Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2024/00534

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:******* овгийн *******ын *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч Ю.******* өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын зөрчилтэй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Мөрөн хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байна.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хөдөлмөрийн дэвтэр/Ю.*******/

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн хуудас

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 444 дүгээр лавлагаа

- Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03-08/2909 дүгээр лавлагаа

- Хүүхдийн төрсний лавлагаа/Б.Цамбасүрэн, Б.Ичинноров, Б.Буянхишиг/

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч Ч.Болормаагийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр/Ч.Болормаа/

- Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2017/00604 дүгээр шийдвэр

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ю.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

1.2. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ахуй үйлчилгээний төвөөс 1988 оны 3 дугаар сарын 15-ны өдөр *******ын *******ид олгосон 203161 дүгээр Хөдөлмөрийн дэвтэр-т:

- Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тушаалаар 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн оёдолчноор томилон ажиллуулсан,

- Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Мөрөн хоршооны даргын 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тушаалаар аж ахуйн нэгж өөрчлөгдсөнтэй холбогдуулан Ахуй үйлчилгээний төв-ийн оёдолчны ажлаас чөлөөлж, шинээр байгуулагдсан Мөрөн хоршооны оёдолчноор томилон ажиллуулсан,

- Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Мөрөн хоршооны даргын 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тушаалаар нярай хүүхдээ асрахаар хүсэлт гаргасан учир 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай чөлөө олгосон,

- Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Мөрөн хоршооны даргын 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан тул оёдолчны ажилд эгүүлэн ажиллуулсан,

- 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын дэвтэр олгосон тул хөдөлмөрийн дэвтрийн хаасан бичилт тус тус хийгджээ.

Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилсон, чөлөө олгосон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндсэн баримт байна.

1.2. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 03-08/2909 дүгээр лавлагаанд 1989 оны хүн амын тооллогоор Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын төвд оршин суух, өрхийн тэргүүлэгч Дашийн ******* 50 настай, эхнэр Баярдондогийн Зэсмаа 44 настай, охин Ю.******* 18 настай гэжээ.

1.3. Гэрчийн мэдүүлэг:

Гэрч Марал овгийн Чойдонгийн Болормаагийн мэдүүлэгт: Би 1985 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан.

Ю.******* нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор надтай хамт ажиллаж байсан. Би тухайн ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж эхэлснээс хойш Ю.******* ажилд орж байсан. Бид хоёр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ахуй үйлчилгээний төвд 1987- 1989 онуудад хамт ажилласан гэжээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, хүн амын тооллогын лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Ю.******* нь 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.

Дээрх хугацаанд Ю.******* нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор тасралтгүй ажиллаж байсан байдлыг гэрч Ч.Болормаа баталсан болно.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2017/00604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Ч.Болормааг 1985 оны 03 сарын 22-ны өдрөөс 1989 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Нийтийн ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоожээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Ю.*******ийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Ю.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр хуудсаар 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар 31-ний дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг хүсэлт гаргагч Ю.*******ид зөвлөжээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар 03-ны өдрийн 444 дүгээр лавлагаанд *******ын ******* нь Хүрээмарал сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд оёдолчноор 1987-1994 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс дээрх байгууллага нь манай сан хөмрөгт баримтаа шилжүүлж ирүүлээгүй болно гэжээ.

Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр олдоогүйн улмаас ажиллаж байсан байдал-аа онцгой ажиллагааны журмаар тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Ю.*******ид үүссэн байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Ю.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч******* овгийн *******ын *******ийг 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ю.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ