г.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Сгаас 2023.07.17-ны өдөр Э.Эд олгосон итгэмжлэл,хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Монголын нотариатчдын танхимын 2023.08.16-ны өдрийн 598 тоот албан бичиг, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Бгийн 2023.08.31-ний өдрийн хариу, Э.Эгээс 2023.12.13-ны өдөр Т.Ст олгосон итгэмжлэл, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар /хх 28,53, 38-41,61-62,67/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн тойргийн нотариатч П.Бгийн 2023.12.11-ний өдрийн 111111 тоот баримт хүргүүлэх тухай албан бичиг, түүнд хавсаргасан 4 хуудас баримт, гэрч О.Оад хууль сануулсан баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, түүнээс гэрчээр асуусан зүйлийн тэмдэглэл, Голомт банк ХК-иас ирүүлсэн данс эзэмшигчтэй холбоотой мэдээлэл /хх 68-73, 106,114-119, 132-135/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 276,087,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Хариуцагч нь С.Сээс 80,000 доллар зээлж аваагүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өвлөх эрхийн гэрчилгээ хуульд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг, хуулийн дагуу олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу зээлийн гэрээний үүрэг шаардсан, С.С болон Г.С нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, С.С нас барснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зогссон, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан тул шаардах эрхтэй гэж тайлбарласан.

4а. С.С нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, Г.Сгаас 80,000 долларын зээлийн гэрээний шаардах эрх-ийг өвлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Д.Эд олгосон байна. /хх 8-9/

4б. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 531 дүгээр зүйлийн 531.1-т Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана, 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж тус тус заасан.

4в.Үүнээс үзэхэд С.С нас барснаар түүний охин Д.Эд өвлөх эрхийн гэрчилгээг дээр дурдсан хуулийг баримтлан олгосон байгааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Д.Эыг шаардах эрхтэй гэж үзэхээр байна.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т :Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

5а. Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

5б.Үүнээс үзэхэд зээлдэгч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй юм.

5в. Хариуцагч Г.С талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, 80,000 ам.долларыг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь түүний өмчлөлд уг мөнгийг шилжүүлэн өгсөн болохыг нотлох учиртай.

Тодруулбал талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.

6.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсан болохыг Голомт банк ХК дах 44444444444 тоот данснаас 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 80,000 ам.доллар буюу 146,216,000 төгрөгийн зарлагын гүйлгээг С.С хийсэн, түүнийг Г.Сгийн өмчлөлд бэлнээр шилжүүлэн өгснөөр тэрээр төлбөрийг төлөх баталаа болгож бичсэн 2016.08.10-ны өдрийн хүсэлт, төлбөрийг 2015 оны 10 сарын 31-ний дотор бүрэн барагдуулах тухай тодорхойлолт, мөн 2015.03.16-ны өдөр Г.С, С.С, З нар төлбөрийг 2015.03.31-ний өдөр төлөхөөр тохиролцсон баримт, гэрч О.Оын мэдүүлэг нотолно гэжээ. /хх 14-16, 116-119, 132-134/

6а.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т:Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т :Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан.

Үүний дагуу дээрх бичмэл баримтын агуулгаас үзэхэд С.С нь 80,000 ам.долларыг Г.Сгийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, Г.С нь шилжүүлэн авсан мөнгийг С.Ст буцаан өгөх үүргийг хүлээхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна гэж үзэхээргүй байна.

6б.Түүнчлэн С.С нь 2014.07.07-ны өдөр Голомт банк ХК-д эзэмшдэг данснаас 80,000 ам.долларын зарлагын гүйлгээ хийсэн байх боловч мөнгийг Г.Сд хүлээлгэн өгсөн талаарх баримтыг ирүүлээгүй тул түүнд хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүйгээс гадна гэрч О.Оын : ...С.С захиралтай Т ХХК-д 2012-2014 оны хооронд ажиллаж байхдаа Сүхбуян гэдэг хүнээс мөнгөний авлагатай гээд Маршал тауны урд талын хаусанд 3 удаа очиж байсан. Зээлийн гэрээ байгуулагдсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ мөнгө зээлсэн гэж ойлгосон... гэх мэдүүлгээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв. /хх 116-119, 132-134/

7. Дээр дурдсан эдгээр баримтыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь 80,000 ам.долларыг хариуцагч Г.Сгийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэх, өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

8. Иймд хариуцагч Г.Сгаас 276,087,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.

9а. С.С нь 2016.08.21-ний өдөр нас барснаар түүний Г.Сд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд зааснаар түр зогссон байх ба Д.Эд о 2022.07.19-ний өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.09.27-ны өдрийн 77777777 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, мөн шүүхийн 2022.11.09-ний өдрийн 22222222222 дугаартай шийдвэр, Г.Сгийн 2016.08.10-ны өдрийн хүсэлт зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасантай нийцсэн, гэрээний хугацаа түр зогссон, мөн түр тасалдаж, шинээр тоологдсон, гэрээний үүргийг мөн хугацаагаар шаардах эрхтэй байна. /хх 6-8, 14/

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,538,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Сгаас зээлийн гэрээний үүрэгт 276,087,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,538,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 44444444444 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ