Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 289

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч Г.Ганчимэг /томилолтоор/,

хохирогч Х.З-, түүний өмгөөлөгч Ц.Ган-Од /ҮД: 2474 /,

шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн /ҮД:0043/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д овогт Ц-ийн Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710000000069 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан  мэргэжилтэй, “Тэргүүн саруул зам” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Д овогт Ц-ийн Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Н- нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кудамм” ресторанаар үйлчлүүлж байхдаа тус рестораны зөөгч ажилтай Х.З-ийг “үйлчилгээ муу үзүүллээ” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, доод уруулын дотор салстад цус хуралт, шарх, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

                  

         Хохирогч Х.З-: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 23 цагийн орчимд Кудамм ресторанд зөөгч хийсэн. Тэр үед тог тасарсан учраас би гэрэл асаагаад ширээн дээр байсан аяга тавгаа хурааж байсан. Ц.Н- зааланд орж ирээд надад “идээ, ууц гаргаад өг” гээд шаардлага тавьсан. Би тухайн үед зохих хариултыг хэлээд, “шаардлагатай бол таны юмыг гаргаад өгье” гээд эргэж хараад ширээн дээрх аяга, тавгаа хураах гэж байтал намайг дахин дуудаад “идээ, таваг хураа гэж байна пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за, байж байгаарай” гээд эргээд аяга, тавгаа хураах гэж байхад өөдөөс ирээд цохисон. Би үнэхээр их гомдолтой байгаа, энэ хүний өөдөөс муухай ааш гаргаагүй, уурлаж харьцсан зүйл байхгүй. Хэлсэн зүйлийг нь ойлголоо гээд юмыг нь гаргаж өгөх гэж байхад цохисон. Зүгээр байж байхад цохисонд үнэхээр их гомдолтой байна...” гэв.

 

         Шүүгдэгч Ц.Н-: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүний амьдралд ганц удаа тохиох хуримын ёслолынхоо хүлээн авалтыг “Кудамм” ресторанд хийсэн. Хүлээн авалтын үеэр буюу 21:00 цагт зөөгчид “хонины ууцыг хөндөөд өгөөч ээ, таван давхар тоорт авсан байсан тоортыг минь зүсээд өгөөчээ” гэх шаардлага тавьсан. Тухайн өдөр “Кудамм” ресторанд оройны 18 цагаас 00 цаг 30 минут хүртэл цаг авсан байсан. Гэтэл хүлээн авалт оройны 23 цагт дууссан. Тухайн үед согтуу хүмүүс их байсан болохоор би бүх зочидоо гаргая гээд гаргасан. Рестораны хүмүүсээс цахилгаан яагаад тасарсан талаар асуухад цаанаасаа тасарсан гэж хэлсэн. Дараа нь энэ талаар мэргэжлийн байгууллагаас тодорхойлолт авахад манайхаас бол цахилгаан таслаагүй гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр рестораныхан өөрсдөө тог тасалсан гэж бодож байна. Бид тухайн үед  гадаа гараад харахад ойр орчим гэрэлтэй байсан. Би удирдлагуудтай нь уулзаад “танай үйлчилгээ муу байлаа, би зөөгчдөд удаа дараа шаардлага тавьсан” гэхэд зөөгч нарт өөрсдөд нь хэл бид нар мэдэхгүй гээд хариуцлагаас зугтаасан. Тэгээд би зөөгчид нь шаардлага тавьсан. Тухайн үед 23:00 цагт дуусаад бүх хүмүүсийг гаргаад манай эхнэр, манай төрсөн эгч Н, бид гурав зааланд үлдсэн. Тэнд гэрэл бариад явж байсан хүн зөвхөн Х.З- байсан. Би тухайн үед “хонины ууцыг гаргаад өгөөч ээ, тоортоо задлаагүй байсан болохоор тоортыг минь гаргаад өгөөч ээ” гэхэд хохирогч Х.З- “чадахгүй ээ, өөрөө гарга” гэсэн. Тэгээд би уурлаад тэр үед маргалдсан. Удалгүй хохирогч уруул нь сэтэрчихлээ гээд цагдаа дуудсан. Би өөрөө цагдаагийн хэлтэс дээр очиж уулзсан. Бид хоёрыг цагдаа архи уусан уу гэж шалгасан, би уугаагүй байсан учраас үгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед 103 дуудаад хохирогчийг үзүүлэхэд 103-ын эмч ирээд шүдэнд ямар ч гэмтэл алга харин уруул нь сэтэрсэн байна гэсэн. Долоо хоногийн дараа хохирогчийн талаас надруу яриад шүдэнд нь асуудал гарсан, “Сос медикал” гээд эмнэлэгт үзүүллээ 2.900 ам.доллар болох юм байна гэсэн. Би тухайн үед манай эгч шүдний эмнэлэгтэй, тэнд очоод үзүүлье гэж хэлсэн. Юу болов, яав, үнэхээр гэмтэлтэй бол үзүүлъе, харуулья гэж хэлсэн боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Намайг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Би тухайн үе нь 2.000.000 төгрөг өгье гэсэн. Мөрдөн байцаалтын явцад би аавтай нь ярисан, аав нь 3.000.000 төгрөг өгөх хэрэгтэй гэсэн, тэгэхээр нь прокурорын шатанд 3.000.000 төгрөг өгье, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэх хүсэлтийг тавиад уулзсан. Тухайн үед Б.Баярхүү прокурор, Х.З-, түүний ээж бид дөрөв байсан. Тэгтэл 3.500.000 төгрөг хэрэгтэй болохоор бид нар өргөдлөө буцааж авахгүй гэсэн. Тэгэхээр нь би за тэгвэл нягталж шалгаж үзье, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэ больё гээд өргөдөл бичиж өгсөн. Ийм асуудал болсон. Ийм зүйл болсонд туйлын их харамсаж байна.  Баримтаар гарсан хохирлыг төлөхөө илэрхийлж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Х.З- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил” шилтгээний 2 дугаар давхарт байрлах “Кудамм” ресторанд зөөгч ажилтай. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хуримын захиалгатай, 190 хүний хүлээн авалт цайллага болсон. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн үед хуримын захиалгат цаг нь дууссан тул бүх үйл ажиллагааг зогсоож, гэрэл унтарсан. Би гартаа гар чийдэн бариад эд зүйлүүдийг хураагаад явж байтал хуримаа хийсэн үл таних залуу намайг хэл амаар доромжилж улмаар миний нүүр рүү гараараа цохисон. Миний үүдэн хоёр шүд гэмтэж, доод уруул сэтэрсэн шархтай цус алдаад байна. ...Үүдэн нэг шүд хугарсан эмчилгээ хийлгэхэд дунджаар 2-3 сая төгрөг шаардагдана...” /хх-ийн 08-09/ гэсэн,

 

Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа 10 цаг 30 минутад ирсэн. Тухайн өдөр манай ресторанд хуримын хүлээн авалт болох гээд 18 цагт хүмүүсээ хүлээж авсан. Тухайн цайллага нь 00 цагт дуусах байсан, 23 цаг 30 минутын үед манай байгууллагын цахилгаан тасраад хуримын зочид гарахаар болж зөөгчид ширээнүүдээ янзалж байх үед Х.З- дээр хурим хийж байсан залуу ирээд “Хөөе чи энд байгаа ууцны мах, идээг гарга пизда минь” гэж хэлж байсан. Х.З- “Ширээгээ хураачихаад гаргалаа” гэж хэлэхэд нөгөө залуу очоод шууд нүүрэн тус газар нь цохиход Х.З- газар унасан. Тэгээд тэнд байсан хүмүүс Х.З-ийг цохисон залууг холдуулсан, манай зөөгч нар цагдаад дуудлага өгсөн. Ийм л асуудал болсон...” /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа өглөө 10 цаг 30 минутад ирсэн. Тухайн өдөр манай ресторанд хуримын хүлээн авалттай байсан ба орой 18 цагт зочид ирж үйлчлүүлсэн. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч үйл ажиллагаа дуусах гэж байхад цахилгаан тасарсан юм. Тэгээд манай зохион байгуулагч О нь хуримын эзэн болох залууд “тооцоо хий” гэхэд нөгөө залуу “Танай байгууллага үйлчилгээ муутай байлаа, хуримын ууц хөндөөгүй, торт задлаагүй байхад тог чинь тасарлаа. Та нар албаар тогоо тасалсан” гээд маргаад яваад байсан. Наад талд нь манай зөөгчид болох Х.З-, Б бид гурав ширээгээ янзалж байх үед хурим хийж байсан залуу Х.З- дээр очоод “Чи пизда минь ууц зөө, би чамайг торт зүс гэж хэлээд байхад чи яахаараа үгэнд ордоггүй юм” гээд уурлаад байсан. Энэ ууцыг доошоо машинд зөөж оруул гэж хэлээд эргэж хараад явах гэснээ болиод Х.З- дээр очоод шууд нүүр рүү нь цохисон. Энэ үед Х.З- газар унахад нөгөө залуу дахин цохих гээд дайрахад тэр залуугийн хажууд нь байсан зочид нь салгаад аваад явсан. Х.З-ийн амнаас цус гарч байсан. Тэгээд цусаа угаах гээд яваад өгсөн. Тэгээд манай ажилтан О.Б цагдаад дуудлага өгч нөгөө залууг бариулсан...” /хх-ийн 21-22/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Н- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кудамм” ресторанд хуримын цайллагаа хийсэн юм. Хуримын арга хэмжээний үед тухайн газрын зөөгч нар болон менежерүүд нь үйлчилгээ маш муу үзүүлсэн. Тухай бүрт нь шаардлага тавьж байсан. Ингээд орой 01 цаг 30 минутын үед хуримын арга хэмжээ дуусах цагийн хуваарьтай байсан боловч 23 цаг 30 минутад тухайн газрын цахилгаан тасарсан. Юу болсон талаар холбогдох хүмүүсээс нь асуусан боловч цаанаасаа тог тасарсан, бид нарт ямар ч арга байхгүй гэсэн учир аргагүй эрхэнд цайллага дуусахаар болж тавгийн идээ, ууцаа хураалгахаар зөөгч нарт нь хандсан боловч үйлчлэхгүй байсан. Ингээд би хохирогч гээд байгаа Х.З-т тавгийн идээ, ууцыг зөөгөөд өгөөч гэж гуйхад “Чадахгүй, өөрөө гарга” гэж хэлэхээр нь “юу яриад байгаа юм бэ?, Та нар үйлчилгээгээ бүрэн хийж өгөөч” гэхэд шаардлага биелүүлэхгүй цаашаа явчихаар нь би араас нь очоод тэр залуугийн цамцны захнаас зулгаагаад хойш нь нэг удаа түлхсэн. Энэ үед тэнд байсан хүмүүс бид хоёрын дундуур орж салгасан. Тэгтэл нөгөө залуу гэнэт л “Миний шүдийг гэмтээчихлээ” гээд цагдаа дуудсан. ...Маргалдаж байгаад нэг удаа цамцны захнаас нь зуураад эрүүнд нь гараараа тулаад хойш нь түлхсэн. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” /хх-ийн 30-31/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10665 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Х.З-ийн биед 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, доод уруулын дотор салстад цус хуралт, шарх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                   3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                   4. Шүдний хугарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна.

                   5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...”  /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт,

 

                   - Шүүгдэгч Ц.Н-ий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 33/,

                   - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн32/

                   - Хохирлын баримтууд /хх-ийн 42-48/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Ц.Н- нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кудамм” ресторанаар үйлчлүүлж байхдаа тус рестораны зөөгч ажилтай Х.З-ийг “үйлчилгээ муу үзүүллээ” гэх шалтгааны улмаас нүүрэнд нь гараараа цохиж, биед нь 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, доод уруулын дотор салстад цус хуралт, шарх, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Х.З-, гэрч О.Б, Э.Э нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10665 тоот дүгнэлт, шүүгдэгч Ц.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.З-ийн биед 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, доод уруулын дотор салстад цус хуралт, шарх, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба тэрээр хохиролд 5.532.410 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг /хх-ийн 42-48, 76-78/ хэрэгт хавсаргажээ.

 

Хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудаас дүгнэхэд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэг хийсэн хураамж 8.000 төгрөг /хх-ийн 20/, шүдний эмнэлгийн үзлэгийн 70.000 төгрөг /хх-ийн 48/, эм худалдаж авсан 48.410 төгрөг /хх-ийн 43/, шүдний зураг авахуулсан 26.000, унасан шүдийг эмчлүүлсэн төлбөр 50.000 төгрөг /хх-ийн 77/ нийт 202.410 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд шүүгдэгч Ц.Н- шүүхийн шатанд хохирогчид 280.000 төгрөгийн хохирол төлж, хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан байна. 

 

Хохирогчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд ЭХХШТХ-д заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 1.000.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээ, сувилгаатай холбоотой гарсан, ирээдүйд гарах зардлууд /хх-ийн 49/ нь баримтаар тогтоогдохгүй, хэрэгт авагдсан баримтууд /хх-ийн 48, 76/ нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Х.З- гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээ, сувилгаатай холбоотой баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1710000000069 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Д овогт Ц-ийн Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Н- торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Х.З- гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Эрүүгийн 1710000000069 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР