Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2110

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Эийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02080 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Гт холбогдох  

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Х.Г, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Н.Э,

Хариуцагч Х.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр анх Сүхбаатар дүүргийн Засаг даргад Сүхбаатар дүүргийн хуучнаар 19 дүгээр хороо, одоогийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл өгсөн. Ингээд миний өгсөн өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/239 тоот захирамжаар надад 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан. Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Н.Мөнхтуяатай 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, газар эзэмших эрхийн 000511660 тоот дугаар бүхий нэгж талбарын 18644320522422 дугаартай гэрчилгээ авсан. Ингэж миний бие Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайд зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон. Би хөгжлийн бэрхшээлтэй 16 настай хүүхэдтэй. Тэр хүүхдээ байнга асрах шаардлагатай байдаг учраас өөрийн эзэмшлийн газартаа хашаа барьж амжихгүй явсан юм. 2013 онд миний газар дээр 2 хүүхдээ дагуулсан эрэгтэй /Х.Г/, эмэгтэй 2 хүн буух газар олдохгүй, хүний газар буучихаад хөөгдөөд байна, газар дээрээ түр буулгаач гэж гуйхаар нь би өрөвдөөд түр буулгасан. Би өөрөө удахгүй газар дээрээ бууна шүү тэр үед нүүгээд өгөөрэй гэж хэлээд буулгасан. Миний газар дээр буусан Х.Гийг 2014 онд газрынхаа эзэмших эрхийг авчихаад газар дээрээ би өөрөө буухаар боллоо миний газрыг чөлөөлж өг гэхэд чадахгүй ээ, би эндээс чинь хэзээ ч явахгүй гэж хэлэх болсон тул арга буюу Дүүргийн Өмч, газрын харилцааны газарт хүсэлт гаргахад, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дүүргийн газрын албанаас Х.Гт миний газрыг чөлөөлж өгөх шаардах хуудас өгсөөр байтал газраа чөлөөлж өгөхгүй өдийг хүргэсэн.

Би газар эзэмших гэрээгээ 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албатай шинэчлэн байгуулсан. Мөн энэ өдөр надад Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000675427 дугаартай гэрчилгээг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18644320524409 дугаар бүхий 438 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон.

Би хуулийн дагуу газар эзэмших эрхтэй байсаар байтал миний хууль ёсны эзэмшлийн газар дээр Х.Г нь гуйж буучихаад, миний газрыг чөлөөлж өгдөггүй тул Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Архустайд байрлах нэгж талбарын 18644320524409 дугаартай газрыг хариуцагч Х.Гаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд тус дүүрэгт шилжин ирж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Архустай усан сан гэдэг газар анх Н.Этэй уулзаж энэ газарт тохиролцож буусан. Манайхыг анх буухад нэг ширхэг ч шон хатгаагүй. Н.Э нь манайхаас хойш гудамжинд 4 айлын газар зарсан бөгөөд сүүлд нь миний амьдарч байгаа газрыг хүртэл кадастрт оруулж надаас булааж авах гэж шүүхэд өгсөн байна. Н.Э нь одоо амьдарч байгаа газраа 2 хувааж зарсан, мөн одоо амьдарч байгаа газраас хойш 3 айлын газар зарсан нь үнэн. Миний бие нь тус хороонд 6 жил амьдарч байх хугацаанд газар шороо тэгшилж хашаа хатгасан боловч Н.Э нь байнга газрын хэрүүл хийж ирсэн. Би ганц биеэр амьдардаг, группэд байдаг эрхэлсэн ажилгүй. Би өөрийн нэр дээр газар авч байгаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Эийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зусланд байрлах нэгж талбарын 18644320524409 дугаар бүхий 438 м.кв газрыг хариуцагч Х.Гаас албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Х.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Г, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар давж заалдах гомдолдоо: “...Х.Г нь маргаан бүхий газар дээр 2013 онд М.Энхгэрэлтэй ярьж тохирон тус газар дээр буусан байхад 2013 онд уг газар хэний эзэмшлийн байсан зэргийг шалган тогтоолгүйгээр 2014 онд авсан газар эзэмших гэрчилгээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Мөн Н.Э нь тухайн нутаг дэвсгэрт байрлах хэдэн газрыг хэний зөвшөөрлөөр бусдад зарсан болох, хэрвээ зарсан гэдэг нь тогтоогдвол энэ хууль ёсны ажиллагаа мөн эсэх, Сүхбаатар дүүргийн газрын албанаас Намсрайдорж овогтой Энхгэрэлийн нэр дээр хэдэн газар бүртгэлтэй байсан талаар лавлагааг авч хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангасан байна.

       Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Х.Гт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж түүний дагуу Засаг даргын захирамж гарсан, тухайн газарт кадастрын зураг хийлгэж, эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу өөрийн нэр дээр авсан. Би Х.Гт газрынхаа хэсгийг өгнө гэж хэлээгүй, газар дээр түр буухыг зөвшөөрсөн” гэж, хариуцагч нь “...Маргаж буй газарт анх 2013 онд шилжин ирж, нэхэмжлэгч Н.Этэй уулзаж тухайн газрынх нь хэсгийг авахаар харилцан тохиролцож уг газарт бууж, хашаа хатгасан бөгөөд Н.Э уг газрыг бүгдийг нь өөрийнхөө нэр дээр кадастрын зураг гаргуулсан. Миний бие одоог хүртэл уг газар дээр амьдарч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан байна.

 

       Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/239 дугаартай захирамжаар Н.Эд 5 жилийн хугацаатай зуслангийн зориулалттайгаар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайд байрлах 700 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх хүчингүй болж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/263 дугаартай захирамжаар өөрчлөгдөн шинээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг Архутайд байрлах нэгж талбарын 18644320524409 дугаар бүхий 438 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай газар эзэмших эрхийн 000675427 дугаартай хүчин төгөлдөр гэрчилгээ авагдсан байна. /хх-9/ Нэхэмжлэгч Н.Э нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Х.Гаас газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн баримтад нийцжээ.

Хариуцагч Х.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй. Уг газарт хариуцагч 6 жил амьдарч байсан нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

       Иймд шүүх нэхэмжлэгч Н.Э нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зусланд байрлах нэгж талбарын 18644320524409 дугаар бүхий, улсын бүртгэлийн 000675427 дугаартай 438 м.кв газар газрыг хариуцагч Х.Гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Гаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН