Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 277

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

хохирогч Л.Г-, түүний өмгөөлөгч М.Баасанбат, Д.Тунгалаг,

иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-,

шинжээч Ц.Ганболд, М.Ганбаатар, С.Эрдэнэ,

гэрч Д.А-,

шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч О.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С овогт Х-ийн Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030448 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэс заслын эмч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Гранд мэд” эмнэлэгт мэс заслын эхлэгчээр ажиллаж байсан гэх, ам бүл 4, эхнэр, бага насны хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо, ***** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Х-ийн Б.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд мэд” эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эмчлүүлэгч Л.Г-ийн биед цөсний хүүдийг авах дурангийн мэс ажилбар хийх үедээ элэгний сувгийг гэмтээж, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Л.Г-: “...2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр анх “Гранд Мед” эмнэлэг дээр очсон. Х.Б- гэдэг хүнтэй уулзсан, өөрийнхөө зовиурыг хэлсэн, надад одоогоор өвдөж байгаа зүйл байхгүй, Солонгос улсад бүтэн биеийн шинжилгээ хийлгэсэн, намайг цөсний чулуутай гэсэн, тэнд хийлгэж байхаар манай гэр ойрхон, урьд нь үйлчлүүлж байсан учраас танайхыг зориод ирлээ гээд орсон. Энэ хүн сайхан угтаж авсан, үнэн, надад компьютер дээр энэ өвчний талаар харуулсан, хэлсэн. Чи залуу хүүхэд, би энэ хагалгааг гурван нүхээр хийж өгөх боломжтой, хүмүүс дөрвөн нүхээр хийдэг, би гурван нүхээр хийж чаддаг гэж хэлсэн. Эмийн бус хоолны дэглэмээр эмчлэх арга байгаа юу гэж асуухад тийм арга байхгүй, мэс заслын аргаар авна гэж хэлсэн. Өвдөж зовоогүй, зовиур байхгүй байсан учир хагалгаанд би орно гэж бодоогүй байсан, энэ хүний үгэнд итгэж хагалгаанд орсон. Хагалгааны дараа өдрийн өглөө цээжин дээр зовиуртай, хоёр тийшээ харж хэвтэхээр хөндүүртэй байсан, тэр оройноос эхлэн би халуурсан, цээжин дээр их хөндүүртэй болсон, үг дуугарч ч чадахгүй болсон, миний бие ногоорч, шарлаж эхэлсэн, энэ хүн рүү 5 дахь өдрийн оройноос эхлээд залгасан, утас нь холбогдохгүй байсан, хагассайн өдөр бас залгасан болохгүй байсан, ...Л.А- эмч, манай Д.А- ах, манай нөхөртэй уулзаад энэ хүний амь нас хэцүү байдалд орсон, та нараас энэ хүнд хагалгаа хийх үү гэж асуухгүйгээр, зөвшөөрөл авахгүйгээр хагалгаа хийж, энэ хүний амь насыг аврах шаардлагатай гэж хэлсэн байсан, манай нөхөр ирээд чамд дахиад хагалгаа хийх шаардлагатай юм байна, өнөөдөр хийхгүй маргааш хагалгаа хийнэ гээд бүтэнсайн өдөр хоёр дахь хагалгааг хийсэн, хоёр дахь хагалгааны өмнө хоёр хагалгааны бичгийг энэ хүн өөрөө барьж орж ирээд за хагалгааны өмнө зөвшөөрөл авдаг хуудас, манай сувилагч мартсан байна, энэ дээр гарын үсэг зураад өг гээд манай нөхрөөр гарын үсэг зуруулсан, надад гарын үсэг зурах тэнхэл ч байгаагүй. ...Би Солонгост байх хугацаандаа Анам эмнэлэгт үзүүлж байсан болохоор энэ эмнэлэг рүү холбогдоод ийм байна гэж хэлэхэд чи ямар ч байсан ирж үзүүлсэн нь дээр гэж миний цахим шууданд мэйлээр ирсэн. ...Эмнэлэгт очиход надтай эвлэрлийн гэрээ хийе гэсэн, энэ гэрээ хийх санаа миний санаа биш, эмнэлэг шийдсэн асуудал, эвлэрлийн гэрээ хийвэл төлбөрөөс чөлөөлнө, эмирай хийгээд өгнө, эмчлэгч эмчийг солиод өгьё гээд С эмчийг солиод, эмирай хийлгэсэн, энэ хүн эмирайгаар харагдахгүй гэж хэлээд байна, гэтэл эмирайгаар нарийсалт үүссэн гэдгийг тогтоосон. ...Сэтгэл санаа, бүх зүйлээрээ хохирсон, миний амьдрал ч утгагүй болсон, ажил хийх ч чадваргүй болсон, эв эрүүл, сав саруул явж байгаад энэ хүний гайгаар ийм болчихлоо, үнэхээр гомдолтой байна, баримтаар гарсан зардлаа гаргуулж авмаар байна, сэтгэл санааны хохирлоо гаргуулж авмаар байна. Баримтаар 35.479.609 төгрөг гэсэн байгаа, үүн дээр миний тахир дутуугийн группын хугацаа сунгасан 3 сая гаруй төгрөг, эм авсан мөнгийг нэмээд 39.199.609 төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлыг энэ хүн хэзээ ч төлж дийлэхгүй, төдийгөөс өдий хүртэл энэ хүн за Л.Г- биеийн байдал яаж байна гэж нэг удаа асуугаагүй, эмч хүн ийм байж болохгүй...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-: “...Төлбөр шилжүүлсэн баримтуудын талаар ярья, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өвчтөн Л.Г-ийн манай байгууллагын захиргаанд гаргасан хүсэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 10 сая вон буюу монгол төгрөгөөр 17.770.000 төгрөгийг гадаад шилжүүлгээр шилжүүлсэн байдаг, дамжуулагч банкны шимтгэлд 35.000 төгрөг, гадаад шилжүүлгийн шимтгэлд 15.000 төгрөг төлсөн, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4 сая вон буюу монгол төгрөгөөр 6.988.000 төгрөг, гадаад шилжүүлгийн шимтгэлд 49.600 төгрөг зарцуулсан, нийтдээ 24.857.600 төгрөгийг манай байгууллага төлсөн байдаг. Хэрэгт 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээг өвчтөн Л.Г-ийн өмгөөлөгч Ганбатын хүсэлтээр Гранд мед эмнэлгийн өмгөөлөгч Урангэрэл болон хуулийн зөвлөх Уянга нарын хооронд байгуулсан байгаа. Гэрээнд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр орсон дурангийн хагалгааны төлбөр, 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр орсон нээлттэй хагалгааны төлбөр болох 7.151.350 төгрөгөөс чөлөөлөх тухай заасан байгаа. “Гранд мед” эмнэлгээс нийтдээ 32.008.950 төгрөгийг зарцуулсан. Энэ мөнгийг манай эмнэлэг үндэслэлгүйгээр төлсөн учраас Л.Г-гаас нэхэмжилж байна. Эвлэрлийн гэрээг талууд хүсэл зоригийнхоо дагуу хийсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ Гранд мед эмнэлэг бүрэн биелүүлсэн, харин Л.Г- биелүүлээгүй, яагаад гэхээр гэрээнд эмчлүүлэгч нь цаашид нэхэмжлэх бусад шаардлагаасаа татгалзаж байгаагаа үүгээрээ батлан илэрхийлж гарын үсэг зурсан байгаа. Эмчлүүлэгч нь Гранд мед эмнэлэг болон эмч Х.Б-ийн нэр хүндэд харшлах сөрөг мэдээ, мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй гэдгийг харилцан тохиролцож хийсэн. Энэ хүний цаашдын зардлыг манай эмнэлэг хариуцах үндэслэл байхгүй.

Манай эмнэлгээс шилжүүлсэн 24.857.600 төгрөгийг нэхэмжилнэ, одоо нэхэмжилж байгаа 38.503.609 төгрөгийг манай эмнэлэг хариуцахгүй. Солонгос улсаас ирүүлсэн баримтууд улаан тамгатай байх ёстой, гэтэл зарим баримтууд ийм улаан тамгагүй, хуулбар баримтууд байна, хуулбар баримтаар орчуулгын товчоо орчуулсан боловч орчуулгын тамга, тэмдгийг дарж баталгаажуулаагүй байна. Л.Г- нь тахир дутуугийн группын зөрүү нэхэмжилсэн, мөн 550.000 төгрөгийн цалинтай байсан гэдэг, энэ ямар байгууллагын тодорхойлолт байсныг би олж хараагүй, тэгээд ч одоо улсаас групп тогтоолгоод хөдөлмөрийн чадвараа түр алдсан гээд улсаас мөнгө авч байгаа тохиолдолд зөрүү мөнгө гэж нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

 

Гэрч Д.А-: “...Би эмнэлэг дээр Л.Г-г хагалгаанд орсны дараа очсон. Намайг очиход Л.Г- орон дээр эвхэрсэн хэвтэж байсан, царай нь шарласан халуураад орондоо хэвтэж байсан, эмчлэгч эмч байхгүй, хөдөө явсан, дуудсан, одоо ирж байгаа гэж хэлсэн, тухайн үед ерөнхий эмч өрөөнд орж ирсэн байсан. Намайг орж ирснээс хойш хоёр цагийн дараа Х.Б- эмч орж ирсэн, Х.Б- эмч хэлэхдээ энэ хүн бол нилээн ховор тохиолддог цөсний гаж хөгжилтэй хүн байна, би гаж хөгжилтэй биш байгаасай гэж бодсон чинь тийм болж таарлаа гэж хэлсэн. Нэгдүгээр эмнэлгийн Л.А- эмчийг ирсний дараа Х.Б- эмч, Л.А- эмч, Гранд мед эмнэлгийн ерөнхий эмч нар бид нартай уулзаж хэлэхдээ яаралтай хагалгаа хийхгүй бол болохгүй байна, энэ хүний амь настай шууд холбоотой учраас хагалгаа хийх зөвшөөрөл авна, ер нь бол зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хагалгаа хийнэ, өөр арга алга байна, ямар нэгэн асуудал гарвал хагалгааны дараа яриарай гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө хагалгаа хийгээгүй, маргааш өглөө хагалгаа хийсэн...” гэв.

 

Шинжээч С.Эрдэнэ: “...Цорго, суваг хоёр нэг зүйл, эмч бүр өөрийн хэллэгээр нэрлэдэг. Эхний түүхийн хуулбараас харж дүгнэлтээ гаргасан. Эхний  дүгнэлт болон хоёр дахь дүгнэлтэд мөн адил бичсэн. Учир нь эхлээд өвчний түүх дээр цөсний гажигтай гэж тэмдэглэсэн. Элэгнээс гарч ирж байгаа цорго баруун зүүн дэлбэнгийн доор нийлээд элэгний цорго болдог. Цорго, суваг хоёр адилхан. Тэгээд энэ хүүдийн цоргоноос доош хэсгийг цөсний ерөнхий суваг гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл ийм цөсний хүүдийн нарийнхан суваг байгаагүй цөсний хүүдий нь ерөнхий цоргондоо ойрхон байжээ. Тэгээд ялгахад хэцүү байсан учраас эмч ёроолоос нь хүүдийг хуулж авсан байна. Ёроолоос нь хуулаад чөлөөлөөд ерөнхий цорго нийлж байгаа хэсэг дээрээ хүрээд ирсэн, хүүдий рүү орсон 2 цорго ялгарсаныг сайтар хянаж байгаад хавчаар тавиад тайрав гээд бичсэнийг элэгний цорго, ерөнхий цорго хоёр гурвалжлаад ирснийг нь хавчаараа тавиад хайчлаад хүүдийгээ авчихсан. Тэгээд үлдэж байгаа нь элэгний цорго хавчигдсан, ерөнхий цорго хавчигдсан миний дүгнэлт элэгний цоргыг нь хавчаад гэмтээсэн байна, ерөнхий цоргыг гэмтээсэн байна...” гэв.

 

Шинжээч М.Ганбаатар: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 613 дугаар шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гарсан дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж 1132 тоот дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээч нарын санал нэгтэйгээр гаргасан. Цөсний суваг элэгнээс гараад гэдсэнд ордог, байрлалынх нь хэмжээгээр цөсний хүүдий дунд нь байдаг учраас цөсний хүүдийгээс дээш хэсгийг элэгний суваг, цөсний хүүдийгээс доош хэсгийг цөсний ерөнхий суваг гэж нэрлэдэг. Тэгэхээр цөсний хүүдий авагдвал нэг гэсэн үг. Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад цөс дамжуулах замд саад учруулсан, хавчаар хавчихыг гэмтэл гэж үзнэ. Яагаад гэвэл механик гэмтэл учирсан болохоор, хавчилтыг шахаж хавчих, тасалж хавчих гэсэн хоёр янз байдаг, тэгэхээр нь гэмтэл гэж тайлбарласан. Мэс заслын алдааг тактикийн алдаа, техникийн алдаа гэж ангилдаг. Тактикийн алдаа гэдэг нь буруу хагалгаа хийх, буруу нойрсуулах гэх мэт асуудлуудыг ойлгодог. Харин техникийн алдаа бол яг мэс ажилбарыг хийж байх үед ямар нэгэн байдлаар ур чадвар дутсан юм уу, эсвэл эмчийн хариуцлагагүй байдал юм уу, багаж хэрэгсэл дутуу юм уу, тухайн үед буруу шийдвэр гаргасан гэх мэт алдаануудыг ойлгодог. Тэгэхээр хавчаар тавих сувгийн хаана нь хавчаар тавих, хавчаар тавихаар нарийсах уу, сувгийн дагуу тавих уу, хөндлөн тавих уу гэдэг зүйлүүдийг техникийн алдаа гэдэг. Эхний хагалгаанаас дараагийн хагалгаанууд нь уялдаатай, эхний хагалгаан дээр яагаад алдаа гарсан бэ гэхээр Л.Г-ийн биед хоёр хоногийн дараа л биед нь өөрчлөлт орсон, тэгэхээр яаралтай амь насыг аврахаар дараагийн хагалгаа хийсэн. Тэгэхээр эхний хагалгаанаас ямар нэгэн алдаа гарсан, тэгээд хүндрэл үүссэн, тийм учраас маш хурдан засах ёстой гээд дараагийн хагалгаа хийгдсэн...” гэв.

 

Шинжээч Ц.Ганболд: “...Хагалгааны тэмдэглэлд хагалгааны үйл явцыг тодорхой бичдэг байх ёстой элэгний хагалгаа хоёр дахь хагалгааны тэмдэглэлийг харахад тодорхой биш байсан. Элэгний суваг гэмтсэн, урссан талаар ямар нэг бичлэг хавтаст хэрэгт байхгүй, хоёр тэмдэглэлд бичигдээгүй байсан, гэхдээ Л.Г-ийн цөс чулуутай ч гэсэн хэвийн байдлаараа ямар нэгэн хүндрэл үүсээгүй байсан. Анхны хагалгаа хийсний дараа шарлалт үүсээд, зовиур үүссэн байсан. Шарлалт үүснэ гэдэг нь механик бөглөрөл үүссэн байна, хагалгаан дээр хавчаар тавьдаг. Механик шарлалт гэдэг нь цөсний зам ямар нэг механик зүйлээр бөглөрөхөд үүсдэг. Эхний хагалгаа алдаатай байсан учраас дараачийн хагалгаанууд хийгдсэн. Одоо хохирогчийн анатомын бүтэц сэргэсэн гэж үзэж байна. Хагалгаа хийхэд батлагдсан онош зөв хийгдсэн, цөсний хүүдий авах мэс засал хийх болсон нь ямар нэг дүрэм журам зөрчөөгүй, цөсний гаж хөгжилтэй үед хагалгааг нээлттэй хийх байсан. Дурангийн хагалгаа давуу тал ихтэй ч, сул тал ч ихтэй. Эмч нарийн төвөгтэй гэдгийг дүгнэлтэндээ бичиж мэдсэн байж дурангийн аргаар хийснийг алдаа гэж үзэж байна. Нээлттэй хагалгаа нь хүндрэл багатай хагалгаа. Эмч хүн өвчтөнд аль болох хүндрэл багатай хагалгааг хийх ёстой. Хагалгааны өмнө зөвшөөрөл авч гарын үзэг зуруулаагүй гэдэг нь эрүүл мэндийн сайдаас гарсан захиргааны шинжтэй асуудал, гарын үсэг зуруулаагүйгээс энэ хүн хохирсон гэсэн зүйл байхгүй. Дурангийн хагалгаа нь нарийн дуран ороод дэлгэцэн дээр харж байгаад хийдэг. Олон жилийн өмнө чулуутай гэдэг нь оношлогдсон цөсний хүүдийний эргэн тойронд наалдац үүсдэг, энэ нь хагалгаа хийхэд бэрхшээлтэй болж байна гэсэн үг. Энэ наалдац дунд цөсний хүүдий болон суваг дээр хавчаар тавихад хүндрэлтэй. Энэ хүндрэлтэй бэрхшээлтэй байдал мөн дадлага туршлага дутсанаар тавих ёстой газар хавчаарыг тавиагүйгээс цөсний сувгийг бөглөж байгаа юм...” гэв.

 

Шүүгдэгч Х.Б-: “...2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хагалгаа хийгдэхээс 7 хоногийн өмнө Л.Г-, нөхөр С.С-ын хамт ирсэн, надаас зөвлөгөө авсан. Бид хоёр Солонгос яваад ирлээ, бүх биеийн үзлэг шинжилгээнд хамрагдаад бүх шинжилгээнүүдээ хийлгэсэн, миний бие эрүүл сайн сайхан байна, ганцхан цөсний хүүдий чулуутай гэж Солонгос эмч нар хэллээ гээд орж ирсэн. Би Л.Г-, С.С- хоёрт цөсний хүүдийн зураг харуулж байгаад зурган дээр нь тайлбарлаж өгсөн. Одоо цөсний хүүдий үрэвссэн чулуужих өвчтэй хүмүүс ийм шинж тэмдэг илэрдэг гэдгийг тайлбарлаад ямар ямар эмчилгээнүүд байдаг бүх төрлүүдийг нь тайлбарлаж хэлсэн. Би ингээд бүгдийг нь тайлбарлаж хэлсэний дараа өвчтөн тэр үед надад заа бид хоёр хагалгаа хийлгэх хүсэлттэй байна гээд хүсэлтэй гаргаж өгсөн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол улсын газар нутаг дээр мэс засал хийлгэх гэж байгаа бол өвчтөн болгон шинжилгээнүүдийг хийлгэх учиртай, ийм ийм шинжилгээнүүдийг бүрдүүлнэ, ингэдэг тэгдэг гэж бүгдийг нь тайлбарлаж хэлсэн. Тэгсэн хохирогч бид хоёр сая Солонгос улс яваад хамаг цөхрөнгөө бараад ирсэн, та энэ шинжилгээнүүдийг хараад давтаж хийлгэхгүйгээр хийх боломжтой юу гэж хүссэн. Би за гэж хүлээж аваад хийлгэсэн шинжилгээг хавтаст хэрэгт хуулбарлаж аваад дутуу шинжилгээнүүдийг нь шинжилж байхад цусны бүлэгнэлийн шинжилгээг өгөөгүй байсан.

...Би тайлбарлахдаа хүмүүс 3-4 нүхээр хийдэг, би 3 нүхээр хийдэг, янз янзын хүндрэл гарвал дахиж нэмэлт 4 дэх нүхээр хийдэг гэж хэлсэн. Ингээд өвчтөн Л.Г- төлөвлөгөөт журмаар хагалгаанд орох болж, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  цөсний хүүдийг дурангаар авах хагалгааг хийсэн.

...Л.Г-д цөсний хүүдийн цорго байхгүй, цөснийх нь хүүдий ерөнхий суваг дээрээ шууд ирээд суусан гаж хөгжилтэй. Л.Г-д цөсний хүүдийн цорго байхгүй учраас би хойноос нь хуулж авчраад цөснийхөө ерөнхий суваг руу очиж байгаа хүүдийг доороос суллаад дөхүүлж аваачсан. Тэгээд цөснийхөө хүүдийг дээр доороос нь угтуулж 2 хавчаар тавьсан. Энэ хагалгааны явцад Л.Г-д зөвхөн энэ гаж хөгжил биш цөсний хүүдийг цусаар хангадаг артерын судас нь элэгний артераас гараагүй доороосоо дөхөж ирээд нумарч орж ирсэн байсан, элэгний зүүн талын дэлбэн нь дээр байдаг мөртлөө унжиж гарч ирсэн бэрхшээлүүд гарч ирсэн. ...Хагалгаа дуусаад гарч ирээд Л.Г-ийн нөхөр С-тай уулзаж, европын мэс заслын эмч нарын мэргэжлийн ярианд хэрэглэгддэг спортлог хагалгаа боллоо, гэж хэлсэн. С.С-ыг би өрөөндөө оруулж ирээд маш хэцүү, ур чадвар, тэвчээр шаардсан хагалгаа боллоо яагаад гэвэл гаж хөгжилтэй юм байна гэж зураг зурж үзүүлээд тайлбарлаж өгсөн. Тэгээд өвчтөний тэмдэглэл дээр тэмдэглэсэн.

Мэс ажилбар 2015 оны 5 дугаар сарын 21 буюу 4 дэх өдөр хийгдсэн. Би 5 дугаар сарын 22 буюу 5 дахь өдөр өвчтөнг үзэхэд ямар нэгэн зовиур байгаагүй, хагалгааны оёдол жоохон таталдана, шарласан ногоорсон юм байгаагүй, хоол ундаа идэж байсан, энэ бүгдийг би өвчтөний түүхэн дээр тэмдэглэж байсан. Маргааш нь 5 дугаар сарын 23-ны өдөр хагас сайн өдөр, миний амралтын өдөр байсан. Би энэ өдөр буюу амралтынхаа өдөр өглөө нь өвчтөн дээр очиж үзсэн, биеийг нь үзэхэд шарлаагүй, ногоороогүй байсан. ...Л.А- эмчийн мэс заслын тэмдэглэл дээр хэвлийн хөндийг нээхэд хэвлийд шингэн байхгүй гэж тэмдэглэсэн байгаа. Хагалгааны дараа хянаж явсан, яг тэр үед өвчтөн болон өвчтөний ар гэрийхэн намайг хэл амаар зөндөө доромжилсон. Л.Г- гэдэг хүн төлбөрөө төлөөгүй эмнэлгээс гарсан. Тэгэхээр чиний цалингаас суутгана гээд 6 сараас хойш би цалингаа аваагүй, 12 сар хүртэл ямар ч цалин аваагүй. Ингээд миний хувьд эдийн засаг, сэтгэл санаа, нэр хүндийн хувьд маш их хохиролтой байна. Би Гранд мед эмнэлэгт хүсэлтээ өгөөд ажлаасаа гарсан. Өнөөдрийг хүртэл хэтэрхий нэг талыг барьж надад тулгаад байна. Би ийм хэрэг хийгээгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Л.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 05 дугаар сард БНСУ-д бүтэн биеийн шинжилгээ хийлгэхэд намайг цөсний чулуутай гэж хэлсэн. Өмнө нь би бас энэ тухайгаа мэдэж байсан. 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цөсний чулуугаа авахуулах, зөвлөгөө авахаар мэс заслын эмч Х.Б-д үзүүлсэн. Х.Б- эмчид би БНСУ-д үзүүлсэн эмнэлгийн шинжилгээг үзүүлсэн. Х.Б- тухайн үед өөрийгөө би Швейцарь улсад төгссөн, би сайн эмч гэсэн утгатай зүйл ярьсан. Улмаар би 2015 оны 05 дугаар сарын 20-нд “Гранд мед” эмнэлэгт  хэвтээд 21-нд цөсний хүүдий дурангаар авах хагалгаанд орсон. Уг хагалгааг “Гранд мед” эмнэлгийн мэс заслын эмч Х.Б- ганцаараа хийсэн. Тухайн үед надад шинжилгээ хийлгүйгээр, өмнө миний 2015 оны 05 дугаар сарын 10-нд хийлгэсэн шинжилгээг үндэслэн хагалгааг хийсэн. Тухайн үед Х.Б- нь оншилгоо хийх шаардлагагүй, Солонгос улсад хийсэн шинжилгээг үндэслэн хийж болно, зөвхөн цусны бүлэгнэлээ тодорхойлуулчих гэж байсан. Би энэ цөсний хүүдийг авахуулах зайлшгүй шаардлагатай юу гэж асуухад ер нь бол авахуулах шаардлагатай, эрт орой хэзээ нэгэн цагт авахуулна гэж хэлсэн. Тухайн үед эмч хоолны дэглэм барих зэргээр мэс заслын бус аргаар эмчлэх талаар зөвлөгөө өгсөн бол би хагалгаанд орохгүй байсан. Гэтэл Х.Б- эмч би бол Швейцарь улсад 20-оод жил ажиллаж амьдраад туршлага сууж ирсэн, бусад эмч бол 4 нүхээр хагалж цөсний хүүдийг авдаг бол би 3 нүхээр цөсний хүүдийг чинь авч өгнө гэх мэт зүйлсийг ярьж хагалгаанд оруулсан. Ер нь бол Солонгос улсад цөс дүүрэн чулуутай байсан. Ингээд хагалгааны дараа эмч орж ирчихээд, “спортлог маягийн хагаллагаа боллоо” гээд байсан. Намайг юу гэсэн үг вэ гэж асуухад, хагалгааны үр дүн маргааш мэдэгдэнэ, хэрвээ хүндрэл гарвал чи саяд нэг тохиолддог гажигтай байж ч магадгүй, зүгээр ч байж магадгүй гэж ярьж байсан. Маргааш өглөө буюу 2015 оны 05 дугаар сарын 22-ны өглөө орж ирж бие асуучихаад гараад явсан. Ингээд 22-ны өдөр миний биеийн байдал хүндэрч, бие болон нүд шар ногоон болсон. Эмнэлгээс биеийн байдал муудаж байгааг мэдээд заавал мэс засал хийсэн эмчийг хүлээх хэрэгтэй гээд хүлээлгэсэн. Ингээд 23-ны орой 23 цагийн үед Х.Б- эмч архи үнэртүүлчихсэн согтуу байдалтай ирээд эмчилгээ эрхэлсэн Г.Ц-тай уулзаад одоо хагалгаа хийчихье гээд байсан гэсэн. Тэгэхэд эмчилгээ хариуцсан захирал нь чамаар хагалгаа хийлгэхгүй гэсэн байсан. Үүнийг манай нөхөр С.С- цуг байж байсан болохоор надад хэлсэн. Үүнээс өмнө 22 цагийн үед “Гранд мед” эмнэлгийн зөвлөх эмч Л.А-, эмчилгээ эрхэлсэн захирал Г.Ц- нар манай ах болон нөхөртэй уулзаад “та нараас асуухгүйгээр хагалгаа хийж энэ хүний амь насыг аврах шаардлагатай байна.” гэж хэлсэн байсан. Мөн одоо хагалгаа хийж болохгүй, наад хүний чинь биеийн байдал муу байгаа учраас унтаж амраагаад маргааш өглөө хийнэ гэж хэлсэн байсан. Би бодохдоо хагалгаа хийсэн эмч нь байхгүй учраас хойшлуулсан гэж бодож байгаа. Зөвлөх эмч Л.А- ч гэсэн хагалгаа хийсэн эмч заавал байх шаардлагтай гэж байсан. Ингээд 2015 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 2 дахь хагалгааг Л.А- эмчээр удирдуулан хийсэн. Энэ хагалгаагаар 12 нугалаа гэдсийг дээш сойж элэгний сувагтай холбох мэс ажилбар хийгдсэн. Учир нь Х.Б-ийн хийсэн эхний хагалгаагаар цөсний ерөнхий суваг болон элэгний сувгийг гэмтээж буруу тайрсан байсан. Хоёр дахь хагалгааны дараагаар эхний Х.Б- эмчийн хагалгааны зөвшөөрлийг нөхөж 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай нөхрөөр зуруулсан байсан. Хагалгааны дараа 10 хоног хэвтээд биеийн байдал онц дээрдэлгүйгээр эмнэлгээс гарсан. Яваандаа 2015 оны 06 дугаар сарын эхнээс биеийн шарлалт гайгүй болсон боловч ходоод тус газар зангирч байнга өвдөх, өндөр халуурах шинж тэмдэгүүд ер арилахгүй байсан учраас эмч Х.Б-д хандахад нэг удаа өвчин намдаах эм бичиж өгсөн. Х.Б- хэлэхдээ энэ бол цаг хугацааны асуудал, эдгэрэлтийг харна, хагалгаанаас хойш иймэрхүү тохиолдол байдаг гэж хэлж байсан. Мэс заслын дараа “Гранд мед” эмнэлэг, “Сонгдо” эмнэлэгт үзүүлэхэд шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа муу гарч, эмнэлгийн алат, асат, блирубин байнга өндөр үзүүлэлттэй гарч байсан. Ингээд Х.Б- нь олигтой эмчилгээ хийхгүй, үл хүндэтгэх байдалтай харьцаж байсан учраас 2015 оны 09 дүгээр сард “Гранд мед” эмнэлэгт хандаж эмчлэгч эмчээ сольж өгөөч гэхэд тус эмнэлэг надтай эвлэрлийн гэрээ байгуулж, үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлсийг 50 хувь бууруулсан. Эмчлэгч эмч С гэдэг дотрын тасгын эмч болсон. Тэр хүний бичиж өгсөн эмнүүд антибиотик байсан. Би антибиотикийн харшилтай учраас тухайн эмнүүд үйлчилгээ үзүүлэхгүй байсан учир бие сайжраагүй, харин ч харшил өгч эхэлсэн. Ингээд 9 сард “Гранд мед” эмнэлэгт эмарай шинжилгээ хийлгэхэд хоёр дахь хагалгаагаар хийгдсэн холбоос нь нарийсалт өгсөн байсан. Энэ үед миний биеийн байдал байнга өндөр халууралттай, бие загатнах, бие шарлах шинж тэмдэгүүд илэрч байсан. Энэ эмирай шинжилгээний дараагаар эмчлэгч эмч С, эмчилгээ эрхэлсэн захирал Г.Ц- хоёр надтай уулзаад PTBD гэж элгэнд тавьдаг аппарат тавиулах шаардлагатай, манай эмнэлэгт тавьж чадахгүй, тавьдаг аппарат нь ч байхгүй, энэ аппарат 1 дүгээр эмнэлэгт тавигддаг, 14 хоног тавиулаад зүгээр болно гээд 1 дүгээр эмнэлэг рүү явуулсан. Ингээд 1 дүгээр эмнэлгийн элэгний тасгийн Өрнөлт гэдэг эмчтэй уулзахад та гуравдахь хүн болж байна, яахав би энэ аппаратыг тавиад өгвөл өгье, үр дүнд нь ямар нэг баталгаа өгч чадахгүй гэж байсан учраас би өөр адилхан аппарат тавьдаг хавдар судлалын эмнэлэгт хандахад “Манай эмнэлэг тавьдаг боловч таны хувьд тавих боломжгүй, та яаралтай гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай” гэсэн зөвлөгөөг өгсөн. Улмаар биеийн байдал маш их дордсон учраас 2015 оны 09 дүгээр сард Солонгос улсын “Анам” эмнэлэгт шинжилгээнүүдээ явуулж хандахад яаралтай ирж үзүүл гэсэн хариу өгсөн. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын сүүлээр  Солонгос улсын “Анам” эмнэлэгт очиж шинжилгээ өгч, PTBD аппарат тавиулж 7 хоног хэвтээд гарсан. Солонгос улсдаа байж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 9-нд дахин элэгний сувгийг 12 нугалаа гэдэстэй холбох мэс ажилбарыг дахин хийж нарийсалт үүссэн сувгийг шинээр холбон тухайн холбоосонд үүссэн наалдангийг салгах мэс заслыг хийсэн. Ингээд 10 хоноод эмнэлгээс гарсан боловч элэгний хэвийн үйл ажиллагаа сэргэхгүй байсан учир дахин 14 хоног хэвтэж эмчилгээ хийлгүүлээд гарсан. ...Одоогийн байдлаар Монгол төгрөгөөр 45 орчим сая төгрөгний эмчилгээний зардал гараад байгаа.

...Эхний хагалгаанд орох гэж байхад би болон манай гэр бүлийн зүгээс гарын үсэг зуруулаагүй, хоёр дахь хагалгаа хийлгэх гэж байхад нэг дэх хагалгааны гарын үсгийг манай нөхрөөр нөхөж зуруулсан.

...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Уг хагалгаанаас хойш 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрүүдэд миний биед өөрчлөлт орж бие 38 хэм хүртэл халуурсан.

Би эхний хагалгаанд орсны дараа Х.Б- эмчид аюулхай орчим өвдөөд байна гэхэд цаг хугацааны асуудал, дараа зүгээр болно гэж хэлдэг. Гэтэл энэ зовиур нь одоог болтол өвдөж байна. Би өөрийгөө цөсний замын гаж хөгжилтэй гэж үзэхгүй байна. Би “Гранд мед” эмнэлэгт хагалгаанд орохоос өмнө Солонгос улсад шинжилгээ хийж үзүүлэхэд намайг цөсний замын гаж хөгжилтэй гэж оношилж хэлсэн зүйл байхгүй. Хэрвээ цөсний замын гаж хөгжилтэй байсан бол Х.Б- эмч хагалгаа хийх явцдаа нэгдүгээрт хагалгааг нээлттэй хийх боломжтой байсан, хоёрдугаарт хагалгааг зогсоох боломжтой байсан боловч аль аль арга хэмжээг аваагүй.

...Эхний 2 хагалгаа хийгдсэний дараа 2015 оны 08 дугаар сараас хойш миний бие 38-40 хэм хүртэл халуурч, мөн бие ногоорч шарлаж эхэлсэн. Тэгээд би “Гранд мед” эмнэлэгт үзүүлэхэд Г.Ц- эмч болон бусад төлөөлөл нь эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлт тавьсан. Уг эвлэрлийн гэрээ нь надад ямар нэгэн нөхөн төлбөр өгөх заалт байгаагүй харин 2 удаагийн мэс засал, эмчилгээний зардал болох 7.151.350 төгрөгийг надаас авахгүйгээр эвлэрлийн гэрээнд тусгасан байсан.

...Би “Гранд мед” эмнэлэг, мөн тухайн эмнэлэгт ажиллаж байсан Х.Б- эмчид гомдолтой байна. Мөн Х.Б- эмч нь эмчийн ёс зүйг зөрчин, миний биед буруу хагалгаа хийсэнд, “Гранд мед эмнэлэг болон Х.Б- эмчийн буруутай үйл ажиллагаанд гомдолтой байна. Мөн цаашид миний биед ямар өвчин зовиур илрэхийг мэдэхгүй байна...” /1хх-ийн 19-20, 21/ гэсэн,

                                                                  

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...“Гранд мед” эмнэлгийн мэс заслын эмч Х.Б- нь ажлаасаа гарсан учраас манай байгууллагын зүгээс хариуцлага хүлээхгүй. Иргэн Л.Г-ийн нэхэмжилж буй 32.168.000 төгрөгийн хохирлыг манай байгууллага төлөхгүй. Х.Б- эмчийн тушаалыг манай хуулийн зөвлөх Уянга төлөвлөсөн учраас би ямар үндэслэлээр ажлаас гарсныг мэдэхгүй байна. Хэрвээ Х.Б- эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж халагдсан бол Х.Б- эмч өөрөө Л.Г-д учирсан хохирлыг нөхөн төлнө гэж үзэж байна...” /2хх-ийн 161-162/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... “Гранд мед” эмнэлгийг иргэний хариуцагчаар татаж байгааг, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 35.479.609 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Х.Б- эмч нь хөдөлмөрийн гэрээгээр “Гранд мед” эмнэлэг ХХК-нд ажиллаж байсан эмч учир өөрийнхөө хийсэн мэс заслын үр дүн, мэргэжлийн хариуцлагыг өөрөө хүлээх ёстой гэж үзэж байна. “Гранд мед”  эмнэлэг ХХК-ийн зүгээс ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй, зохих журмын дагуу Х.Б-ийг эмчээр томилуулан ажлуулсан. Х.Б- эмчийг буруутай эсэхийг шүүх шийднэ. Тиймээс гэм буруутай эсэхийг шүүх тогтоогоогүй байхад хохирол нөхөн төлбөрийг одоо мөрдөн байцаалтын шатанд шаардаж, нэхэмжилж болохгүй юм. Тийм учраас манай эмнэлэг ямар нэгэн хариуцлага хүлээх шаардлагагүй гэж үзэж байна.

...Хагалгааны явцад өвчтөн Л.Г- нь гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон. Тухайн хагалгаа амжилттай болсон, өвчтөн Л.Г- нь гаж хөгжилтэй байсан учраас түүнд нээлттэйгээр дахин хагалгаа хийх шаардлагатай болж хоёр дахь хагалгаа амжилттай болсон. Хагалгааны дараа өвчтөн Л.Г- гам бариагүйн улмаас биенд нь өөрчлөлт өгч, улмаар манай эмнэлгийн захиргаанд эмнэлгээс хохирол мөнгөө гаргуулах гэсэн утгатай өргөдөл гаргасан. ...Өмнө нь шилжүүлсэн 7.151.350 төгрөгийг оруулаад нийт 32.008.950 төгрөгийг “Гранд мед” эмнэлэг нь дангаараа хариуцан Л.Г-д өгч төлж барагдуулсан. Л.Г-ийн БНСУ-д хийлгэсэн хагалгааны үр дагаврыг манай эмнэлэг хариуцах үндэслэлгүй. Л.Г- нь “Гранд мед” эмнэлэгтэй байгуулсан эвлэрлийн гэрээний үүргийг зөрчиж, манай эмнэлгийн нэр хүндийг унагаах зорилгоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж дахин 35 сая гаруй төгрөгийг эмнэлгээс гаргуулахаар нэхэмжилж байгаад гомдолтой байна. Л.Г-ийн биеийн байдал нь одоо эрүүл саруул, АНУ-руу ирж, очоод явж байгаа. Л.Г-д учирсан хохирлын мөнгийг барагдуулаад байхад дахин шунахайн сэдэлтээр, үндэслэлгүйгээр 35 сая гаруй төгрөгийг нэхэмжилж байгаад гомдолтой байна. ...Манай эмнэлгийн зүгээс Х.Б- эмчийн тухайд мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэхгүй байгаа. “Гранд мед” эмнэлэг хувийн эмнэлэг учраас их мөнгөтэй хэмээн ойлгож дахин дахин төлбөр гаргуулахаар зориуд ийм асуудал үүсгэж байгаа гэж ойлгож байна. Харин өвчтөн Л.Г- нь хагалгааны дараа гам бариагүйгээс ийм асуудал болсон гэж үзэж байна. Мөн Л.Г-ийн эрүүл мэнд ямар байдлаар сарниад байгаа нь тодорхойгүй, юугаар хохирсон гэдэг нь тодорхой бус, мөн Х.Б- эмчийг гэмт хэрэг хийсэн хэмээн шунахайн сэдэлтээр гүтгэж байж болзошгүй юм. Тиймээс уг асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шалгаж тогтоож өгөөчээ гэж хүсэж байна...” /3хх-ийн 54, 97/ гэсэн,

 

Гэрч Ч.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05  дугаар сарын 21-ний өдөр өвчтөн Л.Г-д хэвлийн хөндийн дурангийн аргаар цөсний хүүдий авах хагалгааг Х.Б- эмч ганцаараа хийсэн. Би туслах эмчээр, нойрсуулах эмчээр Б.А- эмч, сувилагч нар хагалгаанд оролцсон, Л.Г-ийн хагалгаа энгийн хагалгаа байгаагүй. Удаан үргэжлилсэн хагалгаа байсан. Учир нь цөсний хүүдийн цоргыг ялгах, ялгах каллотын гурвалжингийн бүтэц нь тодорхой бус байсан. Уг бүтцийг хагалгаанаас өмнө тодруулах боломжгүй. Харин цөсний замын бүтцийг эмарай шинжилгээгээр тогтоож болдог. Хагалгааны явцад эмч Х.Б- нь Л.Г-ийн биед цөсний замын гаж хөгжилтэй байх магадлалтай гэж таамаглал дэвшүүлэн хагалгааны багт тайлбарлаж байсан. Хагалгаа амжилттай хийгдэн цөсны хүүдийг авсан. Өвчтөн Л.Г- нь “Гранд мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, Х.Б- эмчийн хяналтад байсан. Хагалгааны дараа хэд хоног хянах ёстой байдаг, тухайн хагалгаа 4 дэх өдөр хийгдсэн, би 5 дахь өдөр буюу маргааш нь жижүүртэй байсан. Маргааш нь буюу 5 дахь өдөр эмч Х.Б- нь тасгийн эрхлэгчийн үзлэг дээр өвчтөн Л.Г-г хүнд хагалгаа болсон цөсний замын гаж хөгжилтэй байх магадлалтай гэж хэлж байсан. Би 5 дахь өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэхэд бүх өвчтөнөө эргэж тойроход өвчтөн Л.Г-ийн биеийн байдал зовиуртай байсан. Би тухайн үед жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан учраас эрх хэмжээнийхээ хүрээнд өвчтөн Л.Г-д цусны шинжилгээ, эмарай шинжилгээ хийсэн. Уг шинжилгээний хариу нь цөсний замын гэмтэлтэй гэж гарсан. Тэгээд маргааш нь буюу хагалгааны өдөр мэс заслын эмч би, Л.М- эмч, дотрын эмч С бид гурав зөвлөлдөөд өвчтөн Л.Г-д цөсний замын ямар нэг гэмтэлтэй байна гэсэн онош тогтоосон. Тэгээд энэ тухай эмчлэгч эмч Х.Б-д хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Энэ тухай эмнэлгийн удирдлага болон зөвлөх эмч бид нар зөвлөлдөөд өвчтөн Л.Г-д эмчилгээ хийж эхэлсэн. Манай зөвлөх эмч Л.А- эмч. Л.А- эмч ирээд Л.Г-г үзсэн. Тэр үед Х.Б- эмч ирсэн байсан. Л.А- эмч өвчтөн Л.Г-г үзээд шинжилгээтэй танилцаад ар гэртэй нь уулзан цөсний замыг сэргээхийн тулд хагалгаа хийлгэх шаардлагатайг хэлсэн. Тэгэхэд орой болсон, хагалгаанд бэлдэх шаардлагтай байсан учраас маргааш өглөө хагалгаа хийсэн. Уг хоёр дахь хагалааг Л.А- эмч удирдан нэгдүгээр туслах эмчээр Х.Б- эмч, хоёрдугаар туслах эмчээр Л.М- эмч бид хоёр оролцсон, хоёрдугаар хагалгаанд цөсний замыг гэдэстэй холбох хагалгаа хийгдсэн. Тэгээд уг хагалгааны дараа өвчтөн 4-5 хоног хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан...” /1хх-ийн 26-28/ гэсэн,

 

Гэрч Б.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өвчтөн Л.Г-д хагалгаа хийсэн. Уг хагалгааг Х.Б- эмч гардаж, туслах эмч нь Ч.Б- эмч, унтуулгийн эмчээр би ажилласан. Би 8 цаг 40 минутын үед өвчтөн Л.Г-д зохих журам, стандартын дагуу мэдээгүйжүүлэлт хийсэн, хагалгаа 1 цаг 50 минут орчим үргэлжилсэн. Хагалгаа дууссаны дараа би өвчтөныг стандартын дагуу сэргээгээд 1 цаг 21 минутанд хагалгааны дараа сэргээх өрөөнд шилжүүлсэн. Сэргээх өрөөнд бүх үзүүлэлтийг хянад 12 цаг 20 минутын үед мэс заслын тасагт шилжүүлсэн. Уг хагалгаа 4 дэх өдөр хийгдсэн. Тэгтэл 2015 оны 5 дугаар сарын 23-нд өвчтөнд зохих үзлэг шинжилгээ хийгээд дахин хоёр дахь хагалгааг хийх шаардлагтай гэж үзэж байсан. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 24-нд хоёр дахь хагалгааг хийгдсэн. Уг хагалгаанд Л.А- эмч, Х.Б- эмч, Л.М-  эмч, Ч.Б- эмч мөн би оролцсон. Мөн уг хагалгаанд миний хийсэн ажил гэвэл өвчтэй хүнээ хүлээж аваад дахиад мэдээгүйжүүлэлт хийгээд унтуулахад хагалгаа 2 цаг гаруй үргэлжилсэн. Хагалгааны дараа хүнээ сэргээн шууд эрчимт эмчилгээний өрөөнд эмчилсэн. Уг өрөөнд бүх амин үзүүлэлтүүдийг хянахад өвчтөн Л.Г-ийн биед амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан. Эрчимт эмчилгээний өрөөнд хоёр хоног шаардлагатай бүх эмчилгээ, хяналт тавьж хоёр хоногийн дараа мэс заслын тасагт шилжсэн...” /1хх-ийн 29-30/ гэсэн,

 

Гэрч Г.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 05 дугаар сарын 16-ны үеэс эхлэн ажлаас түр чөлөө авч акттай байсан, гэртээ акттай  байхад 2015 оны 5 сарын 23-ны өдөр над руу ажлаас Гончигсүрэн дарга залгаад мэс заслын тасагт хагалгаанд орсон хүний биеийн байдал сайжрахгүй, шарлалт өгөөд эхэллээ, та түр ирээд зохицуулаад өг гэж хэлсэн. Тэгээд би 13 цаг өнгөрч байхад ажил дээр ирэхэд Х.Б- эмчийн хагалгаа хийгдсэн өвчтөн Л.Г-г үзэхэд нүдний цагаан нь шар туяатай, хэл хуурайвтар, саарал өнгөтэй, албадмал байдалтай, баруун хавирганы нумаар эмзэглэлтэй хордлогын шинжтэй байсан. Би холбогдох мэс заслын эмч нар болох Л.М-, Ч.Б-, Х.Б- нарыг дуудсан. Тэгээд эмч нарын зөвлөгөөн хийхэд  Х.Б- эмч Л.Г- нь төрөлхийн цөсний сувгийн гажигтай хүн байсан, дурангаар хагалгааг хийсэн гэсэн тайлбар өгсөн. Манай эмнэлгийн зөвлөх Л.А- эмчтэй холбогдоод өвчтөний биеийн байдлыг танилцуулж, дариу дахин хагалгаанд орох шаардлагатайг дуулган ирж Л.Г-г үзэхийг хүссэн. Тэгээд удалгүй 17 цагийн үед Л.А- эмч ирж Л.Г-г үзээд хагалгаанд орохыг зөвшөөрсөн, хоёр дахь хагалгаа хийгдэх болсон шалтгаан гэвэл эхний хагалгаагаар биеийн байдал нь муудсан тул дахин хагалгаа хийх болсон. Тэгээд хагас сайн өдрийн шөнө хагалгааны бэлтгэл ажлыг хийгээд ням гаригт буюу 2015 оны 5 дугаар сары 24-ний өглөө нэгдүгээр эмчээр Л.А- эмч, хоёрдугаар эмчээр Л.М- эмч, Ч.Б- эмч, мэдээгүйжүүлэгчээр Б.А- эмч нар оролцсон. Хоёр дахь хагалгаа хийгдэж амжилттай болсон. Хагалгааны дараа 2 дахь хоногоос өвчтөн Л.Г-ийн биед үүссэн байсан шарлалт арилж, хордлого тайлагдаж, биеийн байдал сайжирсан. Тэгээд Л.Г- нь хэвтэн эмчлүүлж байгаад манай эмнэлгээс гарсан. Хэсэг хугацаанд манай эмнэлгийн хяналтанд байсан. Тэгээд гурван сарын дараагаас эхлээд Л.Г-ийн биед баруун хавирганы нумаар нь зовиур өгч эхэлсэн. Л.А- эмчид үзүүлэхэд залгасан суваг дахин нарийсаж эхэлж байна гэж хэлсэн. Үүнтэй холбоотой нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарт үзүүлэхэд одоохондоо нарийслийг тэлэх хагалгаа нэгдүгээр эмнэлэг хийх боломжгүй гэж хэлсэн. Л.Г- Солонгос улсын эмнэлэгт хандаад үзүүлэхээр яваад тэнд дахин хагалгаанд орсон. Хагалгаа ажилттай болж Л.Г- буцаж монголд ирсэн. Солонгос улсад хийгдсэн эмчилгээ, хагалгааны зардлыг манай эмнэлэг 100 хувь хариуцсан.

...Х.Б- эмч “Гранд мед” эмнэлэгт 1 жил ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Х.Б- эмч нь өндөр мэдлэг боловсролтой, онолын хувьд сайн мэдлэгтэй хүн юм.” /1хх-ийн 31-32, 2хх-ийн 160, 3 хх-ийн 55/ гэсэн,

 

Гэрч  Л.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 5 дугаар сард “Гранд мед” эмнэлгээс надруу яриад ирж хүн үзэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би очоод өвчтэй эмэгтэйг үзэхэд шархлалт өгсөн, дахин мэс засалд орох шаардлагатай байсан, тухайн үед орой болсон байсан учраас маргааш өглөө өмнөх мэс засал хийсэн эмчийг байлцуулан мөн бусад эмч нарын бүрэлдэхүүнтэй хагалгаа хийсэн. Хагалгаанд Х.Б- эмч, Л.М- эмч, Ч.Б- эмч нар оролцсон. Хагалгаа хийхэд ерөнхий суваг гэмтсэн байсан. Ерөнхий сувгийг дотор нь элэгний суваг, 12 гэдэстэй цутгах, дунд хэсэгт залгадаг юм. Тэгээд уг хагалгаагаар ерөнхий сувгийн гэмтлийг оношлоод сэргээх мэс засал хийсэн. Уг мэс засалд ерөнхий сувгийг нарийн гэдэстэй залгах мэс засал болсон. Уг хагалгаа 2-3 цаг үргэлжилж, амжилттай болсон. Үүнээс хойш өвчтөн 3-4 сарын дараа надтай ирж уулзахад биеийн байдал хэвийн байсан. ...Ерөнхий сувгийн гэмтэл нь өмнөх хагалгаанаас болж үүснэ...” /1хх-ийн 33-34/ гэсэн,

 

Гэрч Л.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын сүүлээр хагас сайн өдөр намайг ажил дээрээ ажиллаж байхад манай эмнэлэгт хагалгаанд орсон өвчтөнийг дахин хагалгаанд оруулах шаардлагатай байна гээд өвчтөн Л.Г-г Ч.Б- эмч бид хоёр үзсэн. Өвчтөн Л.Г-г үзэхэд биеийн байдал хүндэвтэр, царай нь ногоорсон байсан. Тэгээд өвчтөн Л.Г-д давтан шинжилгээг хийсэн. Давтан шинжилгээ хийхэд цөсний замын гаж хөгжлөөс болоод гэмтэл илэрсэн. Энэ давтан шинжилгээгээр өвчтөн Л.Г-д дахин хагалгаанд орсон. Тухайн өдөр өвчтөн Л.Г- хагалгаанд ороогүй, учир нь өмнө нь бэлтгэл ажил хийх ёстой байдаг учраас бэлтгэл ажлаа хийсэн. Маргааш өглөө хагалгааг Л.А- эмчийн удирдлаган доор Х.Б- эмч, Ч.Б- эмч, унтуулгын эмч Б.А- бид нар хагалгаанд орсон. Хоёр дахь хагалгаагаар цөсний замын гаж хөгжлийн улмаас цөсний цорго гэмтсэн байсан учраас гэмтсэн цөсний цоргыг нарийн гэдэстэй залгах мэс ажилбар хийгдсэн, уг хагалгаа амжилттай болсон. Өвчтөн хагалгааны дараа Х.Б- эмчийн хяналтад байж байгаад эмнэлгээс гарсан...” /1хх-ийн 35-36/ гэсэн,

 

Гэрч Ж.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутанд дотрын эмчийн зөвөлгөө авах шаардлагын дагуу мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн Л.Г-г үзсэн. Миний ажил үүрэгт заасны дагуу хэвтэн эмчлүүлж буй биеийн байдал хүнд байгаа өвчтөнүүдийг үзэх ёстой. Л.Г-ийн биеийн байдлыг үзэхэд хүндэвтэр, арьс салст шаравтар өнгөтэй, хордлогын шинж илэрсэн байдалтай байсан. Би үзлэг хийн шинжилгээ хийхэд элэгний эсийн задралын үйл ажиллагаа өндөр идэвхижилттэй, шарлалттай байсан. Тэгээд би эмчлэгч эмчид яаралтай үзүүлэх санал тавьсан. Санал тавьсаны дагуу эмч нарын зөвлөгөөн болоод орой нь өвчтөн Л.Г- хагалгаанд орсон. Тэгээд 1 сарын дараагаас намайг өвчтөн Л.Г-ийн эмчлэгч эмчээр томилсон. Тухайн үед Л.Г- өөрөө намайг эмчлэгч эмчээр томилуулахаар хүсэлт гаргасан байсан. Өвчтөн Л.Г- нь миний хяналтанд байх хугацаандаа гурван удаа ирж надтай уулзаж биеийн байдлаа үзүүлж, шинжилгээнд орсон. Намайг өвчтөн Л.Г-г хянах явцад биеийн байдал нь дунд зэрэг, ЭХО болон элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй гараад байсан. Миний зүгээс өвчтөн Л.Г-д элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй байна гэдгийг нь хэлж байсан. Тэгээд өвчтөн Л.Г- нь БНСУ-руу онош тодруулахаар эмчилгээнд явахаар болсон. Түүнээс хойш одоог хүртэл уулзалдаагүй байна...” /1 хх-ийн 40-41/ гэсэн,

 

Гэрч Д.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын сүүлээр би хөдөө явахаасаа өмнө хамаатны дүү Л.Г- руу утасдаж ярихад цөсний чулуутай байна, “Гранд мед” эмнэлэгт үзүүлсэн эмч нь хагалгаанд ор, дурангаар авна гэж хэлсэн гэсэн. Тэгээд би Төв аймаг руу явчихаад тэнд байхдаа ахиад Л.Г-тай утсаар ярихад хагалгаанд орсон, гэхдээ бие халуураад элэг рүү өвдөөд маш хэцүү байна гэж хэлсэн. Би Төв аймгаас 2016 оны 05 дугаар сарын 23-ны орой орж ирээд “Гранд мед” эмнэлэг дээр очиж Л.Г-г эргэхэд биеийн байдал нь муу, бие нь халуунтай эвхэрч хэвтсэн байсан. Би гайхаад хагалгаа хийсэн эмчээ дуудсан юм уу гэж асуухад хагалгаа хийсэн эмч нь хөдөө загасанд явсан, удахгүй ирнэ гэж хэлсэн. Тэгээд хүлээж байтал хагалгаа хийсэн эмч нь 2 цагийн дараа буюу орой 23 цагийн үед ирсэн. Тэр хооронд нь ерөнхий эмч нь Л.Г-ийн биеийн байдлыг шалган мөн удахгүй 1-р эмнэлгээс зөвлөх эмч дуудсан гэж хэлсэн. Тэгээд хагалгаа хийсэн Х.Б- эмч ирээд Л.Г-ийн биеийн байдлыг үзсэн. Х.Б- эмч үзчихээд би ийм юм болно гэж өөрөө бодож байсан, саяд нэг тохиолддог цөсний гажигтай гэж хэлсэн. Мөн удалгүй нэгдүгээр эмнэлгийн зөвлөх Л.А- эмч ирээд эмч нар зөвлөлдсөн. Зөвлөлдсөний эцэст Л.А- эмч Л.Г-д дахин хагалгаа хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Бидний зүгээс ямар шалтгааны улмаас хагалгаа хийх гэж байгааг асуухад цөсний гажигтай учраас дахин хагалгаа хийх шаардлагатай байна гэж хэлсэн.  Мөн бидний зүгээс ямар ч зөвшөөрөл авахгүй, уг хүний амь настай холбоотой хагалгааг хийнэ гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгээд тухайн өдрөө Л.А- эмч хагалгаа хийхгүй тухайн хагалгаандаа бэлдэнэ гээд маргааш өглөө нь буюу 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь хагалгаа нээлттэй хийгдсэн. Хагалгааны дараа Л.А- эмч гарч ирээд хагалгааны дараа нарийн гэдэс сунаж нарийсаад битүүрч магадгүй шүү гэж хэлсэн. Тэгээд хоёр дахь хагалгаа амжилттай болж Ганзаягийн биеийн байдал өмнөхөө бодвол сайжирсан. Тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, биеийн байдлаа ажиглах явцад Л.Г-ийн биед цээж хэсэгт өвдөх зовиур илэрсэн. Тэгээд Сонгдо эмнэлэгт үзүүлэхэд Л.А- эмчийн хэлснээр нарийн гэдэс сунаж нарийсаад битүүрсэн байна. Л.Г- тэгээд БНСУ-руу дахин үзүүлж, нарийслаа эмчлүүлэхээр 2015 оны 09 дүгээр сард явсан. Манай дүү Л.Г- БНСУ-ын эмнэлэгт дахин хоёр удаа хагалгаанд орсон...” /1хх-ийн 42-43/ гэсэн,

 

Гэрч С.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 5 дугаар сарын 23-ны үдээс хойш эхнэрийн бие шарлаад муудаж эхэлсэн, тэр өдөр гарч байсан эмч нар нь эхнэрт дахин шинжилгээ хийхэд эхнэрийн элэгний үйл ажиллагаа нь өөрчлөлттэй гэж гарч ирсэн.

...Тэгээд удалгүй зөвлөх эмч Л.А- ирсэн. Л.А- эмч үзлэгийн дараа бид нартай уулзахад энэ хүнд яаралтай хагалгаа хийх болсон, амь насанд аюултай байдал үүссэн байна, энэ хагалгаанд бид нар зөвшөөрөл авч гарын үсэг авахгүйгээр зайлшгүй хагалгаа хийх болсон байна, гэхдээ өнөөдөр хагалгаа хийхгүй, орой болсон байна, маргааш өглөө хийе гэсэн. Яг эхний хагалгаагаар ингэсэн байна, тэгсэн байна гэж хэлээгүй. Эхний хагалгааг Х.Б- эмч хийхээсээ өмнө шинжилгээ аваагүй. Эхнэрийн БНСУ-д хийгдсэн шинжилгээн дээр үндэслээд хагалгааг хийсэн...” /1хх-ийн 44-45/ гэсэн,

 

            Шинжээч Ц.Ганболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  “...Эхний хагалгааны үед гаж хөгжлийг мэдэх боломжтой. Хэрвээ эхний хагалгаа зөв зохистой хийсэн бол өвчтөнд хагалгааны дараа янз янзын өвчний шинж тэмдэг илрэхгүйгээр цөсний зам чөлөөтэй болно. Өвчтөн Л.Г-ийн хувьд гэвэл элэгний суваг нь гэмтсэн учраас шарлалт, ногоорох шинж тэмдэг илэрсэн юм...” /1хх-ийн 68-69/ гэсэн,

 

Шинжээч Ө.Сарангэрэл мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрвээ Л.Г- нь цөсний замын гаж хөгжилтэй байсан бол хагалгааг нээлттэй хийх байсан, дурангийн аргаар хийхгүй байсан. Цөсний хүүдий дурангаар авах үед цөсний ерөнхий сувагт хавчаар тавьсан техникийн алдаа гээд байгаа юм. Мэс ажилбар хийх явцад цөсний ерөнхий сувгийг гэмтээсэн байна...” /2хх-ийн 170/ гэсэн,

            Шинжээч Т.Амартүвшин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Л.Г-ийн хувьд цөсний ерөнхий суваг гэмтсэн байна. Эхний хагалгааны явцад Х.Б- эмч цөсний ерөнхий сувагт хавчаар тавьсан. Өөрөөр хэлбэл тавих ёсгүй газар хавчаар тавьснаас техникийн алдаа гарсан, хоёр дахь хагалгаа нь цөсний цорго гэдэстэй холбох хагалгаа хийгдсэн. Эхний хагалгааны явцад цөсний цорго гэмтсэн учраас түүнийг залгахын тулд хоёр дахь хагалгааг хийсэн...” /2хх-ийн 171-172/ гэсэн,

Шинжээч М.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Эхний мэс ажилбарын үед Х.Б- эмч нь цөсний ерөнхий сувагт хавчаар тавигдсан нь техникийн алдаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эхний мэс заслын үед тавигдсан хавчаар нь цөсний ерөнхий сувагт тавигдсан учир техникийн алдаа гэж үзнэ. Уг хавчаар нь цөсний хүүдийн цоргонд тавигдах ёстой, хоёр дахь хагалгаа хийгдэх болсон шалтгаан нь эхний хагалгааны дараа үүссэн хүндрэлийг засах зорилгоор хийсэн байна. Өөрөөр хэлбэл Л.А- эмч цөсний ерөнхий сувгийг нарийн гэдэстэй холбосон. ...Эмнэлгийн практикт мэс заслаас өмнө сүүлийн 14-30 хоногийн дотор хийгдсэн шинжилгээний үзүүлэлтийг хүчинтэйд тооцож болдог. Иймд Л.Г-ийн 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн БНСУ-д хийгдсэн шинжилгээг үндэслэсэн нь эмнэлгийн практикт мөрдөж байгаа журмыг зөрчөөгүй гэж үзнэ. Хууль, дүрэм, журамд яг тэд хоногийн доторх шинжилгээг хүчинтэйд тооцож болно гэж хугацаа заасан зүйл байхгүй. Дүрэм журамд тодорхой хугацаа заагаагүй байдаг. Гэхдээ Х.Б- эмч нь Л.Г-гаас нэмж цусны бүлэгнэлийн шинжилгээг авсан байна. ...БНСУ-д бүх шаардлагатай шинжилгээг хийсэн байна. Мөн “Гранд мед” эмнэлэгт цусны бүлэгнэлийн шинжилгээг авсан байсан. Тиймээс шаардлагатай бүх шинжилгээг авсан учраас ямар нэгэн дүрэм, журам, стандартыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хавтас хэргээс харахад Эрүүл мэндийн сайдын 446, 177-р тушаалын дагуу хөтлөгддөг маягтууд бүгд хөтлөгдсөн байна. Хавтас хэргээс үзэхэд хоёр удаагийн мэс заслын зөвшөөрлийн хуудас нь тухайн өдрөө бичигдсэн он сартай байна. Шинжээчийн хувьд эхний мэс заслын зөвшөөрлийн хуудсыг хоёр дахь удаагийн хагалгааны өмнө гарын үсэг зуруулсан гэдгийг мэдэх боломжгүй юм. ...Хэрвээ Л.Г-г цөсний замын гаж хөгжилтэй гэж үзсэн бол мэс засалч эмч хагалгааны явцад холангиографийг хийж шалгах боломжтой, мэс засалч эмч хагалгааг яаж хийхийг шийднэ. Хагалгааны дараа мэс заслын явцын талаар мэс засалч өвчтөний ар гэрийхэнд тайлбарлах үүрэгтэй. ...Цөсний замын гажигтай байна гэж үзэж нэмэлт трокарь буюу нэмэлт нүхээр багаж оруулах нь цусны хүүдий, сувгыг ялгахад төвөгтэй байжээ гэж ойлгогдож байна. ...Цөсний хүүдийг ёроолоос нь буюу ретраград аргаар авах нь хүзүү хэсэгт цөсний хүүдийг цөсний ерөнхий сувгаар салгахад төвөгтэй үед хэрэглэдэг стандарт арга юм. ...Хоёр дахь мэс заслын тэмдэглэлээс харахад цөсний ерөнхий суваг гэмтсэн гэж үзэж байна. Цөсний ерөнхий цорго гэмтсэн учраас цөсний даралтыг багасгах, цөсний замыг сэргээхийн тулд цөсний ерөнхий сувгийг нарийн гэдэстэй рyгийн аргаар холбох заалттай. Хоёр дахь мэс заслын зорилго нь биелсэн гэж үзэж байна...” /2 хх-ийн 173-174, 218-219/ гэсэн,

Шүүгдэгч Х.Б- мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 05 дугаар сарын дундуур намайг ажил дээрээ байж байхад өвчтөн Л.Г- нь нөхрийн хамт мэс заслын зөвөлгөө өгөх амбулаторид ирж надад үзүүлж зөвөлгөө авсан. Л.Г- нь нөхөр бид хоёр саяхан Солонгос улс руу явж бүх биеийн үзлэг шинжилгээнд хамрагдсан. Солонгосын эмч нар шинжилгээ хийн үзээд цөсний хүүдий чулуутай гэдгээс бусад эрхтэн эрүүл байна, Солонгосын эмч нар цөсний хүүдийг авахуулахгүй бол хорт хавдар руу шилждэг гэж хэллээ, хагалгаанд ор, мэс засал хийлгэ гэж хэлсэн. Нөхөр бид хоёр ярилцаад солонгост хагалгаа хийлгэхээс айгаад монголдоо ирлээ гэж хэлсэн. Мөн солонгос улсын эмнэлгийн шинжилгээнүүдийг надад үзүүлсэн. Би өвчтөнтэй ярилцаад ямар нэгэн шинж тэмдэг болон өвддөг эрхтэн, хавсарсан суурь өвчин байгаа эсэхийг асуусан. Мөн түүний дараа өвчтөнд клиник үзлэг хийсэн. Би солонгос улсад хийгдсэн бүх шинжилгээтэй нь нарийн танилцсан. Л.Г- болон түүний нөхөр хоёрт цөсний хүүдий чулуутай шууд хавдар руу шилждэг ойлголт бараг байхгүй, анагаах ухаанд яг тэгнэ гэсэн ойлголт байхгүй. Цөсний хүүдий чулуутай өвчтөнд мэс заслын заалтыг нарийн тайлбарлаж өгсөн. Цөсний чулуутай хүмүүсийн 75-80 хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүйгээр мэс засал хийлгэхгүйгээр амьдарч болдог, үлдсэн 20-25 хувьд хамрагдсан хүмүүст нь шинж тэмдэг илэрдэг гэж хэлсэн. Мөн цөсний хүүдий, чулууны талаар болон шинж тэмдгийн талаар тайлбарлаж хэлсэн. Мөн түүнд мэс засалд яаралтай орох уу, төлөвлөгөөт журмаар орох уу гэдэг болон мэс засал хийх арга, давуу тал гарч болох эрсдэл, хүндрэлүүдийг тайлбарлаж өгсөн. Тайлбарласны эцэст Л.Г- нь нөхөртэйгээ зөвлөлдөөд мэс засалд орьё, танаар мэс засал хийлгэе гэсэн хүсэлт тавьсан. Тэр хоёр надад дахиад бүх шинжилгээ хийлгэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байна, бид хоёр Солонгост бүх шинжилгээ өгсөн, уг шинжилгээн дээр үндэслээд мэс засал хийж болох уу? гэж хэлсэн. Мөн сорви багатай дурангийн аргаар мэс засал хийж болох уу гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд өвчтөн Л.Г-д цусны бүлэгнэл дутуу байна. Солонгост хийгдсэн шинжилгээг хуулбарлан өвчтөний түүхэнд хавсаргахаар болсон. Тэгээд Л.Г- нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай тасагт ирж хэвтсэн. Улмаар би түүний биед 2015 оны 5 дугаар сарын 21-ний өглөө төлөвлөгөөт хагалгааны журмын дагуу дурангийн аргаар цөсний хүүдийг авах мэс ажилбарыг хийсэн. Уг хагалгааг Ч.Б-, Б.А-, Э, Сүнжидмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн. Мэс ажилбар хийн эхлэн каллотийн гурвалжинг бэлтгэх явцад өвчтөн Л.Г-ийн биед нь цөсний замын гаж хөгжил байх магадлал тодорхойлогдсон. Цөсний хүүдийн артерийн салаалт нь хэвийн бус, элэгний зүүн дэлбэн урагшаа унаж ирсэн мэс заслын талбайг хаасан байрлалтай байсан. Тэгээд аюулхайн орчим дахин 1 багаж нэмэлтээр байрлуулаад мэс заслын үзэгдэх талбайг чөлөөлж байгаад цөсний хүүдийг араас нь хуулах аргаар хуулж авсан. Цөсний хүүдийн ёроолоор хоёр хавчаар тавьж, цөсний хүүдийг авсан. Мэс заслын явцад цус алдах болон ямар нэгэн хүндрэл гараагүй. Уг мэс ажилбар 1 цаг 50 минут үргэлжилсэн. Мэс засал дуусаад би гарч ирээд өвчтөний ар гэр болох нөхөртэй нь уулзаж ур чадвар шаардсан хүнд хагалгаа болсныг хэлсэн. Би ар гэрт нь мөн Л.Г-ийн бие организм цөсний замын гаж хөгжлийг тайлбарлаж хэлсэн. Мөн өвчтөнг сэрсний дараа өвчтөн Л.Г-д цөсний замын гаж хөгжилтэй байсныг нь тайлбарлаж хэлсэн. Тэгээд өвчтөнд таны биеийг 24-48 цагийн дотор ажиглах ёстой, хэрвээ 24-48 цагийн дараа өвчтөнд шарлалт илэрвэл бид нар дахин хагалгаа хийнэ гэж хэлсэн. Дахин хийх шаардлага гарвал хэвлийг томоор зүсэж нээгээд цөсний  замыг нарийн гэдэстэй холбох мэс засал хийгдэх магадлалтай гэж хэлсэн. Хагалгаа хийгдсэний маргааш нь өвчтөний бие хэвийн, ямар нэгэн шарлалт үүсээгүй байсан. Тухайн өдөр баасан гараг байсан, мэс засал пүрэв гарагт хийгдсэн, би бямба гарагийн өглөө ажил дээр очиж 09 цагийн үед өвчтөн Л.Г-г үзэхэд ямар нэгэн шарлалт үүсээгүй байсан. Би өвчтөнд өнөөдөр гайгүй шарлалт өгөхгүй байвал нэг дэх гэхэд эмнэлгээс гарч болно, эмч нь нэг дэх өдөр ирээд үзнэ гэж хэлсэн.

...Би эхнэр, хүүхдээ гэртээ буулгаад орой 23 цаг өнгөрч байхад ажил дээр очтол өвчтөн Л.Г-ийн биед үдээс хойно шарласан байсан. Тухайн үеийн жижүүр эмч өвчтөн Л.Г-г үзсэн байсан. Мөн миний утас холбогдохгүй, сүлжээгүй байсан учраас удирдлагуудад мэдэгдэн нэгдүгээр эмнэлгийн мэс заслын эмч Л.А-г дуудаж үзүүлсэн байсан. Би тухайн эмч нарт мэс заслын гаж хөгжил байх магадлал тодорхойлогдсон, мөн 24-48 цаг ажигласан гэж бүхнийг тайлбарлан хэлж өвчтөн Л.Г-ийн ар гэрт дахин хагалгаа хийгдэхийг хэлсэн. Л.А- эмч болон эмнэлгийн удирдлагууд маргааш өглөө буюу бүтэнсайн өдрийн өглөө хоёр дахь хагалгааг хийнэ, мөн удирдлага болох захирал Цогтбаяр эмч хоёр дахь хагалгааг Л.А- эмч хийнэ гэсэн шийдвэр гарсан. Маргаашийн хагалгаанд би туслах эмчээр оролцсон, хагалгаанд Л.А- эмч, Л.М-, Ч.Б- Б.А-, Батчимэг, Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй мэс ажил хийгдсэн. Цөсний замыг нарийн гэдэстэй ругийн аргаар холбох аргаар нээлттэй мэс ажилбар хийгдсэн. Хоёр дахь хагалгааны дараа эмнэлгийн дарга Г.Ц- бид нар ярилцаад өвчтөн Л.Г-г сэхээний тасагт хоёр хоног ажиглая гэж шийдсэн. Ингээд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өвчтөн эмнэлгээс гарсан. Үүнээс хойш өвчтөн манай эмнэлгийн хяналтанд байсан. Түүнийг эмнэлгээс гарсаны дараа Г.Ц- даргын тушаалаар өөр эмч буюу дотрын эмч нар ихэвчлэн хянасан. Би албан ёсоор өвчтөн Л.Г-г мэс заслын дараа хянаагүй.

...Уг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс мэргэжлийн эмч нар оролцуулж дүгнэлт гаргуулах, дүгнэлт гаргах хуралдаанд би өөрийн биеэр байлцмаар байна. ...Элэг, цөсний чиглэлээр мэргэшсэн эмч нар нь Монголын элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэгт байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нар нь элэг, цөс, нойр булчирхайн чиглэлээр мэргэшээгүй, нэн ялангуяа мэс заслын чиглэлээр дагнаагүй учраас шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нараар дүгнэлт гаргахад учир дутагдалтай юм. Тэгээд л би Монголын элэг, цөс, нойр булчирхайн эмч нарын нийгэмлэгээр дүгнэлт гаргуулах хүсэлтээ удаа дараа тавиад байгаа юм.

...Өвчтөн Л.Г-ийн БНСУ-д хийлгэсэн хоёр мэс ажилбар нь цөсний замыг нарийн гэдэстэй холбосон холбоосын нарийслаас болж хийгдсэн. Тэгтэл энэ залгаасыг Л.А- эмч хийсэн. Уг холбоос нь надад ямар ч хамааралгүй, тиймээс тэр холбоос нарийссан асуудлыг шалгаж үзээч гэж хүсэж байна...” /1хх-ийн 195-196, 2хх-ийн 175, 3 хх-ийн 58/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 17/,

- Хохирогчийн биеийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 22-25/,  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчи нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №613 тоот акт, дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2. Л.Г-ийн биед цөсний хүүдийг дурангийн мэс ажилбараар авах үед элэгний сувгийг гэмтээсэн байна.

3. Эмч Х.Б- нь хагалгаа хийхийн өмнө Л.Г-ийн биед бодит үзлэг хийж, БНСУ-д хийгдсэн шинжилгээг үндэслэн хагалгаанд бэлдэж орсон байна. Эмч Х.Б- цусны бүлэгнэлтийн шинжилгээг нэмж хийлгэсэн байна. Эмнэлгийн практикт мэс заслаас өмнө сүүлийн 14-30 хоногийн дотор хийгдсэн шинжилгээний үзүүлэлтийг хүчинтэйд тооцож болдог. Иймд Л.Г-ийн БНСУ-д 2015 оны 05 дугаар сарын 12-нд хийгдсэн шинжилгээг үндэслэсэн нь эмнэлгийн практикт мөрдөж байгаа журмыг зөрчөөгүй байна.

4.11. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.56.8-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 30%-р алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.13. 2015 оны 5-р сарын 21-нд цөсний хүүдийн чулуужих өвчний улмаас, 2015 оны 5-р сарын 24-ний элэгний цорго гэмтэснээс түүнийг нарийн гэдэстэй залгах, энэ залгаас нарийсч битүүрсний улмаас арьсаар хатгалт хийн нарийссан хэсэгт өргөсгөгч тэлэгч тавих ба мөн энэ эмчилгээ нь үр дүн муутай байснаас дахиж цөсний цоргыг нарийн гэдэстэй залгах мэс засал хийгдсэн байна. Дурангийн аргаар цөсний хүүдий авахдаа алдаа гаргаснаас дээрх хагалгаанууд хийгдэх болсон үндэслэлтэй.

6. “Гранд мед” эмнэлэгт 2015 оны 5-р сарын 21-нд хийгдсэн хагалгаа нь цөсний хүүдий чулуужих өвчний улмаас хийгджээ.

7. Л.Г-д хийгдсэн дурангийн аргаар цөсний хүүдийг авах хагалгаа хийхийн өмнө шаардлагатай шинжилгээнүүд БНСУ-д хийгдсэн гэж үзэж байна.

8. Өвчтөнд тавьсан онош зөв.

9.10. Дурангийн аргаар цөсний  хүүдийг авах хагалгааны үед техникийн алдаа гаргаж элэгний цоргыг гэмтээсэн байна.

12. Л.Г-д тогтоогдсон цөсний ерөнхий сувгийн гэмтэл, элэгний цоргыг өлөн нарийн гэдэстэй холбосон залгаас зэрэг эцсийн онош эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Харин хийгдсэн мэс ажилбарууд нь тухайн үедээ эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлнө. Цаашид хэрхэн нөлөөлөхийг одоогоор хэлэх боломжгүй. Мэс ажилбарууд амжилттай болж эдгэрсэн тохиолдолд эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Залгаас дахин нарийсах, наалдац үүсэх болон бусад хүндрэлээс хөдөлмөрийн чадварт нөлөөлж болно.

14. Цөсний хүүдийг дурангаар авах хагалгааны үед цөсний суваг гэмтэснээс өөр гэмтлүүд үүсээгүй байна.

15. Л.Г-д тавигдсан оношийн дагуу хийгдсэн мэс ажилбарын дүнд цаашид эдгэрэх боломжтой.

16. Дурангийн аргаар цөсний хүүдий авах хагалгааны дараа механик шарлалт үүссэн нь цөсний ерөнхий сувгийг дурангийн хагалгааны үед хэрэглэдэг клипс буюу хавчаараар хавчсанаас үүссэн гэж үзэж байна.

17. Л.Г- нь жирэмсэлсэн тохиолдолд дээрх хагалгаануудын улмаас амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэл бага.

18. Хавтаст хэргийн материалд байгаа зургаас харахад БНСУ-д J хэлбэрийн зүслэгээр хагалгааг хийсэн байна. Энэ зүслэг нь элэг, цөсний замын хагалгааны үед хийдэг зүслэг юм...” /1хх-ийн 57-59/ гэсэн,

 

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №1132 тоот акт, дүгнэлтэд:  “...Дүгнэлт 1. ШШҮХ-ийн  шинжээчдийн болон АШУҮИС-н багш, зөвлөх эмч С.Эрдэнэ нарын № 613 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Эмч Х.Б- нь Л.Г-ийн биед цөсний хүүдийг дурангаар авах мэс заслын үед цөсний ерөнхий сувагт хавчаар тавьснаас хүндрэл үүсчээ. Энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Эмч Х.Б- нь мэс ажилбар хийх явцдаа цөсний ерөнхий сувгийг гэмтээсэн.

4. Эхний мэс засал дээр техникийн алдаа гарсан...” /2 хх-ийн 166-168/ гэсэн дүгнэлтүүд,

 

- “Анам” эмнэлгийн цогц шинжилгээний хариу, хохирогч Л.Г-ийн “Гранд-мед” эмнэлгийн өвчний түүх /1 хх-ийн 71-192, 216-228/,

            - “Гранд мед” эмнэлгийн захирлын тушаал /1хх-ийн 229, 230/,

- Мэс заслын, эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг Х.Б-өөр барагдуулах “Гранд-мед” эмнэлгийн даргын тушаал /1 хх-ийн 236-237/,

- Өвчтөний түүх бичилтэнд хяналт хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 238/,

            - Чанарын албаны хурлын протокол №6 /1 хх-ийн 239/,

            - Хохирогчийн эмчилгээний тэмдэглэл /1 хх-ийн 240-250, 2 хх-ийн 1/,

            - “Гранд мед” эмнэлэг, Л.Г- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /2 хх-ийн 5, 3 хх-ийн 100/,

            - Хохирогчийн “Гранд мед” эмнэлгийн эмчилгээнд зарцуулсан мөнгөний зарлагын баримт /2 хх-ийн 47-61/,

            - Хохирогчийн “УБ СОНГДО” эмнэлгийн эмчилгээнд зарцуулсан мөнгөний зарлагын баримт /2 хх-ийн 62-75, 202-208/,

            - Эмийн төлбөрийн тооцооны хуудас /2 хх-ийн 76-81/,

            - “Анам” эмнэлгийн эмчилгээний  төлбөр төлсөн баримт /2 хх-ийн 82-111/,

            - Хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой баримт /2 хх-ийн 112-131,134-137, 210-214/,

            - Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2 хх-ийн 138/,

            - Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /2 хх-ийн 139-140/,

            - Хохирогчийн ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааны хамт /2 хх-ийн 141-144/,

            - Валютын ханшийн лавлагаа /2 хх-ийн 153-156/,

            - “Гранд мед” эмнэлгээс хохирогч Л.Г-ийн эмчилгээний зардлыг шилжүүлсэн баримт /2 хх-ийн 157-159/,

            - Мэс заслын хяналтын хуудсыг хөтлөх журам /2 хх-ийн 233-237/,

            Шүүгдэгч Х.Б-ийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 6/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 7/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 хх-ийн 8/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 9/,

- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /2 хх-ийн 10/,

- Швейцарийн холбооны улсын диплом /2 хх-ийн 11-12/

- Тодорхойлолт /2 хх-ийн 13-14/,

            - “Гранд мед” эмнэлэг, Х.Б- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /3 хх-ийн 64-67/

            - Батламжууд /3 хх-ийн 81-89/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Х.Сүрэнхүү /1хх-ийн 38/, О.Тамир /1хх-ийн 39/ нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Х.Б- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд мед” эмнэлэг ХХК-д мэс заслын эмчээр ажиллаж байхдаа буюу 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эмчлүүлэгч Л.Г-ийн биед цөсний хүүдий авах дурангийн мэс ажилбар хийхдээ түүний цөсний сувгийг гэмтээж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Г-, гэрч Ч.Б-, Г.Ц-, Л.А-, Л.М-, Д.А-, С.С- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шинжээч эмч Ц.Ганболд, Ө.Сарангэрэл, Т.Амартүвшин, М.Ганбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Эрдэнийн өгсөн мэдүүлгүүд, шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 613, 1132 тоот дүгнэлтүүд, БНСУ-ын Анам эмнэлгийн цогц шинжилгээний хариу, орчуулга, өвчний түүх, өвчний түүх бичилтэд хяналт хийсэн тухай тэмдэглэл, чанарын албаны хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Прокурорын 2017 оны 311 тоот яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “элэгний сувгийг гэмтээж” гэж бичсэнийг шүүх элэгний, эсхүл цөсний суваг гэмтээсэн эсэхийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэж, засах боломжтой гэж үзэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч, шинжээч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.Б- нь “Гранд мед” эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа буюу 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эмчлүүлэгч Л.Г-ийн биед “цөсний хүүдийг авах” дурангийн хагалгааг 1 цаг 51 минутын хугацаанд хийжээ.

Хагалгааны явцад буюу цөсний замыг бэлтгэх явцад эмчлүүлэгч Л.Г- нь цөсний замын гаж хөгжилтэй нь тодорхойлогдож, эмч Х.Б- аюулхай орчим нэг багаж нэмэлтээр байрлуулж, мэс заслын үзэгдэх байдлыг чөлөөлж, цөсний хүүдийг араас нь хуулах аргаар салгаж авсан байна. Ингэж цөсний хүүдийг араас нь хуулах аргаар авахдаа хоёр ширхэг хавчаарыг цөсний хүүдийн сувагт тавьсныг эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл цөсний хүүдийн цоргонд тавих байсан хавчаарыг цөсний хүүдийн сувагт буюу буруу газар тавьж өвчтөний эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал үүссэн үйл баримт тогтоогдож байна.

Цөсний сувагт хавчаар тавьсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын №1132 тоот дүгнэлтэд “...Эмч Х.Б- нь Л.Г-ийн биед цөсний хүүдийг дурангаар авах мэс заслын үед цөсний ерөнхий сувагт хавчаар тавьснаас хүндрэл үүсчээ. Энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Эмч Х.Б- нь мэс ажилбар хийх явцдаа цөсний ерөнхий сувгийг гэмтээсэн...” гэсэн,

Шинжээч Ө.Сарангэрэлийн “...Хэрвээ Л.Г- нь цөсний замын гаж хөгжилтэй байсан бол хагалгааг нээлттэй хийх байсан. Дурангийн аргаар хийхгүй байсан. Цөсний хүүдий дурангаар авах үед /мэс заслын/ цөсний ерөнхий сувгийг хавчаар тавьсныг техникийн алдаа гээд байгаа юм. Мэс ажилбар хийх явцад цөсний ерөнхий сувгийг гэмтээсэн байна...” /2-р хх-ийн 170/ гэсэн,

Шинжээч Т.Амартүвшингийн “...Эхний хагалгааны явцад Х.Б- эмч цөсний ерөнхий сувагт хавчаар тавьсан байна. Өөрөөр хэлбэл хавчаар тавих ёсгүй газар хавчаар тавьсанаас техникийн алдаа гарсан байна. Эхний хагалгааны явцад цөсний цорго гэмтсэн учраас түүнийг залгахын тулд хоёр дахь хагалгааг хийсэн...” /2-р хх-ийн 171-172/ гэсэн,

Шинжээч Ц.Ганболдын “...Хагалгааны явцад өвчтөн Л.Г-ийн цөсний ерөнхий сувагт хавчаар тавьснаас хүндрэл үүсчээ. Өөрөөр хэлбэл хавчаарыг буруу газар тавьснаар дээрх хүндрэл үүсчээ. Л.Г-ийн хувьд цөсний ерөнхий суваг гэмтсэн байна...” /2-р хх-ийн 173-174/ гэсэн,

Шинжээч М.Ганбаатарын “...Цөсний хүүдийг ёсоолоос нь буюу ретраград аргаар авах нь хүүзүү хэсэгт цөсний хүүдийг ерөнхий сувгаас салгахад төвөгтэй үед хэрэглэдэг стандарт арга юм. Хоёр дахь хагалгааны тэмдэглэлээс харахад цөсний ерөнхий суваг гэмтсэн гэж үзэж байна...” /2-р хх-ийн 218-219/ гэсэн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд оролцсон шинжээч С.Эрдэнийн “...Хүүдий рүү явсан хоёр цөсний уоргыг бүрэн харж хавчаартавьж хоёр цоргыг тайрсан гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр хоёр цоргыг тайрсан гэдэг нь нэг нь элэгний цорг, нөгөө нь цөсний цорго байж таарч байна. Хавчаараар хавчсан цөс хаашаа ч урсахгүй, цусанд орсноор шарлалт үүснэ...” гэсэн мэдүүлэг, мэс заслын тэмдэглэл зэргээр өвчтөн Л.Г-ийн цөсний суваг гэмтсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнээд яллах дүгнэлтэд бичигдсэн “элэгний суваг гэмтсэн” гэснийг “цөсний суваг гэмтсэн” гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Х.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах...” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг “...нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Х.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүх энэ хуулийг хэрэглэж, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Мөн шүүгдэгч Х.Б- 2015 оны 05 дугаар сарын 21-ний дээрх гэмт хэргийг үйлдсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар өршөөлийн тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарна байх тул хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г-ийн биед хүндэвтэр хохирол учирч, нийтдээ 61.074.489,92 төгрөгийн /2-р хх-ийн 49-159/ хохирол учирсан, үүнээс “Гранд мед” эмнэлэг ХХК 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 10 сая Солонгос вон буюу 17.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4 сая Солонгос вон буюу 6.920.000 төгрөг, нийтдээ 24.420.000 төгрөгийг БНСУ-ын Анам эмнэлгийн дансанд /1-р хх-ийн 232, 233/ шилжүүлж, үлдэх 36.674.489 төгрөгийн нэхэмжлэл дээр шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаар тахир дутуугийн тэтгэмжийн зөрүү болон эм худалдаж авсан төлбөрийг нэмж, нийтдээ шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролдоо 39.199.609 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 23.181.892 төгрөгийг “Гранд мед” эмнэлгээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд ЭХХШТХ-д заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 3.500.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Мөн хохирогч нь нөхөр С.С-ын ажлаасаа чөлөө авч, өөрийг нь асарсан хугацааны цалин 3.100.000 төгрөг, эгч Б.Э нь мөн өөрийг нь асарч, энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 649.762 төгрөг, өөрийн 2015 оны 5 сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 4.400.000 төгрөг, 2016 оны 1 сараас 2017 оны 1 сар хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 4.035.259 төгрөгөөс 3.036.955 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1.331.000 төгрөг, нийтдээ 12.517.717 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэх боломжгүй байх ба энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв. Учир нь С.С-, Б.Э, Л.Г- нарын нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай хангалттай баримт хэрэгт авагдаагүй, хохирогч Л.Г- нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоолгож, 230.000 төгрөг, 251.000 төгрөгийн тэтгэмж авдаг гэсэн боловч 230.000 төгрөгийг хэзээнээс хэдэн сарын хугацаанд авсан, 251.000 төгрөгийг хэзээнээс хэдэн сарын хугацаанд авсан нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заажээ.

 

Шүүгдэгч Х.Б- нь гэмт хэрэгт холбогдох үедээ “Гранд мед” эмнэлэг ХХК-тай хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан болох нь 3-р хавтаст хэргийн 64-67 дугаар талд авагдсан гэрээ, ажилд томилсон тухай захирлын тушаал /3-р хх-ийн 68/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хохирогчид учирсан гэм хорын хохирлыг “Гранд мед” эмнэлэг ХХК-иас гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

“Гранд мед” эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан Х.Б-ийн гэм буруутай үйлдлээс хохирогч Л.Г-ийн биед хүндэвтэр хохирол учирсан байх тул иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Г-гаас 32.008.950 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд “Гранд мед” эмнэлэг ХХК нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 201626030448 тоот хэрэгт эд мөрийн хураагдаж ирүүлсэн компьютер томографийн 14 ширхэг зураг, 1 ширхэг сиди-г хохирогч Л.Г-д буцаан олгож, ЭХО-ны зураг 8 ширхэг, БНСУ-ын “Анам” эмнэлэгт хийгдсэн үзлэг шинжилгээ, шинжилгээний хариу, өвчтөний түүх болон бусад холбогдох материал нийт 122 хуудас баримтыг болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн телевизийн нэвтрүүлэг бүхий 1 ширхэг сиди, мөн 2014 оны 4 дүгээр сарын 9606 дугаартай соронз сэтгүүл 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, Х.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Х-ийн Х.Б-ийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01  жилийн хугацаагаар хасаж, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Гранд мед” эмнэлэг ХХК-аас 23.181.892 /хорин гурван сая, нэг зуун наян нэгэн мянга, найман зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж, А овогт Л-ийн Г/Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ****** тоотод оршин суух/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг болон иргэний нэхэмжлэгч “Гранд мед” эмнэлэг ХХК-ийн нэхэмжилсэн 32.008.950 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангахгүй орхиж, хохирогч Л.Г- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу “Гранд мед” эмнэлэг ХХК-иас, иргэний нэхэмжлэгч “Гранд мед” эмнэлэг ХХК нь өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутай этгээдээс тус тус нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компьютер томографийн 14 ширхэг зураг, 1 ширхэг сиди-г хохирогч Л.Г-д буцаан олгож, ЭХО-ны зураг 8 ширхэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Анам” эмнэлэгт хийгдсэн үзлэг шинжилгээ, шинжилгээ хариу, өвчтөний түүх болон бусад холбогдох материал нийт 122 хуудас баримтыг, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн телевизийн нэвтрүүлэг бүхий 1 ширхэг сиди, 2014 оны 4 дүгээр сарын 9606 дугаартай соронз сэтгүүл 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн 201626030448 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Х.Б- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглож хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглож хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР