Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* ХХК,

Хариуцагч: Сангийн яам, Б дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар,

Гуравдагч этгээд: Н******* с******* ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн Яамны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/6390 тоот гомдол хянасан тухай захиргааны актыг хүчингүй болгуулах,

Нийслэлийн Б дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 309 дугаар тендерт шалгараагүй тухай хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах,

Нийслэлийн Б дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 307 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, тендерийг дахин зарлахыг даалгах,

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Н******* С******* ХХК-иудын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БГД-ХААА/УТ-19-14 тоот Б шинэ өргөө орон нутгийн нутгийн өмчит тохижилт үйлчилгээний газрын тохижилт үйлчилгээний машин, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн нийлүүлэх гэрээ-г хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, Ж.Б*******, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г*******, хариуцагч Б дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******, А.А*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/6390 тоот гомдол хянасан тухай захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд Б дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны 309 тоот болон 2019 оны Худалдан авах ажиллагааны албаны 01 дүгээр сарын 11-ний 07 тоот тендерт шалгарсан болон тендерт шалгаруулаагүй талаарх албан бичгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Манай компани Нийслэлийн Б дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан БГДХААА-/УТ-19-14 тоот Б Шинэ-Өргөө орон нутгийн өмчит тохижилт үйлчилгээний машин тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон. Тус тендер шалгаруулалтын үнэлгээгээр манай компанийн санал болгосон тендерээс татгалзсан ба дараах үндэслэлээр татгалзсан ... Тендерийн материалын Тендерт оролцогчдын өгөх зөвлөмжийн 18 дугаар зүйлийн 18.2 (д)-д Ашигтай ажилласан жилийн тоог заасан ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан Санхүүгийн чадавхыг үнэлэх баримтуудыг гарган өгсөн болно. Үүнд: харилцагч банкны мэдэгдэл; тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн Х компанид өгнө, тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, акт, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээлэл, одоо хэрэгжиж буй гэрээнүүдийн дагуу нэхэмжилж буй үнийн дүнгүүд зэргээр заасан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан санхүүгийн чадавхыг үнэлэх дөрвөн баримт байгаа бөгөөд үүнийг хуульчилж өгсөн. Хуульд заасан дөрвөн шаардлагыг манайх хангаж холбогдох материалыг гаргаж өгсөн. Иймд ашигтай ажилласан жилийн шаардлагын хүрээнд санхүүгийн чадавхыг хангаагүй гэж үзэж байгаад гомдолтой байна.

Энэхүү ашигтай ажилласан жилийн шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.3-д заасан шаардлагад тусгагдаагүй тул тендерийн материалаас татгалзах хангалттай үндэслэл гэж үзэхээргүй байна.

Учир нь захиалагч хэдий Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт болох бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг байдаг. Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 18 дугаар зүйлийн 18.2 (д)-д зааснаар Сүүлийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд дурдсан жилийн хугацаанд ашигтай ажилласан байх гэж заасныг баримтлан тендерийн материалыг боловсруулсан боловч энэхүү Сангийн сайдын 81 дүгээр тушаал нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.1- д хуульд үндэслэх зарчимд нийцэж байх ёстой ба захиргаанаас энэхүү зарчмыг баримтлан шийдвэр гаргаж, үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй.

Тус тендерт шалгарсан Н******* с******* ХХК нь Тендерийн оролцогчдод өгөх зөвлөмжийн 18 дугаар зүйлийн 18.1 (г)-д зааснаар үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсвэл гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлэх гэж заасны дагуу тус компанийн санал болгосон H HD 120 press pack автомашины хувьд Х компанийн гэрээт борлуулагчийн борлуулагчийн итгэмжлэлийг тендерт ирүүлсэн тул 18.1 (д)-д заасан шаардлагыг хангасан гэж үзжээ. Гэвч H HD 120 press pack маркийн автомашин нь БНСУ-ын Х Моторс компанид үйлдвэрлэгддэг. Монгол улсаас БНСУ-ын Х Моторс компанийн цорын ганц дистрибьютр бол манай байгууллага. Манай нийлүүлдэг машиныг Н******* с******* ХХК гуравдагч этгээд санал болгосон. Ингэхдээ Х компанийн итгэмжлэл авагдсан байдаг. Гэвч Х компани нь машин үйлдвэрлэдэггүй. Харин Х Моторс компаниас чингэлэг ачих хэрэгсэл зэргийг үйлдвэрлэдэг. Машиныг бүхэлд нь үйлдвэрлэдэггүй. Тухайн компани нь автомашин борлуулах эрхгүй компани, Х компани H HD 120 press pack худалдан борлуулах эрхгүй байгууллага тул итгэмжлэл олгох эрхгүй байгууллага.

Мөн Б дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас манай санал болгосон тендерээс татгалзсан үндэслэлдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д зааснаар харьцуулах Х компанийн бага харьцуулах үнэтэй тендерийг шалгаруулна гэж үзсэн ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, Х компанийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж заасан. Энэхүү заалтын өөрчлөлтийн агуулга нь Хуучин мөрдөгдөж байсан хуулийн заалтад Х компанийн бага харьцуулах үнэтэй тендерийг Х компанийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасантай холбоотойгоор тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч байгаа сөрөг тохиолдлуудыг бий болгож байсан. Иймээс Х компанийн сайн үнэлэгдсэн тендер -ийн тухай ойлголтыг тодотгон техникийн үзүүлэлтийн үнэлгээ нь шаардлага хангасан материалуудыг дараагийн шатанд үнэлэх гол шалгуур нь харьцуулалтын Х компанийн бага үнэ гэсэн бөгөөд үнийг Х компанийн эхний шалгуур гэж үзэхгүй гэж нэмэлт өөрчлөлт оруулсан.

Б дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендер нь Б Шинэ-Өргөө орон нутгийн өмчит,тохижилт үйлчилгээний машин, тоног төхөөрөмжийн шинэчлэлт-ийн ажилд зориулан хог тээврийн автомашиныг үйлчилгээнд зориулан худалдан авах зорилготойгоор уг тендерийн сонгон шалгаруулалтыг зарласан ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмын хүрээнд авч үзэхэд дүүргийн тохижилт үйлчилгээнд зориулан хог тээврийн автомашин худалдан авах зорилготой ба ингэхдээ тендерийн материалд заасан техникийн тодорхойлолт үзүүлэлтийг 100 хувь хангах, чанар, техникийн үзүүлэлтийг бүрэн хангаж буй албан ёсны үйлдвэрээс борлуулагдсан шинэ автомашиныг худалдан авах зорилготой байна. Гэтэл албан ёсны үйлдвэрлэгчийн итгэмжлэл олгох эрхгүй компаниас итгэмжлэл авсан компанийг шалгаруулж хууль зөрчсөн. Үүнийг нотлох өөр нотолгоо нь Тендер оролцогчдод өгөх зөвлөмжийн 18.1-б дэх хэсэгт санхүүгийн тайланд сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг, аудитын дүгнэлт гэж заасан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт мөн заасан. Үүнийг тендерийн материалд ирүүлээгүй. Харин шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнээс дүгнэвэл Н******* с******* ХХК тендерийн үнэлгээ хийгдэхэд тендерийн материалын материалыг бүрдүүлээгүй байна. Мөн тендерийн Үнэлгээний хорооны гишүүд үнэлгээгээ хийхдээ Н******* с******* ХХК 2017,2018 оны санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлтийг ирүүлээгүй байна гэж тодотгож өгсөн. Иймд тендерийн материалын шалгуурыг хангаагүй, үйлдвэрлэлийн баталгаагүй материалыг нийлүүлж чадна гэж шалгаруулсан нь хууль заасан зарчмыг баримталж ажиллаагүйд гомдолтой байна.

Мөн 2014 онд үйлдвэрлэгдсэн машин оруулж ирсэн гэдгээ гуравдагч этгээд нотлох баримтаар гаргаж өгсөн. Манай зүгээс 2019 онд үйлдвэрлэгдсэн 0 гүйлттэй автомашиныг санал болгодог.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Б дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны 309 тоот, тендерт шалгараагүй мэдэгдэл, 307 тоот албан бичиг буюу Н******* с******* ХХК тендерт шалгаруулсан мэдэгдэл, Б дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 1914 тоот захиргааны гэрээг хүчингүй болгох мэдэгдэл зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Б дүүргийн худалдан авах ажиллагааны алба 19-14 тоот гэрээний хувьд нэмэгдүүлсэн шаардлагадаа тайлбараа дурдсан. Н******* с******* ХХК тендерийн шалгаруулалтад заасан нэг бус хэд хэдэн шаардлагыг хангаагүй ... Манай компанийн хувьд нэг л онд алдагдалтай ажилласан. Харин Н******* с******* ХХК санхүүгийн тайлан ирүүлэх шаардлага хангаагүй ... Тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэлээс харахад БЧГ ХХК-аас татгалзсан үндэслэл нь санхүүгийн тайлан ирүүлээгүй гэсэн байсан ч Н******* с******* ХХК санхүүгийн тайлан ирүүлээгүй гэдгийг мэдсээр байж шалгуур үзүүлэлт болгоогүй. Н******* с******* ХХК зөвхөн санхүүгийн тайлангаас гадна үйлдвэрлэгчийн гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ зэрэг хэд хэдэн шаардлагыг хангаагүй. Х моторс монгол ХХК авсан гарал үүслийн гэрчилгээ нь албан ёсны үйлдвэрлэгчээс авдаг тухайн улсын Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаар баталгаажуулдаг сертификатаар баталгааждаг. Н******* с******* ХХК нь албан ёсны тамгагүй, Сөүлийн хотын даргын гарын үсэгтэй цаасыг өгсөн. Манай компани Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын гаргаж өгсөн гэрчилгээг гаргаж өгсөн. Тендерийн үнэлгээний хорооны санхүүгийн чадавхыг үнэлсэн хүснэгтэд 2017, 2018 онд 7,000,000,000/долоон тэрбум/ хөрөнгөтэй гэж харагддаг ч Н******* с******* ХХК нь 800,000,000/найман зуун сая/, 700,000,000/долоон зуун сая/ төгрөгтэй гэж харагддаг. Ашигтай ажилласан жилийн тайланг ач холбогдолтой гэж үзэж байгаа нь утгагүй ... гэжээ.

Хоёр. Хариуцагч Монгол улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х моторс монгол ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын дагуу материалыг хянаж үзсэн. Х моторс монгол ХХК-ийн санхүүгийн тайлангаас үзэхэд 2018 онд алдагдалтай ажилласан нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 18.2(д)-д Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 он гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ гээд 27.1.3. тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага. гэж заасан бөгөөд Б дүүргийн худалдан авах ажиллагааны бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18 дугаар зүйлийн 18.2(д)-д Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 он заасан бөгөөд нэхэмжлэгч 2018 онд ашиггүй ажилласнаа хүлээн зөвшөөрч байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагчийн Сангийн яамнаас явуулсан жишиг баримтын дагуу явуулдаг. Үүний дагуу Сангийн яамны 2012 оны 81 дүгээр тушаалын 01 дүгээр хавсралтаар бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичгийг боловсруулан тендерт оролцогчдод хүргүүлсэн. 18.2(д)-д Санхүүгийн чадавхыг харуулах тендер шалгаруулалтын хүснэгтэд заасан тайланг ирүүлнэ гэж заасны дагуу Сангийн яамнаас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж заасан. Санхүүгийн тайлангийн хувьд Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар Цахим тендер зохион байгуулах журам-ыг баталсан. Үүний дагуу 1 дүгээр зүйлийн 1.1.9 дэх хэсэгт заасан тул Н******* с******* ХХК-ийг ирүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй ... Нэхэмжлэгчээс тайлбар хэлэхдээ 2018 онд ашиггүй ажилласныг хүлээн зөвшөөрсөн. Гэвч ашиггүй ажилласан боловч шинэ машин нийлүүлэх байсан гэж тайлбар хэлсэн. Тендерийн Үнэлгээний хорооноос захиалагчаас тендерийг шалгаруулахдаа хууль болон бусад баримт бичигт шаардлага тавьдаг. Тендерийн хорооноос хууль болон баримт бичигт шаардлага гаргаж өгдөг. Тайлбар хэлэхдээ манайх Х компанийн бага үнийн санал хэлж байгаа ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд үнийн саналыг бичсэн. Түүнээс урьдчилсан нөхцөл нь юу байдаг вэ гэвэл тухайн компани ирүүлсэн материал хуульд заасан бүх шаардлага байх ёстой. Х моторс монгол ХХК ч өөрөө ашиггүй ажилласнаа хэлж байгаа. Шаардлага хангаагүй тендерийн материал ирүүлсэн. Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн 6-1/6390 тоот албан бичигт тухайн баримтыг тогтоож тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлнэ гэсэн албан бичиг. Иймд манай албан бичиг хүчингүй болох үндэслэлгүй. гэжээ.

2.1.Хариуцагч Б дүүргийн худалдан авах ажиллагааны албаны болон Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н******* с******* ХХК санхүүгийн тайлан ирээгүй талаар тайлбар хэлэхэд тухайн тайланг бичихдээ би санхүүгийн тайланг ирүүлээгүй гэж алдаатай бичсэн. Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажил нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нээж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороонд системээр ирүүлсэн материалыг татаж хэвлэн авсан. Компанийн материалыг www.tender.gov.mn ээс 4 гэрээ, 3 тайлан 2017-2018 гэсэн нэртэй файлаар нийт 7 файл илгээсэн. Файлуудыг өмнөх шүүх хуралдаанд флашаар гаргаж өгсөн бөгөөд санхүүгийн тайлан хэрэгт авагдсан ... Х компаниас чанарын гэрчилгээ болон машины гарал үүслийн гэрчилгээ зэрэг шаардсан баримтыг ирүүлсэн. 3 компани H HD120 маркийн машин нийлүүлнэ гэсэн ... Тус тендер цахим тендер тул www.tender.gov.mn дээр материал нь байгаа. Цахин тендер оролцогчид санхүүгийн тайланг ирүүлэх шаардлагагүй байдаг ч бид шаардсан тул Н******* с******* ХХК нь 2017, 2018 оны санхүүгийн тайланг ирүүлсэн. Би өөрөө тендер шалгаруулалтын үнэлгээний хүснэгт, тэмдэглэл дээр ирүүлээгүй гэж бичин алдаа гаргасан. гэжээ.

2.2.Хариуцагч Нийслэлийн засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг авч үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж заасан бөгөөд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргахдаа хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг зөрчигдсөн талаар тодорхойлох ёстой ч хуульд заасан ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дурдаагүй. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Нийслэлийн засаг даргын тамгын газар Н******* с******* ХХК-ийн гаргасан гэрээг захиргааны хууль бус гэрээ гэж үзэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны гэрээг тодорхойлсон. Захиргааны байгууллага гаргасан захиргааны гэрээ болохгүй. Тухайн гэрээ нь нийтийн эрх зүйн харилцааг үүсгэх, дуусгавар болоход чиглэсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээ нь Б дүүргийн худалдан авах ажиллагааны алба худалдан авах ажиллагааг зохион байгуулж тендер шалгаруулалтад оролцсон компанитай гэрээ байгуулсан. Хэрэгт авагдсан гэрээний үндэслэх хэсэгт Нийслэлийн засаг даргын тамгын газар нь захиалагч, Н******* с******* ХХК гүйцэтгэгч буюу иргэний эрх зүйн гэрээ бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээний үндсэн шинжийг агуулдаггүй. Иймд Нийслэлийн засаг даргад холбогдох хэсгийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна. Учир нь Захиргааны хэргийн шүүхээр бус Иргэний шүүхээр шийдвэрлэгдэх гэрээний эрх зүйн харилцаа юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн засаг даргын тамгын газартай холбоотой тайлбартаа энэ бол захиргааны гэрээ гэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой бичсэн гэсэн ч Нийслэлийн засаг даргад холбогдох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үзэхэд өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай ижилхэн байдаг. Тухайн гэрээг захиргааны гэрээ гэж хэлж байгаа ч эрх үүсгэж дуусгавар болгож байгаа зүйл байхгүй. Хариуцагчийн зүгээс тайлбар хэлэхэд энэ бол захиргааны гэрээ биш иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах гэрээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зорилго бол хүн, хуулийн этгээд хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулах гэж заасан бөгөөд энэ тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс хууль бус зүйл явуулсан зүйл харагдахгүй байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцлагагүй хандаж санхүүгийн тайлан ашигтай, алдагдалтай ажилласан зэрэг тендер шалгаруулалтын бичиг баримтад үндэслэсэн. Шалгаруулалтад тэнцээгүй тул гомдол гаргаж байна. Захиргааны байгууллагын хууль бус шийдвэр гэж харагдахгүй байна. гэжээ.

Гурав.Гуравдагч этгээд Н******* с******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа 2,3 дахь нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан Б дүүргийн худалдан авах ажиллагааны албанд тендерийн үнэлгээг дахин хийлгэхийг даалгах, Б дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2019 оны 09 сарын 07-ны өдрийн 307 тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, Б дүүргийн худалдан авах ажиллагааны албанд тендерийг дахин зарлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дурдаагүй. Хүчингүй болгуулах гэрээгээ дурдсан үүнээс үзвэл дээрх шаардлагаасаа татгалзаж байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж заасан бөгөөд Х моторс монгол ХХК ямар эрх зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй гэж үзэж байна. Учир нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгчдөд өгөх зөвлөгөөний 18 дугаар зүйлийн 18.2-т Ашигтай ажилласан жилийн тоо 2017-2018 он гэж заасан. Үүнийг захиалагч, тендерийн Үнэлгээний хороо тодорхойлохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцүүлж тодорхойлсон. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт санхүүгийн чадавхыг үнэлж болох баримт бичгийг гаргаж өгсөн гэсэн ч түүнийг үнэлэх ерөнхий зохицуулалтыг 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт тусгасан бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тусгайлан зохицуулсан. Иймд 2017,2018 онд ашигтай ажилласан бол санхүүгийн чадавхтай гэж үзнэ гэсэн Б дүүргийн худалдан авах ажиллагааны алба шаардлага хуульд нийцсэн. Нэхэмжлэгч 2018 онд алдагдалтай ажилласан тухай баримтаа тендерийн баримт бичиг өгсөн. Өөрөөр хэлбэл тендерийн шаардлагад нийцээгүй баримт бичиг ирүүлсэн хуулийн этгээд. Шаардлага нийцээгүй баримт бичиг ирүүлсэн тул түүний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу явагддаг. Нэхэмжлэгчийн гаргасан 4 шаардлага болон тендер дахин зарлах шаардлага гаргасан. Тухайн гаргасан 4 шаардлага нь захиргааны эрх зүйн маргаан биш 307,309 дугаар мэдэгдлүүд бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдлүүд юм. Захиргааны акт гэсэн шинжийг агуулахгүй эрх зүйн шууд үр дагаврыг үүсгээгүй байна. Ийм захиргааны эрх зүйн маргаан биш гэж үзэх үндэслэл болж байна. Маргаан бүхий захиргааны акт гэж яригдаж байгаа Сангийн яамны гомдол хянасан акт нь захиргааны акт бус урьдчилан шийдвэрлэх ажиллагаа. Нэхэмжлэгчийн маргах ёстой акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний хорооны дүгнэлт. Гэвч нэхэмжлэгчээс тухайн захиргааны акттай маргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгч Н******* с******* ХХК-г шалгаруулсан захиргааны акттай маргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 3 захиргааны акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шүүхийн харьяаллын бус маргаан буюу хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

Гэрээтэй холбоотой маргааны хувьд Нийслэлийн засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын тамгын газраас Б Шинэ өргөө ОНӨТҮГазрын тохижилт үйлчилгээний машин, тоног төхөөрөмжийн шинэчлэлт худалдах авах БГД-ХААА/УТ-19-14 дугаар тендерийг зарлаж, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гуравдагч этгээд Н******* с******* ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, Б дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 307 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр мэдэгдэж, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр БГД-ХААА/УТ-19-14 гэрээг Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулжээ.

Нэхэмжлэгчээс санхүүгийн чадавхыг хуульд зааснаар үнэлээгүй, гуравдагч этгээд 2017 оны санхүүгийн тайланг ирүүлээгүй, үйлдвэрлэгчийн итгэмжлэл хуурамч гэж хариуцагчаас 2018 онд алдагдалтай ажилласан талаар тайлан ирүүлсэн, хамгийн бага үнэ санал болгоогүй гэж тус тус маргажээ.

Хэдийгээр нэхэмжлэгчээс тендерийн хорооны шийдвэртэй /үнэлгээний дүгнэлт/ тухайлан маргаагүй хэдий ч тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийсэн болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг, 22 дугаар зүйлийн 22.3-д Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно гэж тус тус заажээ.

БГД-ХААА/УТ-19-14 дугаар тендерийн тендерт оролцогчид өгөх зааварчилгааны /ТОӨЗ/ 18 дугаар зүйлийн 18.2.Д-д Ашигтай ажилласан байх жилийн тоо сүүлийн 2 жил буюу 2017, 2018 он гэжээ.

Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Тендерийн жишиг баримт бичигт шинэчлэн батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичгийн 18 дугаар зүйлийн 18.2.Д-д сүүлийн ТШӨХ-д дурьдсан жилийн хугацаанд ашигтай ажилласан байх гэж заасан, мөн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн баримт бичгийг боловсруулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдгийн хувьд тухайн тендерийн онцлог, үр нөлөөг харгалзан өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд ашигтай ажилласан байх жилийн тоог сүүлийн 2 жилээр тогтоосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хэргийн оролцогчид нэхэмжлэгчийг 2018 онд ашиггүй ажилласан талаар маргаагүй бөгөөд Сангийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн журам батлах тухай 07 дугаар тушаалаар баталсан Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.1.9-д цахим тендерийн шалгаруулалтад оролцогч сангийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана гэж заасан байх тул гуравдагч этгээдийг санхүүгийн тайланг бичгээр ирүүлээгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Харин нэхэмжлэгчээс тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзвэл гомдлоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, бусад баримт бичигтэй холбоотой асуудлаар дээрх хуульд заасанчлан захиалагчид хандаж гаргахаар байжээ.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4-д хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж тус тус заажээ.

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БГД-ХААА/УТ-19-14 дугаар тендерийн үнэлэх ажиллагаа явагдсан бөгөөд нэхэмжлэгчээс 489,900,000 төгрөг, гуравдагч этгээд Н******* с******* ХХК-аас 489,000,000 төгрөг, БЧГ ХХК-иас 497,250,000 төгрөгийн үнийн санал тус тус хүргүүлжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 18 дугаар зүйлийн 18.2.Д-д Ашигтай ажилласан байх жилийн тоо: сүүлийн 2 жил буюу 2017, 2018 он гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд дээрх шийдвэрийг үндэслэн гарсан Нийслэлийн Б дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 307 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, тендерийг дахин зарлахыг даалгах, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Н******* С******* ХХК-иудын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БГД-ХААА/УТ-19-14 тоот Б шинэ өргөө орон нутгийн нутгийн өмчит тохижилт үйлчилгээний газрын тохижилт үйлчилгээний машин, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн нийлүүлэх гэрээ-г хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин Сангийн Яамны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/6390 тоот гомдол хянасан тухай, Б дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 309 дугаар тендерт шалгараагүй тухай захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилсан.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан.

Сангийн Яамны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/6390 тоот гомдол хянасан тухай албан бичиг нь нэхэмжлэгчээс тендерийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрч тус яаманд гомдол гаргасныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хянасан үйл баримт байх бөгөөд гадагш чиглээгүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Б дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 309 дугаар тендерт шалгараагүй тухай албан бичиг нь тендерийн үнэлгээний хороооны шийдвэрийг танилцуулж буй мэдэгдэл бөгөөд дангаар эрх зүйн шууд үр дагавар бий болгохгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус; гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 47 дугаар зүйлийн 47.2.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдох 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 307 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, тендерийг дахин зарлахыг даалгах, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт холбогдох Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Н******* С******* ХХК-иудын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БГД-ХААА/УТ-19-14 тоот Б шинэ өргөө орон нутгийн нутгийн өмчит тохижилт үйлчилгээний газрын тохижилт үйлчилгээний машин, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн нийлүүлэх гэрээ-г хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Сангийн Яамны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/6390 тоот гомдол хянасан тухай, Б дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 309 дугаар тендерт шалгараагүй тухай захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ