Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2172

 

 

 

 

 

 

 

 

 

Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02093 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК -д холбогдох  

 

Даатгалын нөхөн төлбөрт 44 736 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Э.Д, М.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Г.Уг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л ХХК-ийн захирал Д.Дашзэвэг нь М ХХК -тай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ачаа тээврийн даатгалын гэрээ байгуулан 51-59 ДГО, 70-77 БЧ улсын дугаартай том оврын авто машинаа даатгуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт тээвэрт явж байх үед тухайн машинд гал гарсан. Тус чиргүүл нь дотроо 3 тасалгаатай бөгөөд үүний хамгийн арын хэсгийн 23 530 литр түлш шатаж, чиргүүл ашиглах боломжгүй болж 150 000 000 төгрөгийн хохирол учирсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр М ХХК -д өргөдөл гаргасан. Өргөдлийн хариу 06/43 тоот албан бичигт гэрээний 4.1-д “Энэхүү гэрээ нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00.00 цагаас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны 00.00 цагийг дуустал хүчин төгөлдөр байна”, мөн гэрээний 4.2.1-д хууль болон даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан бол даатгалын гэрээ дуусгавар болно. Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1-д “хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон бол даатгалын гэрээ дуусгавар болно” гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Даатгуулагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж даатгалын компанид даатгуулсан гэж үзэж байгаа бөгөөд даатгалын компани нь хууль болоод гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс хууль бусаар татгалзаж байгаад гомдолтой байна. Гэрээ цуцлах тухай саналыг ирүүлж байгаагүй бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээний 4.3.-т заасны дагуу гэрээ цуцлах санал гаргаагүй тул гэрээг мөн хугацаагаар сунгагдсан гэж үзэж байна.

Мөн гэрээний 11.4-т заасны дагуу гэрээний нэг тал гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд гэрээнээс татгалзах тухайгаа 1-ээс доошгүй сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэх байсан.

Автомашинд гал гарсны улмаас хохирол учирсан. Уг хохирлыг даатгалын компани төлөх үүрэгтэй бөгөөд шатсан 23 530 литр бензиныг тухайн үеийн нэг литр бензины үнэ болох 1 750 төгрөгөөр тооцож 44 736 300 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд М ХХК -тай байгуулсан ачаа тээврийн даатгалын гэрээний дагуу даатгалын гэрээний үүрэгт нийт 44 736 300 төгрөгийг Монгол даатгал компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 06С1720000442 тоот гэрээг М ХХК -тай байгуулж North Benz маркийн 51-59 ДГО, 70-77 БЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 1 жилийн хугацаатай даатгуулсан. Даатгуулагч нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт явж байх үед даатгалын зүйл болох 51-59 ДГО автомашинд гал гарч хохирол учиран даатгалын тохиолдол болсон хэмээн нөхөн төлбөрийн материал бүрдүүлэн өгсөн.

Даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэх явцад Л ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон нь тогтоогдсон бөгөөд тус гэрээний хугацаа дуусгавар болоход талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг мөн дуусгавар болох тул даатгагч нь Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1, даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон бол даатгалын гэрээ дуусгавар болно, даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэхүү гэрээ нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00:00 цагийг дуустал хүчин төгөлдөр байна” хэмээн тус тус заасны дагуу нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй юм.

Гэрээний хугацаа дууссан байхад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш гэрээ сунгагдаагүй, гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр даатгалын тохиолдол үүссэн. Л ХХК нь гэрээний зохицуулалтыг маш сайн мэдэж байгаа, учир нь манай байгууллагатай 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа туршлагатай сайн даатгуулагч юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу талууд хугацаагаа өөрсдөө тогтоосон. Нэхэмжлэгч нь 44 736 300 төгрөгөөр хохирсон гэж байгаа боловч энэ үнэлгээг хэрхэн гаргасан нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаар үнэлүүлээгүй байгаа. Даатгуулагч нь 2017 оны 11 дүгээр сарын 15, 2017 оны 12 дугаар сарын 02, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд нийт 2 368 092 төгрөгийг төлсөн бөгөөд энэ дотор нь жолоочийн хариуцлагын даатгал нь орсон байдаг. Л ХХК-д нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК -иас 44 736 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 381 631 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 44 736 300 төгрөгийн хохирлыг тооцон гаргасан нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч эрх бүхий байгууллагаар хийлгэсэн үнэлгээ гэж үзэх үндэслэлгүй гэсэн байдаг. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Энержи ресурс" ХХК-д тээвэрт явж байх замд 51-59 ДГО улсын дугаартай автомашины наклад зуурснаас болж дугуй шатаж үүний улмаас уг автомашины чиргүүлийн арын торхтой шатахуун асгарсан бөгөөд Сайншанд дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахын ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн техникийн комиссын актаар нийт асгарсан шатахууныг 23 530 литр болохыг тогтоож тухайн үеийн зах зээлийн ханш болох 2 360 төгрөгөөр тооцож, нийт асгарсан шатахууны өртгийг 55 530 800 төгрөг гэж тогтоосон байдаг. Сайншанд дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулах нь “Шунхлай говь” ХХК-ийн Дорноговь аймаг дахь салбарын харьяанд хамаарагддаг бөгөөд дээрх техникийн актыг тус агуулахын дарга, лабораторийн эрхлэгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, ахлах нярав, туслах нярав нарын бүрэлдэхүүнтэй гаргасан байдаг.

"Монгол даатгал" ХХК-аас "Ломбот ажнай" ХХК-ийн гаргасан даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай өргөдлийн хариуг өгөх үеэс буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээний талаар маргаагүй буюу зөвхөн даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нөхөн төлбөр өгөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлдгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлээ баримтаар нотлоогүй, үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулах хүсэлт гаргаагүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж Сайншанд дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн асгарсан шатахууны өртгийг тооцож дүгнэсэн "Техникийн комиссын акт"-ыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байхад даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг үнэлсэн материал гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүх "Даатгалын гэрээний 4.3-т "гэрээний хугацаа дуусмагц талууд гэрээг цуцлах санал тавиагүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсээр байгаа бол энэхүү гэрээг гэрээний үндсэн хугацаагаар сунгагдсанд тооцно" гэж харилцан тохиролцсон байх боловч уг гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цагаас хойш даатгуулагч даатгалын хураамж төлөөгүй байх тул гэрээг мөн хугацаагаар сунгагдсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй, учир дутагдалтай гэж үзэхээр байна. Учир нь гэрээний талуудын хэн аль нь гэрээг цуцлах санал тавиагүйгээр гэрээний хугацаа үндсэн хугацаагаар сунгагдсан бөгөөд гэрээг дуусгавар болгох нөхцөл байдал бий болоогүй болохыг шүүх анхаараагүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 3.2-т "Даатгуулагч нь даатгалын хураамжийг энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор төлөх үүрэгтэй", мөн гэрээний 11.2.1-т "даатгуулагч нь даатгалын хураамжийг энэхүү гэрээний 3.2 дугаар зүйлд заасан хугацаанд төлөлгүй хуанлийн 3 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд гэрээг цуцлах саналыг даатгуулагчид хүргүүлэх бөгөөд энэхүү мэдэгдлийг даатгуулагч хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөл зохих даатгалын хураамжийг төлөөгүй тохиолдолд даатгагч өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй" гэж тус тус зааснаар даатгуулагч нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор даатгалын хураамж төлөх үүрэг үүссэн, уг үүргээ хуанлийн 3 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан нөхцөл байдал бий болоогүй буюу гэрээг цуцлах санал тавих нөхцөл байдал үүсээгүй байхад даатгалын тохиолдол 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон байдаг.

Өөрөөр хэлбэл даатгалын тохиолдол бий болоход даатгалын гэрээний хугацаа дуусгавар болоогүй байсан байна. Мөн гэрээнд даатгалын хураамж төлөөгүй тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг хэрхэн тооцож олгох талаар нарийвчлан зохицуулж өгсөн байх бөгөөд гэрээний 9.5-т "энэхүү гэрээнд заагдсан даатгалын хураамжийг төлбөл зохих хугацаанаас хойш 30 хоногийн дотор даатгуулагч даатгалын хураамжийг төлөөгүй байх үед даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөрийг мөнхүү гэрээний дагуу төлөх ба төлбөл зохих нөхөн төлбөрөөс төлөөгүй үлдсэн даатгалын нийт хураамжийг хасаж тооцно. Хэрэв олгохоор тооцсон даатгалын нөхөн төлбөр нь төлөөгүй үлдсэн даатгалын нийт хураамжаас бага байх тохиолдолд нөхөн төлбөрийг төлөхгүй бөгөөд даатгалын хураамжаас үлдсэн зөрүүг нөхөн төлбөрийг төлөх шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор даатгагчид бүрэн төлнө" гэж зааснаар даатгалын тохиолдол 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буюу гэрээнд заасан даатгалын хураамжийг төлбөл зохих хугацаанаас 1 хоногийн дараа бий болсон тул бодит учирсан хохирол болох 55 530 800 төгрөгөөс даатгалын төлбөл зохих хураамж 2 368 692 төгрөгийг хасч 53 162 108 төгрөгийг шаардах эрх үүсчээ. Гэтэл нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа даатгалын нөхөн төлбөрт 44 736 300 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр нэхэмжлэл бүхэлдээ хангагдах байсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Ломбат ажнай” ХХК нь хариуцагч М ХХК -д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 44 736 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1720000442 дугаартай “Даатгалын гэрээ” байгуулагдсан ба уг гэрээгээр Л ХХК нь North Benz маркийн 51-59 ДГО, 70-77 БЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатайгаар даатгуулж, 2 368 692 төгрөгийн хураамж төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх 13-20/

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх талаар талууд маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “М ХХК -тай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ачаа тээврийн даатгалын гэрээ байгуулан 51-59 ДГО, 70-77 БЧ улсын дугаартай том оврын авто машинаа даатгуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгаас 175 км зайд буюу Мандах сумын нутаг дэвсгэрт тээвэрт явж байх үед тухайн машинд гал гарсан. Тус чиргүүл нь дотроо 3 тасалгаатай бөгөөд үүний хамгийн арын хэсгийн 23 530 литр түлш шатаж, чиргүүлийг ашиглах боломжгүй болж 150 000 000 төгрөгийн хохирол учирсан. М ХХК -иас даатгалын гэрээ цуцлах тухай саналыг ирүүлж байгаагүй, бидний хооронд байгуулсан гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ цуцлах санал гаргаагүй тул гэрээг мөн хугацаагаар сунгагдсан гэж үзэж байна.

Мөн гэрээний 11.4-т заасны дагуу гэрээний нэг тал гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд гэрээнээс татгалзах тухайгаа 1-ээс доошгүй сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэх байсан.

Иймд автомашинд гал гарсны улмаас хохирлыг даатгалын компани төлөх үүрэгтэй тул 23 530 литр бензиныг тухайн үеийн нэг литр бензины үнэ болох 1 750 төгрөгөөр тооцож 44 736 300 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан “Лобот ажнай” ХХК, М ХХК  нарын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.1 дэх хэсэгт “Энэхүү гэрээ нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цагаас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цагийг дуустал хүчин төгөлдөр байна” гэж, 4.2.1-т “Хууль болон даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан” бол даатгалын гэрээ дуусгавар болохоор харилцан тохиролцсон байна. /хх 13/

Нэхэмжлэгч Л ХХК-ийн хариуцагч М ХХК -тай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан №1720000442 дугаартай Даатгалын гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цагт дууссаны дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр даатгалын зүйл болох 51-59 ДГО автомашин нь Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар баг Сайншанд Өмнөговь чиглэлд явж байх үед уг автомашинд гал гарч даатгалын тохиолдол бий болсон болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд даатгалын гэрээний 4.3-т “Гэрээний хугацаа дуусмагц талууд гэрээг цуцлах санал тавиагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсээр байгаа бол энэхүү гэрээг гэрээний үндсэн хугацаагаар сунгагдсанд тооцно гэж тохирцолсон хэдий ч даатгуулагч нь даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш даатгалын хураамж төлөх үүргээ биелүүлээгүй нь гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх 8, 9, 11, 12,19-22, 59/

 

Иймд даатгалын гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх тул шүүх даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1 дэх заалтад нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

 

 

                                               

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН